2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/354

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж, улсын яллагч М.Билгүүтэй, хохирогч Б.Л, өмгөөлөгч Д.Мөнхтуяа /ҮД-0195/, шүүгдэгч Г.Р, өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт /ҮД-1954/ нарыг оролцуулан, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Ган-Эрдэнэ хөтөлж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Т*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2403007221053 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Т овгийн Г.Р,*******, ** оны ** дугаар сарын **-нд Улаанбаатар хотод төрсөн, ** настай,*******,*******,*******, ** үл хөдлөх хөрөнгийн борлуулагч хийдэг гэх, ам бүл хоёр, эхнэрийн хамт Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, ** тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал: Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 142 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн (РД:********).

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/ Шүүгдэгч Г.Р нь 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 12 цаг 50 минутын орчимд Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Наадам центр төвийн баруун талын замд өөрийн эзэмшлийн Royal Enfield Continental GT650 маркийн УРА ** улсын дугаартай мотоциклыг жолоодон ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлд замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 11.2-т заасан “Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна. Байр эзлэхийн тулд тэмдэглэлийг давахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4, 1.5 заалтыг баримтална. Хоёр дугуйт мотоциклын жолооч эгнээг голлон дангаараа эзэлж явах эрхтэйгээс гадна мөн нэг эгнээнд хоёроос илүүгүй мотоцикл зэрэгцэн явж болно”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 2-р хавсралтын 1.3-т заасан “Хэвтээ тэмдэглэлийг дараах зориулалтаар хэрэглэнэ: 1.3-т заасан (үргэлжилсэн хос шугам)-дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана” гэх заалтуудыг зөрчиж үргэлжилсэн хос шугам дээгүүр явсны улмаас явган зорчигч Б.Л, Б.Х, Б.М нарыг мөргөж, улмаар Б.Л-ийн эрүүл мэндэд нь хүнд хохирол, Б.Х-ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Р шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ажлаасаа гараад 12 цаг 55 минутын орчим “Наадам центрийн” ертөнцийн зүгээрээ баруун талд Энхтайвангийн гүүрийг урдаас нь хойшоо чиглэсэн хөдөлгөөнд оролцоод явж байсан. Би тээврийн хэрэгсэл зорчих ёстой авто зам дээр урдаасаа хойшоо чиглэлд бүрэн бүтэн ажиллагаатай тээврийн хэрэгслийг зөвшөөрөгдсөн А ангиллын үнэмлэхтэйгээр эрүүл саруул, хамгаалах хувцас хэрэгслийг хэрэглэнэ хөдөлгөөнд оролцоод явж байсан. Миний явж байсан эгнээ урдаасаа хойшоо чиглэлд хөдөлгөөн удаашралтай. Ямар ч гарц гарам байхгүй, үзэгдэх орчин нь урд талд 120-ийн автобусны буудал гүүрэн гарц байсан. Хөдөлгөөн удаашралтай явж байсан учраас би машины голоос хүн гүйж гарч ирнэ гэж огт мэдээгүй. Хэвийн зөвшөөрөгдөх хэмжээний хурд тохируулаад эгнээгээ яг голлоогүй, Наадам центрээс орж ирдэг урсгалд хүмүүсийг замын хөдөлгөөний харшчихдаг, тухайн эгнээнд явж байсан тээврийн хэрэгсэлд шахагдаад тээврийн хэрэгсэл болон цагаан зураасны голд ерөнхийдөө цагаан зураас руу ороогүй хөдөлгөөнд оролцож байсан. Гэнэт баруун талаас үзэгдэх орчих хязгаарлагдмал бүсээс хүмүүс гүйгээд гараад ирсэн. Би хурд хэтрүүлээгүй явж байсан боловч зогсоох боломжгүй зайтай байсан. Би саадыг тойрч гарах гэж хичээж баруун талд тээврийн хэрэгсэл байсан учраас би зүүн тал руугаа дагаад цагаан зураас руу орж ирсэн. Замын цагдаагаас хүмүүс ирээд хэмжилт хийсэн. Тухайн осол гараад түргэн тусламж ирэх хүртэл би ухаангүй зам дээр хэвтэж байсан гэв.

Хохирогч Б.Л шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр оффисоосоо гараад өдрийн цайндаа орох гэж Энхтайвангийн гүүр рүү өгсдөг зам дээр хамт ажилладаг хоёр хүнтэйгээ гарцгүй гарцаар зам хөндлөн гарсан. Хувь хүний хувьд гарцтай замаар зам хөндлөн гардаг. Тухайн өдөр хамт ажилладаг хүмүүсийг дагаад зам хөндлөн гарсан. Гарч байх явцдаа осол орсон ба, тухайн ослын дараа юу болсныг санахгүй байна. Гэмтлийн эмнэлэгт очоод нэг хоногийн дараа ухаан орж сэрэхэд эмнэлэгт маш хүнд гэмтэлтэй хөдөлж чадахгүй, ухаан балартсан байсан. Миний гэмтэл болохоор умдаг ясны аарцагтаа 4 хугаралтай, хойд талын сүүжний аарцаг хэсэгтээ бяцралттай, баруун хөлийн 2 савхан яс 6 хэмжээний хугарсан тул би өнөөдөр хөндлөн төмөртэй явж байгаа. Би 2 сарын хэвтрийн дэглэм барьж байж аарцаг, сүүжнийхээ хэсгийг бараалуулж одоо таяг түшээд явж байна. Энэ гэмтлийн улмаас эрүүл мэнд болон сэтгэл санааны маш өндөр хохиролтой байна. Би 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд ажил хөдөлмөр эрхлээгүй байгаа бөгөөд гэртээ эмчилгээнд орж байгаа. Өнөөдрийн байдлаар миний баруун хөлийн эрхийн хуруунаас шагай хүртэл дээд тал мэдээгүй байгаа, одоо тухайн газраа зүү тавиулаад явж байгаа, зүү тавиулаад 10 хонож байна, одоо түр хугацаанд завсарлачихсан ахиж үзүүлээд дахиад 14 хоног зүүний эмчилгээнд явна. Миний хувьд эрүүл мэнд болон сэтгэл санаа шалтгаалаад хүнд хохирсон. Шүүгдэгч Р нь 3,700,000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Тухайн 7,000,000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд төлж байгаа төлбөр тул надад хамаагүй мөнгөн дүн. Шүүгдэгч надтай утсаар холбогдоод ажилгүй байх хугацааны цалингийн хөлсийг төлнө гэж хэлсний дагуу би Тээврийн прокурорын газар луу нөхөртэйгөө хамт очсон. Шүүгдэгч Р нь та гомдол саналгүй гэдгээ бичиж өг гэж хэлсэн. Би өөрт нь хохирол төлбөр төлж барагдуулбал ажилгүй байсан цалингийн хөлсний мөнгөө авсан гэх өргөдлийг бичиж өгнө гэдгээ хэлсэн. Тэгэхэд Р та надаас мөнгө авч байгаа бол сэтгэл санааны хохиролгүй, мөн цаашид ямар нэгэн байдлаар мөнгө нэхэмжлэхгүй гэсэн тайлбар, өргөдөл бичиж өг гэж надад хэлсэн тул би зөвшөөрөөгүй. Тэр үед би нэхэмжилж байсан хохирол төлбөрөө Р-аас аваагүй. Би шүүгдэгчээс 5 сар ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг нэхэмжилж байна гэв.

Эрүүгийн 2403007221053 дугаартай хэргээс:

1.Тээврийн цагдаагийн албаны шуурхай удирдлагын хэлтэст 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 12:56:17 цагт бүртгэгдсэн дуудлага, лавлагаа (хавтаст хэргийн 6 дугаар хуудас),

2.Тээврийн цагдаагийн албаны 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 7-9, 13-14 дүгээр хуудас), зам, тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч (хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас),

3.Жолооч Г.Р-ийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахад 0 хувьтай, согтууралгүй тухай баримт (хавтаст хэргийн 10 дугаар хуудас),

4.Бичлэг хадгалагдсан хуурцгийг эд баримтаар тооцох тухай мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн тогтоол ( хавтаст хэргийн 145 дугаар хуудас), бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 149 дүгээр хуудас) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Т овогт Г.Р-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, нэг хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т овогт Г.Р-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 3 (гурав) жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Р-г зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр болон ажил эрхэлдэг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг мөн хугацаагаар хүлээлгэж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Р нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Р-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулсан үеэс тоолсугай.

6.Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Р баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б.Х, иргэний нэхэмжлэгч Б.М нарт энэ тогтоолоор төлөх төлбөргүй, хохирогч Б.Х нь сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалагдах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээсгүй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.Л-ийн нэхэмжлэлээс гар утасны төлбөрт 1,000,000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Х энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах зардлыг; хохирогч Б.Л нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан цалин хөлс, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр, цаашид гарах гэм хорын зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдний өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

10.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Р-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА