| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 123 |
| Дугаар | 2025/ШЦТ/377 |
| Огноо | 2025-02-04 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Лхагвасүрэн |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 2025/ШЦТ/377
2025 02 04 2025/ШЦТ/377
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Энхзул,
улсын яллагч Г.Лхагвасүрэн, шүүгдэгч Т.Д, түүний өмгөөлөгч Б.Гомбодорж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Дд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405 04112 1821 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны *** дугаар сарын ****-ны өдөр *** аймгийн *** *** суманд төрсөн, *** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоёл чимэглэлч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ***, **** хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн **** дугаар хороо, *** **-*** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
С овогт * Т.Д /РД:**/,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Д нь 2024 оны 8 дугаар сарын дундуур хохирогч Ц.Дын “Хаан” банкны виза картыг тээврийн хэрэгсэл дотроос нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч улмаар 2024 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Москвагийн гудамжинд байрлах “Хаан” банкны АТМ438 дугаартай бэлэн мөнгөний машид 3 удаа уншуулж нийт 850.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1365 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Гэм буруутайд тооцох тухай: шүүгдэгч Т.Д:
1. Шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, түүний өмгөөлөгч эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, оролцогч нарын мэдүүлэг, тайлбар, талуудын гэм буруугийн дүгнэлтийг дүгнэн үзэхэд шүүгдэгч Т.Д нь хохирогч Ц.Дын “Хаан” банкны виза картыг тээврийн хэрэгсэл дотроос нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч улмаар 2024 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, Москвагийн гудамжинд байрлах “Хаан” банкны АТМ438 дугаартай бэлэн мөнгөний машид 3 удаа уншуулж нийт 850.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Энэ нь хохирогч Ц.Дын “...би 2024 оны 8 дугаар сарын дунд үеэс хойш өөрийн эзэмшлийн “Хаан” банкны *** дугаартай холбоотой виза картаа олохгүй байсан юм. Тэгээд өчигдөр буюу 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр өөрийн гэр болох Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах СОТ 2/1 дүгээр байрны 0 тоотод байх үед миний данстай холбогдсон **** дугаараас нийт 3 удаагийн гүйлгээгээр 850.000 төгрөгийн зарлагын мэдэгдэл ирсэн ...тэгээд тухайн зарлагын гүйлгээний утга хэсэг дээр АТМ438 гэх бичиглэл байсны дагуу “Хаан” банктай холбогдож АТМ438 дугаартай бэлэн мөнгөний машины байршлыг асуутал Баянгол дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хархорин худалдааны төвд байх бэлэн мөнгөний машин байна гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх11-13/, Хохирогчоор дахин мэдүүлсэн “...миний картны нууц үгийг манай 9 настай жаахан хүүхэд мэддэг бөгөөд бас нэг мэдэх хүн нь миний эр эмийн харилцаатай уулздаг эмэгтэй болох Т.Д мэдэн. Өөр нууц үгийг мэдэх хүн огт байхгүй. Би Т.Дгээс миний картыг харсан уу гэж олон удаа асуухад мэдэхгүй гэж хариул байсан...” гэсэн мэдүүлэг /хх41/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх4/, Хаан банкны АТМ438 дугаартай бэлэн мөнгөний машинд 2024.09.22-ны өдрийн 14.20 цагаас 14:40 цаг хүртэлх хугацаанд уншуулсан картын мэдээлэл /хх19/, АТМ-ын хяналтын камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх42-43/ болон шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна.
3. Хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд халдан, эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг болно. Гэмт хэргийн улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учирчээ. Хохирогч Ц.Д шүүгдэгч Т.Д нар хамтын амьдралгүй боловч эр, эмийн харилцаатай нөхцөл байдал тогтоогдсон. Гэхдээ хохирогч өөрийн банкны картыг эзэмших, ашиглах зөвшөөрөл өгөөгүй, шүүгдэгч нууцаар авч хувийн хэрэгцээндээ захиран зарцуулсан үйл баримт тогтоогдсон.
4. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Т.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж заасан.
6. Хохирогч Т.Д хохирол бүрэн төлөгдсөн талаарх хүсэлтийг гаргажээ. /хх74/ Иймд шүүгдэгч Т.Дг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
7. Улсын яллагчаас шүүгдэгч Т.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх дүгнэлт гаргасан бол шүүгдэгчийн өмгөөлөгч нь буруугаа хүлээсэн, хохирол төлсөн, хөдөлмөр эрхэлж байгаа байдлыг харгалзан 6 сарын хугацаагаар тэнсэж өгнө үү гэжээ.
8. Хулгайлах гэмт хэрэг нь шунахайн сэдэлттэйгээр үйлдэгддэг тул тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх боломжгүй. Харин шүүгдэгч нь хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
9. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, бусдад учруулсан хохирлын хэмжээ, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан үзлээ.
10. Шүүгдэгчийн хулгайлах үйлдэлд 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорих гэсэн ялын төрлөөс сонгон оногдуулахаар хуульчилсан ба шүүгдэгчийн 51 настай, хохирол төлөгдсөн, гэм буруу дээр маргаагүй, хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байдлыг харгалзан ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.
Иймд шүүгдэгч Т.Дг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 10 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
12. Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэж байгаатай холбоотойгоор шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
13. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий дискийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
14. Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулдаг, мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэдэг болохыг шүүгдэгчид анхааруулж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дг хорих ял оногдуулахгүйгээр 10 /арав/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгчид “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий дискийг хэрэгт хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР