| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 197/2025/0103/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/87 |
| Огноо | 2025-02-18 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Ундрах |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/87
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
нарийн бичгийн дарга: Б.Учрал,
улсын яллагч: Б.Ундрах,
шүүгдэгч: **********, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр /ҮД: 1141/ нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн **********д холбогдох эрүүгийн 2508000000039 дугаартай хэргийг 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
***********************/регистрийн дугаар: *************/
Монгол улсын иргэн **********-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ********” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, ************** тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч ********** нь 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ****** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “**********” зочид буудлын **********тоот өрөөнд байхдаа ********** согтоод унтсан хойгуур нь түүний цэнэглэж байсан iphone 12 pro max загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1,500,000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:
Шүүгдэгч ********** нь 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “**********” зочид буудлын **** тоот өрөөнд байхдаа **********тэй хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар унтсан хойгуур нь түүний цэнэглэж байсан iphone 12 pro max загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1,500,000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах үйл баримтыг тогтоолоо.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдсон болно. Үүнд:
-хохирогч ************ мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 13-ны шөнө 04 цагийн үед цагаан өнгийн приус маркийн тээврийн хэрэгсэл унасан 35-36 орчим насны эрэгтэй хүн зогсоод, суучих хүргээд өгье гээд байхаар нь тухайн машин суугаад.. боломжийн хямд үнэтэй зочид буудал байна уу гэж асуухад Сонгинохайрхан дүүргийн ***** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ********** нэртэй зочид буудалд хүргэж өгөөд орох гэтэл миний гар утасны цэнэг дууссан, тооцоо хийх боломжгүй байсан. Тэгээд таксины жолооч буудлын 60.000 төгрөгийн тооцоог хийгээд бид 2 хамт 203 тоот өрөөнд орсон ба би авсан 4 ширхэг пивоо уусан. Харин таксины жолооч огт согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байсан ба надад хэд хэдэн лаазтай пиво авч ирж өгөөд байсан. Тэгээд өдрийн 12 цаг болоод буудлаас гарах дөхсөн байсан ба таксины жолооч надад гар утасны цэнэглэгч авч ирж өгөөд би утсаа асаагаад буудлаа өдрийн 12 цагаас оройн 18 цаг хүртэл сунгаж дансаар 60.000 төгрөгийн гүйлгээ хийсэн. Тухайн үед би ганцаараа пиво ууж байгаад 14 цагийн үед унтаад 16 цаг өнгөрөөгөөд сэрэхэд миний цэнэглээтэй байсан айфоне 12 про макс загварын гар утас цэнэглэгчтэйгээ алга болчихсон... тухайн таксины жолооч.. 170-175 орчим өндөртэй, махлагдуу биетэй, малигар шар царайтай хүн байсан... Би хамгийн сүүлд ********** зочид буудалд 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр охинтойгоо ярьчхаад цэнэглээд унтсан... би тухайн таксины жолоочийг сэжиглэж байна…” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,
-“**********” зочид буудлын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 23-30 дахь тал/, зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүгдэгч **********ийн яллагдагчаар өгсөн: “...эрүүгийн хэрэг үүсгэж, яллагчаар татсан тогтоолыг танилцууллаа. Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.. Тэгээд би тэр эмэгтэйтэй хамт ууж байгаад би утсыг нь аваад гараад явсан юм байна лээ. Би согтуу байсан учир одоо тухайн гар утсыг нь хаана хийснээ олохгүй байгаа.. Би гар утасны хохирол болох 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн...” гэж /хавтаст хэргийн 52-53 дахь тал/, мэдүүлсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч “...Мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинжлэн судлах баримтгүй гэв.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч ********** нь хохирогч *********** өмчлөлийн гар утсыг цэнэглэсэн байхад нь хохирогчид мэдэгдэлгүй нууцаар хүч хэрэглэхгүйгээр өөртөө авсан болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байна.
Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3-д “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно...” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “ Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.
Шүүгдэгч **********ийн үйлдэл нь өмчлөгчийн дээрх эрхийг зөрчиж, хохирогчийн гар утсыг хариу төлбөргүйгээр, нууц аргаар буюу өөрт нь мэдэгдэлгүй шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр авсан үйлдэл нь хууль бусаар өмчлөх эрхэд халдсан гэж үзэх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар “бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” /300,000 төгрөгөөс дээш/ гэж үзэх бөгөөд шүүгдэгчийн үйлдэл, хохирлын хэмжээ нь гэмт хэргийн шинжийг бүрдүүлж байна.
Шүүгдэгч ********** нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч **********ийн Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” буюу бусдын эд хөрөнгийн “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд тус зүйл хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч ********** нь хохиролд 1,500,000 төгрөг барагдуулж авсан тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн /хүсэлт хавтаст хэргийн 62 дахь хуудас/, Хаан банкны депозит дансны хуулга /хавтаст хэргийн 16 дахь хуудас/ байх тул шүүгдэгч **********ийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах саналтай байна...” гэх дүгнэлттэй шүүгдэгч ********** нь мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Өмгөөлөгч анхнаасаа гэм буруугаа хүлээгээд өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул прокурортой тохирсон ялын хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэлтэй.
Шүүгдэгч **********ийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” 1.2 “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд түүний ам бүл 3, эхнэр, бага насны хүүхдийн хамт амьдардаг байх бөгөөд гэм буруугаа сайн хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг төлснийг нь дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзсэн бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********ийг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, дээрх эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулбал зохино.
2.3. Бусад асуудлын талаар
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ************** бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********д 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
5. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7,8-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардаж авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.УРАНГУА