Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2378

 

 

 

 

 

 

 

 

 

РХ Сууц өмчлөгчдийн

холбооны нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг  даргалж, шүүгч Д..Дэлгэрцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2018/02994 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч РХ Сууц өмчлөгчдийн холбооны цаашид /СӨХ/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Ст холбогдох

 

1 103 916 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Алтанчимэг

Хариуцагч: Б.С

Хариуцагчийн өмгөөлөгч: Л.Азжаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Аззаяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Алтанчимэг нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: РХ СӨХ нь 2016 онд байгуулагдсан ба Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо, Лхагвасүрэнгийн гудамж 46а, 46-б байрнуудыг хариуцан ажилладаг. Тус СӨХ нь гишүүдээсээ сар бүр төлбөр авч хуримтлал үүсгэн орон сууцны цэвэрлэгээ, цахилгааны зардал, харуул хамгаалалтын хөлс, лифт ашиглалт үйлчилгээ, хог тээвэр, дулаан ус, дундын өмчлөлийн эд хөрөнгийг засварлах зэрэг үйлчилгээний төлбөр тооцоог хийдэг. Б.С нь Иргэний хуулийн 147 дугаар зүйл, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.6, 13.2.3, 13.3-т зааснаар СӨХ-д сар бүр төлбөр төлөх үүргээ биелүүлэхээс татгалзаж нийт СӨХ-ны бусад гишүүдийн эрх ашгийг зөрчиж, бусдын мөнгөөр дээрх үйлчилгээнүүдийг авсаар байна. Б.С нь СӨХ-ноос бичгээр өгсөн мэдэгдэлд ямар нэгэн хариу тайлбар ирүүлээгүй бөгөөд удаа дараагийн шаардлагыг хүлээн авч биелүүлээгүй. Иймд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4, Иргэний хуулийн 149 дүгээр зүйлийн 149.1, 149.2 дах заалтын дагуу Б.Саас 2016 оны 05 дугаар сараас хойш 2018 оны 02 дугаар сар хүртэлх хугацааны СӨХ-ны төлбөр, харуул хамгаалалт 220 000 төгрөг, цэвэрлэгээ 154 000 төгрөг, засвар үйлчилгээ 198 360 төгрөг, лифт 154 000 төгрөг, гарааш 220 000 төгрөг, хог тээвэр 55 000 төгрөг, баримтны үнэ 2 200 төгрөг, 1 003 560 төгрөг, өмгөөлөгчийн ажлын хөлсөнд төлсөн 100 356 төгрөг, нийт 1 103 916 төгрөгийг гаргуулан РХ СӨХ-д олгохоор шийдвэрлэж өгнө үү. Хариуцагч хуулиар хүлээсэн үүргээ сайн дураар биелүүлээгүйгээс бид бусдаас хууль зүйн туслалцаа авахаас өөр аргагүй болсон. Хариуцагч нь 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 1 046 518 төгрөгийг РХ СӨХ-ны Хаан банкны 5076464221 тоот дансанд тушаасан нь үнэн. Гэхдээ уг мөнгийг тэрээр манай СӨХ-г байгуулагдахаас өмнөх СӨХ-ны зардалд тооцож төлсөн юм. Төлсөн баримтын утгыг нь харсан ч гэсэн “...46 байр, Ромео-122 тоот Б.С, 2016-4 сар дуустал” гэж байгаа нь өөрөө манай СӨХ-г байгуулагдахаас өмнөх төлбөрийг СӨХ-ны төлбөрт зориулж төлсөн нь харагдана. РХ СӨХ байгуулагдахаас өмнө “Дорра” ХХК нь 2013-2016 оны 4 сар хүртэл хугацааны 46а, 46б байрны дундын өмчлөлийн ашиглалт үйлчилгээг хариуцан, оршин суугчдаас хэрэглээний ус, дулаан, цахилгаан ашиглалтын төлбөрийг хураан авч мэргэжлийн байгууллагад шилжүүлэн ажиллаж байсан. 2016 онд СӨХ байгуулагдахад тус компани 2016 оны 4 сар хүртэл хугацааны төлбөрөө төлөөгүй айлуудын авлагыг манай СӨХ-д шилжүүлсэн. Хариуцагч Б.С байр ашиглалтад орсноос хойш амьдарч байсан атлаа энэ төлбөрөө төлөөгүй явж байгаад 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр энэ төлбөрөө манай данс руу хийсэн юм. Иймд түүний “...би СӨХ-ны төлбөрийг урьдчилж төлсөн” гэх тайлбар үндэслэлгүй гэжээ.

            Хариуцагч Б.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Лхагвасүрэнгийн гудамж, 46а-122 тоот орон сууцанд 2014 оны 01 дүгээр сараас эхлэн амьдарч эхэлсэн. Уг байрны өмчлөгч мөн эсэх талаараа, нэхэмжлэлд дурдсан хугацааны СӨХ-ны төлбөрийг төлөөгүй байгаа талаар маргахгүй. Гэхдээ миний бие нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч тал надаас СӨХ-ны зардалд нийт 1 003 560 төгрөгийг нэхэмжилсэн байна. Миний бие 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 1 046 518 төгрөгийг РХ СӨХ-ны Хаан банкны 5076464221 тоот дансанд тушаасан. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 1 003 560 төгрөг нь миний төлсөн 1 046 518 төгрөгт багтаж байгаа болно. Төлбөр төлсөн утга дээр нь “...46 байр, Ромео-122 тоот Б.С, 2016-4 сар дуустал” гэж байгаа нь үнэн. Гэхдээ уг төлбөрийг би хүнээр дамжуулж төлүүлсэн, энэ хүн буруу бичүүлсэн байсан. Би 2016 оны 4 дүгээр сараас өмнө манай байрны дундын өмчлөлийн засвар үйлчилгээтэй холбоотой асуудлыг хариуцан ажиллаж байсан “Дорра” ХХК-д холбогдох бүх төлбөрөө төлсөн бөгөөд ямар нэг өргүй. 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 1 046 518 төгрөгийг би 2016 оны 04 дүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл хугацааны СӨХ-ны төлбөрт урьдчилан төлсөн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.С 1 003 560 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч РХ Сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 100 356 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Саас улсын тэмдэгтийн хураамжинд 28 635 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч РХ Сууц өмчлөгчдийн холбоонд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.С давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. СӨХ-ны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбоотой зардлыг урьдчилан төлсөн. Миний бие уг байранд амьдардаггүй, миний эгч н.Одгэрэл амьдарч байсан бөгөөд 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 1 046 518 төгрөгийг СӨХ-ны Хаан банкны дансанд тушаасан. Гэтэл шүүх РХ СӨХ-нд төлсөн төлбөрийг урьдчилан төлөлт гэж үзэхгүй, мөнгө тушаасан баримтад “2016 оны 4 сар дуустал” гэж бичсэн, СӨХ байгуулагдахаас өмнө “ДОРРА” ХХК нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээг хариуцан ажиллаж байсан талаар зохигчид маргаагүй гэж дүгнэсэн. ...Миний бие “ДОРРА” ХХК гэх хуулийн этгээд нь СӨХ-ны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй эсэхийг мэдэхгүй, ямар шалтгаанаар хэнтэй байгуулсан гэрээ хэлцлээр оршин суугчдаас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбоотой зардал нэхэмжлэлээд байгааг ойлгодоггүй юм. 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 1 046 518 төгрөгийг “ДОРРА” ХХК-ийн дансанд хийгээгүй. Нэхэмжлэгч нь “ДОРРА” ХХК-иас СӨХ-ны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбоотой үлдэгдэл төлбөрийг шилжүүлсэн гэдэг нь үндэслэлгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн үйл баримт эргэлзээгүй байдлаар тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэснээр шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч РХ Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/ нь хариуцагч Б.Ст холбогдуулан 2016 оны 05 дугаар сараас 2018 оны 02 дугаар сарын хугацааны СӨХ-ны төлбөрт 1 003 560 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 100 356 төгрөг, нийт 1 103 916 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ

 

            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Б.С нь СӨХ-ны төлбөр болох 2016 оны 05 дугаар сараас хойш 2018 оны 02 дугаар сар хүртэлх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардал буюу 1 003 560 төгрөгийг төлөөгүй, мөн бид бусдаас эрх зүйн туслалцааа авсны хөлсөнд 100 356 төгрөг төлсөн, иймээс хариуцагчаас 1 103 916 төгрөгийг гаргуулна. “Дорра” ХХК нь 2013-2016 оны 04 дүгээр сар хүртэл хугацаанд 46х, 46б байрны дундын өмчлөлийн ашиглалт үйлчилгээг хариуцан ажиллаж байгаад манай СӨХ байгуулагдахад тус компани 2016 оны 04 дүгээр сар хүртэл хугацааны төлбөрөө төлөөгүй айлуудын авлагыг бидэнд шилжүүлсэн.” гэж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...би 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгчийн дансанд 1 046 518 төгрөгийг төлсөн ба 2016 оны 05 дугаар сараас 2018 оны 02 дугаар сарын хугацааны СӨХ-ны төлбөрийг урьдчилан төлсөн, илүү төлсөн төлбөрөө суутгах ёстой” гэж тус тус тайлбарлажээ.

 

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хариуцагч Б.С нь нэхэмжлэгчийн дансанд 1 046 518 төгрөгийг төлсөн нь “Дорра” ХХК-ийн хариуцан ажиллаж байх үеийн дундын өмчлөлийн ашиглалт, үйлчилгээний зардлыг төлсөн, нэхэмжлэд дурдсан хугацааны СӨХ-ны төлбөрийг төлөөгүй байгаа талаараа маргаагүй гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй болж чадаагүй.

 

            Хэргийн 84-85 дугаар талд авагдсан “Дорра” ХХК-иас олгосон итгэмжлэл, 2013-2016 оны 04 дүгээр сар хүртэлх хугацааны СӨХ-ны төлбөрөө төлөөгүй айлуудын жагсаалт гэх баримтыг үндэслэн нэхэмжлэгч нь 2016 оны 04 дүгээр сар хүртэл хугацааны төлбөрөө төлөөгүй айлуудын авлага буюу СӨХ-ны төлбөрийг шаардах эрхийг “Дорра” ХХК-иас шилжүүлж авсан гэж тайлбарласан. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар СӨХ нь”Дорра” ХХК-ийн авлагыг хариуцагчаас шаардах эрхтэй байсан гэж үзэхийн тулд хариуцагч болон “Дорра” ХХК-ийн хооронд өр, авлагын харилцаа бодитой үүссэн эсэхийг нотлох шаардлагатай.

 

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзвэл “Дорра” ХХК нь хариуцагч Б.Саас орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардлыг шаардах эрхтэй байсан эсэх үйл баримт нь талуудын хоорондын маргаанд хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нөхцөл байдал байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн 1 046 518 төгрөгийн төлбөрийг “Дорра” ХХК-ийн өрөнд бус, СӨХ-ны төлбөрийг андуурч, урьдчилан төлсөн гэж маргаж байгаа тохиолдолд, хариуцагч болон “Дорра” ХХК-ийн хооронд төлбөр төлөх үүрэг үүссэн эсэх нөхцөл байдал ач холбогдолтой.

 

            Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудад 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хэргийн материалтай танилцуулсан, үүнээс хойш шинээр ирсэн нотлох баримтыг шүүх хуралдаан болсон 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр танилцуулж хэргийг шийдвэрлэсэн байгаа нь хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлын талаар талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрх хангагдсан гэж үзэх боломжгүй байна.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримт, тэдгээрийн хооронд үүссэн харилцааны талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2018/02994 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Б.Саас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29 700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

           

                             ШҮҮГЧИД                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                Д.ЦОГТСАЙХАН