Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 119/ШШ2022/0068

 

                                                               Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг                                                                баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: “Э” ТӨҮГазарт холбогдох

““Э” ТӨҮГ-аас 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр зарласан “Шар хуайс модны суулгац” нийлүүлэх, ЭҮТӨҮГ/20220410... дугаартай тендер шалгаруулалттай холбогдуулан гаргасан “Э” ТӨҮГ-ын 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ДУ-112-12/3210 дугаар шаардлага хангахгүй тухай мэдэгдлийг хүчингүй болгуулах”,

“Сангийн яамны 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 03/4336 дугаар шийдвэрийн дагуу “Шар хуайс модны суулгац” нийлүүлэх, ЭҮТӨҮГ/20220410... дугаартай тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг “Э” ТӨҮГазарт даалгуулах”,      

“Б” ХХК-тай байгуулсан “Шар хуайс нийлүүлэх гэрээ”-г хүчингүй болгох-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай 119/2022/0038/З дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “М” ХХК-ийн захирал А.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П, С.О, хариуцагч “Э” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, Р.О, гуравдагч этгээд Ч.А, түүний төлөөлөгч Ч.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “М” ХХК нь “Э” ТӨҮГазарт холбогдуулан ““Э” ТӨҮГ-аас 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр зарласан “Шар хуайс модны суулгац” нийлүүлэх, ЭҮТӨҮГ/20220410... дугаартай тендер шалгаруулалттай холбогдуулан гаргасан “Э” ТӨҮГ-ын 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ДУ-112-12/3210 дугаар шаардлага хангахгүй тухай мэдэгдлийг хүчингүй болгуулах”,

“Сангийн яамны 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 03/4336 дугаар шийдвэрийн дагуу “Шар хуайс модны суулгац” нийлүүлэх, ЭҮТӨҮГ/20220410... дугаартай тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг “Э” ТӨҮГазарт даалгуулах”,

“Б” ХХК-тай байгуулсан “Шар хуайс нийлүүлэх гэрээ”-г хүчингүй болгох”-оор маргасан.

Нэхэмжлэгч “М” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Захиалагч нь манай компанийн тендерийг “...Захиалагчийн техникийн тодорхойлолттой харьцуулсан байдлаар техникийн тодорхойлолтыг ирүүлээгүй тул шаардлагад нийцээгүй. Мөн гарын үсэг, тамгаар баталгаажуулаагүй, дотоодын давуу эрх тооцуулах албан тоот ирүүлсэн хэдий ч нотлох баримт ирүүлээгүй тул дотоодын давуу эрх тооцох боломжгүй” гэсэн үндэслэлээр шаардлага хангахгүй гэж мэдэгдсэн.

Тендерийн Үнэлгээний хороо өөрийн зарласан тендерийн баримт бичгийн дагуу ирсэн тендерт үнэлгээ хийх хуулийн зохицуулалттай байтал тендерийн баримт бичигт заагаагүй нөхцлөөр манай тендерийг шаардлагад нийцэхгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байсан тул Сангийн яаманд гомдол гаргасан.

Сангийн яам гомдлыг хянан үзээд манай компанийн гаргасан гомдлыг үндэслэлтэй, тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна гэж шийдвэрлэж, “Э” ТӨҮГ-ын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн БД-112-12/2803 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин үнэлгээ хийхийг 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 03/4336 дугаар шийдвэрээр “Э” ТӨҮГазарт мэдэгдсэн.

“Э” ТӨҮГазар Сангийн яамны шийдвэрийн дагуу дахин үнэлгээ хийгээд “...Танай 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 058/22 дугаар албан бичигт 4.2.5-д дурдсан нөхцөл үүссэн, тухайлбал “Тендерт оролцогч нь бараа, ажил, үйлчилгээний зураг төсөл, техникийн тодорхойлолт болон бусад баримт бичгийг бэлтгэсэн нэр нь дэвшигдсэн этгээдтэй нэгдмэл сонирхолтой” тул эрх бүхий бус тендерт оролцогч гэж үзсэн” гэсэн үндэслэлээр манай тендерийг шаардлага хангахгүй гэж үзсэн нь тендерийг эрх бүхий бус гэж үзэх нөхцөл байдал байхгүй тул тендер шалгаруулалтын үнэлгээ хуульд нийцээгүй, хууль, холбогдох журам, заавар, зааварчилгааг зөрчсөн тул бид үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

2. Хариуцагч “Э” ТӨҮГазрын төлөөлөгч Ц.Г, Б.О нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 58 дугаар зарлигаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан хэрэгжүүлсэнтэй холбогдуулан “Э” ТӨҮГ нь уг үндэсний хөдөлгөөнд нэгдэж, 100 сая мод тарихаар төлөвлөн ажиллаж байна.

“Э” ТӨҮГ нь Тендер шалгаруулалтын онцгой журам буюу гэрээг шууд байгуулах аргаар тендерийг зохион байгуулсан. Тендерийн урилгыг төрийн худалдан авах ажиллагааны цахим системд нийтэд нээлттэй байршуулж, 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр нээхэд “Х” ХХК, “М” ХХК, “Э” ХХК, “Б” ХХК, “Э” ХХК-ууд үнийн саналаа холбогдох баримт материалын хамт ирүүлсэн байсан. Үнэлгээний хороо 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хуралдаж, захиалагчийн баталсан баримт бичгийн дагуу тендерт оролцогчдийн ирүүлсэн материалуудыг хянан үзсэн бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасныг үндэслэн “Х” ХХК, “М” ХХК, “Э” ХХК, “Э” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн “Б” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн.

Захиалагчаас Үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн, “Э” ТӨҮГ-ын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн БД-112-12/2801 тоот албан бичгээр "Б” ХХК-д гэрээ байгуулах эрх олгож, БД-112-12/2803 тоот албан бичгээр "М” ХХК-д болон бусад тендерт оролцогч нарт шалгараагүй үндэслэлийг мэдэгдсэн. Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч “М” ХХК, “Э” ХХК-уудаас Сангийн яаманд гомдол гаргасны дагуу Сангийн яамны 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 03/4336 дугаартай апбан бичгээр “Б” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцээгүй гэх үндэслэлээр гомдол гаргасан “Э” ХХК-ийн гомдлыг үндэслэлгүй гэж дүгнэж, харин “Э” ХХК, “М” ХХК-ийн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг даалгасан.

Үнэлгээний хороо 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр дахин үнэлгээ хийж, үнэлгээний дүгнэлт гаргасны дагуу захиалагчаас 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ДҮ-112-12/3187 тоот албан бичгээр “Б” ХХК-д гэрээ байгуулах эрх олгож, 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ДҮ-112-12/3210 тоот албан бичгээр “М” ХХК-д тендерт шалгараагүй үндэслэлийг мэдэгдсэн. Тиймээс захиалагч тендерт шалгарсан оролцогч “Б” ХХК-тай “Шар хуайс модны суулгац” худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.

 “Э” ТӨҮГ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар тендерийг хянан үзэж, 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гаргаж, эс үйлдэхүй гаргаагүй байх тул даалгах нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй юм. Иймд “М” ХХК-ийн нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

3. Нэхэмжлэгч “М” ХХК-ийн захирал А.А шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: ““М” ХХК нь “Э” ТӨҮГазар, “Б” ХХК-ийн хооронд 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Шар хуайс модны суулгац” “Э” ТӨҮГазарт нийлүүлэхээс тус компани 500.000 /Таван зуун мянга/ ширхэг, нэгж үнэ нь 3000 /гурван мянган/ төгрөгөөр, нийт 1.500.000.000 /нэг тэрбум таван зуун сая/  төгрөгөөр тооцох, “Б” ХХК-д бэлтгэн нийлүүлэх хамтран ажиллахаар тохиролцож байна. Энэхүү 1.500.000.000 төгрөгийн үнэд НӨАТ тооцоогүй үнэ болохыг дурдаж байна. 500.000 ширхэг модыг 2023 оны 06 дугаар сарын 30-ны дотор “Б” ХХК-д нийлүүлэх нөхцөлтэйгээр тохиролцов. 500.000 ширхэг модны урьдчилгааг гэрээгээр тохиролцохоор шийдвэрлэв. Иймд “Э” ТӨҮГазарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “М” ХХК нь “Э” ТӨҮГазарт холбогдуулан “Э” ТӨҮГ-аас 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр зарласан “Шар хуайс модны суулгац” нийлүүлэх, ЭҮТӨҮГ/20220410... дугаартай тендер шалгаруулалттай холбогдуулан гаргасан “Э” ТӨҮГ-ын 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ДУ-112-12/3210 дугаар шаардлага хангахгүй тухай мэдэгдлийг хүчингүй болгуулах”, “Сангийн яамны 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 03/4336 дугаар шийдвэрийн дагуу “Шар хуайс модны суулгац” нийлүүлэх, ЭҮТӨҮГ/20220410.... дугаартай тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг “Э” ТӨҮГазарт даалгуулах”, “Б” ХХК-тай байгуулсан “Шар хуайс нийлүүлэх гэрээ”-г хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч “М” ХХК-ийн захирал А.А “Э” ТӨҮГ-т холбогдуулан гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагуудаасаа бүхэлд нь татгалзаж байгаагаа шүүх хуралдаанд тайлбарлаж, татгалзлаа бичгээр илэрхийлсэн.

3. Ийнхүү нэхэмжлэгч А.А нь “Э” ТӨҮГазарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа сайн дурын үндсэн дээр татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлж, шүүх хуралдаанд тайлбарлан тэмдэглэлд тусгуулсан тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн “Э” ТӨҮГазарт холбогдуулан гаргасан ““Э” ТӨҮГ-аас 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр зарласан “Шар хуайс модны суулгац” нийлүүлэх, ЭҮТӨҮГ/20220410... дугаартай тендер шалгаруулалттай холбогдуулан гаргасан “Э” ТӨҮГ-ын 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ДУ-112-12/3210 дугаар шаардлага хангахгүй тухай мэдэгдлийг хүчингүй болгуулах”,

“Сангийн яамны 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 03/4336 дугаар шийдвэрийн дагуу “Шар хуайс модны суулгац” нийлүүлэх, ЭҮТӨҮГ/20220410... дугаартай тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг “Э” ТӨҮГазарт даалгуулах”,

“Б” ХХК-тай байгуулсан “Шар хуайс нийлүүлэх гэрээ”-г хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, 119/2022/0038/З дугаарын индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч болон түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх бөгөөд захирамжид гомдол гаргах эрхгүй болно.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  П.УУГАНЦЭЦЭГ