Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 147

 

 

 

 

 

 

 

                                 

 

 

  

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чонос овогт Равдандоржийн Энхбаярт холбогдох эрүүгийн 201726030407 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

улсын яллагч С.Болорчулуун,

шүүгдэгч Р.Энхбаяр,

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Цэнгүүн нарыг оролцуулан, тус шүүхийн нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1976 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 2-р хэсэг Их дарь эхийн 1-р гудамж, 42 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй,  улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Чонос овогт Равдандоржийн Энхбаяр /РД:ЧП76122519/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Р.Энхбаяр нь 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Механик инженерийн сургууль”-ийн хажуу талын авто замын уулзвар дээр Я.Батсайханы 81-99 УНК улсын дугаартай “Истана” маркийн  авто машины баруун талын толийг санаатай цохиж хагалан, гэмтээж, Я.Батсайханд 25.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Р.Энхбаяраас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

“...2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр манай ахын төрсөн хүү нь Таван толгойд тээвэрт явж байгаад нас барчихсан, ажил явдал ихтэй явж байсан юм. Би 55-92 УБИ улсын дугаартай автомашинаа унаад баруун дөрвөн зам дээр 2 дугаар эгнээнд явж байтал 81-99 УНК улсын дугаартай автомашин миний урдуур шахаж ирээд шууд дайрсан. Тэгэхээр нь ажил ихтэй яарч явсан учраас тухайн авто машиныг оруулахгүйгээр чигээрээ явчихсан.

Гэтэл  нарны гүүрээр урагшаа явж байхад 81-99 УНК улсын дугаартай автомашин миний автомашиныг баруун талаар шахаж явсаар “Алтай” хотхоны зүүн талын уулзвар дээр гэрэл дохионоос хөдлөхдөө миний машиныг шүргэчихээд яваад өгсөн юм. Тэгэхээр нь би араас нь машинтайгаа очоод “яаж яваад байгаа юм бэ, аятайхан яваач” гэж хэлэхэд өөдөөс салаавч гаргаад “та нар яадаг юм бэ” гээд хэрүүл маргаан хийж, над руу хашигчаад дайраад байхаар нь би машиных нь толийг гарынхаа ар талаар цохисон.

Тэр үед замын эсрэг талд байсан замын цагдаа хүрч ирэхээр нь би “миний машиныг шүргэчихлээ” гэж хэлсэн чинь тэр цагдаа “гомдол байвал цагдаад дуудлага өгөөрэй” гэж хэлсэн. Би оршуулгын ажилтай яаруу явж байсан тул тухайн үедээ гомдол санал байхгүй гээд явсан.

Тухайн хэрэг гарах үед миний машинд ах Энхбаатар, Цээсүрэн нар хамт явж байсан. Хэрвээ би яараагүй байсан бол цагдаа дуудаж, хууль журмынх нь дагуу асуудлыг шийдвэрлүүлэх боломж байсан. Хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохиролд тооцож 45.000 төгрөг төлсөн. Миний хувьд өөрийн санамсар болгоомжгүй байдлаас болж ийм хэрэг зөрчилд холбогдсондоо маш их гэмшиж байна. Миний хувийн байдлыг харгалзан үзэж  хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг,     

 

Эрүүгийн 201726030407 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч Я.Батсайханаас мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 “...2017 оны 3 дугаар сарын 14-ний 11:30 цагийн орчимд, би Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хуучин цагаан хаалганы уулзвар дээр өөрийн 81-99 УНК улсын дугаартай Истана маркийн автомашинтайгаа явж байгаад гэрэл дохион дээр зогссон байхад 30-35 орчим насны, 55-92 УБИ улсын дугаартай цагаан саарал өнгийн Suzuki every маркийн автомашинтай нэг залуу бууж ирээд, миний автомашины баруун талын толийг 2 удаа баруун гараараа цохиж хагалсан.

Тэгээд машины урдуур гараад жолоочийн тал буюу миний сууж байсан хаалган дээр ирээд машины цонхоор баруун гараа оруулаад боймолж багалзуурдаад “цагдаад хэлэх юм бол сайнаа үзэхгүй шүү” гэж хэлсэн. Тэгэхэд замын эсрэг талд байсан зохицуулагч замын цагдаа гүйж хүрч ирээд надаас тэр залууг салгасан. Тэгсэн чинь цагдаа тэр залууг “чи одоо яв” гээд явуулчихсан. Тэгэхээр нь би тэр цагдаагаас “яагаад явуулж байгаа юм бэ” гэж асуухад “надад хамаарахгүй, хэв журам хариуцана, өргөдлөө Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст өг” гэж хэлсэн. Тэр машины жолооч өөрөөсөө гадна хоёр хүнтэй хамт явж байсан. Миний биед гэмтэл учраагүй. Тэр машины жолооч шахаж яваад байна гээд машинаасаа бууж ирсэн. Би шахаж явсан үгүйгээ мэдэхгүй байна. Зориуд шахаж явсан зүйл байхгүй. Машиныхаа толийг 45.000 төгрөгөөр үнэлж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 29-30х, 31-32х/,

 

2. Гэрч Х.Цээсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр өөрийн хадам дүү болох Р.Энхбаяр 55-92 УБИ улсын дугаартай автомашинтай Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр,  хуучин цагаан хаалганы уулзвар дээр, нөхөр Энхбаатар, Энхбаяр нарын хамт явж байхад Энхбаяр “энэ одоо яаж яваад байгаа юм бэ” гээд нэг машиныг хэлээд байх шиг байсан. Тэгээд шахалцаж яваад байх шиг байснаа гэрэл дохио “Алтай” хотхоны зүүн урд талын уулзвар өнгөрөөд 81-99 УНК улсын дугаартай автомашин урд талын гупер шүргэх шиг болоод цааш яваад өгсөн.

Ингээд дараагийн уулзвар дээр 81-99 УНК улсын дугаартай автомашин зогсохоор манай дүү Р.Энхбаяр “яаж яваад байгаа юм бэ” гээд машинаасаа бууж очиход 81-99 УНК улсын дугаартай автомашины жолооч Энхбаяр луу салаавч гаргахад Энхбаяр уурандаа тухайн автомашины баруун талын толийг нь цохиод хагалчихсан. Ингээд нэг мэдэхэд хоёулаа буучихсан 81-99 УНК улсын дугаартай автомашины хажууд Энхбаяр, нөгөө автомашины жолоочийг түлхэж байгаа харагдсан. Тэгээд удалгүй замын эсрэг талаас замын цагдаа хүрч ирээд “юу болсон” талаар Энхбаяраас асуухад “энэ 81-99 УНК улсын дугаартай автомашин хажуунаас шахаад гупер зурчихлаа” гэж хэлсэн. Тухайн үедээ бид нар ажил явдалтай, яаруу байсан болохоор цагдаад гомдолгүй гэж хэлээд явчихсан юм. 55-92 УБИ улсын дугаартай автомашиныг Энхбаяр унаж хэрэглэдэг, нэг жилийн өмнө хүнээс худалдаж авсан. Нэрээ шилжүүлэх гэхээр тэр хүн нь гадаадад байгаа гэж байсан. Би тухайн үед том хүүгээ алдчихсан, сэтгэл санаа тогтворгүй явж байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 33-34х/,

 

3.  Гэрч Р.Энхбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2017 оны 3 сарын 10-ны өдөр миний том хүү осолд ороод нас барсан. Тэгээд 2017 оны 3 сарын 14-ний өдөр гадуур дүүгийнхээ 55-92 УБИ улсын дугаартай автомашинаар ажил хөөцөлдөөд, эхнэр Цээсүрэн, төрсөн дүү Р.Энхбаяр нарын хамт явж байсан. Тухайн өдрийн 11 цагийн орчим баруун 4 замаар уруудаад Нарны гүүрээр явж байхад 81-99 УНК улсын дугаартай Истана маркийн автомашин дүүгийн 55-92 УБИ улсын дугаартай Сузуки эвэри маркийн автомашиныг шахаад яваад байсан. Ингэж явсаар байгаад “Алтай хотхон”-ы зүүн урд талын уулзвар дээрээс гэрлэн дохиогоор хөдлөөд явах үед 81-99 УНК улсын дугаартай автомашин урдуур шахаж ороод урд тал гупер шүргэчихээд, дараагийн уулзвар буюу хуучин цагаан хаалганы уулзвар дээр ирэхэд манай дүү уг автомашины хажууд нь зогсоод цонхоо онгойлгоод 81-99 УНК улсын дугаартай автомашины жолоочид хандан “яаж яваад байгаа юм бэ” гэж хэлэхэд хариуд нь нөгөө жолооч салаавч гаргасан.

Тэгэхэд нь манай дүү Р.Энхбаяр бууж очоод хэрүүл хийж байгаад 81-99 УНК улсын дугаартай автомашины баруун талын толины хавтасыг 1 удаа цохиод хагалчихсан. Тэгээд 81-99 УНК улсын дугаартай автомашины жолооч уурлаад, Энхбаяр луу хүрээд ирэхэд хүзүү хэсэг рүү түлхээд зогсож байхад замын эсрэг талаас замын цагдаа хүрч ирэхээр нь Энхбаяр замын цагдаад “миний машиныг шүргэчихлээ” гэж хэлээд бид “шалихгүй зүйл зураас гарсан байна, дээр нь буяны ажил явдалтай байсан” болохоор яараад яваад өгсөн юм...” гэсэн мэдүүлэг /хэргийн 35-36х/,

 

4. Гэрч Б.Энхбадралын мөрдөн байцаалтын шатанд  өгсөн:

“...Би 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр ХУД-н 3-р хороо 226-р пост буюу ХУД-н баруун талын уулзварт ажил үүргээ гүйцэтгэж байхад өглөөний 11 цагийн орчим 81-99 УНК улсын удгаартай Сузуки эвэри маркийн автомашин, 55-92 УБИ улсын дугаартай Истана маркийн автомашинууд хоорндоо шүргэлцээд зогчихсон байсан.

Тэгээд 55-92 УБИ улсын дугаартай автомашины жолооч бууж ирээд 81-99 УНК улсын дугаартай автомашины баруун талын толийг баруун гараараа цохиод хагалчихсан. Тэр үед 55-92 УБИ улсын дугаартай, 81-99 УНК улсын дугаартай автомашины жолооч нар хоорондоо хэрэлдээд байсан. Тэгээд би 81-99 УНК машины жолоочтой юм ярьж байхад 55-92 УБИ улсын дугаартай автомашины жолооч “би ажил явдалтай, яаруу явж байна” гээд яваад өгсөн. Тэгэхээр нь би 81-99 УНК улсын дугаартай автомашинтай ахад номер дугаарыг нь сайн хараад ав, тэгээд манай хэлтэс дээр оч гэж хэлсэн...” гэсэн  мэдүүлэг /хэргийн 37х/,

 

5. Эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт /хэргийн 09х, 38х/,

 

6. Хохирлын мөнгө хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 39-40х/,

 

7. Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 42-45х/,

 

8. Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 7-8х/,

 

9. Шүүгдэгч Р.Энхбаярын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

“...Би 55-92 УБИ улсын дугаартай сузуки эвэри маркийн автомашиныг 2016 оны 05 сард Будгэрэл гэдэг хүнээс худалдан авсан. Уг автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авах гэтэл Будгэрэл нь Франц улсад амьдардаг болохоор нэрээ шилжүүлэн авч чадаагүй унаж хэрэглэж байгаа юм.

2017 оны 3 сарын 14-ний өдөр 11 цагийн орчим би өөрийн 55-92 УБИ улсын дугаартай сузуки эвэри  маркийн автомашиныг унаад Нарны гүүрээр урагшаа явж байхад 81-99 УНК улсын дугаартай автомашин миний автомашины баруун талаар шахаж явсаар “Алтай” хотхоны зүүн талын уулзварын гэрэл дохионоос хөдлөхдөө 81-99 УНК улсын дугаартай Истана маркийн автомашин миний машины баруун талыг шүргээд, цааш яваад, хуучин цагаан хаалганы уулзвар дээр очоод зогссон. Би араас нь машинтайгаа очоод цонхоо онгойлгон “яаж яваад байгаа юм бэ” гэж асуухад миний урдаас шууд “чи өөрөө яаж яваад байгаа юм бэ” гээд салаавч гаргасан. Би тухайн үед нь манай ах, эгч хоёрын төрсөн хүү нь нас барчихсан, сэтгэл санаа тогтворгүй байсан учраас машинаасаа буугаад “толиндоо хардаггүй юм уу” гээд 81-99 УНК улсын дугаартай автомашины баруун талын толийг нэг удаа зүүн гараараа цохиж хагалсан.

Тэгэхэд 81-99 УНК улсын дугаартай автомашины жолоооч бууж ирэхээр нь “яаж яваад байгаа юм бэ” гээд хэрүүл маргаан хийж, над руу хашигчаад дайраад байхаар нь алгаараа нэг удаа зөөлөн хүзүү хэсэг рүү нь түлхсэн. Тэгээд зогсож байтал замын эсрэг талд байсан замын цагдаа хүрч ирэхэд  нь би “миний машиныг шахаж яваад машиныг шүргэчихлээ” гэж хэлсэн чинь тэр цагдаа “таны машин бараг гэмтээгүй байна, гомдол санал байвал цагдаад дуудлага өгч шийдүүл” гэж хэлсэн. Миний машинд эвдрэл гэмтэл учраагүй, бага зэрэг зураас гарсан болохоор би гомдол саналгүй гээд, оршуулгын ажил явдалтай яаруу явж байна гээд  яваад өгсөн юм. Цагдаа тухайн үед “гомдол саналгүй бол яв” гэж хэлсэн, “явж болохгүй” гэж хэлээгүй. Батсайханы эд хөрөнгөд 45.000 төгрөгийн хохирол учруулсан байдлаа хүлээн зөвшөөрч байна. Тольны мөнгө 45.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн.  

Би 81-99 УНК улсын дугаартай автомашины толийг уур бачимдлаасаа болж цохиж хагалсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Миний автомашины гупер бага зэрэг зурагдсан. Би өөрөө янзалдаг болохоор тийм зураас сэвэнд санаа зовоод байдаггүй. Надад гомдол санал байхгүй ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 50-51х, 53-54х/, мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 60х/, оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт /хэргийн 63х/, төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 64х/, дунд боловсролын гэрчилгээний хуулбар /хэргийн 65х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 72х/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар баримт, Энхбаатарын Энх-Амгалан 2017 оны 03 сарын 14-ны өдөр нас барсан тухай гэрчилгээ баримт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан байх ба шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүх хууль ёсны үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой баримтууд гэж үнэллээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

Шүүгдэгч Р.Энхбаяр нь 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Механик инженерийн сургуулийн хажуу талын авто замын уулзвар дээр хохирогч Я.Батсайханы 81-99 УНК улсын дугаартай “Истана” маркийн  авто машины баруун талын толийг гараараа цохиж хагалан, эд хөрөнгөд нь 25.000 төгрөгийн хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар хангалттай  нотлогдож тогтоогдсон байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Р.Энхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул Р.Энхбаярыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч М.Цэнгүүн нь “Р.Энхбаяр нь бусдын эд хөрөнгө гэмтээсэн гэх гэмт хэргийг санаатай үйлдээгүй, тухайн хэрэг гарахад 81-89 УНК улсын дугаартай Истана маркийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан жолооч хохирогч Я.Батсайхан нь замын хөдөлгөөнд соёлгүй оролцож, хажуудаа яваа манай үйлчлүүлэгчийг шахсан, гэрэл дохио бүхий уулзвараас хөдлөхдөө баруун урд талын гуперийг нь шүргээд өнгөрсөн, улмаар шүүгдэгч нь “аятайхан яваач, яаж яваад байгаа юм, толиндоо хараач” гэсэн шаардлага тавихад салаавч гарган эсэргүүцэхэд нь Р.Энхбаяр гарынхаа алгаар толийг алгадахад хохирогчийн автомашины толь хагарсан, шүүгдэгчийн үйлдэлд гэм буруугийн санаатай хэлбэр үгүйсгэгдэж байна, тухайн хэргийн улмаас учирсан хохирлыг мөрдөн байцаалтын шатанд хөдөлбөргүй тогтоож чадаагүй, Р.Энхбаяр нь болгомжгүйгээр бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан нь сэдэлтээрээ Эрүүгийн хуулийн 1531 дүгээр зүйлийн 1531.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэх, улмаар учирсан гэх хохирлын хэмжээ нь болгоомжгүйгээр бусдын эд хөрөнгийг устгасан, гэмтээсэн гэмт хэргийн хохирлын хэмжээнд хүрэхгүй байх тул Р.Энхбаярт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” хэмээх санал гаргаж мэтгэлцсэнийг шүүх хүлээн авах хуулийн үндэслэлгүй юм. Учир нь: 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж буй саналд дурьдагдсан  “...тухайн хэрэг гарахад 81-89 УНК улсын дугаартай Истана маркийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан жолооч хохирогч Я.Батсайхан нь замын хөдөлгөөнд соёлгүй оролцож, хажуудаа яваа манай үйлчлүүлэгчийг шахсан, гэрэл дохио бүхий уулзвараас хөдлөхдөө баруун урд талын гуперийг нь шүргээд өнгөрсөн, улмаар шүүгдэгч нь “аятайхан яваач, яаж яваад байгаа юм, толиндоо хараач” гэсэн шаардлага тавихад эсэргүүцэн салаавч гаргасан” гэх  хохирогчийн зүй бус үйлдэл нь тухайн гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл болох ба шүүгдэгч дээрх маргааны улмаас хохирогчийн эд хөрөнгөд халдаж, автомашиных нь толийг гараараа цохиж буй үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогч Я.Батсайханы автомашины толь хагарсан нь үйл баримт нэгэнт тогтоогдсон, үйлдэл, үр дагавар хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Нөгөө талаар шүүгдэгч Р.Энхбаяр гарынхаа алгаар хохирогчийн автомашины толийг алгадаж цохисноос уг автомашины толь хагарсан нь шүүгдэгч өөрийн үйлдлийн улмаас учирах хор уршгийг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн үйлдэл хийсэн гэж үзэхээр байх тул түүнийг гэм буруугийн шууд бус санаатай хэлбэрээр бусдын эд хөрөнгийг гэмтээсэн гэж үзнэ.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг санаатай устгах, гэмтээх гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс буюу эд хөрөнгөд хохирол учирснаар тухайн гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох ба хэрэгт хохирогчийн хагарч гэмтсэн гэх автомашины толийг 25.000 төгрөгөөр үнэлсэн 2017 оны 03 сарын 20-ны өдрийн үнэлгээний баримт /хэргийн 9х/, мөрдөн байцаалтын явцад буюу 2017 оны 05 сарын /өдөр тодорхойгүй/ 45.000 төгрөг гэж үнэлсэн үнэлгээний баримт /хэргийн 38х/ тус тус авагдсанаас гэмт хэрэг гарсан үеийн байдлаарх эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон баримтыг /хэрэг 2014 оны 03 сарын 14 өдөр үйлдэгдсэн ба үнэлгээг 2017 оны 03 сарын 20-ны өдрөөр тогтоосон/ прокурор яллах талын эх сурвалж болгож гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг  тодорохойлсон нь гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид заасан хэмжээгээр хохирлын хэмжээг тодорхойлох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна.

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн Р.Энхбаярт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн утга бүхий хүсэлтийг шүүх хүлээн авах хуулийн үндэлэлгүй гэж дүгнэсэн болно. 

 

Шүүгдэгч Р.Энхбаяр нь урд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 72х/ тогтоогдсон тул түүнийг анх удаа Эрүүгийн хуулийн хүндэвтэр ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болох юм.     

 

Шүүгдэгч Р.Энхбаяр нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролд хохирогч Я.Батсайханд 45.000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь хохирлын мөнгө түр хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл баримт /хэргийн 39-40х/, хохирогч Ч.Батсайханаас Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст бичгээр гаргасан хүсэлт /хэргийн 41х/ баримтаар тус тус тогтоогдсон тул шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролд тооцон гаргуулах төлбөргүй гэж шүүх дүгнэв.  

 

Шүүгдэгч Р.Энхбаярт ял шийтгэл оногдуулахдаа тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураар нөхөн төлж гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа ойлгон ухамсарлаж буй байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.3 дахь хэсэгт тус тус заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэлд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг  тэмдэглэх нь зүйтэй.  

Шүүх, шүүгдэгч нь хорих ял шийтгүүлж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн болон хохирогч Я.Батсайхан нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, мөн шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж гэм буруугаа ойлгон ухамсарласан хувийн байдал зэргийг тус тус харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хориогдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, Р.Энхбаярын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус тогтоолд дурьдаж шийдвэрлэв.    

 

Прокурорын яллах дүгнэлтийн тогтоох хэсгийн 1-р заалтад хохирогч Я.Батсайханы нэрийг “Я.Баярсайхан” гэж бичин техникийн шинжтэй алдаа гаргасныг шүүх зөвтгөн залруулж, хэрэглэснийг тэмдэглэв. 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэг, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294, 297 дугаар зүйлийн 297.1 дэх хэсэг, 298, 299 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                   

                                               ТОГТООХ нь:

 

1. Чонос овогт Равдандоржийн Энхбаярыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар Р.Энхбаярыг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Р.Энхбаярт оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Р.Энхбаяр нь гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохиролд тооцож хохирогч Я.Батсайханд 45.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тэмдэглэсүгэй.

 

5. Энэ хэрэгт Р.Энхбаяр нь цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Р.Энхбаярт оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг оршин суугаа газрын нутаг дэвсгэрийг харъяалах Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Р.Энхбаярт урьд авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

             

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       С.БАЗАРХАНД