| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 123 |
| Дугаар | 2025/ШЦТ/374 |
| Огноо | 2025-02-04 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 2025/ШЦТ/374
2025 02 04 2025/ШЦТ/374
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ганбаатар,
улсын яллагч Э.Ууганзаяа, хохирогч Д.Н, шүүгдэгч Б.Г, О.Ж, Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, *** оны *** дүгээр сарын ***-ний өдөр *** аймгийн *** суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “*** ** ***” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл **, эхнэр *** хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, **-** тоотод оршин суух, урьд:
- Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 305 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ял,
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 458 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан,
Б овогт Б.Г /РД:************/;
2. Монгол Улсын иргэн, *** оны *** дүгээр сарын ****-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, одоо “*** *** ***” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл ***, эхнэр, *** хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн *** дүгээр хороо, *** байрны **** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
З овогт ** О.Ж /РД:*****/;
3. Монгол Улсын иргэн, *** оны **** дүгээр сарын ***-ны өдөр *** аймгийн Сухбаатар суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, машинист мэргэжилтэй, одоо ** ** *** замд туслах машинист ажилтай, ам бүл ***, аав, ээж, ахын хамт Чингэлтэй дүүргийн *** дүгээр хороо, ** ***-*** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Т овогт *** Б.Б /РД:****/;
Холбогдсон гэмт хэргийн талаар:
2024 оны 7 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэр Орбитын **** тоот хашаанд: шүүгдэгч О.Ж согтуугаар хохирогч Б.Б үл ялих зүйлээр маргалдан цээж, толгойн тус газарт олон удаа цохиж зодсон эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Б.Б нь “төрсөн ахыг минь зодлоо” гэх шалтгаанаар О.Ж, О.Гэтэлт-Од нартай маргалдан зодолдож тэдний эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол учруулан 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Б.Г согтуугаар хүүхдээ өмөөрөн маргаанд оролцсон хохирогч Д.Нг архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Б.Г, Б.Б, О.Ж.
1. Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Г, Б.Б, О.Ж нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлж эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болохыг дурдаж байна.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзээд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч нарыг дараах үндэслэлээр гэм буруутай гэж дүгнэв.
3. Хэргийн үйл баримтыг авч үзвэл: 2024 оны 7 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэр Орбитын ***-*** тоот хашаанд Б.Бтх, Б.Г, О.Ж нар хамдаа архидан согтуурсан.
Ийнхүү согтуурсан үедээ шүүгдэгч О.Ж нь хохирогч Б.Бтхтэй үл ялих зүйлээр маргалдан цээж, толгойн тус газарт олон удаа цохиж зодон эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан. Хохирогч Б.Бтхийн эх Д.Н, түүний төрсөн дүү Б.Б нар Б.Бтхийг очиж авах үедээ Б.Г, О.Ж нартай маргалдан, улмаар шүүгдэгч Б.Б нь “төрсөн ахыг минь зодлоо” гэх шалтгаанаар О.Ж, О.Гэтэлт-Од нартай зодолдож тэдний эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол учруулан 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б.Г нь хүүхдээ өмөөрөн маргаанд оролцсон хохирогч Д.Нг архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тус тус тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Д.Нн “...Би 2024 оны 7 дугаар сарын 03-ны орой өөрийн том хүү Б.Бтх гэртээ ирээгүй байхаар нь гэртээ ирчих байх гэж бодоод унтаж байсан чинь 2024 оны 7 дугаар сарын 04-ний шөнө 02 цагийн үед Б.Бтх согтуу залгаад ..удахгүй очно оо” гээд ярьсан чинь цаанаас нь өөр нэг согтуу залуу ..хэнтэй яриад байгаа юм бэ, утсаа салгаач гэсэн чинь миний хүү утсаа салгасан. Тэгээд 5 цагийн үед унтаж байхад миний утас руу манай хүү Б.Бтх согтуу залгаад ээжээ та яаралтай хүрээд ир, би Толгойтын эцэс дээр байна, хүнд зодуулчихлаа гээд утсаа салгахаар нь би санаа зовоод гэрт унтаж байсан бага хүү Б.Бийг сэрээгээд ..ах чинь хүнд зодуулсан гэнэ, ирээд ав гэж байна, хоёулаа явъя гэсэн чинь манай хүү босоод ирэхээр нь ...машиныг Б.Бөөр бариулаад Толгойтын эцэс дээр очиход манай хүү Б.Бтх согтуу дээгүүрээ нүцгэн хашааны гадаа нүүр нь цус болчихсон шороотой холилдчихсон сууж байхаар нь би юу болсон талаар хүүгээсээ асуусан чинь манай хүү Б.Бтх надад ..би ажлын газрын хамт автобусанд жолооч хийдэг О.Ж, Б.Г нарын хамт амралтыг нь тэмдэглээд хашаан дотор нь архи уусан чинь намайг зодчихлоо гэхээр нь би ямар хүмүүс хаана байгаа талаар асуугаад зааж өгсөн хашаанд нь хүүгийнхээ өмсөж байсан хувцсыг авахаар бага хүү Б.Бийн хамтаар орсон чинь хашаан дотор гадаа модон ширээний хажууд О.Ж, Б.Г гэдэг хоёр залуу шал согтуу 1 шил 0,75-тай Хараа архи, том пиво тавьчихсан сууж байхаар нь би пивыг нь авч асгаад ..та нар яагаад нэг найзыгаа зодож байгаа юм бэ гэсэн чинь миний хажуугаар бага хүү Б.Б гүйж орж ирээд О.Ж нь шууд архины шил бариад ширээний хажуугаас босоод ирэхээр нь манай хүү барилцаад авсан чинь шил нь газар уначихсан чинь манай хүү тэр залууг нүүр рүү нь мөргөөд тэгээд тэр хоёрыг ноцолдож байхад Б.Г нь газраас архины шилийг аваад миний хүүгийн араас ирэхээр нь би цохих гэж байна гээд дундуур нь орсон чинь архины шилээрээ миний цээжин дээр цохисон чинь Б.Б тэр Б.Гыг нүүрэнд нь хэд хэд цохиод зууралдаад байхаар нь би хоёр хүүхдээ аваад яваад өгсөн юм. ...би өөрт учирсан гэмтэлтэй холбоотойгоор өөрийн хүүгийн найз нарт ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би томографикийн эмчилгээний 150,000 төгрөг нэхэмжилж байна. Би сэтгэцийн хор уршгаа тогтоолгохгүй...” гэсэн мэдүүлэг /хх11-14/,
Хохирогч Б.Бтхийн “...бид 3 хамтдаа гадаа хашаан дотор нь ууж эхэлсэн. Тэгтэл бид 3 нэлээн согтоод архи дуусах үед би О.Жтой юунаас болсныг нь мэдэхгүй муудалцаад зууралдаж байсан бөгөөд нэг сэрсэн чинь би хашаан дотор газар хэвтэж байсан. Тэгээд би сэрээд энэ хоёр намайг нийлж байгаад зодчихлоо гэж бодоод хашаанаас нь зугтааж гараад байрнуудын хажууд зогсож байгаад ... ээжийнхээ 95101888 дугаар руу залгаад “намайг Толгойтоос ирээд аваач, би хүнд зодуулчихлаа” гэсэн чинь удалгүй манай ээж манай дүү Б.Бийг дагуулж ирээд “чиний хувцас чинь хаана байгаа юм бэ, хэнд зодуулсан юм бэ” гэхээр нь би Б.Гын гэрийг ээж болон дүү хоёртоо зааж өгөөд энд миний хувцас байгаа гээд оруулсан чинь манай дүү Б.Б хашаан дотор нь гүйж ороод О.Жийн үүдэн шүдийг хуга мөргөөд, Б.Гыг зодчихоод гарч ирсэн бөгөөд ээж Б.Бийг тэр хүмүүсээс салгах гээд орсон чинь ээж цээжиндээ цохиулчихлаа гээд гараад ирэхээр нь бид 3 хамтдаа гэртээ харьсан юм. ..тэр үед бид гурав гурвуулаа согтуу байсан бөгөөд би тэр үед О.Жтой ажлынхаа болон автобусны талаар ярьж байсан бөгөөд түүнээсээ болоод маргалдсан байсан. Тэр үед О.Жтой л маргалдсан болохоор миний биед учирсан гэмтлүүдийг О.Жоос өөр хүн надад учруулаагүй. ..Надад нэхэмжлэх зүйл байхгүй, би сэтгэцэд учирсан хор уршгаа тогтоолгохгүй..” гэсэн мэдүүлэг /хх23-27/,
О.Жийн хохирогчоор мэдүүлсэн “...бид 3 хоол идчихээд хашаан дотор нь ширээ тавиад архи, пиво хувааж уусан. 04 цагийн үед Б.Бтх согтчихоод ажлын талаар яриад над руу уурлаад орилоод байхаар нь би бас уурлаад бид 2 харилцан зууралдаж байгаад би Б.Бтхийн нүүр рүү 2-3 удаа алгадсан. Тэгсэн Б.Г бид 2-ыг салгасан чинь Б.Бтх та 2 намайг нийлж зодлоо гээд гүйгээд гараад явахаар нь үлдсэн пиво уугаад сууж байхад ...Б.Бтх нэг настай эмэгтэй болон өөр нэг залуу дагуулаад орж ирсэн чинь хамт орж ирсэн залуу нь бид хоёр руу дайраад шууд барьцалдаад, ... тэр залуу миний шүд рүү мөргөөд цус гарсан. Ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх19-20/,
Б.Гын хохирогчоор мэдүүлсэн “...эхлээд О.Ж Б.Бтхтэй маргалдаад нүүр, шанаанд нь 4-5 удаа цохисон бөгөөд Б.Бтх зууралдаж байгаад О.Жийн шанаа руу 2-3 удаа цохисон. Тэгээд намайг салгасан чинь гүйж яваад эргээд орж ирэхдээ ээж болон нэг залуугийн хамт орж ирээд тэр залуу О.Жтой зууралдаж байгаад шүд рүү нь мөргөсөн, тэгээд намайг газарт хавсарч унагаад дээрээс хөлөөрөө өшиглөж байгаад гараад явсан...нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх32-33/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024.07.18-ны өдрийн 9038 дугаар шинжээчийн “...Д.Нн биед зүүн 4, 5-р хавирганы зөрүүгүй хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн цохих үйлдлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хх42-43/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024.07.18-ны өдрийн 9036 дугаар шинжээчийн “...Б.Бтхийн биед зүүн 10, 11-р хавирганы хугарал, хүзүү, нуруу, цээжинд зулгаралт, уруул, зүүн мөрөнд шарх, нуруу, баруун тавхайн цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хх70-71/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024.07.18-ны өдрийн 8987 дугаар шинжээчийн “...О.Жийн биед уруулд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, буйлны цус хуралт, баруун дээд 1-р шүдний сулрал, зүүн бугуй, хоёр өвдөгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хх51-52/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024.07.18-ны өдрийн 9079 дугаар шинжээчийн “...Б.Гын биед тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, хэвлийн зүүн хажуу хэсэг, 2 өвдөгт цус хуралт, баруун хацар, хүзүү, хэвлий, баруун өвдөг, зүүн шилбэнд зулгаралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хх60-61/, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын гаргасан мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
4. Дээрхээс шүүгдэгч О.Ж нь хохирогч Б.Бтхийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б.Г нь хохирогч Д.Нн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б.Б нь О.Ж, Б.Г нарын эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол санаатай учруулсан буюу гэм буруутай үйлдэл, хохирол, хор уршгийн хооронд шалтгаан холбоо бүрэн тогтоогдсон, талууд үйл баримттай холбоотой мараагүй болно.
5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч О.Ж, Б.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
6. Хохирогч, шүүгдэгч нар нь нэг нэгнээсээ нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
7. Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бөд 900 нэгжээр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Год 1300 нэгжээр торгох ял, мөн зүйл хэсэгт зааснаар шүүгдэгч О.Жид 800 нэгжээр торгох ял тус тус оногдуулах дүгнэлт гаргасан.
8. Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч Б.Г нь урьд санаатай гэмт хэрэг үйлдэж байсан тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй, харин шүүгдэгч О.Ж, Б.Б нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцож, шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь “тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан ба шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайг харгалзан үзлээ.
10. Шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээсэн, хувийн байдлын хувьд хөдөлмөр эрхэлдэг, хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй байдлыг харгалзан торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв. Улмаар гэмт хэрэг гарсан шалтгаан, хүний эрүүл мэндэд учруулсан хохирлын шинж байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бөд 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, О.Ж нарт тус тус 1,000 нэгж буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
11. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.1. Шүүгдэгч *** О.Ж, *** Б.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
1.2. Шүүгдэгч ** Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ж, Б.Г нар тус тус 1000 нэгж буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял,
2.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 600 нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүгдэгч нар 3 сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР