Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2022/0757

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М************* 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Засаг дарга нарын хоорондын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Д*****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:

1.1. “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А************* дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгож, 197 м.кв газрыг ашиглах боломжгүйгээс үүссэн хохирол 324,000,000 төгрөгийг Хан-Уул дүүргийн Засаг даргаас гаргуулах” гэж эцсийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан илэрхийлсэн болно.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1 Анх Нийслэлийн Засаг даргын 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 520 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2976 м.кв талбай бүхий газрыг М*************[1] сургалтын зориулалтаар олгож, улмаар 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/581 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн хугацаа сунгагдсан байна[2].

2.2 Энэ захирамжаас төд удалгүй Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн даргаас 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 05/723 дугаар албан бичгээр “...Хан-Уул дүүргийн Төр захиргааны үйлчилгээний төв байрны дулааны шугам уг сургуулийн хашааны хойгуур дайран өнгөрөхөөр техникийн нөхцөл олгогдсон тул ажилд дэмжлэг үзүүлэхийг хүссэн...” тухай мэдэгдлийг М*************-ийн захиралд хүргүүлжээ[3].

2.3.Учир нь Хан-Уул дүүргийн Төр захиргааны үйлчилгээний төв байрны дулааны шугам сүлжээг суурилуулах ажлыг хийж гүйцэтгэхэд М*************-ийн хойд талын хашааны дагуу техник тоног төхөөрөмж, машин механизмыг байршуулах  зайлшгүй шаардлагатай байсан.

2.4.Улмаар тус дулааны шугам суурилуулах ажлыг хийж гүйцэтгэгч О***** ХХК-иас М*************-ийн удирдлагатай зөвшилцөх уулзалт хийсэн хэдий ч тодорхой тохиролцоонд хүрээгүй тул төлөвлөгдсөн ажил хийгдэх боломжгүйд хүрчээ.

2.5.Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан Хан-Уул дүүргийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Төр захиргааны нэгдсэн барилгын дулааны шугам суурилуулах тухай” А/************* дугаар захирамжийг гарган,  Хан-Уул дүүргийн Төр захиргааны нэгдсэн барилгын дулааны шугам суурилуулах ажлыг хэвийн явуулах нөхцөлийг хангах зорилгоор ажлын хэсэг байгуулан ажиллах, мөн дулааны шугам суурилуулах ажилд санаатайгаар саад учруулж байгаа ************* УНП, ************* УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг ачих буюу зайлуулах арга хэмжээ авч ажиллахыг даалгасныг[4] нэхэмжлэгчээс эс зөвшөөрч Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

2.6.Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж тус шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 135 дугаар шийдвэрээр “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/************* дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосныг[5], Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 159 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ[6].

2.7.Хожим  2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр М*************-ийн захирал Н.Д*************ээс Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 159 дугаар тогтоолыг “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас захиргааны хэргийг дахин хянуулах” хүсэлт  гаргасныг хүлээн авч,  Улсын дээд шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 46 дугаар тогтоолоор М*************-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаажээ[7].

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч М*************-ийн захирал Н.Д**** шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ “...1.Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн дүгнэлтээр “Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын байрны гадна дулааны зураг төслийг Хот байгуулалт, хөгжлийн газраар батлуулаагүй байгаа нь Хот байгуулалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-д “эдэлбэр газар эзэмших, барилга байгууламж барих, инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлыг нутгийн захиргааны байгууллага, болон эрх бүхий мэргэжлийн байгууллагаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр зураг төслийн дагуу гүйцэтгэх” гэж заасныг зөрчсөн.

Нутгийн захиргааны байгууллага нь Хотын захиргаа болж тэр нь Хот төлөвлөлтийн газар болж, тэр нь инженерийн хангамжийн бүтцийн газар болж байгаа юм. Тушаал нь хууль зөрчсөн үйлдэл гүйцэтгэхийг шаардсан нөхцөлдүүлсэн захиргааны акт болсон байна. Шугам тавих зөвшөөрөл авагдаагүй байсан нь хууль зөрчсөн.

2. Эзэмшил газартай байгаа хоёр машин ямар хууль дүрэм зөрчсөнийг захирамжид тусгаагүй. Хуульд заасан үндэслэл байгаагүй. Өөрөөр хэлбэр эзэмшил газартаа байгаа хоёр машиныг зайлуулах гэж захирамжид тусгасан боловч зайлуулах хууль зүйн үндэслэлийг тусгаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх зарчмыг баримтлаагүй.

Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т заасан “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” гэх хуулийн зохицуулалтыг зөрчсөн.

Захирамжийн хоёрдугаар заалтад дулааны шугам суурилуулах ажилд санаатайгаар саад учруулж буй улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг ачих буюу зайлуулах арга хэмжээ авах гэж заасан. Уг заалтын хууль зүйн үндэслэлийг тайлбарлаагүй. Ямар хуулийн дагуу арга хэмжээ авч байгаа нь тодорхойгүй. Өөрийн эзэмшил газар дээр зогсож байгаа машиныг яагаад холдуулах болсон талаар тусгаагүй.

3. Дулааны шугам суурилуулахад санаатай саад учруулж буй тээврийн хэрэгслүүд гэж бичсэн үндэслэл нотолгоо байх ёстой. Өөрөөр хэлбэл яаж саад болж байгаа талаар бичээгүй. Мөн тээврийн хэрэгслүүдийн байрлал тодорхойгүй. Тухайн тээврийн хэрэгслүүд нь нийтийн эзэмшил, хувийн эзэмшил, хашаан дотор, хашааны гадна байрлаж байсан юм уу гэдэг нь тодорхойгүй. Яагаад хувийн эзэмшлийн хашаан дотор байгаа машин хашааны гадуур суурилуулах ажилд сайд болж байгаа вэ гэдгийг тайлбарлаагүй. Мөн хувийн өмчийн хашааг эвдсэн, хоёр сүүдрэвч авч явсан. Манай газрыг хүчээр ашигласан. Тээврийн хэрэгсэл хэний өмч, ямар байгууллагын хашаанд байгаа талаар захирамжид тусгаагүй. Халдах үндэслэл байхгүй. 

4. Захирамжид чиглэсэн байгууллагын нэр байхгүй байсан. Манай хаалгыг эвдэж орсон нь илт хууль бус. М гэсэн нэр байгаагүй. Гэтэл М*************-ийн хашааг эвдэж орсон. Захирамжийн нэгдүгээр заалт дотогшоо чиглэсэн, хоёрдугаар заалт машин зайлуулах буюу гадагшаа чиглэсэн.

Гэтэл гадагшаа чиглэсэн байгууллага хувь хүнийг захирамжид тусгаагүй. Ямар байгууллагын, хэнээ машин болох нь тодорхойгүй. Үүгээрээ захирамж илт хууль бус байна.

5. Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, 5.3-т “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно” гэж тус тус заасан. Гэтэл Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч нь хувийн өмчийн хашаан дотор байгаа хашааны хаалгыг эвдсэн.

Манай байгууллагын хувийн өмчийн газрыг 21 хоног ашигласан. Бидний зөвшөөрөлгүй инженерийн шугам сүлжээний материал тавьж, хүчээр халдсан. Манай сургуулийн хашаан дотор байсан хувийн өмчийн хоёр сүүдрэвчийг зөвшөөрөлгүй нураан авч явсан. Энэ нь хувийн өмчид халдаж байгаа маш ноцтой үйлдэл.

Хувийн өмчийн машиныг хүчээр чирсэн. Нэг машин нь шинэ машин байсан учраас тоормосыг нь эвдчихнэ гэж айгаад бид өөрсдөө холдуулсан. Хуучин машиныг нь чирсэн. Яагаад хувийн өмчийн машиныг хууль зүйн үндэслэлгүйгээр чирсэн юм бэ? Өмчлөгчийн дээрх эрхүүдийг ямар хуулийг үндэслэж хязгаарлаж байгааг мэдэгдээгүй. Хувийн өмчид хууль зүйн үндэслэлгүй халдсан нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.5-д зааснаар илтэд хууль бус байна.

 6. Засаг дарга албадлагын арга хэмжээ авахдаа Захиргааны ерөнхий хуулийн 83 дугаар зүйлийн 83.1.4-т “үүрэг хүлээгчид 14 буюу түүнээс доошгүй хоногийн хугацаанд захиргааны шийдвэрийг биелүүлэх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн байх” гэж заасан. Машиныг албадан холдуулахын өмнө нь бидэнд мэдэгдэж, мэдэгдэх хуудас хүргүүлсэн байх ёстой. Гэтэл манайд 14 хоногийн дотор мэдэгдэх хуудас өгөөгүй. Орж ирэхээсээ 1 минутын өмнө мэдэгдэх хуудас өгч, албадлагын арга хэмжээ авч эхэлсэн. Хариуцагч байгууллагаас сануулсан мэдэгдэх хуудсыг бидэнд өгөөгүй.

Захиргааны ерөнхий хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т “Мэдэгдэлд заасан хугацаанд үүргийг биелүүлээгүй бол захиргааны шийдвэр гүйцэтгэлийг хариуцсан захиргааны байгууллага албадлага хэрэглэхийг шийдвэрлэсэн захиргааны акт гарган, түүнийг нэн даруй биелүүлнэ” гэж заасныг зөрчсөн.

7. Албадлагын арга хэмжээ авах захирамжийг хүч хэрэглэсэн тул эрүүгийн гэмт хэрэг гэж үзэж байна. Эрүүгийн гэмт хэрэг үйлдэхээр захирамж гаргасан байна. Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1-т “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол”, 2-т “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол” дээрэмдэх гэм хэрэг гэж үзэхээр заасан. Олсоор хил хязгаар тогтоож, зогсож байсан хүмүүсийг холдуулж, цагдаагийн хэлтсийн ажилтнуудаар хүч түрүүлсэн арга хэмжээ авч манай байгууллагын хоёр сүүдрэвчийг авч явсан. Ингэж манай хашааны хаалгыг нураан газрыг булаан ашигласан. Манай газрыг ашигла гэсэн зөвшөөрөл байхгүй байхад 21 хоног булааж ашигласан. Тухайн үед эрүүгийн хэрэг гэж үзэх боломжтой байсан юм. Одоо ч гэсэн шинэ нөхцөлөөр дээрх үйлдэл нь эрүүгийн хэрэг гэж хэлэх бүрэн үндэслэл байна. 

8. Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газарт нэвтрэх, дайран өнгөрөхийг хориглосон дохио тэмдэг тавих, хашаа барих зэргээр тусгайлан хамгаалаагүй бол хэн боловч тухайн газарт хохирол учруулахгүйгээр нэвтэрч, дайран өнгөрч болно” гэж заасныг зөрчсөн.

Гэтэл хашаа байсаар байтал энэ хүмүүс дайрч орж ирсэн. Хүний хашаа руу орно гэдэг нь хувийн өмч рүү орж байгаатай ижил.

Газрын тухай хуулийн 48.2-т “Үл хөдлөх хөрөнгө өмчлөгч нь эд хөрөнгөө ашиглах, хамгаалах зорилгоор бусдын газраар дайран өнгөрөх зам, цахилгаан холбооны болон инженерийн шугам татах, гарц гаргах болон бусад зориулалтаар бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахыг шаардах эрхтэй”. Өөрөөр хэлбэр Хан-Уул дүүргийн Засаг дарга манай эзэмшил газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах шаардлага өгөөгүй.

Шаардлагаас гадна газар эзэмшигч ашиглагч болон уг газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахаар шаардаж буй этгээдийн хооронд хэлэлцэн тохирсны үндсэн дээр газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах эрх үүснэ.

Хан-Уул дүүргийн Засаг дарга манай газрыг ашиглахаар бол бидэнтэй тохирно. Тохиролцсоны үндсэн дээр хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглана. Манайтай тохиролцох ямар ч арга хэмжээ аваагүй.

9. “Улаанбаатар дулааны сүлжээ” ХК нь шугамын зураг дээр гадна дулааны шугамын ажлыг эхлүүлэхийн өмнө шугамын трассын дагуу газар эзэмшигчтэй зөвшилцөх гэж ерөнхий инженер Т.А*************- гарын үсгээ зурсан. Гэтэл Хан-Уул дүүргийн Засаг дарга трассын дагуу байрласан манай газар дээр шугамын ажил хийх болсон ч бидэнтэй зөвшилцөлгүй цагдаагийн хүч ашиглан дайрч орон манай хашааны хаалгыг эвдэж, манай газрыг дур мэдэн хамгаалалтын зурваст хүчээр оруулсан. Мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг хэрэгжүүлээгүй нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

10. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах мэдэгдэх” гэж заасан. Гэтэл бидэнд урьдчилан мэдэгдээгүй, оролцоог хангаагүй шууд захиргааны акт гаргасан. 

11. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна” гэж заасан.

Гэтэл Хан-Уул дүүргийн Засаг дарга манайд мэдэгдээгүй. Одоог хүртэл манайд захирамжийг хүлээлгэж өгсөн баримт байхгүй, хэнд гардуулсан нь мэдэгдэхгүй байна.

12. Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч эрх мэдэл, албан тушаалаа ашиглан хууль бус шугам тавихдаа манай хашааны хаалгыг эвдэж, машин чирсэн. Бидний газрыг зөвшөөрөлгүй 20 хоног ашигласан. Хоёр сүүдрэвч авч явсан зэрэг нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэг юм.

Иймд “Засаг дарга, түүний удирдах ажилтнууд Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол” гэж зааснаар О************* ХХК-д давуу байдал бий болгосон. Бид нарт одоогийн байдлаар 300 гаруй сая төгрөгийн хохирол учруулаад байгаа. Бид нарын бодит хохирол 8 тэрбум төгрөг. Бид хэрвээ 9 давхар барилгаа барьж 80 жил түрээсэлсэн бол 8 тэрбум төгрөг олохоор байсан гэх тооцоог хийсэн. Гэхдээ бид тэр тооцооны дагуу нэхэмжлэхгүй, зөвхөн газар дээр үүссэн хохирлоо нэхэмжилж байгаа.

13. Манай байгууллага энэ газраа мэдээллийн төв болгон ашиглахаар зураг төсөл зуруулж төлбөр хийгдсэн байсан. Гэтэл үүний дараа гэнэт дулааны шугам тавьсан асуудал гарч ирсэн. 

14. Хууль зөрчсөн дулааны шугамыг хүчээр тавьснаар манай барилга барих гэж байсан газар хамгаалалтын зурваст орж барилга барих боломжгүй болсон. Бид 9 давхар барилгаа түрээслэн олон тэрбум төгрөг олох боломжтой байсан. 2 сүүдрэвч 8 сая төгрөг, барилгын зураг зуруулсан 3 сая төгрөг болсон.

...Дамдинрагчаа гэдэг хүн гэрчийн мэдүүлэг өгөхдөө худал хэлсэн. Дамдинрагчаагийн мэдүүлэг нь зурган дээр магадлалыг дутуу хийсэн байна, хийх ёсгүй зүйл дээр магадлал хийсэн байна гэдгийг өөрөө нотолсон. Тухайн үедээ бид нар болон Мэргэжлийн хяналт мэдэхгүй өнгөрсөн...” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О************* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-ыг үндэслэн шаардаж байна гэж ойлгож байна. Энэ хэрэг маргааны үйл баримт, нэхэмжлэлд дурдсан асуудлуудыг нэхэмжлэгч 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж өгөхдөө тодорхой тусгасан.

2013 оны 07 дугаар сарын 02-ны 15/723 дугаар албан бичгийг Засаг даргын тамгын газраас М*************-ийн захирал Н.Д*************т өгсөн.

Дүүргийн газрын алба, дүүргийн Тамгын газар, О************* ХХК нартай уулзалт зохион байгуулж, хэлцлийн асуудал яригдсан.

Улмаар М************* эзэмшил газрын хэл заагаа тогтоон, кадастрын хэлтэс ирж тодруулан цагаан зураасаар тэмдэглэсэн гэдэг нь нэхэмжлэлд хавсаргасан зургаар тодорхой харагддаг.

Энэ асуудал 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс эхэлж явагдсан. Маргаан бүхий захиргааны акт 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/************* дугаар захирамжаар гарсан.

Учир нь 9 дүгээр сарын 15-аас өмнө айл өрхийн хэрэглээний болон ус дулааны халуун усыг өгөх ёстой.

Гэтэл Хан-Уул дүүргийн иргэдэд үйлчлэх төв, Дүүргийн шүүхийн байр, Орхон дээд сургууль, оюутны байр, спорт заалны дулаан хангамжийн нэгдсэн шугам сүлжээ таг зогссон байсан.

Газрын тухай хуульд төрийн эрх бүхий байгууллагын хууль ёсны дагуу шаардсан үүргийг хэрэгжүүлэхээр заасан.

М************* сургалтын зориулалтаар газар эзэмшүүлсэн учир Үндсэн хуульд заасан өмчлөгчийн эрх яригдахгүй.

Нэхэмжлэгч нь тус газар олон давхар бизнесийн төв барьж бусдад түрээслэх бодолтой байсан гэх боловч 197 м.кв газарт шүүхээс хоёр ч удаа үзлэг хийхэд уг газар нь төлбөртэй авто зогсоол байсан гэдэг нь тогтоогдсон.

Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга эрчим хүчний тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, нутаг дэвсгэрийнхээ эрчим хүчний хангамжийн талаарх бодлого боловсруулан холбогдох байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ”, 7.3-д “Тухайн нутаг дэвсгэр дэх эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурваст баригдсан барилга, байгууламж, айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, мод, бут, сөөгийг зайлуулах, дээрх зөрчлийг гаргуулахгүй байх арга хэмжээ авна” гэж заасны дагуу хоёр тээврийн хэрэгслийг холдуулсан.

Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-д заасан захиргааны актыг гаргах болсон бодит нөхцөл байдал нь нийтийн эрх ашгийн төлөө, хоёр тээврийн хэрэгслийг холдуулахгүй бол ажил үргэлжлэхгүй гэдгийг нэхэмжлэгч мэдэж байсан.

Мөн зурган дээрээс харахад цаад талд нь төв зам, цагаан зураасан дээр хоёр машин давхцаж байрласан харагддаг. Уг захиргааны актаар Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д зааснаар хууль бус үйлдэл эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан нэг ч үг өгүүлбэр байхгүй.

Тэр хоёр сүүдрэвчийг хохирол учруулсан гэх О************* ХХК-иас шаардах эрхтэй. Энэ тохиолдолд манай байгууллага хариуцагч биш. Захиргааны актын биелэлт хоёр тээврийн хэрэгслийг холдуулснаар дуусгавар болж байгаа. Түүнээс биш ашиглах, хоёр ширхэг сүүдрэвч зөөсөн асуудалд захиргааны байгууллагын оролцоо байхгүй. Иргэд хууль шүүхийн байгууллагаар өөрт учирсан эрх ашгаа хамгаалуулах нь нээлттэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ :

Дөрөв:  Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1.Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4.2.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” гэжээ.

4.3.Хуулийн дээрх зохицуулалтын дагуу захиргааны хэргийн шүүх нь нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг нийтийн эрх зүйн хуулийн этгээд болох захиргааны байгууллагаас /актын хувьд/ тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагаа /захиргааны акт/-тай холбоотой иргэн, хуулийн этгээдээс гаргасан өргөдлийг хянан шийдвэрлэх эрх хэмжээтэй юм.

4.4.Хариуцагчаас маргаан бүхий захирамжийг гаргахдаа 2006 оны Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2, 29.1.6, 29.2, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийг баримталсан байх ба нэг дэх заалтаар дүүргийн төр захиргааны нэгдсэн барилгын дулааны шугам суурилуулах ажлыг хэвийн явуулах нөхцөлөөр хангах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан байх бөгөөд энэ нь тухайн захиргааны байгууллагын албаны дотоод үйл ажиллагааг зохицуулсан дотогш чиглэсэн шинжтэй заалт байх тул нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна.

4.5.Харин хоёр дахь заалтын хувьд О************* ХХК-ийн Хан-уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт дүүргийн төр захиргааны нэгдсэн барилгын дулааны шугам суурилуулах цагаан шугам бүхий зурвас газар дээр[8] ажил гүйцэтгэх үедээ хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллахын тул зайлшгүй М-ийн эзэмшил талбайд техник тоног төхөөрөмжийг байрлуулж ажиллах онцгой шаардлагатай зэргийг харгалзан үзэн хариуцагчаас дулааны шугам суурилуулах ажилд санаатайгаар саад учруулж буй ************* УНП, ************* УБХ улсын дугаар тээврийн хэрэгслүүдийг ачих буюу зайлуулах арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албан тушаалтанд даалгасан байна.

4.6.Учир нь хариуцагчид 2006 оны Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн “л” /нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагад орон нутаг, ард иргэдийн эрх ашигтай холбоотой асуудлаар хууль тогтоомжид заасан хэмжээ, хязгаарын дотор үүрэг, чиглэл өгч, биелэлтийг нь хангуулах”  эрхийг хэрэгжүүлэхээр олгосон бол сүүлд шинэчлэн батлагдсан 2020 оны Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.16-д “...дулааны шугам, ... засвар үйлчилгээ, хэвийн үйл ажиллагааг хангах бусад үйл ажиллагаа...”, 62 дугаар зүйлийн 62.1.13-д “хууль тогтоомжид заасан бусад...” заасан чиг үүргийг хэрэгжүүлэхээр тусгажээ.

4.7.Гэтэл нэхэмжлэгчээс “...дүүргийн Засаг даргын Тамгын газрын нэгдсэн барилгын дулааны шугам сүлжээний зураг төслийг А************* ХХК-д боловсруулсан ажлын зурагтай боловч зураг төслийг Хот байгуулалт, хөгжлийн газраар батлуулаагүй нь Хот байгуулалтын тухай хуулийн 22.1.2-т нийцээгүй...”, хувийн өмчид хууль зүйн үндэслэлгүй халдсан нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.5-д зааснаар илтэд хууль бус...” гэж маргасан.

4.8.Хэрэгт авагдсан баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хэргийн оролцогч нарын тайлбараар хариуцагч болон гүйцэтгэгч О************* ХХК-ийн зүгээс “УБДС” ХК-ийн ерөнхий инженер н.А*************-ийн “шугамын трассын дагуу газар эзэмшиж буй иргэн аж ахуйн нэгжтэй зөвшилцөх” гэсний дагуу нэхэмжлэгч М*************-ийн захирал Н.Д*************тэй зөвшилцөх уулзалтуудыг хийсэн боловч тодорхой шийдэлд хүрээгүй байна.

4.9.Улмаар захирамжийн хэрэгжилтийг гүйцэтгэн дээрх М*************-ийн эзэмшлийн хоёр автомашины[9] нэгийг албадан холдуулсан бол нөгөөхийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Д************* өөрөө биечлэн жолоодон холдуулсан.

4.10.Энэ үйл ажиллагааны явцад тэдгээр тээврийн хэрэгсэлд учирсан гэмтэл, хохирол үүсээгүй, энэ талаар  хэргийн оролцогчийн хэн аль нь маргаагүй болно.

4.11.Түүнчлэн шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д*************ээс ач холбогдол бүхий нотлох баримт гаргаж өгөх, энэ талаар хүсэлт гаргах эрхийг хязгаарлахгүйгээр бүхий л нотлох баримт цуглуулах ажиллагааг хийх үүргээ хэрэгжүүлсэн хэдий ч төслийг А************* ХХК-д боловсруулсан ажлын зураг төслийг Хот байгуулалт хөгжлийн газраар батлуулаагүй буюу Хот байгуулалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т заасныг зөрчсөн гэх үйл баримт тогтоогдсонгүй.

4.12.Тодруулбал, дээрх үйл баримттай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 08/3820 дугаар албан бичигт “...Бид гадна инженерийн шугам сүлжээний трассыг хот байгуулалтын мэдээллийн менежментийн систем, байр зүйн солбицлын систем дээр шалган зөвшилцдөг бөгөөд ажлын зураг төсөл нь манай газрын архивд хадгалагдаагүй болно...”[10], шүүхээс Үндэсний төв архивд хийсэн үзлэгээр “...8-р хуудсанд ГДГ-5 гадна дулааны шугам хэсэгт зураг төслийг хянасан экспертийн тэмдэг дарагдсан. 2013.07.07-ны огноотой байна...”[11], 7-р хуудсанд дулааны шугамын байгуулалт зургийг 2021 оны 01 дүгээр сарын 17-ний өдөр эксперт тэмдэг дарсан байна...”[12] тэмдэглэн, Нийслэлийн Барилга, Хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга бөгөөд Улаанбаатар хотын ерөнхий архитектор Э.Х************* гарын үсэг, дардас бүхий нотлох баримт байсан болохыг бэхжүүлэн авсан бол шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д.Д************* “...Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрыг инженерийн дэд бүтцийн хэлтэс нь дулааны шугам сүлжээний зургийг хянасан байсан...[13],...хэсэгчилсэн дулаан хангамжийн салбар шугам дээр эх загвар зураг батлуулах шаардлагагүй...”[14], гэрч Р.Ж************* “...29 ширхэг барилгын зураг байсныг би мэдэхгүй байна. Хавтас хэрэгт авагдсан баримтуудыг буцааж өгөөгүй. А3 цаасны хэмжээтэй том далбагар барилгын зургийг буцааж өгснөө санаж байна...[15] гэж мэдүүлсэн болно.

4.13.Дээрх үйл баримт болон маргаан бүхий захирамжийн агуулга нь төр захиргааны нэгдсэн барилгын дулааны шугам суурилуулах эрх олгосон тухай биш эрх бүхий байгууллага албан тушаалтны баталсан зураг төслийн дагуу нийтийн эрх ашгийн төлөө хийж гүйцэтгэж буй дулааны шугам суурилуулах ажлыг саадгүй явуулахын тулд ************* УНП, ************* УБХ улсын дугаар тээврийн хэрэгслийг бүрэн бүтэн байдлыг хамгаалахыг тулд авч буй арга хэмжээ гэж дүгнэхээр байна.

4.14.Нөгөөтээгүүр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-9.1.9-д, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.6 дахь хэсгүүдэд Захиргааны акт илт хууль бус болох эрх зүйн үр дагаврыг тодорхойлсон.

4.15.Угтаа бол захиргааны акт эрх зүйн илт алдаатай, энэхүү алдаа нь хэн ч харсан илэрхий байвал түүнийг илт хууль бус захиргааны акт гэж үзнэ.

4.16.Эрх зүйн илт алдаа гэдэг нь одоо үйлчилж байгаа Үндсэн хуулийн үндсэн зарчмуудад, эсхүл одоогийн эрх зүйн тогтолцооны үнэт зүйлсийн ойлголтод харшилж байна гэдэг үндэслэлээр эрх зүйн одоогийн ямар ч нөхцөлд нийцэхгүй байгааг ойлгох бол “илэрхий алдаа” гэдгийг ердийн хүн хараад тухайн захиргааны акт хуульд нийцсэн байх боломжгүй гэдгийг амархан тогтоох боломжтой байхыг хэлнэ.

4.17.Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 47.3-д зааснаар захиргааны илт хууль бус акт нь анхнаасаа хүчин төгөлдөр бус буюу гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй байх юм.

4.18.Гэтэл маргааны бүхий акт нь хуульд үндэслэгдсэн, хариуцагч өөрийн чиг үүрэгт хамааралтай асуудалтай холбогдуулан бичгээр гаргасан, утга агуулгын хувьд  илэрхий алдаагүй, гаргасан байгууллага нь тодорхой, түүнийг хэрэгжүүлэх гүйцэтгэх этгээд тодорхой, хууль бус, үйлдэл, эс үйлдэхүй гүйцэтгүүлэхийг шаардсан зүйлгүй байх тул Хан-Уул дүүргийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/************* дугаар захирамжийг илт хууль бус акт гэж үзэхгүй.

4.19.Товчхондоо нэхэмжлэгч М*************-ийн эзэмшил, өмчлөлд хууль бусаар халдсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Тав. Хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

5.1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2-т “хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүйгээс, эсхүл захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх”, 106 дугаар зүйлийн 106.3.7-д “захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах, хохирлын хэмжээг өөрчилж тогтоох” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгчийн  гаргуулахыг шаардаж буй хохирол нь захиргааны актын үндэслэлээс гадна, захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид бодит хохирол учирсан тохиолдолд олгохоор байна.

5.2.Нэхэмжлэгчээс энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хууль зөрчсөн дулааны шугамыг хүчээр тавьснаар манай барилга барих гэж байсан газар хамгаалалтын зурваст орж барилга барих боломжгүй болсон. Хэрвээ би 9 давхар барилгаа түрээслэн олон тэрбум төгрөг олох боломжтой байсан. 2 сүүдрэвч 8 сая төгрөг, барилгын зураг зуруулсан 3 сая төгрөг болсон. 20 хоног манай газрыг үнэ төлбөргүй ашигласан. 197 м.кв газрыг ашиглах боломжгүйгээс үүссэн хохирол 313.565.936 төгрөг[16]  нийт 324,000,000 төгрөг...” гэж тайлбарлан маргах боловч бодит байдал дээр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт дүүргийн төр захиргааны нэгдсэн барилгын дулааны шугамыг нийтийн эдэлбэр газар доор  суурилуулсан бөгөөд уг газар нь нэхэмжлэгчийн эзэмшлийн газартай давхцалгүй буюу Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг зөрчөөгүй.

5.3.Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “...дүүргийн Засаг дарга эрчим хүчний тухай  хууль тогтоомж, түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж,...холбогдох байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ”[17], 7.3-д “Тухайн нутаг дэвсгэр дэх эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурваст баригдсан барилга, байгууламж, айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, ...зөрчлийг гаргуулахгүй байх арга хэмжээ авна” гэж зааснаас үзэхэд “...20 хоног манай газрыг үнэ төлбөргүй ашигласан...”-ыг буруутгах  боломжгүй.

5.4.Ер нь бол захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан “хохирол” гэдэгт нэхэмжлэгчид учирсан тооцож болохуйц, харагдахуйц бодит хохирлыг ойлгохоос бус, ирээдүйд олох байсан ашиг орлого...зэрэг тооцох боломжгүй, шууд бус хохирлыг хамааруулахгүй[18] гэх дүгнэлтийг энэ тохиолдолд шүүх хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

5.5. Барилгын зураг[19] маргаан бүхий акт гаргахаас өмнө үйлдэгдсэн ба түүнийг захиргааны актын үйлчлэлийн улмаас учирсан хохирол гэж үзэхгүй.

5.6.Харин хоёр сүүдрэвчийн хувьд тухайн цаг хугацаанд нэхэмжлэгчээс холбогдох байгууллагад хандаж шалган шийдвэрлүүлэх ажиллагааг хийлгээгүй, нэхэмжлэл гаргасан цаг үеэс хойш үнэлгээг бодитоор гаргаж өгөөгүй тул үүнд шүүхээс хийсвэрлэн дүгнэлт өгч хохиролд тооцох боломжгүй юм.

5.7.Иймд дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгчийн 197 м.кв газрыг ашиглах боломжгүйгээс үүссэн хохирол 324,000,000 төгрөгийг Хан-Уул дүүргийн Засаг даргаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болголоо.

5.8.Эцэст нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тогтоолд дурдсан Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын архивын ажилтан Д.С*************-г гэрчээр асуухаар даалгасан ажиллагааг шүүхээс хэрэгжүүлэхээр холбогдох бүхий л арга хэмжээг авсан боловч тэрээр 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын хилээр гарсан, нэхэмжлэгчээс уг гэрчийг асуулгах хүсэлтээсээ шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.  

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.16, 62 дугаар зүйлийн 62.1.13, Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.3-д заасныг баримтлан Хан-Уул дүүргийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/************* дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгож, 197 м.кв газрыг ашиглах боломжгүйгээс үүссэн хохирол 324,000,000 төгрөгийг Хан-Уул дүүргийн Засаг даргаас гаргуулах” М*************-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.БАТБААТАР