| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Давааноровын Сувд-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 186/2025/0005/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/05 |
| Огноо | 2024-12-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Булаг-Ундрал |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/05
2024 12 23 2025/ШЦТ/05
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган,
улсын яллагч Г.Булаг-Ундрал,
шүүгдэгч Ц.Г, түүний өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Гид холбогдох эрүүгийн “2411 01223 1672” дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар, нээлттэйгээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ц.Г
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө 03 цагийн үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Йбыө” гэх караокед үйлчлүүлж байхдаа Д.Этай шалтгаангүй маргалдаж улмаар толгой хэсэгт нь пивоны шилээр цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Ц.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 4 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө 03 цагийн үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Йбыө” гэх караокед үйлчлүүлж байхдаа Д.Этай шалтгаангүй маргалдаж улмаар толгой хэсэгт нь пивоны шилээр цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:
- Хохирогч Д.Эын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...Тэгээд шөнийн 01:00 цагийн үед гаднаас зүс мэдэх Ц.Г нь нэг эмэгтэйн хамтаар орж ирж байсан. Тэр хамтдаа явж байсан эмэгтэйнх нь найз нь бид нартай цугтаа явж байсан гэх Нямбатыг таньдаг нэг ангийнхан гэж байсан. Бид нар ч гэсэн бас Ц.Гийг мэддэг, манай Хүчит шонхор зах дээр явж наймаа арилжаа хийдэг байсан болохоор бие биеийгээ мэдээд нэг ширээн дээр хамтдаа долуулаа болоод сууцгаасан байсан. Тэгээд Ц.Г нь бүгдэд нь ямар ч байсан пиво авч өгч байсан юм, тэгээд нэг мэдсэн чинь шөнийн 02:00 цагийн үед тэр бааранд хэрүүл маргаан болж байсан. Ц.Гтой цугтаа явж байсан эмэгтэйг Нн эхнэр нь О хардаад хэрүүл маргаан үүсгэж байсан. Ц.Г нь нөгөө эмэгтэйгээ өмөөрөөд байхаар нь би ч гэсэн бас хамтдаа явж байсан нөгөө хэдийгээ өмөөрөөд сүүлдээ Ц.Г бид нар барьцалдаж аваад хэрүүл зодоон болсон. Нэг мэдсэн чинь миний толгойн дээр тас хийгээд явчихсан. Гадаа гарсан байхад миний толгойн оройн хэсгээс нэлээн ихээр цус гарч байсан. Нэг мэдсэн чинь цагдаа нар ирээд нөгөө Ц.Гийг намайг зодлоо гэх шалтгаанаар авч яваад эрүүлжүүлэх байранд хонуулсан байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 65-66 дахь тал/,
- Гэрч О.Эын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...Би өөрөө эхлээд дотор караокед байж байсан нөгөө хоёр эмэгтэйтэй нь юм яриад байж байхад Ц.Г нь Д.Этай зууралдаад гараад явсан байсан тэгээд араас нь гараад иртэл зодолдоод барьцалдаад авчихсан зогсож байсан тэгээд бид нар гарч ирээд тэр хоёрыг салгаж байсан тэгтэл Д.Э ахын толгойноос баруун дээд дух хэсгээс нь цус гараад байсан эхнэр нь Ц.Гийг цохиж аваад байсан тул би тэр хоёрыг салгаж байсан юм, тэгсэн чинь удалгүй цагдаа нар ирээд аваад явж байсан тэр шөнө угаасаа Ц.Гийг Д.Э ахыг пивоны шилээр толгой руу нь цохиж авсан гэж хүмүүс хэлээд байсан Ц.Г ч гэсэн өөрөө бас тэгж хэлж байсан юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 62-63 дахь тал/,
- Гэрч Б.Нн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...манай эхнэрийн дүү нь Болороо караокед ирсэн байсан. Тэгээд түүний араас нь шөнийн 01:00 цагийн үед миний таньдаг нутгийн эмэгтэй Эрдэнэсувд гэгч нь нэг залуугийн хамтаар ороод ирсэн. Бид нар бүгдээрээ нэг ширээнд сууцгааж байсан. Д.Э ах эхнэртэйгээ Элбэггэрэл тэгээд би эхнэрийн хамт бас эхнэрийн найз дүү Болороо нь тэр хоёртой нийлээд долуулаа нэг ширээн дээр сууцгааж байсан тэгж байгаад эхнэр намайг Сувд-Эрдэнэтэй хардаад цохиод авч байсан. Би эхнэртээ үнэн учраа хэлж байсан манай нутгийн эмэгтэй байна гэж хэлсэн. Нэг хэсэг би согтоод ухаан балартсан байсан нэг мэдсэн чинь унтаад өгсөн байсан сүүлдээ цагдаа ирсэн байсан тэгээд босоод тэр газраас гадагшаа гарсан чинь тэд нар бүгдээрээ гадаа гарчихсан байсан Д.Э ах толгойгоо барьчихсан толгойноос нь цус гараад байсан түүнийг Ц.Г гэдэг залуу Эрдэнэсувдын найз зодсон гэж хэлээд байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 72 дахь тал/,
- Гэрч С.Оийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...Ц.Г нь нөгөө хамтдаа явж байсан эмэгтэйгээ өмөөрөөд бид нартай хэрүүл маргаан хийж байсан тэгж байгаад намайг Ц.Г нь миний гэдэс рүү өшиглөөд авсан тэгээд бас Болороог үснээс нь зулгааж байгаад цохиж авсан тэгэхээр нь Д.Э ах бид нарыг өмөөрөөд нөгөө залуу болох Ц.Гтой хэрүүл зодоон болж байсан юм. Миний хувьд нөхрийгөө нөгөө эмэгтэйгээс салгаж авах гэж байсан. Тэгээд нөгөө эмэгтэйтэй нь зууралдаж байсан чинь цаана Ц.Г нь Д.Э ахыг зодсон байсан. Нэг мэдсэн чинь ахын толгойноос нь баруун духны хэсгээс цус гарч байсан. Тэгээд өглөө нь гэмтэл явж толгойгоо оёулсан байна лээ, зах дээр боолт хийлгүүлээд ирж байсан юм. би тэр яг үед нь хажууд нь байгаагүй цаад талд нь караокены үүдэнд нь байж байсан юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 74 дэх тал/,
- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн №5862 дугаартай “...Д.Эын биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байна. Дээрх гэмтэл нь Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр, хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 36-37 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байдаг. Хэргийн тухайд шүүгдэгч Ц.Г нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогчийн толгой хэсэгт нь пивоны шилээр цохиж хохирогч Д.Эын духанд шарх гэмтэл учруулсан нь хохирогчид гэмтэл учрах боломжтой гэдгийг мэдсээр байж үйлдэж буй гэм буруугийн санаатай үйлдэл бөгөөд хохирогч Д.Эын биед учирсан гэмтэл нь шүүгдэгч Ц.Гийн идэвхтэй үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ц.Гид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан шууд учирсан хохирлыг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн гаргах бөгөөд хохирогч Д.Э нь “...хэргийн материалтай уншиж танилцлаа, эмчилгээний зардалд 1,800,000 төгрөг авсан, гомдолгүй.” гэж мэдүүлсэн /хавтаст хэргийн 70, 98 дахь тал/ байх тул шүүгдэгч Ц.Гийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гид оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Гид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хавтаст хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт үлдээсүгэй.
6. Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн хохиролд төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Гид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.СУВД-ЭРДЭНЭ