2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/154

 

 

 

 

 

 

 

 

 

   2025       01         13                                       2025/ШЦТ/154

 

 

                           

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Ё” танхимд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган,

улсын яллагч П.Болормаа /томилолтоор/,

хохирогч А.Т,

шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Гд холбогдох эрүүгийн “2411 00000 1654” дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Г

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн ... тоот хаягт гэр бүлийн хамаарал бүхий эхнэр А.Тийг үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Хохирогч А.Т шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тухайн 10 сарын эхнээс бид хоёрын харилцаа хэрүүл маргаантай байсан. Тухайн өдөр миний сэтгэл санаа тиймэрхүү байгаад ахындаа очоод хоносон. Энэ маргааныг үүсгэсэн хүн би өөрөө байгаа. Ах, дүүсийндээ очоод, асуувал байхгүй шүү гэж хэлүүлээд, Б.Гд хөдөө явлаа гээд мессеж бичсэн. Энэ шалтгаанаас үүдээд Б.Г уурласан. Бид хоёр өмнө нь хэрүүл хийхэд ганц хоёр цохидог зүйл байгаа. Гэхдээ нэг уурлаад байдаггүй. Б.Гтай утсаар ярихад хүрээд ирээ, хүүхдүүд чинь санаад байна, би уучилна гэхээр нь хүрээд ирсэн. Тэгээд намайг ирэхэд Б.Г буйдан дээр хэвтэж байсан. Би аль болох эвээр ойлголцохыг хичээсэн. Б.Г учиргүй уурлаад бухимдаж байсан. Уурласандаа хажууд нь байгаа сандлаараа миний бөгсөн хэсэг рүү цохисон. Тэгээд бид  хоёр зодолдоод би арай гэж гарч ирээд дэлгүүрийн утсаар аав руугаа залгасан.” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч А.Тийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 9-12 дахь тал/,

- Гэрч Б.Айн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 13365 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

- Шүүгдэгч Б.Гын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 52 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 74 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.

            Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

             Шүүгдэгч Б.Г нь 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн ... тоот хаягт гэр бүлийн хамаарал бүхий эхнэр А.Тийг үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:

- Хохирогч А.Тийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай нөхөр Б.Г бид хоёр 2017 оноос хамт амьдрах болсон ба дундаасаа 2 хүүхэдтэй, харин Б.Г өөрийн гэсэн нэг хүүхэдтэй. 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс бид хоёр гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас тусдаа байсан. 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр надруу залгаад уучлалт гуйгаад хүрээд ирээч гээд байхаар нь ганцаараа 21 цагийн үед гэртээ харьсан чинь манай нөхөр буйдан дээрээ унтаж байгаад босоод ирсэн, тэр үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан. Тэгээд шууд намайг хаагуур явж байгаад ирж байгаа юм, хэнтэйгээ банзалдаж байгаад ирсэн бэ гээд учиргүй миний дээрээс цохиод сандал аваад сандалаар толгойруу 2 удаа цохисон, сүүлдээ биерүү цохиод 3 удаа хоолой боож, ална гээд хогийн шүүрний ишээр хөл гарыг чинь хугална гээд 2-3 удаа цохиод, би арай гэж гэрээсээ зугтаж гараад дэлгүүр орж дэлгүүрийн эмэгтэйгийн утсаар аав руу залгаад дараа нь цагдаа руу залгасан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-12 дахь тал/,

- Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр орой 21:38 цагийн орчимд миний охин А.Т залгаад ааваа амь авраараи гэж хэлээд утас нь.тасарсан. Тэгээд би хар хурдаараа гэррүү явсан, замаараа цагдааруу дуудлага өгсөн. Тэгээд очиход цагдаа ирсэн байсан, миний охины хамараас цус гарсан, толгой нь хагарчихсан байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 13365 дугаартай: "...А.Тийн биед зүүн чамархайд язарсан шарх, зүүн чихний дэлбээнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн буглага, хэвлий, зүүн егзөг, шилбэнд цус хуралт, баруун хацар, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл кь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо." гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

- Шүүгдэгч Б.Гын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлсэн: “...2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр би эхнэрээсээ уучлал гуйгаад гэртээ хүрээд ирээч гэж хэлсэн. Орой нь эхнэр А.Т гэртээ ирэх үед 2-3 литр айраг, 200 грам архи ганцаараа уусан нэлээд согтуу байсан. Эхнэрээс хаагуур яваад ирсэн талаар асуухад аавынд 2 хоносон, Очироо ахынд Содон хороололд хоёр хоносон гэсэн. Яэгээд би тэр айлуудаас чинь өдөр бүр асууж байсан надад ирээгүй гэж хэлсэн гээд бид хоёр маргалдаад би А.Тийн толгой хэсэгт 2 удаа алгадаж, хажууд байсан модон сандалаар нуруу хэсэгт нь 2 удаа цохьсон, мөн шүүр авч 2-3 удаа цохьсон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дох хэсэгт “хамтран амьдарч байсан, хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна” гэж хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүдийг тогтоосон байх ба гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн сэдэлт зорилго нь үл ялих зүйлээр шалтагласан, шалтаг шалтгаангүй, эрхшээлдээ байлгах гэсэн шинжийг агуулж байдаг тул прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүхээс дүгнэлээ.

            Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дугаа цуглуулж, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

            Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байдаг. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Г нь гэр бүлийн хамаарал бүхий эхнэр А.Тийг үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хохирогчид гэмтэл учрах боломжтой гэдгийг мэдсээр байж үйлдэж буй гэм буруугийн санаатай үйлдэл бөгөөд хохирогч А.Тийн биед учирсан гэмтэл нь шүүгдэгч Б.Гын идэвхитэй үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв

            Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Улсын яллагч зүгээс шүүгдэгч Б.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргав.

Шүүгдэгч Б.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүдрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгч Б.Гд ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор буюу 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.

Гурав. Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж хуульчилсан.

Гэмт хэргийн улмаас учирсан шууд учирсан хохирлыг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн гаргах бөгөөд хохирогч А.Т нь мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй /хавтаст хэргийн 85 дахь тал/ гэх барамт хавтаст хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Б.Г нь бусдад төлөх төлбөргүй байна

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гыг 240 цаг /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гд оногдуулсан 240 цаг /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, уг ялаа биелүүлэхээс зайлсхийвэл нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсуга.

4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн хохиролд төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

            7. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.СУВД-ЭРДЭНЭ