2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/369

 

 

 

 

 

 

 

 

 

    2025            02           04                                        2025/ШЦТ/369

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Энхзул,

улсын яллагч Б.Энхбаяр /томилолтоор/, шүүгдэгч А.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Уд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408 02097 1624 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ** оны *** дугаар сарын ***-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ***, эцэг эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо Толгойтын *** дугаар гудамжны **/** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

У овогт ** А.У /РД:**/,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч А.У нь Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр насанд хүрээгүй иргэн У.С нүүрэн тус газарт гараараа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1297 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч А.У.

            1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргах зүйлгүй гэсэн байр суурьтай оролцсон болно.

            2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэг, гэм буруугийн дүгнэлтээс дүгнэн үзэхэд А.У нь Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр насанд хүрээгүй иргэн У.С нүүрэн тус газарт гараараа цохиж, түүний биед хамар ясны баруун хажуу хана цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

            Энэ нь насанд хүрээгүй хохирогч У.С “...манай сургуулийн 9 дүгээр ангид сурдаг нэг охин найз залуутайгаа хүрч ирээд намайг найз залуу нь гудамж руу дуудаад байхаар нь очсон чинь асаагуур бариад чиний үсийг шатаана гэж хэлээд чи алив наашир гээд үсдээд чи одоо ямар том юм бэ гэж хэлээд миний нүүрэн тус газарт гараараа нэлээн хэдэн удаа цохисон. Дараа нь 3-аас 4 эрэгтэй найзууд нь ирээд миний бөгс орчим газарт хөлөөрөө хөшиглөөд амбаардаад байсан. Миний нүүр рүү цохиод байсан эрэгтэй үргэлжлүүлээд миний хамар руу мөргөөд, хамраас цус садраад доошоо тонгойгоод суусан. Намайг зодсон хүмүүс ертөнцийн зүгээр зүүн тийшээ явсан. Баруун зүгээс манай ангийн хэдэн хүүхдүүд ирээд намайг хоёр талаас сугадаад авч явсан. Намайг зодсон хүн болон түүнтэй хамт явж байсан хүмүүсийг би танихгүй, өмнө нь харж байгаагүй. Намайг зодсон эрэгтэй хар өнгийн богино үстэй, бөөрөнхий шар царайтай, махлагдуу биетэй, 170 см орчим өндөртэй, хар өнгийн футволктой, хар өнгийн өмдтэй, аль нэг гарынхаа шуун дээрээ шивээстэй байсан. Хамт явж байсан эмэгтэй нь хар, цагаан хосолсон өнгийн яактай, хар өнгийн өмдтэй байсан. Бусад найзууд нь ихэвчлэн хар өнгийн хувцастай байсан...” гэсэн мэдүүлэг /хх11/,

            Насанд хүрээгүй хохирогчийн дахин мэдүүлсэн “...Тухайн үед А.Угоос өөр хүн миний биед халдаж, зодож цохисон зүйл байхгүй. А.У нь намайг доошоо дарж байгаад миний бөгс хэсэг рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Би харин өмнөх мэдүүлэгтээ тухайн болсон асуудлыг сайн санахгүй буруу хойноос өшиглөхөөр нь өөр хүн өшиглөсөн байх гэж бодоод зөрүүтэй мэдүүлэг өгсөн юм шиг байна. Би сэтгэл санааны хохирлыг хүснэгтээр тогтоолгохыг зөвшөөрч байна. Сэтгэцэд учирсан хохиролд шинжээчийн дүгнэлт гаргуулахгүй. Миний хамрын эмчилгээ 500.000 төгрөг болсон. Би А.Угоос эмчилгээний зардал болон эм тариа авсан зардал болох 2.000.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ. /хх40-41/,

насанд хүрээгүй гэрч Ч.Т-ын “...тэр залуу У.Сг зодох гээд байхаар нь би ангийнхаа банди нарыг дагуулаад буцаад У.Сг дагуулж орсон гудамж руу орсон. Тэгээд бид хэдийг очсон чинь У.Сг дагуулж гудам руу орсон залуу У.Сг зодоод хамрыг нь хугалчихсан байдалтай, хамраас нь их цус гарсан байсан ба тэгээд бид нар У.Сг тэр залуугаас салгаад аваад явсан. Бид нарыг очиход тэр залуугийн гурван найз нь У.Сг зодсон шинжгүй зүгээр л хараад зогсож байсан ба тэр залуу л У.Сг зодсон байдалтай “ална шүү, битгий давраад байгаарай” гэх мэт яриа өгүүлэлтэй, гараа атгасан байдалтай зогсож байсан. Тэгээд дараагийн өдрүүдэд нь У.Сг зодсон залууг хэн гэдгийг мэдэх гээд хүүхдүүдээс асуухад тэр залууг Хорвоо гэдэг, 20 гаруй настай, арван жилийн сургуулиа төгсчихсөн залуу гэж сонссон. ...тэр залуугийн өмсөж явсан хувцсыг санахгүй байна. Харин хоёр гарын шуун дээрээ шивээстэй байсан” гэсэн мэдүүлэг /хх27-28/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх5/, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсныг тогтоосон шинжээчийн 7354 дугаар дүгнэлт /хх14-15/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдож байна.

            3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 7354 дугаар шинжилгээгээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэсэн дүгнэлтэд “У.С биед хамар ясны баруун хажуу хана цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй.” гэжээ. /хх14-15/,

4. Хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийг толгойгоороо мөргөж, цохиж, зодсон үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч А.Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар үйлийн 1, 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас  хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө... зэрэгт шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох,  гэмт хэрэг үйлдэж  хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор  уршигт тооцохоор, шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно гэж заасан.

Мөн Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй”, мөн зүйлийн 505.2 дахь хэсэгт “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж заасан.

7. Хохирогч нь эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой баримтыг гаргаж нэхэмжлэл гаргаагүй тул шүүх хохирлыг шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэн цаашид нэхэмжлэх эрхийг нээлтэй үлдээв.

Мөн Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж заасан. 

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтад Шинжилгээний байгууллага нь “Эрүүгийн хуулийн ...Арван нэгдүгээр бүлэг/Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг/,... гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана” гэж заасан.

Тус хэрэгт сэтгэл санааны хохиролд шинжээчийн дүгнэлт гаргуулахаас татгалзаж, шинжилгээний байгууллагын шинжээчээр дүгнэлт гаргуулаагүй байх тул сэтгэцэд учирсан хор уршгийг хүснэгтээр зэрэглэл тогтоосноор шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна. Улмаар хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршгийг иргэний хэргийн шүүхийн журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

8. Улсын яллагчаас шүүгдэгч А.Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжээр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан бол, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээж байна гэжээ.

9. Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар ял оногдуулахад эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцон, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь “тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан ба шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайг харгалзан үзлээ.

11. Шүүгдэгчийн үйлдэлд 450 нэгжээс 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1 сараас 3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заасан.

12. Иймд шүүгдэгч А.Угийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлын хувьд хөдөлмөр эрхэлдэг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэн үзэх нөхцөлтэйг харгалзан торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

13. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Уг 700 нэгж буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, мөн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг Иргэний хэргийн шүүхийн журмаар буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР