Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 34

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж, шүүгч Ч.Мөнхтуяа, Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй

Иргэдийн төлөөлөгч С.Дашцэрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа,

Улсын яллагч Х.Гүнжидмаа,

Шүүгдэгч Б.Нямдаваагийн өмгөөлөгч М.Энхзаяа,

Насанд хүрээгүй хохирогч Б.Дамбадаржаа, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Баянмөнх, нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Нямдаваад холбогдох 201707000048 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, аав, ээж, эгч, дүү нарын хамт Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баян-Өндөр багт оршин суух, аминдаа хөрөнгөгүй, өмнө нь ял шийтгэлгүй, ДЕ95010110 регистрийн дугаартай, Батууд овогт Бадралын Нямдаваа гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: Б.Нямдаваа нь 2017 оны 03 сарын 07-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын төв Баянсан багийн нутаг дэвсгэрт үл ялих зүйлээр шалтаглан, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчиж, догшин авирлаж, зэвсгийн чанартай зүйл болох хутгаар насанд хүрээгүй хохирогч Б.Дамбадаржаагийн ууцны гол хэсэг, баруун далны хэсэгт тус тус 1 удаа, нийт 2 удаа хутгалж хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Нямдаваа нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр найз Ч.Бат-Эрдэнэтэй таараад караокед орж нэг шил пиво, нэг шил архи уугаад тал дээр гарсан. Тал дээр нэг шил пиво авч гараад тэр пивыг уугаагүй. Уух хүн байхгүй болохоор нь асгачихаад Отгонбаатар гэдэг хүүхэд Энхтөр ахынд хүргээд өг гэхээр нь хүргэж өгсөн. Үүдэн дээр нь очоод газар уначихаад босохгүй байхаар нь гэр рүү нь чирч оруулаад үүдний өрөө нь гал түлчихсэн гал руу орох гээд байхаар нь том өрөөнд нь оруулчихаад гараад явж байсан чинь Б.Дамбадаржаа дээрээс ирж байсан. Б.Дамбадаржаа яагаад ирсэн юм бэ гэхээр Э.Мөнхзаяа гэдэг охин Отгонбаатарын согтуу байсан зургийг мессенжерээр явуулаад тэгээд Б.Дамбадаржаа ирсэн байсан. Бид хоёр  хоорондоо маргалдаж Б.Дамбадаржаа намайг цохисон би оноогүй тэгээд зодолдоод Б.Дамбадаржаа намайг мөргөөд миний хамарнаас цус гараад толгой дүүрээд ухаан санаа орж гараад байсан. Тэгээд Б.Дамбадаржаа бид хоёр доошоо хөөцөлдөж яваад би Б.Дамбадаржааг хутгалсан юм билээ. Хутга барьсан миний буруу мөн Б.Дамбадаржааг хутгалсан нь миний буруу. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж  хэрэг хийхгүй гэв.

Насанд хүрээгүй хохирогч Б.Дамбадаржаа нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хэрэг болсон 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Х.Дашдорж бид хоёр гэртээ байсан. Э.Мөнхзаяагаас Отгонбаатар согтуу ирсэн гээд согтуу байгаа зургийг нь явуулсан мессеж ирсэн. Мөн Б.Нямдаваа хашаан дотор нь орилоод байна гэхээр нь Х.Дашдорж, Э.Дашдэмбэрэл бид гурав очсон. Б.Нямдаваа хашаан дотроос нь орилоод гараад ирж байсан. Тэгээд бид гурав очоод би Б.Нямдавааг чи яах гээд орилоод байгаа юм бэ гэртээ харь амраач гэсэн миний өмнөөс би уучихсан байна гэхээр нь чи ганцаараа уугаад явж байдаг юм уу яв харь гэсэн. Тэгээд би Б.Нямдавааг түрүүлж цохисон тэгээд түргэн хугацааны зодоон болсон. Х.Дашдорж, Э.Дашдэмбэрэл, Бат-Эрдэнэ гурав бид хоёрын голоор орж салгасан. Салгасан байж байсан чинь Х.Дашдорж наадах чинь хутгатай байна Б.Дамбадаржаа зугтаагаарай гээд би доошоо явж байсан чинь араас хүрээд ирсэн. Тэгэхээр нь хавирч унагаад босоод цаашаа явж байсан чинь ар нуруу руу хүйт даагаад араас эд нар ирээд миний толгой эргээд юу ярьж байгаа нь сонсогдохгүй байсан. Тэгсэн Х.Дашдорж намайг дээш нь чирээд явж байсан. Э.Мөнхзаяагийн гэрийн үүдэнд аваачаад Э.Мөнхзаяа тэр хоёр намайг оруулаад миний шархан дээр хөвөн тавьж цусыг нь тогтоогоод  манай эгчийг дуудаж эмнэлэгт хүргүүлсэн. Гомдол саналгүй болсон тул шүүгдэгч Б.Нямдавааг ял шийтгэлээс зайлуулж өгнө үү гэж хүсэж байна гэв.

Насанд хүрээгүй гэрч Э.Дашдэмбэрэл нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 03 дугаар сарын 07-ны  орой хүүхэд хүргэж өгөөд явж байсан. Тэгээд Б.Дамбадаржаа, Х.Дашдорж нартай таараад хамт Э.Мөнхзаяагийнд очтол Б.Нямдаваа,  Э.Мөнхзаяагийн хашаанаас орилж гарч ирсэн. Тэгээд зодоон болсон салгасан дахиж зодолдоод Б.Нямдавааг Ч.Бат-Эрдэний араар суулгаад явуулах гэтэл хутга гаргаж ирсэн. Б.Дамбадаржааг зугтаагаарай гэсэн Б.Дамбадаржаа зугтаагаад явсан. Хутгалуулсныг нь мэдэлгүй салгасан Б.Дамбадаржаа, Х.Дашдорж хоёр Э.Мөнхзаяагийн руу орсон.

Насанд хүрээгүй гэрч Х.Дашдорж нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 03 дугаар сарын 07-ны  орой Б.Дамбадаржаа бид Б.Дамбадаржаагийн гэрт хоол хийгээд байж байсан. Б.Дамбадаржаагийн утсанд Э.Мөнхзаяагаас Б.Нямдаваа энд ирсэн согтуу орилж чарлаад байна гэсэн мессеж ирсэн. Тэгээд бид хоёр явж байгаад замд Э.Дашдэмбэрэлтэй таарсан бид гурав цуг очсон. Тэгэхэд Б.Нямдаваа согтуу Э.Мөнхзаяагийн хашаанаас гарч ирсэн орилоод байхаар нь Б.Дамбадаржаа өмнөөс нь орилсон. Б.Нямдаваа би уусан байна яах юм гэсэн Б.Дамбадаржаа чи ганц уусан нь юм уу гээ хэлээд тэр хоёр харилцан зодолдсон Б.Нямдаваагийн хамраас цус гоожсон байсан. Б.Нямдаваа хутга гаргаж ирэхээр нь Б.Дамбадаржааг зугтаарай гэж хэлчхээд өөрөө зугтсан. Б.Дамбадаржаа хутгалуулсан байхаар нь аваад Э.Мөнхзаяагийн гэрт орсон гэв.

Насанд хүрээгүй гэрч Э.Мөнхзаяа нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр өдөр би ангийнхаа нэг охинтой хамт хонохоор болсон. Бид хэд бөөнөөрөө байж байхад гэрт байсан Түмэнцэцэг гэдэг охинд Бадамгарав гэдэг охиноос Отгонбаатар дээр согтуу томчуудтай зодоон хийгээд байна гэсэн мессеж ирсэн. Түмэнцэцэг Отгонбаатар руу залгаад хаана байна гэсэн чинь тал дээр байна удахгүй очно гээд ярьчхаад удалгүй Түмэнцэцэг гарч яваад Б.Нямдаваатай хамт Отгонбаатарыг чирч оруулж ирээд манай хивсэн дээр унагаачхаад Б.Нямдаваа манай үүдэн дээр алдалж зогсоод явахгүй байсан. Түмэнцэцэг гаргах гээд би Отгонбаатарын хажууд байсан. Тэгээд удалгүй Түмэнцэцэг явуулчихлаа гээд орж ирсэн. Тэгсэн Отгонбаатар орилоод байсан Түмэнцэцэгээс яаж байгаа юм бол гээд асуутал зүрх нь өвдөөд байгаа юм гэхээр нь би хүргэж өгье эгч рүү нь ярья гэхэд Түмэнцэцэг надад хариу хэлээгүй. Тэгэхээр нь би Б.Дамдаржаа руу Отгонбаатар согтуу орилоод хэвтээд байна. Б.Нямдаваа үүдэн дээр орилоод явахгүй гарч чадахгүй байна гэсэн. Удалгүй цонхоор хартал үүдэнд гэрэл байсан тэгсэн доор хүмүүс орилолдоод байсан хэсэг сонсож байгаад гарсан чинь өөдөөс хоёр хүүхэд хүрээд ирсэн. Б.Дамбадаржаа, Х.Дашдорж хоёр ирсэн яасан гэсэн чинь Б.Дамбадаржаа хутгалуулчихлаа хурдан гэр рүү чинь оръё хаалгаа цоожил гээд гэр рүүгээ орсон. Тэгээд Б.Дамбадаржаагийн цусыг нь тогтоох гээд хөвөнгөөр арчиад эгч рүү нь залгаад эгч нь ирээд эмнэлэг аваад явсан гэв.

Гэрч Ч.Бат-Эрдэнэ нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Б.Нямдаваа бид хоёр хүүхэд хүргэж өгсөн. Тэгээд явах гээд гарч ирээд байж байсан чинь дээрээс Б.Дамбадаржаа, Дашка, Дэмбээ гурав ирсэн. Б.Нямдаваа Дамбаа хоёр зодолдоод Нямкагийн хамараас цус гарсан цаашаа юу болсоныг би сайн мэдэхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Гэрч Э.Дашдэмбэрэлийн мэдүүлэг /хх-24-рт/, Дашзэвэг гээд Б.Нямдаваагийн ээжийн мэдүүлэг /хх-27-рт/, мөн Дашзэвэгийн Б.Нямдаваагийн хувийн байдлын талаарх мэдүүлэг, ямар нэгэн өвчтэй талаар бичээгүй. Сайн хүүхэд байгаа гэсэн байна. Б.Нямдаваагийн сурагчийн тодорхойлолт /хх-49-рт/, 2017 оны 03 дугаар сарын 20-ны шүүх эмнэлгийн акт /хх-36-рт/, Багийн Засаг даргын тодорхойлолт /хх-43-рт/,  Баянмөнхийн Дамбадаржаагийн мэдүүлэг /хх-69-70-рт/,  гэрч Э.Мөнхзаяагийн мэдүүлэг /хх-71-рт/ зэрэг баримтуудад,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр: Э.Дашдэмбэрэлийн тайлбар /хх-9-рт/, гэрч Ч.Бат-Эрдэний мэдүүлэг /хх-11-рт/, гэрч Г.Бат-Амгалангийн мэдүүлэг /хх-19-рт/, хохирогч Б.Дамбадаржаагийн өгсөн мэдүүлэг /хх-21-рт/, Э.Дашдэмбэрэлийн мэдүүлэг /хх-24-рт/, гэрч Ч.Бат-Эрдэний мэдүүлэг /хх-27-рт/, Б.Нямдаваагийн ээжийн мэдүүлэг нь давхардсан /хх-27-рт/, гэмтлийн зэрэг хөнгөн гэсэн дүгнэлт /хх-32-рт/, ял шалгах хуудас /хх-42-рт/, 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б.Дамбадаржаагийн мэдүүлэг, Э.Дашдэмбэрэлийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн мэдүүлэг /хх-74-рт/, гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй сайн дураараа эвлэрсэн гэсэн баримт зэрэг баримтуудад,

Эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн өнгийн хутга “..Энэ хүрэн тонгорог бол тухайн үед шүүгдэгч Б.Нямдаваа нь Б.Дамбадаржааг хутгалсан хутга байгаа. Б.Нямдаваа нь мэдүүлэхдээ гэртээ эмээл зорж байгаад аваад гарсан байсан гэж мэдүүлсэн байгаа..” зэргийг шинжлэн судалж, үзлэг хийв.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Нямдавааг нь 2017 оны 03 сарын 07-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын төв Баянсан багийн нутаг дэвсгэрт үл ялих зүйлээр шалтаглан, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчиж, догшин авирлаж, зэвсгийн чанартай зүйл болох хутгаар насанд хүрээгүй хохирогч Б.Дамбадаржаагийн ууцны гол хэсэг, баруун далны хэсэгт тус тус 1 удаа, нийт 2 удаа хутгалж хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад хэрэг гарсан байдлыг тодруулбал: Шүүгдэгч Б.Нямдаваа нь 2017 оны 03 сарын 07-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын төв Баянсан багийн нутаг дэвсгэрт найз нартайгаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бөгөөд улмаар хамт байсан Отгонбаяр нь Энхтөр гэх айлд хүргээд өг гэсний дагуу Б.Нямдаваа нь Отгонбаярыг хүргэж өгсөн байна. Гэтэл насанд хүрээгүй гэрч Э.Мөнхзаяа нь өөрийн найз болох хохирогч Б.Дамбадаржаагийн утасруу Отгонбаярын согтуу унтаж байгаа зургийг явуулж ирж ав гэсэн бөгөөд  улмаар шүүгдэгч Б.Нямдаваа хохирогч Б.Дамбадаржаа нар нь Энхтөр гэх айлын хашааны үүдэнд тааралдаж хоорондоо  маргалдаж хохирогч Б.Дамбадаржаа нь шүүгдэгч Б.Нямдаваагийн нүүрэн тус газар цохин мөргөж Б.Нямдаваагийн хамарнаас цус гаргаж улмаар Б.Нямдаваа нь халааснаасаа хүрэн өнгийн хутга гарган Б.Дамбадаржаагийн араас нь хөөж байгаад түүний нуруун тус газарт хоёр удаа зүсэж түүний бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдох ба энэ нь шүүгдэгч Б.Нямдаваагийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн “...Бат-Эрдэнэ бид хоёр жижиг Отгонбаярыг Энхтөр ахын гэрт оруулчихаад гараад явж байсан чинь нэг хүн орилохоор нь би бас урдаас нь орилсон. Тэгсэн Дамбадаржаа, Дашдорж, Дашдэмбэрэл гурав ирэхээр нь би тэр гуравт хандаж ах нь жаахан уусан байна гэсэн чинь Дамбадаржаа би бас уусан байна гээд бид хоёр жаахан хэрэлдэж, маргалдаад зодолдсон бөгөөд тухайн үед Дамбадаржаа миний хамар руу мөргөж цус гаргаад тэрнээс хойш би юу болсныг санахгүй байна...Нэг ухаан орсон чинь...ээж над руу гар утасаар залгаад чи хүн хутгалсан байна хурдан сумын эмнэлэг дээр хүрээд ир гэхээр нь яваад очсон чинь тэнд цагдаа ирчихсэн байсан....” гэх мэдүүлэг /хх 53-рт/,

Насанд хүрээгүй хохирогч Б.Дамбадаржаагийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: “...бид хоёр маргалдаж байгаад миний дургүй хүрээд эхлээд би Нямдаваагийн мөр хэсэг рүү нь гараа атгаж байгаад нэг удаа цохисон чинь Нямдаваа намайг зүрүүлээд цохих гэсэн боловч оноогүй, тэгэхээр нь би дахиж Нямдавааг цохиж аваад бид хоёр харилцан зодолдсон...”, “...тэр орой Нямдаваа гартаа хутга бариад ардаас ална гээд хөөгөөд байхаар нь би зогсож байгаад тонгороод унагаасан чинь миний нуруу хүйт даагаад явсан. Тухайн үед яг хутгалуулснаа мэдээгүй...” гэх мэдүүлэг/хх 21-рт/,

Насанд хүрээгүй гэрч Х.Дашдоржийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: “...Нямдаваагийн урдаас Дамбадаржаа бас хөөш гэж орилоод бид гурав очсон чинь Нямдаваа би архи уусан байна чи зодох юм уу? гэхээр нь Дамбаа ганц чи уудаг нь юм уу? гээд тэр хоёр хэрэлдэж, маргалдаж шууд зодолдохоор нь...бид гурав салгасан чинь нэг салаад буцаад зодолдоод байсан.. Дамбадаржаа, Нямдаваа хоёр зодолдож байх үед Нямдаваагийн хамарнаас овоо их цус гарч байсан...ямар ч байсан тэр хоёр зодолдож байхад Нямдаваагийн хамарнаас цус гарсан...Би Нямдавааг Дамбаатай зодоон хийсэний дараа хутга гаргаж байхыг харсан түүнээс биш яг Дамбааг хутгалж байхыг нь хараагүй...Бат-Амгалангийн мотоциклийн ард Нямдавааг суулгаад гэрт нь хүргэж өг гэсэн чинь Нямдаваа мотоциклноос буухдаа куртикний халааснаасаа хутга гаргаж ирээд үзэх үү... гэхээр нь Дамбааг зугт гэхэд Дамбаа зугтаасан. Харин араас нь Нямдаваа хөөгөөд явахаар нь Дашдэмбэрэл бид  хоёр тэр хоёрын ардаас гүйсэн чинь Дамбаа, Нямдаваа хоёр газар мөсөн дээр унах шиг болсон...Дамбаа зугтаад явж байхаар нь би замаас нь аваад шууд Мөнхзаяагийн гэрт ороод хаалгыг нь ϥ