2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/120

 

 

 

 

 

 

 

 

   2025       01         09                                        2025/ШЦТ/120

 

                           

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Ё” танхимд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган,

улсын яллагч Б.Баярчимэг,

шүүгдэгч Т.С нарыг оролцуулан нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Сөд холбогдох эрүүгийн “2411 00969 1513” дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Т.С

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.С нь 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн .... байхдаа насанд хүрээгүй хохирогч Б.Агийн эзэмшлийн Iphопе ХS загварын тар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 525,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.С “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын  хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Насанд хүрээгүй хохирогч Б.Агийн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20, 200 дахь тал/,

- Гэрч Э.Мын мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,

- Мөрдөгч М.Бийн 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 36-38 дахь тал/,

- “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 31-34 дэх тал/,

- Шүүгдэгч Т.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 193 дахь тал/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 45 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 73 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.

             Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

             Шүүгдэгч Т.С нь 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн .... байхдаа насанд хүрээгүй хохирогч Б.Агийн эзэмшлийн Iphопе ХS загварын тар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 525,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

            - Насанд хүрээгүй хохирогч Б.Агийн: "...Намайг Б.А гэдэг. Би 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр найз Өын хамт Чингэлтэй дуургийн ... кино үзэх гэж 14 цагийн үед ирсэн.. гарах гээд явж байтал үүдэн дээр зогсож байсан саарал өнгийн гадуур хүрэмтэй, цагаан өнгийн саравчтай залуу над руу аймар хараад байсан. тухайн үед би гар утсаа гадуур хувцасныхаа баруун талын халаасанд хийчихсэн утасны үзүүр хэсэг нь ил гарчихсан явж байсан. ........зүүн талын хаалгаар гарах гээд хүмүүстэй зөрөлдөөд байж байтал миний ард над руу хараад байсан цагаан өнгйн малгайтай залуу хүрээд ирчихсэн байхаар эргээд харсан чинь гартаа гар утас барьчихсан байсан. Тухайн үед би харчихаад хаалгаар гараад халаасандаа гар утсаа шалгатал миний гар утсыг хулгайлчихсан байхаар нь эргэж Тэнгис рүү ороод цагаан малгайтай залуугаас утСаа авъя гэж нэхсэн чинь надад байхгүй гэж хэлээд яваад өгсөн. Би над руу хараад байсан цагаан малгайтай залууг миний гар утсыг хулгайлчихсан байх гэж сэжиглэж байна."  гэх  мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

- Насанд хүрээгүй хохирогч Б.Агийн дахин өгсөн: "...миний гар утсыг хулгайлсан гэх Т.С миний хуучин утасны ижил загварын цагийн өнгийн Имей ._......... кодтой гар утсыг надад өгч хохирлыг маань барагдуулсан болохоор надад гомдол санал байхгүй."  гэх  мэдүүлэг /хавтаст хэргийн 200 дахь тал/,

- Гэрч Э.М: “...би 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 12 цагийн үед 2 найз хүрээ амаржих газарт дуудсан. Тэгээд уулзаад 2 пиво хувааж уугаад ....  кинотеатрын арын сааданд сууя гээд гарсан. Т.С найз хаалгаар ороод буцаад эргээд гараад явсан би ардаас нь гарсан. Тэгсэн чинь 3 эмэггэй хүүхдийн нэгнээс нь гар утсыг нь авсан байсан.” гэх мэдүүлэг мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,

- Мөрдөгч М.Бийн 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 36-38 дахь тал/,

- “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 31-34 дэх тал/,

- Шүүгдэгч Т.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Би 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр цэврийн өрөө ороод урд талын хаалгаар гарсан. Гарахдаа 3 эмэгтэй хүүхдийн нэгнийнх нь халаасанд гар утас харагдаад байхаар нь би аваад гараад явсан, араас М, Ц гарч ирээд М нэг юм хэлсэн. Яг юу гэж хэлснийг согтуу байсан ураас би санахгүй байна. Тэгээд Сүхбаатарын талбайн баруун талд байрлах Монтел гар утасны захад очиж гар утас авна гэсэн танихгүй ахад 80,000 төгрөгөөр зарсан. Би хулгайлсан утсаа зараад хоол авч идэхээр 18,000 төгрөг зарцуулсан манай 2 найз тус тусдаа өөрийнхөө мөнгөөр хоол авч идсэн, 62,000 төгрөгийг өөртөө зарцуулсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 193 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хууулийн тусгай ангид заасан “хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

            Хэргийн тухайд шүүгдэгч Т.Сийн насанд хүрээгүй хохирогч Б.Агийн эзэмшлийн Iphопе ХS загварын тар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 525,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

            Иймд шүүгдэгч Т.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

             Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Т.Сөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Хохирогчид хохирол төлбөр төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлоо төлсөн” гэж үзэж хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхээс шүүгдэгч Т.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор буюу 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэв.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялаас түүний цагдан хоригдсон 737 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан байх тул тул энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэх ялгүй гэж шүүхээс дүгнэсэн болно.

Гурав. Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж хуульчилсан.

Гэмт хэргийн улмаас учирсан шууд учирсан хохирлыг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн гаргах бөгөөд насанд хүрээгүй хохирогч Б.А нь “...миний гар утсыг хулгайлсан гэх Т.С миний хуучин утасны ижил загварын цагийн өнгийн гар утсыг надад өгч хохирлыг маань барагдуулсан болохоор надад гомдол санал байхгүй.” гэж мэдүүлсэн /хавтаст хэргийн 200 дахь тал/ байх тул шүүгдэгч Т.Сийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

            Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргахыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т.С-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Сийг 360 /гурван зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Сөд оногдуулсан 360 /гурван зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, уг ялаа биелүүлэхээс зайлсхийвэл нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Сөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хавтаст хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт үлдээсүгэй.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн хохиролд төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Сөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.СУВД-ЭРДЭНЭ