2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/266

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж, улсын яллагч Б.Одонтуяа, шүүгдэгч Б.Ш нарыг оролцуулан, хуралдааны тэмдэглэл нарийн бичгийн дарга Ж.Ган-Эрдэнэ хөтөлж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт М овгийн Б.Ш-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2410043371077 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: М овгийн Б.Ш,*******, ** оны ** дугаар сарын **-нд Д аймаг, З суманд төрсөн, ** настай,*******,*******, ачаа вагон хүлээлцэгч мэргэжилтэй, хувиараа ажил хийдэг гэх, ам бүл 1, ганцаараа Д аймгийн З сумын 1 дүгээр баг ** тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал: Дорноговь аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар 260 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан (РД:********).

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Ш нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэмээтэй хөшөөний хойд замд 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 17 цагийн орчимд Toyota prius маркийн ** ДГЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т заасан “жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Ш шүүх хуралдаанд: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг гаргахгүй гэв.

Эрүүгийн 2410043371077 дугаартай хэргээс:

1.Жолооч Б.Ш-ын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 4-8 дугаар хуудас),

2.Жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 39 дүгээр хуудас),

3.Бичлэг хадгалагдсан хуурцгийг эд баримтаар тооцох тухай мөрдөгчийн 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн тогтоол (хавтаст хэргийн 57 дугаар хуудас), бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 56 дугаар хуудас),

4.Яллагдагч Б.Ш-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас),

5.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 38 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 43 дугаар хуудас) иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 41 дүгээр хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 40 дүгээр хуудас), Дорноговь аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 48-50 дугаар хуудас), Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 10-01/3226 дугаартай албан тоот (хавтаст хэргийн 51 дүгээр хуудас), Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 1394 дугаартай шийтгэврийн хуулбар (хавтаст хэргийн 25-28 дугаар хуудас) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч М овгийн Б.Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М овгийн Б.Штээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш-ыг зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суудаг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэж, хяналт тавихыг Дорноговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Замын-Үүд сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулсан үеэс тоолсугай.

6.Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт нь шүүхэд ирээгүйг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалагдах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээсгүй.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Ш-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА