| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Давааноровын Сувд-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 186/2025/0003/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/129 |
| Огноо | 2025-01-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Мандалмаа |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/129
2025 01 10 2025/ШЦТ/129
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Ё” танхимд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган,
улсын яллагч Б.Мандалмаа /томилолтоор/,
шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Ц.Мягмарсүрэн, Ж.Ганболд нарыг оролцуулан нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ад холбогдох эрүүгийн “2311 01776 1114” дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.А
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ат нь 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн ... тоотод С.Бтай хувийн таарамжгүй харилцаа буюу С.Быг өрөө өг гэж нэхэж очиход нь маргалдаж улмаар түүнийг толгой хэсэгт нь 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн шуу, зүүн сарвуу, баруун чигчий хуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А: “...Тухайн үед согтуу хүн ирээд надад халдахаар нь би чи бид хоёр энд уулзах ёсгүй, чи бид хоёрын маргаан өөр газарт болох гэж гаргуулахыг л бодсон. Нөгөө хүн маань гараагүй. Би 00-ын өрөөнд суултуур дээр сууж байсан. Хаалга нь онгорхой байсан орж ирсэн. Би анх мэдүүлэг өгөхдөө ч цохисон минь үнэн гэж хэлж байсан. Би тухайн үед гинжээр боогдоод уначих гээд болохгүй байсан. Тийм байдал гараагүй гэдгийг мөрдөгчдөө мэдүүлсэн байна. Бодит байдалд миний амьсгал боогдоод ухаан алдаж унах гээд санамсаргүй цохисон. Цохисон үйлдэлдээ маргах зүйл байхгүй. Өөрөөсөө салгах гэх байдлаар цохисон. Тийм л юм болсон.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас:
- Хохирогч С.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дэх тал/,
- О.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,
- цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудас /хавтаст хэргийн 16 дахь тал/,
- Эрх бүхий албан хаагчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 17 дахь тал/,
- хохирогч Б.Аийн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 11399 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 35-36 дахь тал/,
- Гэрч О.Мийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 96 дахь тал/,
- Гэрч Н.Сын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 104 дэх тал/,
- Гэрч Н.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 106 дахь тал/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 11374 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 42-43 дахь тал/,
- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 63 дахь тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 129 дэх тал/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нараас шинээр гаргаж өгсөн 14 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.
Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Б.А нь 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн ... тоотод С.Бтай хувийн таарамжгүй харилцаа буюу С.Быг өрөө өг гэж нэхэж очиход нь маргалдаж улмаар түүнийг толгой хэсэгт нь 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн шуу, зүүн сарвуу, баруун чигчий хуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:
- Хохирогч С.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би дөнгөж ороод “Сайн байна уу” гэж мэндлэхэд намайг зөвшөөрөлгүй гэрт орж ирлээ гэж заамдаж аваад би өөдөөс барьж авч ноцолдоход төмөр зүйлээр намайг 3 удаа цохиж толгойн хэсэг хавдаж цус гарч байсан, Би Б.А гэх хүнтэй барьцалдаж авсан тэр хүнийг цохисон асуудал байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дэх тал/,
- О.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор өгсөн: “...Би тэр хоёрыг барьцалдсан байхад нь яг дундуур нь орсон, С.Б Б.Аийг цамцаар нь боосон байхад би яг С.Б руу хараад салгах гэж оролдсон, буцаж эргээд нөхөр рүү хараад зай гаргах маягтай түлхээд буцаж эргээд С.Б руу хараад цааш нь түлхэх үйлдэл хйигээд эхнэр хүүхдийг нь аваач ээ, салгаач ээ гээд байж байхад барьцалдсан хэвээрээ ариун цэврийн өрөөний хаалга хэсэг дээр ирэх үед С.Бын гар орж ирээд миний нүүр хэсэг рүү цохисон, нэг л удаа цохисон дунд нь толгой хэсэг рүү бас цохисон. С.Б эхлээд Б.Аийг боосон нөхөр зөрүүлээд заамдаж аваад барьцалдаад нэг нэгийгээ цохисон. Тэгсэн Б.А шүүрний иш шиг зүйлээр С.Бын толгой руу цохисон. С.Б нь Б.Атийг боож заамдах үедээ Б.Атийн зүүж байсан гинжийг тасалсан.” /хавтаст хэргийн 13 дахь тал/,
- Гэрч О.Мийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд тэр хоёр ариун цэврийн өрөө рүү ороод тэр хоёр барьцалдаж авсан, нойлын хаалга онгорхой байсан, тэр хоёр нэг нэгнийгээ заамдаж аваад аав Б.Аийн хоолойг нь бооход Б.А шүүрний иш шиг зүйлээр аавын толгой руу цохисон. Аавыг би хойноос нь татаж утсаараа бичлэг хийх санаатай, ээж болон Б.Аийн эхнэр тэр хоёрыг дундуур нь ороод салгасан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 96 дахь тал/,
- Гэрч Н.Сын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн өдөр Б.Аийн гэр лүү ороход .. түүний эхнэр А хоёр хүүхдийн хамт байсан, ороод мэнд мэдэцгээгээд зогсож байхад Б.А харанхуй шөнөөр айлаар юу хийж байгаа юм, уулздаг газраа уулзана гээд С.Бтай маргалдсан, Б.А ариун цэврийн өрөөн дотор байсан. С.Б наана нь хаалган дээр нь очоод нэг нэгнээ заамдаж авахад бид нар наанаас нь салгах гээд татсан. Б.Аийн эхнэр А ариун цэврийн өрөө рүү ороод салгах гээд нөхрөө цааш нь татсан тэр үед Б.А хогийн шүүрний ишээр С.Бын толгой руу хэд хэдэн удаа цохисон С.Б заамдсан байдалтай хоёулаа салахгүй байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 104 дэх тал/,
- Гэрч Н.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн өдөр Б.Аийн гэр рүү ороход Б.А түүний эхнэр А оёр хүүхдийн хамт байсан, ороод мэнд мэдэцгээгээд зогсож байхад Б.А харанхуй шөнө айлаар юу хийж байгаа юм, уулздаг газраа уулзана гээд ариун цэврийн өрөөнөөс гарч ирээд мэндийн зөрүүгүй С.Бтай ариун цэврийн өрөөний үүдэн дээр барьцалдаж авсан. Нэг нэгнээ заамдсан байдалтай цаашаа ариун цэврийн өрөө рүү ороход Б.А манай нөхрийн толгой руу хогийн шүүрний ишээр хэд хэдэн удаа цохиж хагалаад толгойноос нь цус гарсан. Эгч охин бид гурав нөхрийг наанаас нь татаад, А цэврийн өрөө рүү ороод нөхрөө салгах гээд цааш нь түлхэх үйлдэл хийсэн тэгээд арай гэж тэр хоёрыг салгаад бид нар гараад явсан, Б.А цагдаад дуудлага өгсөн байсан, дараа нь гинж тасалсан байна гэх асуудал ярьж байсан тухайн үед заамдалцсан байхад тийм зүйл болсон байх. С.Бын биед Б.А цохиж халдсан, өөр хүн гар хүрээгүй, тэр хоёрыг барьцалдсан байдалтай байхад Анхзул ариун цэврийн өрөө рүү орж салгасан тэр хоёрын гарт цохигдсон эсэхийг мэдэхгүй байна, тийм зүйл болоогүй байх С.Б Б.Аийг цохих үйлдэл хийгээгүй заамдсан байдалтай байсан болохоор Аг цохисон асуудал болоогүй. Тэр үед Ан биед нь ямар нэган гэмтэл учирсан зүйл байгаагүй анх ороход Б.А ариун цэврийн өреенеес гарч ирээд буцаж ороод ариун цэврийн өрөөнд С.Б Б.А хоёр нэг нэгнийгээ цамцаар нь заамдаад зогсож байсан, заамдсан байхад Бат- Өршөөл ална хядна гээд орилж хашгираад шүүрийн ишээр С.Бын толгой руу цохиж эхэлсэн, тэр үед Б.Аийн амьсгал боогдожухаан алдсан, муужирсан зүйлс огт болоогүй өөрөө шууд эхэлж цохиод орилж хашхираад хариу үйлдэл үзүүлэх чадвартай байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 106 дахь тал/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 11374 дугаартай “С.Бын биед тархи доргилт, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн шуу, зүүн сарвуу, баруун гарын чигчий хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн үэрэгт хамраарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 43 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.
Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байдаг. Шүүгдэгч Б.А нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч С.Быг өрөө өг гэж нэхэж очиход нь маргалдаж улмаар түүнийг толгой хэсэгт нь 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн шуу, зүүн сарвуу, баруун чигчий хуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь хохирогчид гэмтэл учрах боломжтой гэдгийг мэдсээр байж үйлдэж буй гэм буруугийн санаатай үйлдэл бөгөөд хохирогч С.Бын биед учирсан гэмтэл нь шүүгдэгч Б.Аийн идэвхтэй үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас С.Бын биед тархи доргилт, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөрөнд зулгаралт гэмтэл учруулсан, Б.Аийн зүүж байсан 5,160,55 төгрөгийн үнэ бүхий 36 грамм монетн гинжийг эвдэж, гэмтэл учруулсан мөн гэрч Н.М, Н.С, О.М нарын хамт шөнө оройн цагаар Б.Аийн гэрт зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн зэрэг үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эд хөрөнгө устгах гэмтээх, мөн хуулийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэргийн шинжтэй байтал энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй, оролцогчийн эрхийг зөрчсөн байх тул нэмэлт ажиллагаа хийлгэхээр хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй юм.
Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж, мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13 дэх заалтад “нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар гаргасан гомдол” 6.14 дэх заалтад “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай гомдол” гэж тус тус заасан байх тул шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулах боломжгүй юм. Өөрөөр хэлбэл шүүгчдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан тодорхой ажиллагаа хийлгүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт нь шүүхэд хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэх талаар гаргасан хүсэлт байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эд хөрөнгө устгах гэмтээх гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив тал нь санаатай үйлдэл байхыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэргийн обьектив талын хувьд оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан идэвхтэй үйлдэл байхыг тус тус шаардаг. Хохирогч С.Быг гэрч О.Аын биед хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б.Аийн зүүж байсан 5,160,55 төгрөгийн үнэ бүхий 36 грамм монетн гинжийг санаатай эвдэж, гэмтэл учруулсан, 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 476-1007 тоот Б.Аийн гэрт өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрч орсон гэх хэргийн үйл баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгж буюу 1,350,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс улсын яллагчийн торгох ялын саналыг дэмжиж байна, миний үйлчлүүлэгч тулгуур эрхтний бэрхшээлтэй, 450 нэгжээр тогтоох ял оногдуулж өгнө үү гэх саналыг тус тус гаргав.
Шүүгдэгч Б.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.
Иймд шүүгдэгч Б.Аийн эрүүл мэнд, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.
Гурав. Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:
Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж хуульчилсан.
Гэмт хэргийн улмаас учирсан шууд учирсан хохирлыг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн гаргах бөгөөд хохирогч С.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй гэсэн мөн шүүгдэгч Б.А нь хохирогч С.Бын хаан банкны дансанд 300,000 төгрөгийг шилжүүлсэн зэргийг харгалзан шүүгдэгч Б.Аийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аийг 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1350,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ... оногдуулсан 1350 /нэг мянга гурван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1350,000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Б.А нь энэ хэргийн улмаас бусдад учирсан шууд хохиролд төлөх төлбөргүй ба хохирогч С.Бын цаашид гарах эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлоо баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.СУВД-ЭРДЭНЭ