| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 181/2018/03120/И |
| Дугаар | 181/ШШ2019/00063 |
| Огноо | 2018-12-31 |
| Маргааны төрөл | Зуучлал, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 31 өдөр
Дугаар 181/ШШ2019/00063
| 2018 оны 12 сарын 31 өдөр | Дугаар 181/ШШ2019/00063 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: З.Г /РД:/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г ХХК /РД:/-д холбогдох
3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Жадыра нар оролцов.
Хариуцагч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.Г би Г ХХК-тай 2016 оны 8 сарын 5-ны өдөр дадлагажигч гэрээний ажилтнаар 3 жилийн хугацаатайгаар Япон улсад явах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 3,000,000 төгрөгийг бэлнээр Г ХХК-ийн захирал болох М.Түмэннастад өгсөн. Япон улсад явуулаагүй учир тус компанийн захирлаас мөнгөө нэхсэн боловч удаа дараа худал хэлэн шийдвэрлэхгүй өдийг хүрсэн. Иймд Г ХХК-аас гэрээний дагуу төлсөн зуулчлалын хөлс болох 3,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, тайлбар, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч З.Г нь хариуцагч Г ХХК-д холбогдуулан Дадлагажигч бэлтгэх тухай гэрээ-ний дагуу төлбөрт шилжүүлэн өгсөн 3,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Шүүх хариуцагчид нэхэмжлэлийн хувийг 2018 оны 12 сарын 10-ны өдөр гардуулсан боловч хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
Шүүх хуралдааны товыг хариуцагчид мэдэгдсэн боловч хариуцагч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүрэлцэн ирээгүйтэй холбоотой хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй байна.
Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь заалтад заасан нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүрэлцэн ирээгүйтэй холбоотой хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй, нэхэмжлэгч хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь заалтад Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь заалтад Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасныг баримтлан хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Г ХХК болон З.Г нарын хооронд тодорхой огноо, дугааргүй Дадлагажигч бэлтгэх тухай гэрээ нэртэй гэрээ /хх-5-7 тал/ байгуулагдаж, Г ХХК нь З.Гыг Япон улсад хөдөлмөрийн дадлага эзэмшүүлэх зорилгоор тодорхой хугацаанд бэлтгэж илгээх, З.Г нь хэлэлцэн тохиролцсон төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон байх ба нэхэмжлэгч нь Г ХХК-д 2016 оны 8 сарын 5-ны өдөр 3,000,000 төгрөгийг сургалт, зуучлалын төлбөрт гэсэн утгатайгаар төлсөн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Бэлэн мөнгөний орлогын баримт нэртэй баримт /хх-4 тал/-аар тогтоогдож байна.
Дээрх гэрээнээс үүдэлтэй талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээний харилцаа байна.
Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дахь заалтад Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээнд заасны дагуу Япон улсад дадлагажигч ажилтнаар явуулах үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр төлсөн төлбөр 3,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан байх ба Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дахь заалтад Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч З.Г нь гэрээнээс татгалзах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас төлбөрт төлсөн мөнгөө удаа дараа буцаан нэхэмжилж байсан талаар нэхэмжлэлдээ дурдсан бөгөөд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлд ямар нэгэн хариу тайлбар гаргаагүй, нэхэмжлэлийг татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2 дахь заалтад Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч З.Гыг үүрэг гүйцэтгэхийг Г ХХК-д урьдчилан сануулсан гэж үзэх ба нэмэлт хугацаа тогтоосонтой адилтган үзэх үндэслэлтэй байна.
Гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзсан тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дахь заалтад Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. гэж заасны дагуу талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүргийг хүлээнэ.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн ашиг сонирхлын үүднээс тодорхой үйлдэл хийсэн болохоо шүүхэд баримтаар нотлоогүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, хариуцагч Г ХХК-аас 3,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Гт олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 205 дугаар зүйлийн 205.1 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч Г ХХК-аас 3,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Гт олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс 2018 оны 11 сарын 14-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г ХХК-аас 62,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З.Гт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР