Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2021/ДШМ/112

 

 

 

 

 

 

     2021            1              26                                       2021/ДШМ/112

    

 

Б.Ут холбогдох эрүүгийн

       хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Б.Ариунхишиг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Уранцэцэг,

шүүгдэгч Б.Уын өмгөөлөгч М.Алтанцэцэг,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 2020/ШЦТ/1725 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэгийн гаргасан гомдлоор шүүгдэгч Б.Ут холбогдох эрүүгийн 2006027672261 дугаартай хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 8ы өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.У,

Шүүгдэгч Б.У нь иргэн Б.Баяндэлгэрээс 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 5800505410 дугаарын данс руу 500.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 2.087.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 500.000 төгрөг данс руу, мөн 2019 оны 11 дүгээр сард бэлнээр 500.000 төгрөг Солонгос Улсын виз гаргаж өгнө гэх нэрийдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж нийт 3.587.000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Борлууд овогт Батмөнхийн Б.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Ут оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж...” шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Уын өмгөөлөгч М.Алтанцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн санкц нь торгох болон нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах эсхүл хорих ял оногдуулахаар хуульчилсан байдаг. Гэтэл анхан шатны шүүх миний үйлчлүүлэгчийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, учирсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзсан гэсэн боловч ял оногдуулахдаа заавал нийтэд тустай ажил хийлгэх ялаар биш торгох ялаар шийтгэх боломжтой байсан. Учир нь нийтэд тустай ажлыг хийвэл залуу хүн ажил хийх боломжгүй байдал бий болж, гэр бүлд нь эрсдэлтэй байдал бий болж байна. Б.У нь шинээр ажилд орсон бөгөөд хэрвээ ажлаасаа чөлөө авбал ажлаас гарах шаардлагатай гэсэн болно. Ийнхүү анхан шатны шүүхээс оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэв. 

Прокурор Б.Уранцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм бурууг тогтоосон. Шүүгдэгчид оногдуулсан ял түүний гэм бурууд тохирсон гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Б.У нь иргэн Б.Баяндэлгэрээс 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 5800505410 дугаарын данс руу 500.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 2.087.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 500.000 төгрөг, мөн 2019 оны 11 дүгээр сард бэлнээр 500.000 төгрөг Солонгос Улсын виз гаргаж өгнө гэх нэрийдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж нийт 3.587.000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Баяндэлгэрийн “...2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Дүнжингарав худалдааны төв дээрээс Б.Уын ХААН банкны 5800805410 тоот дансанд 500.000 төгрөг, ...2.087.000 төгрөгийг Жуковын автобусны хойд талын буудал дээр ХААН банкнаас Б.Уын 5800805410 тоот дансанд, ...2019 оны 10 дугаар сарын 26-ны Б.Уын ХААН банкны 5800805410 тоот дансанд 500.000 төгрөг, ...2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ...Шар хадны автобусны буудлын АТМ-нээс Б.Уын ХААН банкны 5800505410 тоот дансанд 500.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд Б.Ут нийт 3.587.000 төгрөг өгсөн. ...” /хх 30/,

хохирогч Г.Гэрэлмаагийн “...Манайх 2019 оны 10 дугаар сарын 18-наас 11 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд нийт 4 удаа манай нөхөр Б.Баяндэлгэрийн эзэмшлийн 5023403713 тоот данснаас 4 удаагийн гүйлгээгээр нийт 3.587.000 төгрөгийг Б.У гэдэг хүний ХААН банкны 5800505410 тоот дансанд шилжүүлсэн. ...” /хх 36/,

гэрч Н.Энхтуяагийн “...2020 оны 7 дугаар сарын сүүлээр эрэгтэй хүн утсаар залгаад танай нөхөр Б.У надаас 3.587.000 төгрөг авсан. Түүнийгээ буцааж авмаар байна гэж байсан. ...” /хх 47/,

гэрч С.Азжаргалын “...Баяндэлгэр 2019 оны 11 дүгээр сард Б.Ут мөнгөө өгчихсөн, явах гээд юм аа бэлдэж байгаа гэж ярьж байсан. ...” /хх57/,

гэрч Б.Хосбаярын “...Манай ах Б.У 2020 оны 8 дугаар сарын 7-нд гэртээ сууж байгаад “хүнээс мөнгө зээлсэн, хугацаандаа мөнгийг нь өгч чадаагүй, тэгээд цагдаад мэдэгдчихсэн байна, мөнгийг нь яаралтай олж өгмөөр байна, мөнгө яаж олох уу” гэж байсан. ...” /хх 59/,

шүүгдэгч Б.Уын “...Би Б.Баяндэлгэрээс 3.587.000 төгрөгийг ХААН банкны 5800805410 тоот өөрийн дансаар авсан. Би Б.Баяндэлгэрт өгөх ёстой 3.587.000 төгрөгөөс мөнгө өгөөгүй байгаа, нэг мөр гүйцээгээд төлнө. ...” /хх 83/ гэх мэдүүлгүүд,  

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 7/, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх 8/, Б.Баяндэлгэрийн ХААН банкны 5023403713 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 10-17/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлаж хэргийн үйл баримтыг шүүгдэгч Б.Уыг залилах гэмт хэрэг үйлдсэн хэмээн дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Уын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, анхан шатны шүүх мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж заасантай нийцсэн гэж үзнэ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэгийн “...анхан шатны шүүхээс оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэх утга бүхий гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах учиртай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дэх хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно” гэж тодруулан хуульчилжээ.

Эрүүгийн хэргийн нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болох гэдэг нь тухайн эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлах, шалгах, үнэлэх процесс ажиллагааг цогц утгаар илэрхийлдэг.

Ингэхдээ шүүхээс шүүхийн шийдвэрийн эх сурвалж болж байгаа нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй, хуульд заасан арга, хэрэгслээр цугларсан, бэхжүүлсэн эсэхийг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалж, тэдгээрт хууль, эрх зүйн дүгнэлт хийх зэрэг хоорондоо нягт уялдаа холбоо бүхий ажиллагаа хамаардаг.

Дээрх байдлыг нягт нямбай хянасны үндсэн дээр шүүхээс гэмт хэргийг сэргээн дүрслэх замаар хэргийн болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн, бодитой тогтоож, энэ тухай хууль зүйн дүгнэлт гаргадаг.

Иймээс шүүх нь хийсвэр бус, харин шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор нэгэнт шалгагдсан буюу бэхжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шинжлэн нягталж үзсэний үндсэн дээр хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үйл баримтыг өөрийн дотоод итгэлээрээ үнэлдэг.

Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, тохирсон байх зарчмыг хангахад торгох ялыг биелүүлэх шүүгдэгчийн төлбөр төлөх чадварт нийцүүлэн хуульд зааснаар болон хуульд зааснаас өөрөөр тогтоох зохицуулалт чухал үүрэг гүйцэтгэнэ.

Гэрч Н.Энхтуяагийн “...манай нөхөр Увс аймгийн прокурорын газарт архивч ажилтай байж байгаад 2015 онд өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан. Түүнээс хойш Улаанбаатар хотод ирээд ажилгүй байгаа. ...” гэрч Б.Хосбаярын “...Увс аймгийн прокурорт туслах ажилтан хийж байгаад гарчихсан юм шиг байна лээ. ...” /хх 60/, анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд Б.Уын “...Одоогоор ажилгүй байгаа. ...” /хх 104/ гэх мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаас дүгнэхэд Б.У нь торгох ял биелүүлэх боломжгүй бөгөөд өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан “...шинээр ажилд орсон бөгөөд хэрвээ ажлаасаа чөлөө авбал ажлаас гарах шаардлагатай болно. ...” гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.Уыг “...ажилд орсон бөгөөд хэрвээ ажлаас чөлөө авбал ажлаас гарах шаардлагатай гэсэн болно. ...” гэснийг үндэслэлтэй, үнэн зөв гэж үзсэн тохиолдолд шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнээс хальсан, тогтоогдоогүй нөхцөл байдалд дүгнэлт хийх, шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ хөндлөнгийн байх байр сууринаас хандах зарчим алдагдах юм.

Иймээс давж заалдах шатны шүүхээс бодит бус, үндэслэлгүй таамаг, төсөөлөлд үндэслэж хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ.

Анхан шатны шүүх шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тодорхойлохдоо ялын зүй зохистой харьцаа, ял шийтгэлийн биелэгдэх боломж зэрэг хүчин зүйлсийг оновчтой сонгон оногдуулсныг хууль буруу хэрэглэсэн гэж үзэхгүй.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршиногэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж үзнэ.

Үүнээс гадна, анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Б.Уыг гэм буруутайд тооцохдоо прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн шинж буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж гэснийг орхигдуулж, ерөнхий байдлаар залилах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн хэд хэдэн шинжийг тодруулан заасан бөгөөд гэмт этгээдийн үйлдэл тэдгээр шинжүүдийн аль хэлбэрээр илэрсэн, хэрхэн хэрэгжсэн бодит байдал, түүнийг тодорхойлсон объектив шинжийг шүүхийн шийдвэрт нэг бүрчлэн заах ёстой.  

Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр нь хэрэг, маргааныг эцэслэн шийдвэрлэж буй шүүх эрх мэдлийн акт учир түүний тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсан дүгнэлтийн үр дагаврыг тусгахаас гадна шүүхийн шийдвэр ойлгомжтой, тодорхой, биелэгдэх боломжтой байх бүх нөхцлийг заасан байх шаардлагатай.

Шүүхийн шийдвэрийн агуулга, хэлбэр, бүтцийн талаар хуульд заасан шаардлагуудыг анхан шатны шүүхийн шүүгч хэлбэрэлтгүй баримталж, шүүхээс гарч буй аливаа эрхийн актын боловсруулалт, найруулгад онцгой анхаарч ажиллаж байвал зохино.

Нөгөөтэйгүүр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Гэмт хэрэг нь хэд хэдэн шүүхийн харьяалах нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бол сүүлчийн гэмт хэрэг үйлдэгдсэн газрын харьяалах шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж хуульчилжээ.

Хохирогч Г.Гэрэлмаа “...манай нөхөр Б.Баяндэлгэр бэлнээр 500.000 төгрөгийг Шангрилла моллд офис нь байдаг юм байна тэнд нь аваачиж өглөө гэж хэлж байсан..” /хх 24/ гэж гэмт хэрэг гарсан сүүлчийн үйлдлийг цаг хугацаа, хаана, яаж үйлдсэн болохыг тодорхой мэдүүлснийг мөрдөн шалгах ажиллагааны явцад уг гэмт хэрэг хаана төгссөн болохыг тодорхойлолгүй орхигджээ.

Гэвч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Уг хэрэг адил эрх бүхий өөр шүүхэд харьяалагдах нь шүүх хуралдааны үед мэдэгдсэн бөгөөд хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэнэ.” гэж заасан тул анхан шатны шүүхийг хэргийн харьяалал зөрчсөн гэж үзэхгүй.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Б.Уыг гэм буруутайд тооцсон заалтад зохих өөрчлөлтийг оруулж, зөвтгөж шийдвэрлэснээр шүүгдэгчийн эрх зүйн байдал дордохгүй, түүний хуулиар хамгаалагдсан эрх зөрчигдөхгүй, хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.Уын өмгөөлөгч М.Алтанцэцэгийн гаргасан “...400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 1ий өдрийн 2020/ШЦТ/1725 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

1 дэх заалтыг “Б.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж өөрчилсүгэй.  

2. Шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Уын өмгөөлөгч М.Алтанцэцэгийн гаргасан “...400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                                Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

 

                                 ШҮҮГЧ                                                Б.АРИУНХИШИГ

           

                                                                                                                                    

                                 ШҮҮГЧ                                                С.СОЁМБО-ЭРДЭНЭ