| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 197/2025/0088/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/78 |
| Огноо | 2025-02-17 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | С.Энхзул |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/78
2025 02 17 2024/ШЦТ/78
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн хэлэлцүүлгийг шүүгч Ц.Урангуа даргалж,
нарийн бичгийн дарга Б.Учрал,
улсын яллагч С.Энхзул,
шүүгдэгч *************, түүний өмгөөлөгч *************** /ҮД:2323/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сүх************* дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *************ад холбогдох эрүүгийн ************ дугаартай хэргийг 2025 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
*************** ************* /регистрийн дугаар: УИ98081810/
Монгол Улсын иргэн, 1998 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Улаан************* хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, “Цэн шаглаа” ХХК- д маркетингийн менежер ажилтай, ам бүл 5, эцэг, эх, ах, эгч нарын хамт Сүх************* дүүргийн 3 дугаар хороо,*******,******* тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд:
-Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/107 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, оногдуулсан ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх торгох ялыг 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж, тус ялыг 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр бүрэн биелүүлсэн6
Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ************* нь 2024 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө ************** дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ************* зочид буудлын гадна хохирогч ************* ярилцаж байх үед нь үл ялих зүйлээр шалтаглан түүний гар хэсэг рүү гараараа нэг удаа цохиж, улмаар түүний эрүүл мэндэд баруун гарын дунд хурууны 3 дугаар шивнүүр ясны далд хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:
Шүүгдэгч ************* нь 2024 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө *************** дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ************* зочид буудлын гадна согтуурсан үедээ үл таних *************ыг үл ялих зүйлээр шалтаглан түүний нүүр, гар, нуруу хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохиж, хавсарч унаган улмаар түүний эрүүл мэндэд баруун гарын дунд хурууны 3 дугаар шивнүүр ясны далд хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдсон болно. Үүнд:
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дахь тал/,
Хохирогч *************ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр *************** дүүргийн 3 дугаар хороо хүүхдийн зуу дээр найз *************ын хамтаар гэр рүүгээ харих гээд явж байхад үл таних залуу гарч ирээд намайг хавсарч унагаагаад толгой хэсэг рүү гараараа 1 удаа цохисон. Тэгээд муудалцаад салж яваад ************* зочид буудлын хажууд машин дээр ирээд байж байхад нөгөө залуу араас хүрч ирээд эхлээд *************гэх залуу манай найзыг уучлаарай гээд ярилцаад байхгүй. зогсож байхад тэр залуу дахин хүрч ирээд куртикнээс заамдаж аваад цохиж унагаагаад нүүр рүү, гар руу, нуруу хэсгүүд рүү хэд хэдэн удаа гараараа цохисон. Тухайн үед хуруу хугарсан байх гэж бодож байна. Тухайн үед өөрийгөө хамгаалах боломжгүй байсан. Хуруу хугараад өвдөөд босож ирсэн. Тэр үед хуруу хугарсан гэдгээ мэдээд явах гээд машиндаа суусан байхад намайг цохидог залуу машины хаалгыг онгойлгоод дахиж гараараа гарын булчин хэсгүүд рүү цохисон. Өмнө фейсбүүк дээр 3 сая инээд гэсэн нэвтрүүлэгт оролцсон байсныг мэдэж байсан. Бараан өнгийн куртиктэй, царай гэвэл өмнө фейсбүүкээс харж байсан. Эхлээд баарны урд хавсарч унагаагаад толгой хэсэг рүү гараараа 1 удаа цохисон. Дараа нь ************* зочид буудлын хажууд машин дээр ирээд байж байхад нөгөө залуу араас хүрч ирээд эхлээд *************гэх залуу манай найзыг уучлаарай гээд ярилцаад зогсож байхад тэр залуу дахин хүрч ирээд куртикнээс заамдаж аваад цохиж унагаагаад нүүр лүү, гар луу, нуруу хэсгүүд рүү хэд хэдэн удаа гараараа цохисон. Баруун гарын дунд хуруу хугарсан. Тухайн үед нүүр хэсэг хавдсан, зүүн талын нүдэнд цус хурсан байсан. Хугарсан хуруу өвдөлттэй байгаа" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дахь тал/,
-гэрч ************* мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...*************, ************* хоёрын хооронд үл ойлголцол үүсэж зодоон болоход найзууд нь салгаад авсан. Тухайн үйл явдлын дараа ************* хуруу өвдөөд байна гэхээр нь гэмтлийн эмнэлэг орж үзүүлэхэд хуруу нь хугарсан байсан гэсэн... ************* *************ыг гараараа нэг удаа нүүр хэсэг рүү нь цохисон. Цохих үед ************* газар унасан. Гэхдээ тэр үед хуруу нь зүгээр байсан... Би холоос хараад зогсож байхад *************, ************* нар ярилцаад зогсож байсан. Тэр үед ************* нь яриаг нь сонсож байгаад *************ыг гараараа цээжин хэсгээс нь дээшээ цохисон. Хэдэн удаа гэдгийг нь санахгүй байна. Тэгэхэд ************* газар унасан ба найзууд шууд салгаад авсан. Дахиж тэр 2 зодолдоогүй ба шууд машиндаа суулгаад энмэлэг явсан. ************* машиндаа суугаад хуруу хугарсан юм шиг байна гээд байсан. Тэгэхэд *************ын баруун гарын дунд хуруу нь хугарсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/,
-гэрч Н.*************ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...************* ирээд *************тай барьцалдаж аваад *************ыг батираад унагаасан. Унангуут нь би шууд тэвэрч аваад босгоод машинд нь суулгасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/,
-гэрч *************ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Үл таних 2 залуугийн нэгтэй нь манай ************* гэх залуу муудалцаж байсан. Тэгэхээр нь би *************ыг салгаад аваад явах гэхэд үл таних эрэгтэй инээгээд *************ыг хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод байсан. ************* уурлаад байхаар нь тэвэрч аваад жоохон хүүхдүүд байна, явъя гэхэд түр тавьж бай би учраа олоодохъё гэхээр нь тавьсан. Тэр үед ************* явж очоод тухайн залуутай учраа олж чадалгүй ноцолдож газар унагаагаад ноцолдоод байсан. Тэр үед 2 талаас нь найзууд нь салгаад аваад явцгаасан. Дахиж тэр 2 ноцолдоогүй...Миний харснаар *************аас өөр хүнтэй ноцолдоогүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дахь тал/,
-иргэний нэхэмжлэгч ************** мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч ************* нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд эрүүл мэндийн даатгалын сангаас 1,169,340 төгрөгийн зардал гарсан. Дээрх зардлыг яллагдагч *************аас гаргуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,
-Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээч эмч ************ 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 537 дугаартай:
“...1. *************ын биед баруун гарын дунд хурууны 3 дугаар шивнүүр ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 40-41 дэх тал/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Өөрөөр хэлбэл хохирогч, гэрч нарын мэдүүлэг цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.
Шүүгдэгч *************ын яллагдагчаар өгсөн: “...Би Улаан************* хотод 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ажил хийх гэж ирсэн бөгөөд 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр ************* буудалд ************* гэх манай хадам ах, хадам ахын хамтран амьдрагч *************гийн хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Бид хэрэглэж байгаад 16 цагийн үед санагдаж байна, тэр үед ************* бид нарт агсам тавиад, орилж чарлаад байсан чинь ************* буудлын хүмүүс бид нарыг буудлаас гаргасан. Буудлаас гараад шатаар нь уруудаж байхад *************, ************* нар хөл алдаад шатнаас доош унасан. Унахаар нь би *************д хандаж "Бос" гээд бөгсөн бие рүү нь 2 удаа өшиглөсөн санагдаж байна. Тухайн үед би болон *************, *************ын хамтран амьдрагч ************* нар байсан. Тэр үед бид 3 нилээн согтолттой байсан. Би тухайн үед болсон зүйлийг сайн санахгүй байна. Ямар ч байсан бөгсөн хэсэг рүү нь 2 өшиглөсөн санагдаж байна. Намайг хүн цохиж зодоогүй...” гэж /хавтаст хэргийн 25 дахь тал/,
Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хавтаст хэргээс шинжлэн судлах баримтгүй гэв.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 537 дугаартай дүгнэлтээр хохирогч *************ын эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоогдсон.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч ************* нь хохирогч *************ыг гараараа цохиж, хавсарч унагааж байгаа үйлдэл нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Шүүгдэгч ************* нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч *************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд уг зүйл хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч *************т хохирол төлбөрт 7,300,000 төгрөг /хавтаст хэргийн 81-82/, эрүүл мэндийн даатгалын санд 1,169,340 төгрөг тус тус төлж барагдуулсан /хавтаст хэргийн 84/ байх тул шүүгдэгч *************ыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “Шүүгдэгч *************ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 (долоон зуун тавин мянган) төгрөгийн торгох ял оногдуулах, уг торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлээгүй болно” гэх дүгнэлттэй шүүгдэгч ************* нь мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно.
Өмгөөлөгчөөс: “...Прокурорын саналыг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруу дээрээ маргахгүй, прокурортой ял тохиролцсон...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч ************* нь гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй.
Шүүгдэгч ************* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд улсын яллагчийн санал болгосон, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 (долоон зуун тавин мянган) төгрөгөөр торгох хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *************ыг 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 (долоон зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял оногдуулах зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч *************ад оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.
2.3. Бусад асуудлын талаар
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдав.
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ************************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *************ыг 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 (долоон зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар *************ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
5. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.УРАНГУА