2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2025/ШЦТ/173     

 

        

 

 

 

 

 

 

 

2025             01             16                                       2025/ШЦТ/173     

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч Б.Ундрах, хохирогч Б.Н,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Чинбат нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М-т холбогдох эрүүгийн 2408 03660 1540 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ** оны ** дүгээр сарын ***-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, *** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, агрономич мэргэжилтэй, ** ** ** ** * *** ****-т зам талбайн үйлчлэгч ажилтай, ам бүл **, нөхөр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, *** дүгээр хороолол, *** гудамж ** тоотод оршин суух, урьд:

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 219 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгүүлсэн

А овогт Б.М /РД:************/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М нь хохирогч Б.Нд “газрын албанд ажилладаг, Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, Тахилтын цэргийн ангийн орчимд хоёр айлын газар зарна, *** хоногийн дотор газрын гэрчилгээ гарна, өмчлөх эрхтэй нь гаргаж өгнө, кадастрын мөнгө хэрэгтэй байна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, улмаар Б.Н-гаас 2023.10.31-ээс 2024.01.24-ний өдрийн хооронд нийт 3.305.000 төгрөгийг өөрийн болон бусдын дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1137 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирол төлсөн талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудыг шинжлэн судлав.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Б.М.

1. Шүүгдэгч Б.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, түүний өмгөөлөгч эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон талуудын тайлбар, мэдүүлэг, гэм буруугийн талаарх дүгнэлтийг дүгнэн үзэхэд шүүгдэгч Б.М нь 2023 оны 10 дугаар сарын 31-нээс 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд хохирогч Б.Нгаас 3,305,000 төгрөгийг “өөрийгөө газрын албанд ажилладаг, Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын цэргийн ангийн орчимд хоёр айлын газар зарна, 7 хоногийн дотор газрын гэрчилгээ гарна, өмчлөх эрхтэй нь гаргаж өгнө, кадастрын мөнгө хэрэгтэй байна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан үйл баримт тогтоогдож байна.

3. Энэ нь хохирогч Б.Нгийн “...2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Б.М гэх эмэгтэйтэй танилцсан. Тухайн үед Б.М нь Баянгол дүүргийи газрын албанд ажилладаг талаар надад хэлээд би Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилтын цэргийн ангийн хажууд овооны орчимд хоёр газар зарах гэж байгаа талаар хэлсэн. Ингээд миний бие Б.Мийн хамтаар 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Тахилтад очиж харахад хашаа татаагүй хоёр газар байсан бөгөөд нэг нь 0.9 га, нөгөө нь 0.7 га газар гэж хэлсэн бөгөөд надад ямар нэгэн гэрчилгээ үзүүлээгүй. Тухайн үед тэр хоёр газар нь Б.Мийн хүүхдийнх нь нэр дээр байдаг гэж хэлсэн. Ингээд би 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Б.Мтэй ярьж байгаад Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо дүүргийн байрны АТМ-с бэр болох Я **** тоот Хаан банкны данснаас Б.Мийн надад өгсөн Голомт банкны ******** тоот данс руу шилжүүлсэн. Тухайн үед 7 хоногийн дотор газрын гэрчилгээ гарна гэж хэлсэн боловч Б.М нь өмчлөх эрхтэй нь гаргаж өгөх гэж байна жаахан хугацаа хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгтэл Б.М тухайн гэрчилгээг манай найз “Г.Э” гаргаж өгнө гэж хэлсэн. Тэгтэл “Г.Э” ***** дугаарын утаснаас над руу залгаж, би Б.Мийн ярьсан хүн байна газрын кадастрын мөнгө хэрэгтэй гэж хэлэхээр нь би өөрийн нөхөр “Б”ын Хаан банкны ************ тоот данснаас Яармагт байрлах Оргил худалдааны төвийн Хаан банкны АТМ-с ******** тоот “Г.Э”гийн данс руу шилжүүлсэн. Дараа нь 100.000 төгрөг Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-с шилжүүлсэн. ..”Э” нь Б.Мийн найз нь гэж хэлсэн, “Г.Э”тай огт уулзаж байгаагүй. Тухайн үед би Б.М гэх эмэгтэйд итгээд яваад байсан. ..хамгийн сүүлд 2024 он гараад 01 дүгээр сарын 04-ний өдөр уулзах хэрэгтэй байна гэхээр нь би тухайн үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Цоглог” гэх нэртэй пабд Б.Мтэй уулзаад... газрын албаны хүнд 100.000 төгрөгийн хураамж өгөх хэрэгтэй байна гэхээр нь би.. картаа өгөөд нууц үгээ хэлээд явуулсан. Тэгтэл удалгүй миний данснаас 100.000 төгрөгийн зарлага гарсан баримт мессежээр ирсэн. Б.М нь миний картыг буцааж өгөөд мөнгө шилжүүлчихлээ гэж хэлсэн бөгөөд тухайн үед “Г.Э” гэх хүний данс руу хийсэн гэж хэлсэн ч Б.М нь АТМ-с бэлнээр нь авсан байсан, би сүүлд мэдсэн. Ингээд Б.М нь одоо газрын гэрчилгээг авч ирж байгаа би аваад ирье гэж хэлээд буцаж орж ирээгүй тэр чигээрээ алга болсон. Ингээд би 3.000.000 төгрөгөөр нэг удаа, 205.000 төгрөгөөр нэг удаа, 100.000 төгрөг АТМ-с бэлнээр өгсөн. Надад нийт 3.305.000 төгрөгийн хохирол учирсан. Гомдолтой байна, хуулийн дагуу шийдэж өгнө үү. ..Би сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохоос татгалзаж байна .” гэсэн мэдүүлэг /хх10-12, 84, 153-154/,

- гэрч Я.Б-ын “...дээрх *******12 тоот данс миний данс мөн. Би тухайн дансыг нэлээн олон жил ашиглаж байна. Миний санаж байгаагаар 2023 оны 10 дугаар сард манай эхнэр Б.Н газар авахаар хүнтэй тохирсон байсан бөгөөд миний тэтгэвэрийн мөнгө дансанд чинь байгаа, чи данснаасаа 205.000 төгрөгийг ******14 тоот Хаан банкны данс руу хийчих гэхээр нь би тухайн үед Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Оргил худалдааны төвийн орчимоос АТМ-аас Г.Э гэх хүний дээрх тоот данс руу шилжүүлсэн. Мөн манай эхнэр бэр охин болох “Я-ийн” дансанд хадгалуулсан байсан 3.000.000 төгрөгийг Б.М гэх хүний данс руу шилжүүлсэн байсан” гэсэн мэдүүлэг /хх92-93/,

- гэрч Г.Э-ийн “...Миний бие *** *** *** ХХК-ийн тохижилт үйлчилгээний газарт зам талбайн үйлчлэгч ажилтай. Б.М гэх эмэгтэйг 2023 онд манай байгууллагад миний ажилдаг хэсэг буюу 1 дүгээр бригад дээр зам талбайн үйлчлэгчээр ажиллаж байхад нь танилцаж байсан. *******14 данс нь миний эзэмшлийн данс бөгөөд тухайн дансыг би 10 гаран жил ашиглаж байна. Б.М нь 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүнээс сонгуульд ажилсан мөнгөө авах гэж байгаа юм, чиний данс руу хийгээд авчихъя, надад одоогоор данс байхгүй байна гэхээр нь би өөрийн эзэмшлийн ******** дансаа хэлэхэд 205.000 төгрөг орж ирсэн. Тэгээд Б.М нь тухайн мөнгийг хүн рүү шилжүүлэх, нэгж авах, карт уншуулж юм авах зэргээр тухайн өдрөө миний данснаас зарлагдаж дуусгасан. 947***8 утасны дугаар нь Б.Мийн өөрийнх нь дугаар байгаа юм. ..дээрх дугаарыг би огт барьдаггүй. Би *****8 гэх дугаарыг ашигладаг. Би тухайн дугаарыг ашиглаад 10 гаран жил болж байна. Миний бие Б.Н гэж хүнийг огт танихгүй..” гэсэн мэдүүлэг /хх96/,

- гэрч М.М-ийн “...миний нэр дээр Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тахилтын сургуулийн гудамжинд **** мкв газар байдаг бөгөөд тухайн газарт ямар нэгэн хашаа татаагүй зүгээр газар байдаг юм, өөр ямар нэгэн газар байхгүй. 2023 оны 10 дугаар сард би Б.М-тэй таараад хашаа авах хүн байна уу гэж асуухад би авмаар байна гэж хэлсэн. Тэгээд очиж үзье гэхээр нь би дагуулж яваад өөрийнхөө нэр дээр байгаа нэг айлын газрыг үзүүлсэн. Тэгтэл Б.М нь зээл бүтэхээр ярьж байгаад авъя гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш ерөөсөө газар авах талаар огт асуугаагүй. Би ч Б.Мийг газар авах юм уу гэж дахиж асуугаагүй. Би ямар нэгэн байдлаар газар авах хүн олж өгөөч гэж хэлээгүй. ..Б.М нь ямар нэгэн байдлаар дээрх газрыг хүн авах гэж байгаа талаар надад хэлээгүй бөгөөд надад ямар нэгэн мөнгө төгрөг огт өгөөгүй. Б.М нь өөрөө авна гэж тухайн газрыг заалгаснаас хойш надтай ямар нэгэн байдлаар дахиж газрын талаар яриагүй. Тэгэхээр нь би авахгүй юм байна гэж ойлгосон. Тухайн үед би дүүгийнхээ газрыг зарна гэж хэлээгүй ч газар үзэхэд нь хажуу талын газрыг миний дүүргийн газар байгаа юм гэж хэлж байсан. Б.М газрыг зарна гэж бусдаас мөнгө авсан талаар огт мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх162/,

Ч.Я-ийн Хаан банк дахь ******55 дугаар дансны хуулга /хх88/, Я.Б-ын Хаан банк дахь 5019***12 дугаар дансны хуулга /хх88-89/, Г.”Г.Э”гийн Хаан банк дахь 5630***14 дугаар дансны хуулга /хх99-105/, Б.Нгийн Хаан банк дахь 5845***33 дугаар дансны хуулга /хх157-159/, зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

4. Залилах гэмт хэрэг нь хохирогчийг хууран мэхлэх, итгэл эвдэх, зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурах, төөрөгдөлд оруулах зэрэг аргаар эд хөрөнгийг нь хууль бусаар өөртөө шилжүүлэн авч, эд хөрөнгө, эд хөрөнгийг эрхийг буцаан өгөхгүй, хариу төлбөр төлөхгүй гэсэн гэмт санаа агуулан хохирол учруулсан байх шинжтэй байдаг.

Хэргийн нөхцөл байдлаас шүүгдэгч Б.М нь өөрийгөө газрын албан ажилладаг гэж хохирогч Б.Нд танилцуулан, газар зарна, гэрчилгээ гаргана, мөн зарах гэж байгаа газар гэж тухайн газарт авч очин үзүүлэх зэргээр зохиомол байдлыг зориуд бий болгон, хуурч, залилсан нөхцөл байдал тогтоогдсон.  

5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн шүүгдэгч Б.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, нийт 3.305.000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.  

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар үйлийн 1, 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас  хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө... зэрэгт шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох,  гэмт хэрэг үйлдэж  хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор  уршигт тооцохоор, шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно гэж заасан.

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж мөн заасан.

7. Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Нд 3,305,000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгчээс хохирогчид 1,000,000 төгрөгийн хохирол төлсөн талаар хохирогч, шүүгдэгч хуралдаанд мэдүүлсэн. Шүүгдэгч нь үлдэх хохирлыг төлөхөө илэрхийлж байна гэжээ.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Мээс 2,305,000 төгрөг гаргуулж хохирогч Б.Нд олгуулахаар шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

8. Улсын яллагчаас шүүгдэгч Б.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 сар 10 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгүүлэн, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан.

9. Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Б.М нь гэм буруугаа хүлээж байгаа, хохирол төлөхөө илэрхийлж байгаа, хөдөлмөр эрхэлдэг, 4 хүүхэдтэйг харгалзан хорих ял эдлүүлэхийг тэнсэж өгнө үү гэжээ.    

10. Шүүгдэгч Б.Мийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

11. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлын хувьд урьд залилах гэмт хэрэгт 2 удаа ял шийтгэгдэж байсан, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан үзлээ. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь “тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасныг харгалзав.

12. Шүүгдэгч Б.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлж байх боловч түүний өөрийн үйлдэлдээ дүгнэлт хийгээгүй, дахин гэмт хэрэг үйлдэж байгааг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн.

Мөн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын хэмжээ, хохирол төлөхөө илэрхийлж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр хорихоос өөр төрлийн ял болох зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон оногдуулах боломжтой гэж дүгнэлээ.

13. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 1 жил 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзлээ. Улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргүүд дотроос шүүгдэгч Б.Мт эрх бүхий байгууллагын хяналтад оршин суугаа Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

Зорчих эрхийг хязгаарлах ял нь хүний чөлөөтэй зорчих эрхэнд халдаж, зөвхөн эрх бүхий байгууллагын хяналт дор зөвшөөрөгдсөн чиглэл, хязгаарын дотор явах үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой Эрүүгийн хуулиар тогтоосон ял юм. Мөн зорчих эрхийг хязгаарлах хүрээг хэт өргөн хүрээгээр тогтоох нь ялын цээрлүүлэх зорилгод нийцэхгүй ба шүүгдэгчийн удаа дараа залилах гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан оршин суугаа хороогоор хязгаарлалт тогтоох нь зөв гэж үзсэн.

14. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 2024.01.08-ны өдрийн 10-01/71 дугаар албан бичгээр Б.М нь 2024.01.08-ны өдрийн байдлаар  01 сар 18 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын үлдэгдэлтэй гэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-т оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 сар 10 хоногийг ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 4 сар 10 хоногийн хугацаагаар тогтоов.

 

Шүүх шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

15. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зохиомол байдлыг зориуд бий болгон хуурч эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ийг 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 1 жил 3 сарын зорчих эрхийг хязгаарлах ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 сар 10 хоногийг нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид эрх бүхий байгууллагын хяналтад оршин суугаа Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.М-ээс 2,305,000 /хоёр сая, гурван зуун таван мянга/ төгрөг гаргуулж хохирогч Б.Н-д олгуулсугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.МӨНХБААТАР