2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/135

 

 

 

 

 

 

 

 

   2025       01         13                                       2025/ШЦТ/135

 

                           

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Ё” танхимд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган,

улсын яллагч Б.Мөнхтулга,

хохирогч Б.Д,

шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Б.Лхагвадорж  нарыг оролцуулан нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ээд холбогдох эрүүгийн “2406054302375” дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Г.Э

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Э нь 2024 оны 7 дугаар сарын 27-ноос 2024 оны 07 дугаар сарын 28-нд шилжих шөнө хүн байнга амьдрах, тусгайлан хамгаалсан байр буюу Баянзүрх дүүргийн ... тоот хашаанд хууль бусаар нэвтрэн орж, Б.Дий эзэмшлийн улсын дугаартай “Тоёота Гранд Марк-2” загварын тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Э: “...Тухайн өдөр миний машиныг манай эхнэр аваад явсан байсан. Тэгээд яаралтай Улиастайн хуучин эцэс орох хэрэгтэй болсон. Б.Д надаа хэрэгтэй үедээ дүүгийнхээ машиныг авч явж байгаараа гэж хэлж байсан. Тэгээд надаа дү ү нь түлхүүрээ машиныхаа шалавчийн доор хийчдэг шүү гэж хэлсэн байсан. Тэгээд би Б.Д рүү 4-5 удаа залгасан тэгсэн утсаа аваагүй тэгээд би хашаа руу нь орсон чинь машин нь байсан. Тэгээд түлхүүрийг нөгөө газраа байна уу гээд үзсэн чинь байхаар нь унаад явсан. Тэгээд тэр айлдаа хоносон. Тэгээд өглөө Б.Д рүү залгасан боловч утас нь холбогдохгүй байхаар нь Б.Дий найз руу залгаж хэлсэн, чи дамжуулаад хэлээдхээч гэсэн. Тэгээд Хужир булангийн эцсээс Б.Д ирж машинаа авсан.” гэв.

Хохирогч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт: “...Г.Э гээд ахын ачаа тээврийн портерыг авч яваад айлын хашаа мөргөсөн байсан. Тэгээд ахын машиныг янзлуулж чадахгүй байсан. Тэгээд ахад хэлсэн чинь за яах вэ ахын дүү гэсэн.  Тэгээд би та дүүгийнхээ жижиг тэргийг авч унаж байгаараа гэж хэлээд түлхүүр байгаа газрыг нь зааж өгсөн байсан. Би машин авч явдаг өдөр нь би өөрөө гэртээ байгаагүй. Найзын төрсөн өдөр тэмдэглээд шөнө 4 цагт ирсэн. Тэгээд машин байхгүй байхаар нь үеэл дүү унаад явсан юм байх гэж бодоод гэртээ орж унтсан. Тэгээд маргааш өглөө нь дүүгээс асуусан би унаж яваагүй гэхээр нь цагдаад дуудлага өгсөн. Тэгээд 3 дугаар хэлтэс дээр мэдүүлэг өгч байсан. Эхнэр, эгч хоёр ирсэн. Тэгсэн чиний машиныг Г.Э ах унаад явсан гэнэ гэж хэлсэн. Тэгээд эхнэрийнхээ утсаар Г.Э ах руу залгасан чинь ах нь Хужир булангийн эцэст байна гэсэн. Тэгээд би таныг авч явсан гэж мэдээгүй цагаад дуудлага өгсөн гэсэн чинь ах за торгуулаад өнгөрөх байх гэсэн. Тэгээд цагдаад манай таньдаг ах аваад явчихсан байна гэсэн чинь хууль хяналтын байгууллага та нарын тоглоом юм уу гэсэн. Г.Э ахыг хэрэг гарвал миний машиныг хэрэглэж байгаарай гэж хэлсэн байсан. Миний машиныг авахыг зөвшөөрсөн байсан. Миний энэ өгч байгаа мэдүүлэг үнэн зөв...”  гэх агуулга бүхий мэдүүлэг өгөв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын  хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,

- Хохирогч Б.Дий: "...Би 2024 оны 7 дугаар сарын 27-ны орой найзынхаа төрсөн өдөрт орой 23 цагийн үед явсан. Тэгээд өглөө үүрээр хашаа руугаа орж ирэхэд манай хашаанд байсан миний эзэмшлийн улсын дугаартай Марк-2 маркийн тээврийн хэрэгсэл байхгүй болохоор нь манай үеэл дүү авч явсан байх гэж бодоод гэртээ ороод амарсан. Тэгээд өглөө босоод үеэл дүүгээсээ машинаа асуухад манай дүү авч яваагүй гэж хэлсэн. Тэгээд найзуудаасаа асуух гээд залгахад бас авч яваагүй гэж хэлсэн. Тэгээд цагдаад дуудлага өгөөд хэлтэс дээр мэдүүлэг өгөх гээд ирчихсэн байсан чинь манай нэг найз над руу чат бичээд миний машиныг Г.Э гэх урд нь хамт ажилладаг байсан ах хүү аваад явчихсан байна гэж надад хэлсэн. Миний машинд ямар нэг эвдэрч гэмтсэн зүйл байхгүй байсан. Г.Этэй би урд нь 10 жилд байхдаа хэсэг хамт ажилладаг байсан өөр ямар нэг харилцаа холбоо байхгүй. Г.Э надаас машин өгч бай гэж асуусан зүйл байхгүй. Миний тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явсан байна"  гэх  мэдүүлэг /хавтаст хэргийн 7 дахь тал/,

- Шүүгдэгч Г.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Би Баянзүрх дүүргийн ... эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Хувиараа айл нүүлгэлтийн ажил хийдэг. 2024 оны 7 дугаар 28-ны үүрээр Хужир булан руу таньдаг ахындаа очих болоод миний машиныг эхнэр унаад явчихсан байхаар нь Улиастайн хуучин эцэс дээр очоод такси барих гэтэл зогсоогүй. Тэгээд Улиастайн хуучин эцсийн ойролцоо урд хамт амьдардаг дүү болох Б.Дий хашаа руу ороход Гранд Марк-2 маркийн тээврийн хэрэгсэл нь байсан бөгөөд хаалгыг нь онгойлгоход дотор нь түлхүүр нь байсан бөгөөд харанхуй шөнө хүн сэрээж яах вэ гэж бодоод машиныг нь унаад явсан. Тэгээд Хужир буланд таньдаг ахындаа очоод 2 шил архи хувааж уугаад 8 сарын 28-ны өглөө Б.Д рүү машиныг чинь аваад явчихсан шүү гэхэд та эрт ярихгүй яасан юм бэ? Би машинаа хулгайд алдсан гээд цагдаад дуудлага өгчихсөн гэж хэлсэн. Тэгээд би Б.Дд хүргэж өгсөн. Би Б.Дөөс машиныг нь асуулгүй машиныг зөвшөөрөлгүй авч явсан нь үнэн. Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10, 29 дэх тал/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 35 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 31 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.

             Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнээд, шүүх хуралдааны явцад хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчийн гэм бурууг дараах байдлаар тодорхойлов.

Ингэхдээ шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчийн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчиллөө.

Баянзүрх дүүргийн прокуророос шүүгдэгч Г.Ээд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2.1 дэх заалтад заасан хүн байнга амьдрах, тусгайлан хамгаалсан байр буюу Баянзүрх дүүргийн ... тоот хашаанд хууль бусаар нэвтрэн орж, Б.Дий эзэмшлийн ... улсын дугаартай “Тоёота Гранд Марк-2” загварын тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэж дүгнэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.

Хүн байнга амьдрах гэдэг ойлголт нь орон байр гэх ойлголттой хамтдаа буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр гэх ойлголт байх бөгөөд хүн байнга амьдрах, тусгайлан хамгаалсан байр гэх ойлголт байхгүй юм.

Харин тусгайлан хамгаалсан байр, агуулах гэх ойлголтод эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалт бүхий байшин, амбаар, илүү гэр, гэрийн болон тээврийн чингэлэг, бүх төрлийн агуулах зоорь, авто мухлаг, ачаа тээвэрлэхэд зориулсан болон тусгай зориулалтын автомашины кабин, ачаа хадгалах сав зэргийг хамааруулж ойлгоно. Айлын хашаа руу зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн үйлдэл нь тусгайлан хамгаалсан байр гэх ойлголтод хамаарах хэдий ч бусдыг нэвтрэхэд саад болохуйц хориг саад, хамгаалалттай байлгах талаар өмчлөгч эзэмшигчийн зүгээс арга хэмжээ авсан байсан эсэхийг шалган тогтоох шаардлагатай.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар хохирогч Б.Дий Баянзүрх дүүргийн ... тоот хашаа нь тухайн цаг хугацаанд цоожтой байсан эсэх, шүүгдэгчээс идэвхтэй үйлдэл хийж нэвтрэлт явагдсан эсэх, өөрөөр хэлбэл тухайн хашаа руу нэвтрэхэд хориг саад, хамгаалалт байсан эсэх талаар хэргийн газрын үзлэг хийгдээгүй энэ талаар мөрдөн шалгах ажиллагаанд тодруулаагүй нь шүүгдэгчийг эрх зүйн байдлыг дордуулах, хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож болохгүй.

Хэргийн талаар нотолвол зохих байдал буюу нотлогооны зүйлсийг бүрэн нотлох нь хэргийн зүйлчлэл, гэмт үйлдлийн талаар хууль зүйн дүгнэлт бүрэн хийж, шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид хуульд заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэл болдог.

Иймд Баянзүрх дүүргийн прокуророос шүүгдэгч Г.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирогч Б.Дий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг эрс зөрүүтэй байх боловч шүүгдэгч Г.Ээд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд шүүгчийн 2852 дугаартай захирамжаар нэмэлт ажиллагаа хийхийг прокурорт даалгаж, шүүх хуралдааныг 30 хүртэл хоногоор хойшлуулж шийдвэрлэсэн байх тул дахин нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт даалгаж, хуралдааныг хойшлуулах боломжгүй юм. Хохирогч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд “Г.Этэй би урд нь 10 жилд байхдаа хэсэг хамт ажилладаг байсан өөр ямар нэг харилцаа холбоо байхгүй. Г.Э надаас машин өгч бай гэж асуусан зүйл байхгүй. Миний тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явсан байна" гэж мэдүүлсэн атал шүүхийн хэлэлцүүлэгт “...Тэгээд цагдаад манай таньдаг ах аваад явчихсан байна гэсэн чинь хууль хяналтын байгууллага та нарын тоглоом юм уу гэсэн. Г.Э ахыг хэрэг гарвал миний машиныг хэрэглэж байгаарай гэж хэлсэн байсан. Миний машиныг авахыг зөвшөөрсөн байсан...” гэж эрс зөрүүтэй мэдүүлэг өгсөн нь Эрүүгийн хуулийн 21 дүгээр бүлэгт заасан гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалган тогтоох шаардлагатай.

             Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Г.Ээд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Хохирогчид тээврийн хэрэгслийг буцаан өгснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлоо төлсөн” гэж үзэж хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхээс шүүгдэгч Г.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор буюу 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэв.

Гурав. Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж хуульчилсан.

Гэмт хэргийн улмаас учирсан шууд учирсан хохирлыг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн гаргах бөгөөд хохирогч Б.Д нь “...Машинаа буцаан авсан, надад ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэж мэдүүлсэн /хавтаст хэргийн 47 дахь тал/ байх тул шүүгдэгч Г.Эийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Э нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2852 дугаар захирамжаар нь 30 хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлд зааснаар түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

            Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Э нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дох хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн прокуророос шүүгдэгч Г.Ээд хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Г.Э-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            3. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эийг 300 цаг /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

            4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Эийн цагдан хоригдсон 30 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 60 /жар/ цагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ээд оногдуулсан 60 /жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, уг ялаа биелүүлэхээс зайлсхийвэл нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ээд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гэмт хэргийн хохиролд төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ээд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.СУВД-ЭРДЭНЭ