Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2019/00683

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2019/00683

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  Н ОНӨААТҮГ /РД:5/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: АХХК /РД:/

Хариуцагч: Э ХХК /РД:/ нарт холбогдох

 

АХХК-аас 61,476,601 төгрөг гаргуулах, Э ХХК-аас 25,533,473 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, АХХК-ийн гаргасан Н ОНӨААТҮГ-аас 50,200,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Болорчулуун, хариуцагч АХХК-ийн төлөөлөгч Д.М, өмгөөлөгч Ш.Ба, хариуцагч Э ХХК-ийн төлөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Жадыра нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н нь Улс, Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй барилга байгууламжийн ажлуудад захиалагчийн техник хяналтыг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлдэг орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар юм. Нийслэлийн Засаг даргын 2013 оны 5 сарын 27-ны өдрийн Боловсрол, шинжлэх ухааны сайдын багцаас Нийслэлийн Засаг даргад эрх шилжүүлэн хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг зохион байгуулах тухай А/528 дугаар захирамжийн гурав дугаарт хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, Төрийн сангийн хэлтэст, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нт тус тус даалгасан байдаг. Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/597 дугаар захирамжаар байгуулагдсан үнэлгээний хорооны 2013 оны 12 сарын 6-ны өдрийн 01 дугаартай зөвлөмжийг үндэслэн 2013 оны 12 сарын 25-ны өдөр Аптанбулаг трейд ХХК-тай, НХААГ-13/0408 дугаартай Сүхбаатар дүүргийн 960 суудалтай сургуулийн барилгын ажлын гэрээ-г 3,044,005,400 төгрөгийн үнийн дүнтэйгээр, захиалагчийг төлөөлж Н орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, санхүүжүүлэгч Нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, Төрийн сангийн хэлтэс хамтран гэрээ байгуулсан. Гэрээт ажлыг 2014 оны 5 сарын 26-ны өдрөөс эхэлж, 2014 оны 12 сарын 10-ны өдөр ашиглалтад оруулахаар тохиролцсон. НХААГ-13/0408 дугаар гэрээний хавсралтын 1.1-д Гэрээний нийт дүн 3,044,005,400 төгрөг, үүнээс техник хяналтын зардал 55,737,304 төгрөг байна гэж заасан. Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/597 дугаар захирамжаар байгуулагдсан үнэлгээний хорооны 2014 оны 9 сарын 8-ны өдрийн 03 дугаартай зөвлөмжийг үндэслэн 2014 оны 11 сарын 17-ны өдөр АХХК-тай, НХААГ-14/0212 дугаартай Сухбаатар дүүргийн 960 суудалтай сургуулийн барилгын ажлын үргэлжлэл ажлын гэрээ-г 3,509,000,000 төгрөгийн үнийн дүнтэйгээр, захиалагчийг төлөөлж Н орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, санхүүжүүлэгчээр Нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, Төрийн сангийн хэлтэс хамтран гэрээ байгуулсан. Гэрээт ажлыг 2015 оны 5 сарын 1-ний өдрөөс эхэлж, 2015 оны 8 сарын 31-ний өдөр ашиглалтад оруулахаар тохиролцсон. НХААГ-14/0212 дугаар гэрээний хавсралтын 1.1-д гэрээний нийт дүн 3,509,000,000 төгрөг, үүнээс техник хяналтын зардал 61,476,601 төгрөг байна гэж заасан. Дээрх гэрээнүүдийн үүрэг биелэгдэж Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Монгол 3 дугаар сургуулийн 960 хүүхдийн хичээлийн байрны барилга нь 2015 оны 9 сарын 25-ны өдөр 2015/548 дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар баталгаажсан. Хариуцагч АХХК-тай 2013 оны 12 сарын 25-ны өдөр байгуулсан НХААГ-13/0408 дугаартай гэрээгээр 55,737,304 төгрөгийг, 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан НХААГ-14/0212 дугаартай гэрээгээр 61,476,601 төгрөгийг буюу нийт 117,213,905 төгрөгийг Н нь техник хяналтын зардалд авахаар гэрээ байгуулагдсан. 2014 оны 9 сарын 2-ны өдөр 55,737,304 төгрөгийг техник хяналтын зардалд хүлээн авсан. Хариуцагч АХХК нь гэрээний дагуу төлөх байсан техник хяналтын зардал 61,476,601 төгрөгийг төлөөгүй гэж үзэн үлдэгдэл техник хяналтын зардал болох 61,476,601 төгрөгийг АХХК-аас гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Үүнээс 4,636,108 төгрөг төлөгдсөн тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 56,840,493 төгрөг болгон багасгаж байна. 56,840,493 төгрөгийг хариуцагч АХХК-аас гаргуулж өгнө үү. 2013 оны 8 сарын 29-ний өдөр хариуцагч Э ХХК-тай 366,202,113 төгрөгийн үнийн дүнтэйгээр Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургуулийн барилгын буулгалтын ажлын гэрээг байгуулсан. Гэрээт ажлыг комиссын гишүүд хүлээн авсан боловч ажлыг 100 хувь дуусгаагүй байсан. Иймд ажлыг дутуу гүйцэтгэсэн атлаа ажлын хөлсийг бүрэн авсан байсан тул дутуу гүйцэтгэсэн ажилд холбогдох төлбөр 25,533,473 төгрөгийг хариуцагч Э ХХК-аас буцаан гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Э ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 10,000,000 төгрөг болгон багасгаж байна. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү. гэв.

Хариуцагч АХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н нь хуучин 3 дугаар сургуулийн барилгыг өөр компаниар буулгуулж, буулгах ажлыг хүлээн авахдаа хуудуу хандаж, сургуулийн чулуун барилгын газар доогуурх том том суурийн бетоныг бүгдийг үлдээсэн байсан. Түүнийг зайлуулж, авч хаяагүй мөртлөө маш өндөр төсөв хөрөнгөтэй буулгасан ба тэр төсөвт өртгийн нилээд хувьд нь энэ том том бетоныг эвдэж авах ажил багтсан байдаг. Шинэ барилгыг яг энэ хуучин сургуулийн талбайд барихаар төлөвлөсөн учир хамгийн товчоор хэлэхэд тэнд юу ч үлдээх ёсгүй гэсэн үг. Шинэ барилга угсралтын ажил эхлэхээр суурийн нүхийг ухахдаа тэр үлдээж хаясан суурийн бетонуудыг тусгай эвдэгчээр эвдэж, бутлан зайлуулсан. Үүнд 30,000,000 төгрөг зарцуулсан. Мөн 60м*60м ба гүн 4.2м суурийн нүхийг ухаж, 15000 м.куб шавартай шороог зайлуулах газрыг Н нь шийдэж өгөөгүй тул бид хэд хэдэн газар төлбөртэй хаяж, 70,000,000 төгрөгийг төсвөөс зарцуулсан. Ажлын зургийн дагуу гүйцэтгэсэн боловч эргэж буцаж баахан цонх сольж, засвар хийсэн ба үүнд 20.2 сая төгрөгийн зардал гарсан болно. Мөн 3 дугаар сургуулийн барилгын талбайд хувийн хөрөнгө оруулалттай стандартын бус хөл бөмбөгийн талбайг нэгэн буруутай этгээдийн шийдвэрээр байгуулсан байдалтай байсан. Энэ нь ажлын талбайг чөлөөлж өгөхгүй, ажлаа эхлэхэд нилээд хүндрэл үүсгэж байсан. Өчнөөн мөнгө төлж түрээслээд очсон экскаваторын шанаган дотор тэр хүмүүс ирээд суучихна, буухгүй гэнэ. Ажил эхлүүлэхгүй гээд нөгөө хөл бөмбөгийн талбайгаа эвдүүлэхгүй гээд зүгээр маргалдаад нэг өдрийг өнгөрөөчихнө. Өдрөөр, цагаар авсан том том механизмуудын мөнгө сул төлсөөр л байна. Н руу утсаар мэдэгдэж арга хэмжээ авч өгөхийг хүсээд ямар ч нэмэргүй. Уг нь энэ газар захиалагч маань учраас эд л маргаантай бүх асуудлыг зардал мөнгө гаргаж шийдэж өгөх учиртай. Энэ бүгдийг бид биш Н л хөрөнгө мөнгө гаргаад шийдэх ёстой юм л даа. Энэ асуудал удтал шүүхээр явж нэг юм эцэс болсон, бид ч өмгөөлөгч энэ тэр авч нилээд зардал гаргасан. Н маань мөнгө төгрөг гаргасан зардлыг шийдэж өгөх ёстой л байсан. Ингээд янз янзын төсвөөс гадуурх зардал гарсаар гарсаар нийт 120 сая төгрөгөөр бүрэн алдагдалд орж Нийслэлийн засаг дарга, орлогч дарга, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга нарыг газар дээр нь ирж ажиллахад энэ асуудлуудыг тавьж, та бүгд шийдвэрлэж өгөх ёстой, техник хяналтын зардлаас ч хамаагүй харж, үзэж шийднэ гэсэн шүү дээ, шийдэхгүй бол бид гомдол гаргахаас өөрцгүй болоод бидний хохирол хүндэрлээ, барилгаа барих мөнгөнөөсөө зардал гаргаад байна гэхэд ямар нэгэн аргаар ажлаа шуурхай эхлэх хэрэгтэй. Энэ асуудалд ороод байгаа мөнгөнүүдийг техник хяналтын зардал дотроо ярилцаад шийдээд явъя. Яагаад гэвэл хот дотор учраас техник хяналтын зардал харьцангуй бага гарна. Мэдээж 120 сая гарахгүй учир үүнийхээ 50 хувиар ойлголцож, зохицуулъя гээд амласан болохоор бид мөнгийг гаргаад хийгээд явсан. Тэд ч зохицсон ёсоор доод хүмүүстээ үүрэг чиглэл өгөөд энэ гэрээний нэг хэсгийн техник хяналтын зардлыг Нийслэл суутгаж авалгүй шилжүүлээд зохицоод явсан. Эдгээр дарга нар ч хэлсэн амандаа хүрсэн гэсэн үг. Тухайн үед дарга нар хэлэхдээ одоо ямар хүмүүс шанаганд орж суугаад, төрийн газар дээр төрийн ажлыг эхлүүлэхгүй байна гээд бид бэлэн мөнгө шийдэх биш. Эдгээрийг аргалах мөнгө гэж төсөвт суулгалтай биш, барилгын төсөв бол барилгын л төсөв болохоос хүн аргалах мөнгө гэж дотор нь бичдэг төсөв биш гээд ойлголцсон. Тал талдаа ойлголцоод явсан учраас гэрээ дүгнэсэн протокол үйлдээд л энэ асуудлаа нам хаасан. Ийм мөнгө төгрөгийн талаар протоколд ч байхгүй байгаа биз дээ. Мөн бохир сорогч машинуудаар ихээхэн хэмжээний олон тонн ус соруулж суурийг усгүй болгоод суурийн ажлыг эхлүүлсэн, ийм ажлын мөнгө мөн төсөвт байхгүй. Мөн хөл бөмбөгийн талбайн асуудлаар ихээхэн хэмжээний асуудал үүссэн. Энэ асуудлаар 2-3 жил шүүхээр явсан. Эдгээр зүйлүүд бол тухайн шүүхийн материалуудаар нотлогдоно. Бид зураг төсвийн дагуу ажил хийх ёстой гээд яг зургийн дагуу хийсэн ажлуудыг зайлшгүй өөрчлөх шаардлага гарч дахин хийсэн ажлууд байгааг тухайн ажлын төсвөөр нотолж байгаа ажил бас байгааг Н сайн мэдэж, хүлээж авсан байгаа. Ийнхүү бодит байдлуудыг дүгнэн үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Э ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н ОНӨААТҮГ нэхэмжлэл гаргаж Алтан булаг трейд ХХК-аас 61,476,601 төгрөг гаргуулах, мөн манай компаниас 25,533,473 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэг үүсгэсэн байгаа билээ. Нэхэмжлэгчийн шаардсан 25,533,473 төгрөгийг манайх бүтнээр нь төлөх боломжгүй тухай бид 2019 оны 2 сарын 12-ны өдрийн №19/015 дугаартай тайлбар бичигт дурдсан болно. Улмаар манай зүгээс нэхэмжлэгч талд эвлэрлийн гэрээ байгуулсны үндсэн дээр 10,000,000 төгрөгийг төлж барагдуулах тухай хүсэлтийг 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн №19/019 дугаартай албан бичгээр уламжилсан байгаа. Учир нь 2013 оны 12 сарын 2-ны өдөр үйлдсэн гэрээ дүгнэсэн протоколд Буулгалтын ажлын явцад ажлын тоо хэмжээнд тусгагдаагүй инженерийн шугам илэрч зайлуулах боломжгүй байсан тул гүйцэтгэгч 10 сая төгрөгийг байршуулах шийдвэр гаргаж манай санхүүжилтээс энэ мөнгийг суутган авч үлдсэн боловч 2014 онд манайх руу шилжүүлсэн байгаа юм. Иймд бид гэрээ дүгнэсэн протоколд дурдсан 10,000,000 төгрөгийг буцаан нэхэмжлэгч талд төлж барагдуулах боломжтой. гэв.

Хариуцагч АХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н, Алтан булаг трейд ХХК, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэс хамтарч 2014 оны 11 сарын 17-ны өдөр НХААГ-14/0212 дугаар гэрээг байгуулан хамтран ажиллаж, Алтан булаг трейд ХХК нь гэрээний үүргээ биелүүлж, Монгол 3 дугаар сургуулийн 960 хүүхдийн хичээлийн барилгын ажлыг хийж гүйцэтгэн, 2015 оны 9 сарын 25-ны өдөр 2015/548 дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай комиссын акт үйлдэн Улсын комисст хүлээлгэн өгсөн. Тус хүлээлгэн өгөх тухай актад Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын ХБДБХА-ын халаалт, агаар сэлгэлтийн хяналтын инженер зураг төслийн дагуу, өөрсдөөс өгсөн шаардлагын дагуу хийгдсэнийг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан байдаг. Гэвч сургуулийн зүгээс блокон шилэн цонхийг солих тухай хүсэлтийг Нт ирүүлсний дагуу АХХК нь төсөв зохиолгон, туслан гүйцэтгэгчээр тухайн засварын ажлыг 20,200,000 төгрөгийн зардалтайгаар хийж гүйцэтгэн акт үйлдэн хариуцагч байгууллагын хяналтын инженер хүлээн авч, гарын үсэг зурснаар хүлээлгэн өгсөн. АХХК нь туслан гүйцэтгэгчийн төлбөрт 20,200,000 төгрөгийг төлж барагдуулсан. Мөн НХААГ 14/0212 дугаар гэрээний дагуу Захиалагчаас өгсөн үүрэг, шаардлага, зураг төслийн дагуу бид гэрээний үүргийг гүйцэтгэж ажилласан байхад Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын буруутай үйл ажиллагааны улмаас бид дахин 20,200,000 төгрөгийн засварын ажлыг хийж гүйцэтгэсэн. Гэрээний 2.1.3-т заасны дагуу ажлыг гүйцэтгэсэн, энэ нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно. гэж зааснаар гэрээнээс учирсан хохирол болно. Барилгын ажил хийхэд барилгын төсөвт ороогүй суурийн нүхийг ухахдаа үлдсэн бетоныг эвдэх, суурийн нүхийг иж бүрэн ухах, сууриас гарах шороог тээвэрлэж хаяг, шинэ шороо тээвэрлэн авчрах зэрэг ажлыг хийж 30,000,000 төгрөгийн зардлыг гаргасан бөгөөд энэ нь Н барилгын ажлын зураг, төсөв, барилгын ажил гүйцэтгэх нөхцөл байдлыг дутуу судалсны улмаас үүссэн хохирол юм. Бид нэгэнт гэрээ байгуулсан тул дээрх ажлыг хийхээс өөр арга байгаагүй. Иймд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас цонх солихтой холбоотой гарсан зардал 20,200,000 төгрөг, барилгын суурийн ажилтай холбоотой гарсан зардал 30,000,000 төгрөг, нийт 50,200,000 төгрөгийг гаргуулж, АХХК-д олгож, хохиролгүй болгож өгнө үү. гэв.

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: АХХК-аас 2015 оны 9 сарын 22-ны өдрийн 32/15 тоот албан бичгээр нэмэлт ажлын зардлыг хүссэний дагуу Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас 117,213,905 төгрөгийг олгож шийдвэрлэсэн тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н ОНӨААТҮГ нь хариуцагч АХХК-д холбогдуулан техник хяналтын зардал 61,476,601 төгрөгийг гаргуулах, Э ХХК-д холбогдуулан дутуу гүйцэтгэсэн ажилд холбогдох төлбөр 25,533,473 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд АХХК-аас шаардсан 61,476,601 төгрөгөөс 4,636,108 төгрөг төлөгдсөн гэх үндэслэлээр АХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 56,840,493 төгрөг, 2013 оны 12 сарын 2-ны өдөр үйлдсэн гэрээ дүгнэсэн протокол байгаа гэх үндэслэлээр Э ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 10,000,000 төгрөг болгон тус тус багасгасан.

Хариуцагч АХХК нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж, гэрээнд заагаагүй ажил гүйцэтгүүлсэнтэй холбогдон гарсан зардалд 50,200,000 төгрөгийг Н ОНӨААТҮГ-аас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан ба уг сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж нэхэмжлэгч маргаж байна.

Хариуцагч Э ХХК нь нэхэмжлэгч Н ОНӨААТҮГ-ын багасгасан нэхэмжлэлийн шаардлага буюу 10,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч АХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

АХХК-д холбогдох үндсэн нэхэмжлэлийн тухайд:

АХХК болон Н ОНӨААТҮГ-нарын хооронд 2013 оны 12 сарын 25-ны өдөр НХААГ-13/0408 дугаартай Сүхбаатар дүүргийн 960 суудалтай сургуулийн барилгын ажил нэртэй гэрээ / хэргийн 1 хавтас 6-9 тал/, 2014 оны 11 сарын 17-ны өдөр НХААГ-14/0212 дугаартай Сүхбаатар дүүргийн 960 суудалтай сургуулийн барилгын үргэлжлэл ажлын гэрээ нэртэй гэрээ /хэргийн 1 хавтас-10-13 тал/ тус тус байгуулагдаж, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалгын дагуу АХХК нь Сүхбаатар дүүргийн 960 суудалтай сургуулийн барилгын ажлыг 2013 оны 12 сарын 25-ны өдрийн гэрээгээр 3,044,005,400 төгрөгөөр гүйцэтгэх, үүнээс 55,737,304 төгрөг нь техникийн хяналтын зардал байхаар, 2014 оны 11 сарын 17-ны өдрийн гэрээгээр 3,509,000,000 төгрөгөөр гүйцэтгэх, үүнээс 61,476,601 төгрөг нь техникийн хяналтын зардал байхаар, АХХК нь гэрээнд заасан хугацаанд барилгыг барьж гүйцэтгэн ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх, Н нь захиалагчийн хяналтыг тавьж ажиллахаар харилцан тохиролцсон байна.

Дээрх гэрээнээс үүдэлтэйгээр талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дахь заалтад заасан ажил гүйцэтгэх харилцаа байна.

Нэхэмжлэгч нь дээр дурдсан 2 гэрээнд заасан захиалагчийн хяналтын зардал болох нийт 117,213,905 төгрөгөөс 2014 оны 9 сарын 2-ны өдөр 55,737,304 төгрөгийг, 2016 оны 1 сарын 20-ны өдөр 4,636,108 төгрөгийг нийт 60,373,412 төгрөгийг техникийн хяналтын зардалд хүлээн авсан, үлдэх 56,840,493 төгрөгийн зардлыг аваагүй, уг зардлыг АХХК ажлын гүйцэтгэлийн санхүүжилтээ авахдаа хамтад нь авсан бөгөөд Нт төлөөгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарладаг бөгөөд хариуцагч АХХК нь дээрх 2 гэрээнд заасан санхүүжилтийг бүрэн хүлээн авсан гэдэгтээ маргадаггүй ч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа техникийн хяналтын зардлаас гэрээнд заагаагүй ажил, маргаан, түүнтэй холбоотой гарсан зардлыг асуудлыг техникийн хяналтын зардлаас шийдвэрлэхээр талууд тохиролцож гэрээний нэг хэсгийн техник хяналтын зардлыг Нийслэл суутгаж авалгүй шилжүүлэхээр болсон гэж тайлбарладаг.

Энэ талаар талуудын хооронд бичгээр үйлдсэн ямар нэгэн баримт байхгүй байхын зэрэгцээ захиалагчийн техникийн хяналтын зардал нь Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.19 дахь заалтад заасан барилгын ажлын гүйцэтгэлд хяналт тавих захиалагчийн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой зардал тул гэрээнд заагаагүй ажил, маргаан, түүнтэй холбоотой гарсан зардлыг уг зардлаас санхүүжүүлэхгүй бөгөөд ажлын хөлс, магадлашгүй ажлын зардлаас тусдаа, захиалагчийн зүгээс техникийн хяналтыг хэрэгжүүлэхэд зориулагдсан зардал байна.

Иймд өөрийн гүйцэтгэсэн ажлын хөлс болон магадлашгүй ажлын зардалтай хамааралгүй, барилгын ажлын гүйцэтгэлд хяналт тавих захиалагчийн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой, захиалагчийн захиран зарцуулах эрхэд байх зардлыг өөртөө шилжүүлэн авч улмаар түүнийг захиалагчид буцаан шилжүүлэхээс татгалзаж буй хариуцагчийн татгалзал үндэслэлгүй бөгөөд хариуцагчийг өөрт хамааралгүй зардлыг барилгын ажлын гүйцэтгэлийн санхүүжилтэд шилжүүлэн авсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дахь заалтад Хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх, нэгтгэх, дахин боловсруулах зэргээр захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй гэж заасныг баримтлан хариуцагч АХХК-аас 56,840,493 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н ОНӨААТҮГ-т олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбараараа захиалагчийн хяналтын зардал 56,840,493 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлээгүй гэдгээ зөвшөөрсөн тайлбар гаргаж байхад шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч нь нэхэмжлэгч байгууллагын нягтлан бодогч Д.Мөнхдэлгэр АХХК-тай тооцооны үлдэгдлийн баталгаа гэсэн баримт үйлдэхдээ АХХК-тай тооцоо нийлэхэд 4,636,108 төгрөгийн үлдэгдэлтэй гарсан гэх баримтыг үйлдэж байсан тул 56,840,493 төгрөгийг төлсөн гэж үзэх үндэслэлтэй гэж тайлбарлаж маргасан хэдий ч хариуцагч талаас уг тайлбартай холбогдуулан шүүхэд гаргаж өгсөн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй баримт байсан, улмаар шүүх хариуцагчийн хүсэлтээр уг баримтыг нэхэмжлэгч талаас гаргуулахаар шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгч тал уг баримт нэхэмжлэгч талд байхгүй гэсэн тайлбарыг гаргасан, уг баримт нотлох баримтын шаардлага хангасан байдлаар хэрэгт авагдаагүй, хариуцагч шүүхэд бичгээр хариу тайлбар гаргахдаа 56,840,493 төгрөгийн техникийн хяналтын зардлыг буцаан төлсөн гэсэн тайлбарыг бус харин гэрээнд заагдаагүй ажил, маргаан гарсан, түүнтэй холбогдон гарсан зардал талууд уг зардлыг суутгахаар тохиролцсон гэсэн тайлбар гаргаж мэтгэлцсэн, уг мөнгийг хариуцагч нэхэмжлэгч талд буцаан шилжүүлсэн гэх байдал нь өөр бусад нотлох баримтаар тогтоогдоогүй тул хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарыг шүүх үндэслэлгүй гэж үзсэн болно.

Э ХХК-д холбогдох үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Э ХХК болон Н ОНӨААТҮГ-нарын хооронд 2013 оны 8 сарын 29-ний өдөр НХААГ-13/0121а 1-р багц дугаартай Сүхбаатар дүүргийн 03 дугаар сургуулийн барилгын буулгалтын ажил нэртэй гэрээ /хэргийн 2 хавтас 73-77 тал/ байгуулагдаж, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалгын дагуу Э ХХК ХХК нь Сүхбаатар дүүргийн 03 дугаар сургуулийн барилгын буулгалтын ажлыг 366,202,113 төгрөгөөр 2013 оны 8 сарын 29-ний өдрөөс 2013 оны 10 сарын 7-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэх, Н нь ажлын хөлсийг төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Дээрх гэрээнээс үүдэлтэйгээр талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дахь заалтад заасан ажил гүйцэтгэх харилцаа байна.

Хариуцагч Э ХХК нь гэрээт ажлаас барилгын суурийг бутлан нураах ажлыг гүйцэтгээгүй орхисон болох нь шинжээчийн дүгнэлт /хэргийн 2 хавтас 2-4 тал/-ээр тогтоогдсон бөгөөд ажлыг дутуу гүйцэтгэсэн атлаа гэрээт ажлын хөлсийг бүрэн хүлээн авсан гэдэгтээ маргахгүй байна.

Гэрээт ажлыг дутуу гүйцэтгэсэн нь Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2 дахь заалтад Гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ гэж заасанд нийцэхгүй байх тул Э ХХК-ийн ажлын гүйцэтгэлийг доголдолтой гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгч Н нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2 дахь заалтад Захиалагч доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулахыг шаардах эрхтэй гэж заасны дагуу доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажлын хөлсийг бууруулж тооцон илүү төлсөн төлбөрийг буцаан шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь уг доголдолтой холбогдуулан хариуцагчаас шаардаж буй нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 10,000,000 төгрөг болгон багасгасан, хариуцагч уг багасгасан шаардлагыг зөвшөөрсөн, өөр бусад асуудлаар маргахгүй байх тул хариуцагч Э ХХК-аас 10,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н ОНӨААТҮГ-т олгож шийдвэрлэх нь зүйтэй байна

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч Алтан булаг трейд ХХК нь барилгын ажлыг зураг төслийн дагуу хийж гүйцэтгэн, 2015 оны 9 сарын 25-ны өдөр 2015/548 дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай комиссын акт-аар хүлээлгэн өгснөөс хойш сургуулийн зүгээс тавьсан хүсэлт, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын зөвшөөрлийн дагуу цонх солих ажлыг хийж гүйцэтгэхэд гарсан зардал 20,200,000 төгрөг, хуучин барилгыг буулгах ажлыг гүйцэтгэсэн компанийн дутуу үлдээсэн ажлыг буюу суурийн нүхийг ухахдаа үлдсэн бетоныг эвдэх, суурийн нүхийг иж бүрэн ухах, сууриас гарах шороог тээвэрлэж хаяг, шинэ шороо тээвэрлэн авчрах зэрэг ажилд зарцуулсан 30,000,000 төгрөг, нийт 50,200,000 төгрөгийг Н ОНӨААТҮГ-аас гаргуулахаар нэхэмжилсэн бол Н ОНӨААТҮГ нь хариуцагч АХХК-д магадлашгүй ажлын зардалд 117,213,905 төгрөгийг олгож шийдвэрлэсэн, нэхэмжилж буй мөнгөн дүнтэй холбоотой ажил нь магадлашгүй ажлын хүрээнд хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй гэж маргасан.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ, үүссэн харилцааны талаар шүүхийн шийдвэрийн АХХК-д холбогдох үндсэн нэхэмжлэлийн талаар дурдсан хэсэгт өмнө дүгнэсэн.

Шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлт /хэргийн 2 хавтас 2-4 тал/-ээр АХХК-ийн хийж гүйцэтгэсэн Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн барилгын спорт заалны анхны цонхны угсралтын ажил нь барилгын зураг төслийн дагуу угсрагдсан байсан ба зураг төслийн дагуу угсрагдсан цонхыг солих болсон нь барилгын ажлын гүйцэтгэлийн доголдлоос шалтгаалаагүй, харин барилгын зургийн тооцооны алдаанаас болж цонхыг солих шаардлага үүссэн болох нь тогтоогдсон.

Гэрээнд заасан ажлын тодорхой хэсэгт ахин гүйцэтгэл явуулж нэмэлт зардал гаргахад хариуцагчийн буруутай үйлдэл байгаагүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд уг ажлыг нэмэлтээр хийж гүйцэтгэхийг Н ОНӨААТҮГ-ын зүгээс АХХК-д зөвшөөрсөн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан 2017 оны 6 сарын 12-ны өдрийн огноо бүхий УБ хотын СБД-ийн 10-р хороо, 960 суудалтай Монгол 3-р сургуулийн спорт заалны засварын ажлын тухай хурлын тэмдэглэл /хэргийн 1 хавтас 125,126 тал/-ээр мөн тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн зүгээс уг ажлын гүйцэтгэлтэй холбоотой зардал нь магадлашгүй ажлын зардалд хамаарах бөгөөд магадлашгүй ажлын зардлыг нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид бүрэн төлж барагдуулсан гэж тайлбарлан 2015 оны 11 сарын 12-ны өдрийн Магадлашгүй ажлын акт нэртэй баримт /хэргийн 1 хавтас 181,182 тал/-ыг нотлох баримтаар гаргаж өгсөн ба уг баримтаар хариуцагчийн гүйцэтгэсэн 8 төрлийн ажилтай холбоотой нийт 117,213,905 төгрөгийг магадлашгүй ажлын зардлаас санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн байдал тогтоогдож байна.

Уг 8 ажлын жагсаалтад Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн барилгын спорт заалны анхны цонхны угсралтын ажлыг дахин гүйцэтгэсэн ажил багтаагүй байх ба уг ажил нь магадлашгүй ажлын акт үйлдэгдсэн 2015 оны 11 сарын 12-ны өдрөөс хойш буюу 2017 онд гүйцэтгэгдсэн болох нь Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 2017 оны 6 сарын 12-ны өдрийн 186 дугаартай Нт хандсан албан бичиг /хэргийн 1 хавтас 120 тал/, Алтан булаг трейд ХХК болон Ахра ХХК нарын хооронд 2017 оны 5 сарын 25-ны өдөр байгуулагдсан спорт заалны засварын ажлын туслан гүйцэтгэгчийн гэрээ /хэргийн 1 хавтас 121-124 тал/ зэрэг баримтуудаар тогтоогдсон тул нэхэмжлэгч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын гаргасан уг ажлын гүйцэтгэлтэй холбоотой зардал нь магадлашгүй ажлын зардалд хамаарах бөгөөд магадлашгүй ажлын зардлыг нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид бүрэн төлж барагдуулсан тул уг шаардлагыг зөвшөөрөхгүй гэх тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.

Талуудын хооронд байгуулсан гэрээнд тусгагдаагүй хэдий ч захиалагчийн хүсэлтээр нэмэлтээр хийсэн ажил болох нь тогтоогдсон, хариуцагч уг ажлын үр дүнг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дахь заалтад заасны дагуу хүлээн авсан ажлын үр дүнд тохирох хөлсийг хариуцагчид төлөх үүрэгтэй байна.

Хариуцагч нь уг ажилд 20,200,000 төгрөгийн зардал гаргасан гэх тайлбараа нотолж Ахра ХХК-тай байгуулсан туслан гүйцэтгэгчийн гэрээг шүүхэд нотлох баримтаар өгсөн, уг гэрээнд ажлын хөлсний нийт үнийн дүнг 20,200,000 төгрөг байхаар талууд тохиролцсон, улмаар 2017 оны 5 сарын 29, 6 сарын 5, 15-ны өдрүүдийн огноотой 3 удаагийн кассын зарлагын ордер нэртэй баримтууд /хэргийн 1 хавтас 132 тал/-аар Ахра ХХК-д 20,200,000 төгрөгийг шилжүүлсэн байдал тогтоогдож байх боловч уг ажлыг 20,200,000 төгрөгөөр гүйцэтгүүлэх талаар нэхэмжлэгчтэй тохиролцсон, түүнд мэдэгдсэн байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл сургуулийн барилгын цонхтой холбоотой нэмэлт ажлыг гүйцэтгэх ажлын хөлсний талаар нэхэмжлэгчтэй тохиролцсон байсан гэж үзэхгүй бөгөөд энэ тохиолдолд Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2 дахь заалтад Ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй боловч гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлнө гэж заасны дагуу ажлын хөлсний хэмжээг тооцон тогтоох нь хуульд нийцнэ.

Шүүхээс томилогдсон шинжээч уг цонхны ажилтай холбогдон гарсан зардлын хэмжээг зах зээлийн үнэлгээгээр 9,705,803 төгрөг гэж тогтоосон тул гэрээнд заагаагүй барилгын цонх солих ажил гүйцэтгүүлсний хөлсөнд 9,705,803 төгрөгийг нэхэмжлэгээс гаргуулан хариуцагч АХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч нь барилгын ажил хийхэд барилгын төсөвт ороогүй суурийн нүхийг ухахдаа үлдсэн бетоныг эвдэх, суурийн нүхийг иж бүрэн ухах, сууриас гарах шороог тээвэрлэж хаяг, шинэ шороо тээвэрлэн авчрах зэрэг ажлыг хийж 30,000,000 төгрөгийн зардлыг гаргасан гэх нэхэмжлэгчээс 30,000,000 төгрөгийг нэхэмжилсэн байх боловч 117,213,905 төгрөгийг санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн 2015 оны 11 сарын 12-ны өдрийн Магадлашгүй ажлын акт нэртэй баримтад дурдагдсан 8 төрлийн ажилд суурийн ажил багтсан байх тул суурийн ажилтай холбогдон гарсан гэх 30,000,000 төгрөгийн зардлын тодорхой хэсэг нь магадлашгүй ажлын зардлын хүрээнд санхүүжүүлэгдсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хариуцагч Э ХХК-ийн дутуу үлдээсэн ажлыг хийж гүйцэтгэхдээ суурийн ажилд зарцуулсан гэх 30,000,000 төгрөгөөс хэдэн төгрөгийг зарцуулж зардал гаргаснаа шүүхэд баримтаар нотолж чадаагүй тул шүүх Э ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн 10,000,000 төгрөгийн хэмжээнд барилгын суурийн нүхийг ухахад гарсан нэмэлт зардал гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч АХХК-аас 56,840,493 төгрөгийг, хариуцагч Э ХХК-аас 10,000,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н ОНӨААТҮГ-т, нэхэмжлэгч Н ОНӨААТҮГ-аас 19,705,803 төгрөгийг гаргуулан хариуцагч АХХК-д тус тус олгож, хариуцагч АХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 30,494,197 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүх шинжээчийг хариуцагч АХХК-ийн өмгөөлөгчийн хүсэлтээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбарт дурдагдсан нөхцөл байдлыг тодруулах үүднээс томилсон бөгөөд үндсэн нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хангагдсан тул шинжээчийн зардлыг хариуцагч АХХК-д хариуцуулсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.          Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1, 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2 дахь заалтыг баримтлан хариуцагч АХХК-аас 56,840,493 төгрөгийг, хариуцагч Э ХХК-аас 10,000,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н ОНӨААТҮГ-т, нэхэмжлэгч Н ОНӨААТҮГ-аас 19,705,803 төгрөгийг гаргуулан хариуцагч АХХК-д тус тус олгож, хариуцагч АХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 30,494,197 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.          Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч АХХК-аас 442,152 төгрөгийг, хариуцагч Э ХХК-аас 174,950 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулж, шинжээчийн зардал 1,250,000 төгрөгийг хариуцагч АХХК-аас гаргуулж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт олгосугай.

3.          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР