Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 530

 

 

А.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2019/00183 дугаар шийдвэртэй

                         

Нэхэмжлэгч А.Б-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч А.Э-, Ш.Н- нарт холбогдох

 

“Н Т” ХХК-ийн цорын ганц хувьцаа эзэмшигч нь А.Б- болохыг тогтоолгож эрхээ хүлээн зөвшөөрүүлэх, “Н Т” ХХК-ийн үүсгэн байгуулагч нь А.Б- болохыг тогтоолгож, Ш.Н-, А.Э- нарыг компанийн бүртгэлээс хасч гэрчилгээнд өөрчлөлт оруулахыг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

“Н Т” ХХК-ийг өөрийн хөрөнгөгүй болсныг тогтоолгож, А.Б-өөс 10 000 000 төгрөгийг гаргуулж, “Н Т” ХХК-ийн дансанд байршуулахыг даалгуулах, “Н Т” ХХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигч нь Ш.Н- болохыг тогтоолгож, Ш.Н-ын эрхийг хүлээн зөвшөөрүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Зохигчид гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч                                                                              А.Б-

Хариуцагч                                                                                 А.Э-

Хариуцагч А.Э-ийн өмгөөлөгч                                         П.А

Хариуцагч Ш.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч           Т.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга                              Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч А.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

А.Б нь “Н Т” ХХК-ийн үүсгэн байгуулагч ба хувьцаа эзэмшигч бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирлын албан үүргийг гүйцэтгэдэг юм. А.Б-. Ш.Н-, А.Э-, С.Т-нар “Н Т” ХХК-ийг 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр үүсгэн байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. “Н Т” ХХК нь нэг бүр нь 10 000 төгрөгийн үнэ бүхий нийт 1 000 ширхэг компанийн үнэт цаас болох энгийн хувьцаа гаргаж, хувьцаа эзэмшигчид тус компанийн энгийн хувьцааг А.Б- 30 хувь, А.Э- 30 хувь, Ш.Н- 35 хувь, С.Т-5 хувь тус тус эзэмшихээр, гүйцэтгэх захирлаар А.Б-ийг томилон ажиллуулахаар шийдвэрлэсэн. С.Т-нь эзэмшлийнхээ 5 хувийн хувьцааг 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр надад шилжүүлж, А.Б- би тус компанийн 35 хувийн хувьцааг эзэмших болсон. 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр “Н Т” ХХК-ийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ А.Б- миний бие өөрийнхөө хувийн мөнгөн хөрөнгөөс 10 000 000 төгрөгийг гаргаж, эхлэлтийн балансыг үйлдэж, Капитал банкин дахь “Н Т” ХХК-ийн дансанд 10 000 000 төгрөгийг тушаасан болно. Бусад хувьцаа эзэмшигч гэх Ш.Н-, А.Э- нар ямар нэгэн төлбөр төлөөгүй ба дараа нь бололцоогоороо төлнө гэлцэж байсан боловч, өнөөдрийг хүртэл төлөөгүй болно. Тус компани “Плагоклиаз” ХХК-тай хамтран ашигт малтмалын газраас зарласан сонгон шалгаруулалтад 2015 оны 10 дугаар сард оролцож, ялан уул уурхайн тусгай зөвшөөрөл эзэмших болсон боловч, хувьцаа эзэмшигч гэх Ш.Н-, А.Э- нар нь бусад этгээдтэй хуйвалдан, манай компанийн энэхүү тусгай зөвшөөрлийг өөр этгээдэд шилжүүлснийг миний бие эс зөвшөөрч, маргаантай байгаа тул эдгээр этгээдүүд намайг “Н Т” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас зайлуулах, тамга тэмдгийг авч, дураараа аашлахаар улайран тэмцэлдэж эхэлсэн. “Н Т” ХХК-ийн гүйцэтгэх захирлаас намайг чөлөөлөхөөр шүүхийн шийдвэр гаргуулсан. Ш.Н-, А.Э- нар нь “Гоби минералс групп” ХХК гэгчид “Н Т” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн өгөх тухай хувьцаа эзэмшигчдийн хурал хийж, шийдвэр гарган иргэн миний өмчлөх эрхэд буюу миний хууль ёсоор эзэмшдэг компанийн хөрөнгөнд минь халдаж байна. Гэтэл “Н Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигч гэх Ш.Н- 35 хувьдаа ногдох 3 500 000 төгрөгийг, хувьцаа эзэмшигч гэх А.Э- 30 хувьдаа ногдох 3 000 000 төгрөгийг компани байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс хойш өнөөдрийг хүртэл надад эргүүлэн төлсөнгүй, “Н Т” ХХК-ийн дүрмийн 5.2, 5.2.1, 6.2, 12.2 дугаар зүйл, Компанийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6, 30 дугаар зүйлийн 30.1, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт тус тус заасныг зөрчсөн. Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, Компанийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 45 дугаар зүйлийн 45.5 дугаар зүйлд заасны дагуу “Н Т” ХХК-ийн үнэт цаас-энгийн хувьцааны 35 хувийг худалдан авсан 3 500 000 төгрөгийг Ш.Н-, энгийн хувьцааны 30 хувийг худалдан авсан 3 000 000 төгрөгийг А.Э- төлж, бүртгүүлээгүй, Ш.Н-, А.Э- нарт үнэт цаас эзэмших эрх үүсээгүй тул “Н Т” ХХК-ийн цорын ганц хувьцаа эзэмшигч нь Алгаагийн Баянмөнх болохыг тогтоож, хувьцаа эзэмшигч А.Б-ийн эрхийг хүлээн зөвшөөрч өгнө үү. “Н Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигч А.Б- нь “Н Т” ХХК-ийн үнэт цаас энгийн хувьцааны 100 хувь эзэмшигч нь А.Б- болохыг тогтоож, хувьцаа эзэмшигч А.Б-ийн эрхийг хүлээн зөвшөөрнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, үндэслэлээ ... хувьцааны 35 хувийг худалдан авсан 3 500 000.00 төгрөгийг Ш.Н-, 30 хувийг худалдан авсан 3 000 000.00 төгрөгийг А.Э- төлж, бүртгүүлээгүй учир Ш.Н-, А.Э- нарт үнэт цаас эзэмших эрх үүсээгүй гэж тодруулж байна. Тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлснээр энэ хүмүүсийг манай компанид оруулсан зорилгоо н.Барсболд биелүүлсэн, эдгээр хүмүүс нь компанийн үүсгэн байгүулагч биш гэдэг нь тогтоогдож байна. Иймд А.Б- намайг “Н Т” ХХК-ийн үүсгэн байгуулагчаар тогтоож, мөн Ш.Н-, А.Э- нарыг компанийн хувьцаа эзэмшигч биш болохыг тус тус тогтоож өгнө үү. Нэхэмжлэлийн үр дагаврыг хангах зорилгоор шүүхийн шийдвэрт Ш.Н-, А.Э- нарыг компанийн бүртгэлээс хасч гэрчилгээнд өөрчлөлт оруулахыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж өгнө үү. Энэхүү нэмэгдүүлж буй нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 100 хувь хувьцаа эзэмшигч болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хамт хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч А.Э- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

А.Б- надтай уулзаад Барсболдоос дэмжлэг авах шаардлага байна. Дорноговь аймагт судлагдсан, хайгуулын лицензтэй байж байгаад цуцлагдсан ашигт малтмалтай газрыг хамтарч авъя гэсэн. Би ч н.Барсболдтой уулзаж, А.Б-ийг ч Барсболдтой уулзуулж, бид ч нилээд уулзалт, ярилцлага хийж, олон ч нөхцөл байдлуудыг судалж үзсэн. Барсболд Олон Улсын биржээс Ашигт малтмалын лицензийн хөрөнгө оруулалт олж чадах ганц хүн байсан. Ингээд бид хэд хэдэн нөхцөлүүдийг тохирсон. Барсболд Ш.Н-ыг олж өгсөн. Компанийг үүсгэн байгуулахаар ярилцаад компанийн хувьцааг А.Б- бид хоёр 30 хувь, Ш.Н- 35 хувь, С.Т-5 хувь эзэмшихээр болсон. Компанийг байгуулахад шаардлагатай бүх бичиг баримтуудыг А.Б- бүрдүүлж, компанийг улсын бүртгэлд бүртгүүлэх ажлыг хариуцсан. Лицензийн сонгон шалгаруулалтад ороход шаардагдах бүх зардлыг н.Барсболд /Ш.Н-/ гаргахаар тохирсон, гаргасан. Би лиценз авахад шаардлагатай бичиг баримтуудыг боловсруулах ажлыг хариуцсан. Бид зорилгодоо хүрч лицензээ авч чадсан. Бидэнд маш их ашиг олох боломж бүрдсэн. Ш.Н- компанийн дансанд оруулах 10 000 000 төгрөгийг А.Б-өд өгсөн гэдэг. 10 000 000 төгрөгийг төлсөн хүн компанийн хувьцаа эзэмших эрхтэй гэсэн асуудал байхгүй. Энэ мөнгийг төлсөн, заавал хувааж хариуцах ёстой гэж байгаа бол мөнгөө л шаардах эрхтэй байх. Гэхдээ компанийг бүртгүүлэх үед компанийн дансанд 10 000 000 төгрөг хийчхээд компанийг бүртгүүлчхээд буцаагаад өөртөө авчихсан харагдаж байна гэжээ.

 

Хариуцагч Ш.Н- шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие иргэн А.Э-, А.Б- нартай 2015 оны 4 дүгээр сарын сүүлээс эхлэн хамтран компани байгуулж компанийн өөрийн хөрөнгө буюу нийт хувьцааны үнэ 10 000 000 төгрөгийг би гаргахаар ярилцан тохиролцож 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр “Н Т” ХХК-ийн нэг бүр нь 10 000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 1000 ширхэг энгийн хувьцааг гаргаж Ш.Н- 35 хувь, А.Э- 30 хувь, А.Б- 30 хувь С.Т-5 хувийн хувьцааг тус тус эзэмшихээр байгуулж, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн билээ. Манай компанийн өөрийн хөрөнгө буюу нийт хувьцааны үнэ болох 10 000 000 төгрөгийг миний бие өөрийн охин А.Уянгаас 2015 оны 5 дугаар сарын 6-ны өдөр бэлнээр авч А.Б-ийг залуу хүний хувьд компанийн гүйцэтгэх захирлаар томилохоор тогтоож компанийн улсын бүртгэлд бүртгүүлэх ажлыг даалгахаар ярилцаж тохиролцсон байсан учраас А.Б-өд бэлнээр өгсөн. Миний охин А.Уянга нь нь 10 000 000 төгрөгийг 2015 оны 5 дугаар сарын 5-ны өдөр өөрийн компани болох “С” ХХК-ийн Хаан банкин дахь 5041060680 тоот төгрөгийн данснаасаа өөрөө гарын үсгээ зуран бэлнээр авч, надад өгсөн байсан бөгөөд надад тухай үеийн дансны хуулгыг банкнаас авч өгснийг шүүхэд хүргүүлж байна. Гэтэл А.Б- нь дээрх 10 000 000 төгрөгийг өөрөө бүгдийг гаргах байтугай өөрийн эзэмшиж буй хувьцаанд ногдох 3 500 000 төгрөгийг надад ч буцаан өгөөгүй түүнчлэн миний гаргасан 10 000 000 төгрөгийг компанийн дансанд 3 хоног байршуулаад өөрөө гарын үсэг зуран дур мэдэн хувьдаа хэрэглэж завшсан мөртлөө энэ 10 000 000 төгрөгийг өөрөө бүгдийг гаргасан бусад хувьцаа эзэмшигч үүсгэн байгуулагчид хөрөнгө гаргаагүй гэж тайлбарлан 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр “Н Т” ХХК-ийн бусад хувьцаа эзэмшигчдэд эрх үүсээгүй өөрийгөө цорын ганц хувьцаа эзэмшигч болохыг тогтоолгохыг хүсэж шүүхэд нэхэмжлэл гарган шударга бусаар миний хөрөнгийг булаан эзэмшихийг санаархаж байгаад гомдолтой байна. “Найм Т” ХХК-ийн 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Плагоклиаз ХХК-ийн хувьцаа эзэмшигч М.Машбаттай хувьцааг шилжүүлэх шилжүүлэн авах гэрээ байгуулан түүний эзэмшлийн 50 хувийн хувьцааг түр эзэмших болсон бөгөөд А.Б- нь гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа хувьцааг түр эзэмших болсон бөгөөд А.Б- нь гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа хувьцааг шилжүүлэх, шилжүүлэн авах гэрээний 3.2.4-т зааснаар 2015 оны 12 дугаар сарын 25-ны дотор компанийн 50 хувийн хувьцааг шилжүүлэгч талд үл маргалдах журмаар хурдан шуурхай буцаан шилжүүлэн өгөх үүргээ бүрэн биелүүлнэ гэдгээ үүгээр баталж амлаж байна гэснийг биелүүлээгүй одоо ч биелүүлэхгүй байдаг юм. Иймд үнэн зөв бодит байдлыг нягтлан үзэж дүгнэлт өгч А.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож миний гаргасан сөрөг нэхэмжлэл сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ш.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д-, хариуцагч А.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б-нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

“Н Т” ХХК /РД:5969638/-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.Б- нь Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1.1-д, 88 дугаар зүйлийн 88.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчин компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө буюу компанийн өөрийн хөрөнгийг дур мэдэн, хувьдаа зарцуулсан байх тул “Н Т” ХХК-ийг өөрийн хөрөнгөгүй болгосныг тогтоолгож, А.Б-өөс 10 000 000 төгрөгийг гаргуулан “Н Т” ХХК-ийн 2200000100 тоот дансанд буцаан байршуулахыг даалгах тухай сөрөг шаардлага гаргаж байна. Иргэн Ш.Н-, А.Э-, А.Б-, С.Т-бид хүсэл зоригоо нэгтгэн 2015 оны 05 сарын 25-ны өдөр “Н Т” ХХК-ийг 10 000 000 /арван сая/ төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгө буюу өөрийн хөрөнгөтэйгөөр байгуулж, А.Б-ийг гүйцэтгэх захирлаар томилон Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.Б- нь хувь нийлүүлсэн хөрөнгө 10000 000 төгрөгийг бүгдийг нь захиран зарцуулсан үйлдэл компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1.1, 88 дугаар зүйлийн 88.2-т заасныг тус тус зөрчин, “Н Т” ХХК-ийн эхлэлийн балансын нийт үнийн дүнгийн 25 хувиас дээш үнэтэй эд хөрөнгө болох 7 490 000 төгрөгийг хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэргүйгээр дур мэдэн захиран зарцуулсан байна. “Н Т” ХХК-ийн Капитал банкин дахь төгрөгийн 2200000100 дугаартай дансны хуулга, эхлэлийн тайлан тэнцэл нь тус тус хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан болно. Иймд “Н Т” ХХК-ийг өөрийн хөрөнгөгүй болгосоныг тогтоолгож, А.Б-өөс 10 000 000 төгрөгийг гаргуулан “Н Т” ХХК-ийн 2200000100 тоот дансанд буцаан байршуулахыг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ш.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

“Н Т” ХХК /РД: 5969638/-ийн энгийн хувьцааны 35 хувийг худалдан авсан 3 500 000 төгрөгийг А.Б- төлөөгүй, хувьцаа эзэмших эрх үүсээгүй тул “Н Т” ХХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигч нь Шадравын Нацагням болохыг тогтоож, хувьцаа эзэмшигч Ш.Н-ын эрхийг хүлээн зөвшөөрүүлэх сөрөг шаардлага гаргаж байна. Иргэн Ш.Н-, А.Э-, А.Б- нар 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр “Н Т” ХХК-ийг нэг бүр нь 10 000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 1 000 ширхэг энгийн хувьцааг гаргаж, Ш.Н- 35 хувь, А.Э- 30 хувь, А.Б- 30 хувь, С.Т-5 хувийг тус тус эзэмшихээр байгуулж Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн. А.Б- нь С.Т бидэнд хэрэгтэй хүн түүнд компанийн хувьцааны 5 хувийг эзэмшүүлье гэсэн, мөн С.Т-нь эзэмшдэг 5 хувийн хувьцаагаа 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр А.Б-өд шилжүүлснээр А.Б- 35 хувийн хувьцааг эзэмшдэг болсон. Ш.Н-, А.Э-, А.Б- нарын гурван хүн нийлж компани байгуулахаар 2015 оны 4 дүгээр сарын сүүлээс эхлэн ярилцсан бөгөөд 2015 оны 5 дугаар сарын эхээр А.Э- бид хоёр Т.Д-ар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас хуулийн этгээдийн нэр Найн Т гэсэн нэрийн баталгаажуулалтын хуудсыг авахуулан А.Б-өд компанийн дансанд байршуулах 10,000,000 төгрөгийн хамт 2015 оны 5 дугаар сард өгч, А.Б- нь “Н Т” ХХК-ийг улсын бүртгэлд бүртгүүлэх бичиг баримтуудыг бэлдэж биднээр гарын үсэг зуруулахаар болж, Ш.Н- А.Б-ийн гэр болох РЦНК төвийн баруун урд байрлах орон сууцны гадаа нөхрийн хамт очин гарын үсгээ зурж байсан байна. “Н Т” ХХК-ийн гаргасан 1 000 ширхэг энгийн хувьцааны үнэ буюу хувь нийлүүлсэн хөрөнгө болох 10 000 000 төгрөгийг Ш.Н- бүгдийг гаргасан. “Н Т” ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгө болох 10 000 000 төгрөгийг 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Капитал банкин дахь “Н Т” ХХК-ийн 2200000100 дугаартай дансанд байршуулсан. А.Б- нь Ш.Н-ын итгэлийг эвдэж, хувь нийлүүлсэн хөрөнгө 10 000 000 төгрөгийг бүгдийг нь захиран зарцуулсан мөн 10 000 000 төгрөгийг гаргаагүй, буцааж 3 500 000 төгрөгийг өгөөгүй атлаа өөрийн мөнгөн хөрөнгөнөөс гаргасан мэтээр шүүхэд тайлбарлан хоосон маргаан үүсгэж байна. Мөн 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр “Н Т” ХХК-ийн бусад хувьцаа эзэмшигчдэд эрх үүсээгүй, өөрийгөө цорын ганц хувьцаа эзэмшигч болохыг тогтоолгохыг хүссэн нь шудрага бусаар хөрөнгөтэй болох гэсэн санаа болжээ. Иймд Компанийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасны дагуу “Н Т” ХХК-ийн энгийн хувьцааны 35 хувийг худалдан авсан 3 500 000 төгрөгийг А.Б- төлөөгүй учраас түүнд хувьцаа эзэмших эрх үүсээгүй тул “Н Т” ХХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигч нь Ш.Н болохыг тогтоож, хувьцаа эзэмшигч Ш.Н-ын эрхийг хүлээн зөвшөөрч өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч А.Б- сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэл, түүний нэмэгдүүлсэн шаардлагууд нь хууль зүйн болон бодит үндэслэлгүй тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч нар нь “Н Т” ХХК-ийг үүсгэн байгуулахад бодитоор нэг ч төгрөгийн хөрөнгө оруулаагүй тул тус компанийн хувьцаа эзэмшигч биш юм. Харин компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө болох 10 000 000 төгрөгийг А.Б- миний бие дангаараа гаргаж, хөрөнгө оруулсан тул Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2, 3.5, 12 дугаар зүйлийн 12.8, 14 дүгээр зүйлийн 14.3.3-т заасны дагуу “Н Т” ХХК-ийн 100 хувийн хувьцааны цорын ганц эзэмшигч юм. Иймд А.Э-, Ш.Н- нар нь тус компанийн хувьцаа эзэмшигч биш, эрх бүхий этгээдүүд бус тул сөрөг нэхэмжлэл гаргах эрхгүй болно. Мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлтэй холбоотой бус, нэмэгдүүлсэн шаардлагын үйл баримт нь нотлогдоогүй, хууль зүйн үндэслэл нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай адил буюу түүнийг хүлээн зөвшөөрсөн шинжтэй байна. Сөрөг нэхэмжлэлүүдийн дэлгэрэнгүй тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргах болно гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, Компанийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Б-ийн А.Э-, Ш.Н- нарт холбогдуулан гаргасан “Н Т” ХХК-ийн цорын ганц хувьцаа эзэмшигч нь А.Б- болохыг тогтоолгож, эрхээ хүлээн зөвшөөрүүлэх, “Н Т” ХХК-ийн үүсгэн байгуулагч нь А.Б- болохыг тогтоолгож, Ш.Н-, А.Э- нарыг компаний бүртгэлээс хасч гэрчилгээнд өөрчлөлт оруулахыг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч Ш.Н-ын А.Б-өд холбогдуулан гаргасан “Н Т” ХХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигч нь Ш.Н- болохыг тогтоож, Ш.Н-ын эрхийг хүлээн зөвшөөрүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Компанийн тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Н, А.Э- нарын А.Б-өд холбогдуулан гаргасан “Н Т” ХХК-ийг өөрийн хөрөнгөгүй болсныг тогтоолгож, А.Б-өөс 10 000 000 төгрөгийг гаргуулж “Н Т” ХХК-ийн дансанд байршуулахыг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батдорж, Р.Мэндсайхан нар давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүх Монгол Улсын "Компанийн тухай" хуулийн зохицуулалтуудыг буруу ойлгон тайлбарлаж, иргэний эрх зүйн зохицуулалтыг зөрөөтэй тайлбарлан шийдвэрлэсэн. Талуудын хооронд үүссэн болон А.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой зөрчигдсөн өмчлөх эрхээ хамгаалуулахаар гаргасан шаардлагыг анхан шатны шүүх: "Бусдын хүсэл зоригоос хамааралтайгаар хувьцаа эзэмших эрх, тухайн эрхээр тодорхойлогдох өмчлөх эрх үүсэх үндэслэл нь иргэний эрх зүйн харилцааны хувьд эрх үүсгэх зорилготой үүргийн харилцаа байна" гэж дүгнэсэн. Компанийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар “Н Т” ХХК-ийн хувьцааг зөвхөн хаалттай захиалгаар гаргасан, хариуцагч Ш.Н-, А.Э- нар захиалгаа өгч, хувьцаа авахаар шийдвэрлэсэн боловч хувьцааны төлбөрөө А.Б-өөр төлүүлсэн үйл баримт шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, нотлох баримтаар тогтоогдсон, хувьцааны төлбөрийг А.Б-өд эргүүлэн төлөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Энэ байгууллагын үйл ажиллагааны баримтлах гол баримт бичиг нь тухайн компанийн "Дүрэм" байна. Иргэний болон компанийн хуулийн энэхүү зохицуулалтаас дүгнэвэл, хязгаарлагдмал хариуцагчлагатай компанийн хувьд компанийн дүрэм нь хуулийн адил хүчин чадалтай баримт бичиг болно. Компанийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар "Компанийн дүрэм нь түүнийг үүсгэн байгуулах үндсэн баримт бичиг мөн" гэж тодорхойлсон. Дүрэм нь эрх зүйн баримт бичгийн хувьд заавал биелэгдэх шинжтэй, компанийн нэр, бүтэц, зохион байгуулалт, хөрөнгө санхүү, хувьцаа эзэмшигчдийн эзэмших хувь хэмжээ, удирдлага, зохион байгуулалтыг илэрхийлж байгаа учраас нэгэнт хаалттай захиалгын үндсэн дээр хувьцаа авахаар өөрөө шийдвэрлэсэн, хувьцааны төлбөрөө дараа төлөхөөр А.Б-өөр тухайн үед төлүүлсэн этгээдүүд оруулахаар тохирсон хөрөнгөө оруулаагүй учраас хувьцаа эзэмших эрх үүсээгүй.өмчлөх эрхгүй этгээдүүд гэж үзнэ.Тийм ч учраас Ш.Н-, А.Э- нар хувьцааны төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, “Н Т” ХХК-ийн "Дүрэм"-ээр хүлээсэн үүрэг, заавал биелүүлэх дүрмийн заалтыг биелүүлээгүй учраас тэдгээрт тус компанийн хувьцаа эзэмших эрх, өмчлөх эрх үүсээгүй. Компанийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч Ш.Н-, А.Э- нарын нэр дээрх хувьцааг А.Б- өмчлөх бүрэн эрхтэй гэдгийг хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлага нь хувьцааны төлбөрийг дангаараа гарган төлсөн, Ш.Н-.А.Э- нараас мөнгөө авч чадаагүй байгаа хувьцаа эзэмшигч А.Б-ийн эрхийг хамгаалах зорилготой компанийн "Дүрэм"-ээр зохицуулах бололцоотой үйл баримт юм. Хязгаарлагдмал хариуцагчлагатай компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн "Дүрэм"-ийн хүрээнд хувьцааны эзэмшил өмчлөлийн асуудлыг шийдвэрлэх бололцоотой атал анхан шатны шүүх зөвхөн гэрээний үүрэг үүссэн эсэх, гэрээний үүрэгтэй холбоотой зөрчил хариуцлагад дүгнэлт хийх боломжгүй, нотолгооны хэрэгслүүдийг үнэлэх боломжгүй байна гэж үзсэн нь Компанийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг буруу ойлгож, дүрмээр зохицуулагдах харилцааг гэрээний үүргийн харилцаа дүгнэгдээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй дүгнэлт болсон. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-д хуульчилсан "Эрхийг хүлээн зөвшөөрөх" эрх зүйн хамгаалалтын аргын гол шаардлага нь өөрийгөө энэхүү субъектив эрхтэй гэдгээ нэхэмжлэгч нотлоход хангалттай ба шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бүхий л нотлох баримтаар нэхэмжлэгч А.Б- “Н Т” ХХК-ийн энгийн хувьцааг өмчлөх эрхтэй гэдгээ, хувьцааны бүх төлбөрийг А.Б- хувийн мөнгөн хөрөнгөөрөө төлсөн гэдгийг, уг компанийг үүсгэн байгуулж бүртгүүлсэн, төсөл арга хэмжээ.бэлтгэл ажлыг зохион байгуулсан, хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтад оролцож.ялсан, компанийн үйл ажиллагааг эрхлэх хүсэл зоригтой байсан гэдэг үйл баримтууд нь бичгийн нотлох баримтууд болон гэрч Ч.Т, н.Г нарын мэдүүлгүүдээр бүрэн нотлогдсон. Ш.Н-, А.Э- нар “Н Т” ХХК-ийг үүсгэн байгуулж, хувьцааг эзэмшигч ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших, ашиглах хүсэл зоригтой байгаагүй, зөвхөн У.Барсболд гэгчийн өгсөн чиглэлийн дагуу компани байгуулахад “Н Т” ХХК-ийн "Дүрэм"-д нэрээ оруулсан гэдэг нь тэдний тайлбар, гэрч нарын мэдүүлгээр нотлогдсон. Харин “Н Т” ХХК-ийн эзэн А.Б-ийн хөдөлмөр зүтгэлээр олж авсан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Ш.Н-, А.Э- нарын шууд оролцоотойгоор бусдад дур мэдэн хууль бусаар шилжүүлсэн үйлдэл, үйл баримт тогтоогдсоныг анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний эрх зүйн хэлцэл, гэрээ хийгдээгүй гэж эсрэгээр нь дүгнэсэн нь үндэслэлгүй дүгнэлт болсон. "Найн Т"ХХК-ийн хувьцаа эзэмшигч А.Б-ийн оруулсан хөрөнгийн тухайд шүүх компанийн хувьцаа эзэмшигчдийн хувь нийлүүлсэн хөрөнгө нь 10 000 000 төгрөг гэдгийг үзэх үндэслэлгүй гэж дүгнэхдээ “Н Т” ХХК-ийн "Дүрэм"-ийг анхааран үзсэнгүй. Тус компанийн "Дүрэм"-д гаргах хувьцааны хэмжээ, хувьцаа эзэмшихээр шийдвэрлэсэн хувьцаа эзэмшигчдийн эзэмших хувь хэмжээ, нийт 10 000 000 төгрөгийн хэмжээтэй гэдгийг тогтоосон. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.5 дугаар зүйлд заасны дагуу Монгол Улсын Хуулийн этгээдийн бүртгэлд “Н Т” ХХК бүртгүүлсэн нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, хувьцаа эзэмшигч нар компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийг 10 000 000 төгрөгөөр тогтоож, эхлэлтийн тайлан балансыг үйлдэж, улсын бүртгэлд зохих журмын дагуу бүртгүүлсэн, компанийн иргэний эрх зүйн чадвар хуулийн дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс үүссэнийг үгүйсгэсэн. Харин анхан шатны шүүх энэхүү 10 000 000 төгрөгөөр л компанийн үйл ажиллагааг явуулах ёстой мэтээр буруу ойлгон, тайлбарлаж, хуулийн этгээдийн зорилго, зорилт, нягтлан бодох бүртгэлийн суурь зарчмыг буруу тайлбарласан. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Улсын Дээд Шүүхийн 2006 оны "Шүүхийн шийдвэрийн тухай" тогтоолын 3.2.1-д заасныг зөрчиж, хэрэг маргаанд хамааралгүй зүйлийг шүүхийн шийдвэрийн үндэслэлд оруулан бичиж.алдаатай шийдвэр гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд шүүгч шүүх хуралдааныг 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 13 цаг 30 минутад товлосон атлаа 14 цаг 20 минутад шүүх хуралдааны танхимд орж ирсэн. Шүүгч "бие өвдсөн учраас дусал тариа хийлгэсэн" гэж тайлбарласан. Гэтэл шүүх хуралдааны явцад нотлох баримт шинжлэн судлах үед 18 цаг 10 минут гэнэт шүүх хуралдааныг хааж, 14-ний өдрийн 08 цаг 30 минут хурлыг хийхээр хойшлуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд хуульчилсан шүүх хуралдааныг тасралтгүй хийж шийдвэрлэх үндсэн зарчмыг зөрчсөн. Энэ үед шүүгчийн биеийн эрүүл мэндийн байдал энгийн ажиглалтын төвшинд хэвийн байдалтай, бие нь хямарсан эсхүл өвдсөн ямар нэгэн шинж байдал ажиглагдаагүй байхад шуүх хуралдааныг гэнэт завсарлуулж, хойшлуулсан явдал нь шүүхэд эргэлзэх байдлыг төрүүлж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарч болзошгүй гэнэтийн яаралтай хойшлуулж болохгүй нөхцөл байдлыг сайн ойлгож байгаа боловч энэхүү шүүх хуралдааныг хойшлуулсан үйл баримт нь аргагүй байдалд хийгдсэн үйлдэл биш гэж үзэж байгаа тул энэ нь шүүх хуралдаанаар хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчсөн, магадгүй шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх гэсэн эргэлзээ тээнэгэлзээг төрүүлж байна. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт зохих журмын дагуу хандаж, эрх бүхий этгээдийн зөвшөөрлийн дагуу 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр, 14-ний өдрийн шүүх хуралдааны видео бичлэгийг хуулбарлуулан авч, 2 ширхэг флаш дискэнд буулгасныг холбогдох баримт бичгийн хамт гаргаж байгаа ба энэхүү бичлэгийн он сар өдөртэй хэсгийг шүүх хуралдаанд шинжлэн судлуулах хүсэлтэй. Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 00183 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ш.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д- давж заалдах гомдолдоо:

            ... Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 14-ний өдрийн 181/ШШ2019/00183 дугаар шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэгт авагдсан баримтаар “Н Т” ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгө буюу хувьцааны үнэ болох 10,000,000 төгрөгийг 2015.05.22-ны өдөр Капитал банкин дахь “Н Т” ХХК-ийн төгрөгийн 2200000100 дугаартай дансанд байршуулсан бөгөөд 3 өдрийн дараа буюу 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр А.Б- нь уг дансанд 10 000 төгрөгийн орлого хийн 10 000 000 төгрөгийг дур мэдэн буцаан авсан болох нь тогтоогддог. 1 дүгээр хавтаст хэргийн 109-110 хуудсанд авагдсан нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг өгсөн байхад үнэлэх боломжгүй баримтыг шүүх үнэлсэн. Мөн компанид ийм компьютер хэрэглэгдээгүй, хэрэгцээ шаардлага ч байгаагүй тухай тайлбараа гаргасан. Шүүхийн үнэлсэн баримтыг үзвэл н.Х гэгчээс төлсөн төлбөрийн баримт, интернетээс хуулбарлан авсан гадаадын цахим худалдааны сайт болох амазон цэг ком-ын 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн танилцуулга байдаг ба энэ үед “Н Т” ХХК-ийн данснаас 10 000 000 төгрөгийн зарлага гараад даруй 3 жил болсон байсан. Ийм бодит байдлаас зөрүүтэй баримт гэж тайлбарласаар байтал шүүх эргэлзээтэй баримтад үндэслэн дүгнэлт хийлээ. А.Б- болон шүүхийн дүгнэлтийг үгүйсгэсэн баримт бол хэргийн 1 дүгээр хх-145-149 хуудсанд авагдсан компанийн 2015 оны 4 дүгээр улирлын санхүүгийн тайлан юм. Энэ үед А.Б- өөрөө тайлан гаргаж байсан бөгөөд түүний бичсэнээр мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгө, хөрөнгийн үлдэгдэл, өмч, эздийн өмч болон эргэлтийн хөрөнгийн дүн 10 000 000 төгрөг, бусад санхүүгийн хөрөнгө, бараа материал, бусад эргэлтийн хөрөнгө зэргийг байхгүй, санхүүгийн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээний дүн 45 300 төгрөг, бүх цэвэр мөнгөн гүйлгээ 178 300 төгрөг гэж тусгасан байдаг. Үүгээр хувьцаа эзэмшигч Ш.Н-ын оруулсан 10 000 000 төгрөгийг компанийн дансанд байгаа, ямар нэг худалдан авалт хийгээгүй гэж тайлагнасан байгааг шүүх үнэлж үзсэнгүй. Иймд данснаас гүйлгээ хийх эрхээ ашиглан компанийн 10 000 000 төгрөгийг авсан болохоо хувьцаа эзэмшигчдээс нуусан, тайланд буруу мэдээ бичиж тайлагнаж байсан нь нотлогдож байх тул “Н Т” ХХК-ийг өөрийн хөрөнгөгүй болсныг тогтоож, А.Б-өөс 10 000 000 төгрөгийг гаргуулж компанийн дансанд байршуулахыг даалгаж өгнө үү. А.Б-ийн зүгээс 10 000 000 төгрөгийг гаргасан гэх тайлбарт болон Ш.Н- уг мөнгийг гаргасан нөхцөл байдалд буюу талууд өөр өөрийн тайлбарыг гаргаж маргасан боловч шүүх дүгнэлт хийгээгүй байна. Ш.Н- нь 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр “Н Т” ХХК-ийн бусад хувьцаа эзэмшигчдэд эрх үүсээгүй, өөрийгөө цорын ганц хувьцаа эзэмшигч болохыг тогтоолгохыг хүсэж шүүхэд нэхэмжлэл гарган шударга бусаар миний хөрөнгийг булааж эзэмшихийг санаархаж байгаад гомдолтой байна гээд бодит байдлынхаа үйл баримтыг нотолсон баримтаа шүүхэд гаргасан. Дээрх тайлбараас үзвэл Ш.Н- нь “Н Т” ХХК-ийн өөрийн хөрөнгө буюу энгийн хувьцааны үнэ 10 000 000 төгрөгийг бүгдийг хувиасаа гаргахдаа энэ 10 000 000 төгрөг нь компанийн дансанд байнга байна гэж ойлгосон, мөн бусад хувьцаа эзэмшигчдийн өмнөөс хувьцааны үнийг гаргаснаараа бодит байдалд А.Б-өд 35 хувийг эзэмших эрхийг үнэ төлбөргүйгээр өгсөн байна. Гэтэл А.Б- нь Ш.Н-, А.Э- нарын итгэлийг эвдэн, эзэмшдэг хувьцааг нь өөрийн болгохоор санаархаж, бодит байдлыг мушгин гуйвуулж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаад гомдолтой байгаа учраас Ш.Н- нь Компанийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, 12.6, 12.7 дахь хэсэгт заасны дагуу компанийг үүсгэн байгуулахтай холбогдсон зардлыг төлсөн этгээд нь бусад үүсгэн байгуулагч түүний эзэмшиж байгаа болон эзэмшихээр захиалсан хувьцааны тоотой нь хувь тэнцүүлэн уг зардлыг нэхэмжлэн авах, эсхүл гаргасан зардлынхаа хэмжээнд хувьцаа эзэмших эрхтэй гэж заасныг үндэслэн сөрөг нэхэмжлэлийг гаргасан болно. Талууд нотлох баримтаар тодруулбал Ш.Н- өөрт нь 10 000 000 төгрөгийг өгсөн хүний тайлбар, эх үүсвэр болох дансны хуулгыг, А.Б- Капитал банкнаас хоорондоо зөрүүтэй ойлгогдох тодорхойлолтуудыг тус тус шүүхэд ирүүлсэн. А.Б- хадгаламжийн данснаасаа зарлагдсан, шилжүүлсэн гэж тайлбарладаг боловч хадгаламжийн дэвтрийн хуулга, дансны хуулгыг шүүхэд гаргаж өгөхөөс удаа дараа татгалзаж байсан, гаргаж өгөхгүй байхад шүүх банкны тодорхойлолтыг нотлох баримт гэж үзсэн, шүүх банкнаас ирүүлсэн утга, үйлдэл өөр бүхий тодорхойлолтуудыг адил хэмжээнд үнэлсэн зэрэг байдлаас үзвэл шүүх талуудын нотлох баримтуудыг үндэслэлтэй зөв үнэлж чадсангүй. Иймд нэхэмжлэгч, хариуцагч нараас нотлох баримтаар ирүүлсэн баримтуудыг харьцуулан нягтлан үзэж, А.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, “Н Т” ХХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигч нь Ш.Н- болохыг тогтоож, Ш.Н-ын эрхийг хүлээн зөвшөөрүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангаагүй байна.

 

Анхан шатны шүүх А.Б-ийн нэхэмжлэлтэй А.Э-, Ш.Н- нарт холбогдох “Н Т” ХХК-ийн цорын ганц хувьцаа эзэмшигч нь А.Б- болохыг тогтоолгож эрхээ хүлээн зөвшөөрүүлэх, “Н Т” ХХК-ийн үүсгэн байгуулагч нь А.Б- болохыг тогтоолгож, Ш.Н-, А.Э- нарыг компанийн бүртгэлээс хасч гэрчилгээнд өөрчлөлт оруулахыг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

“Н Т” ХХК-ийг өөрийн хөрөнгөгүй болсныг тогтоолгож, А.Б-өөс 10 000 000 төгрөгийг гаргуулж, “Н Т” ХХК-ийн дансанд байршуулахыг даалгуулах, “Н Т” ХХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигч нь Ш.Н- болохыг тогтоолгож, Ш.Н-ын эрхийг хүлээн зөвшөөрүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр14 цаг 20 минутад эхэлж хянан хэлэлцэж байгаад 17 цаг 50 минутад түр завсарлаж, шүүх хуралдааныг 2018 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 08 цаг 50 минутад үргэлжлүүлэн хэлэлцэж мөн өдрийн 12 цаг 45 минутад хаасан байна. /хэргийн 2 дугаар хавтас 164, 192 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Бүх шатны шүүхийн шүүх хуралдааныг өдрийн цагаар, амрах зайлшгүй шаардлагатайгаас бусад цагт тасралтгүй явуулна” гэж заасан хуулийн зарчим зөрчигдсөн байна.

 

Шүүхийн шийдвэр 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрөөр шүүх хуралдааны тэмдэглэл 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөр огноологдсон байна.

 

            Мөн шүүх хуралдааны товыг зохигчдод 2019 оны 1 дүгээр сарын 3-ны мэдэгдсэний дараа хэргийн 2 дугаар хавтас 153-162 дугаар талд авагдсан нотлох баримтууд ирсэн байх бөгөөд уг баримтыг хэргийн оролцогчдод танилцуулсан эсэх нь тодорхойгүй байна.

 

            Хуульд зааснаар шүүгч нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгөх үүргийг хүлээсэн бөгөөд зохигч, гуравдагч этгээд , тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид эрх үүргийг тайлбарлаж өгсөн тухай баримтад шүүгч гарын үсэг зураагүй байгаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д заасан заалтыг хэрэгжүүлсэн гэж үзэхэд эргэлзээтэй болсон байна. /хэргийн 1 дүгээр хавтас 32-35 дугаар тал/

 

Түүнчлэн хариуцагчид нэхэмжлэл гардуулсан баримтад шүүгч гарын үсэг зураагүй, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн баримтад шүүгчийн туслах гарын үсэг зураагүй, хэргийн оролцогчдод хэрэг танилцуулсан баримтуудад огноо бичигдээгүй зөрчлүүд байна.

/хэргийн 1 дүгээр хавтас 32-33, 136, 137, 152, хэргийн 2 дугаар хавтас 21, 85, 113, 130, 163 дугаар тал/

           

            Иймд анхан шатны шүүх хэргийн болон оролцогчдын хуулиар олгогдсон зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2019/00183 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч А.Б-өөс төлсөн 140 400 төгрөг, хариуцагч Ш.Н-аас төлсөн 245 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.                        

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                       ШҮҮГЧИД                        Ч.ЦЭНД

 

Ц.ИЧИНХОРЛОО