| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Давааноровын Сувд-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 186/2025/0016/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/150 |
| Огноо | 2025-12-01 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | С.Сүрэнхорол |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 2025/ШЦТ/150
2025 01 13 2025/ШЦТ/150
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж, шүүгч Э.Чанцалням, М.Солонгоо нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган,
иргэдийн төлөөлөгч У.Болортуяа,
улсын яллагч С.Сүрэнхорол,
шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Мад холбогдох эрүүгийн “2411 00000 1495” дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, М.М,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч М.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн ... тоотод хохирогч өндөр настан Н.Дтой /73 нас, эм/ хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж цээжин тус газарт нь хөлөөрөө өшиглөж баруун 3, 4, 5, 6 дугаар хавирганы зөрүүтэй хугарал, баруун уушгины доод дэлбэнгийн няцрал, цээжний баруун хөндийд хий, шингэн хуралдалт, дээд уруулын дотор салстад язарсан шарх, баруун бугалга, цээжинд цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М: “...Би гадуур явж байгаад 9 дүгээр сарын 14-ний өдөр гэртээ орж ирсэн. Гэтэл Н.Д, Дарим, манай эхнэр 3 архи уугаад хөзөр тоглоод байж байсан. Тэгээд бүгд нийлээд уусан. Би Н.Дтой муудалцаад Н.Д намайг гэрээс хөөхөөр нь уур хөдлөөд түлхэж унагаад пүүзтэй хөлөөр өшиглөсөн.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан талаарх 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн №7234 дугаартай тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дахь тал/,
- Хохирогч Х.Н.Дгийн: “...Намайг Сийн гэрт нь очих үед Д болон С хоёр байж байсан юм. Бид гурав уулзалдаж 2-3 шил архи хувааж ууцгааж бас ширээн дээр хөзөр тоглоцгоосон юм. Бид гурвыг хөзөр тоглоод сууж байхад Сийн гэрийн гаднаас түүний нөхөр болох М.М гаднаас бага зэргийн согтуу халамцуу байдалтай орж ирсэн юм. М.М орж ирээд бид гуравтай нийлж хамт архи ууж бас хөзөр тоглосон юм. Бид дөрөв хөзөр тоглож байгаад М.М бид хоёр нэг зүйлсээс болж хоорондоо маргалдаж муудалцсан ба тэр үед М.М надад уурлаад миний цээжний баруун хэсэгт хөлөөрөө өшиглөх шиг болсон юм. Тэр үед би согтуу байсан учир хэдэн удаа яаж цохиж өшиглөснийг сайн санахгүй байна. Ямартай ч М.М намайг цохисныг бол мэдэж байна. Тэр үед М.М бид хоёр муудалцаад Д болон С хоёр салгах шиг болсон юм. Би тэр үед цохиулаад миний цээж хэсэгт хөндүүр орчихсон өвдөж байсан. Би тэр өдөр Сийн гэрт нь хонохоор болж хоносон юм. Би тэр өдөр хоноод маргааш нь миний бие өвдөөд хөндүүрлээд өвчтэй байсан тул С түргэн тусламж дуудаж удалгүй түргэний эмч ирж намайг үзээд Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүл гээд явсан юм. Би тэр үед өөрийн хүүхдүүдээ С гэрт дуудаад цуг гэмтлийн эмнэлэгт явж очиж үзүүлтэл намайг яаралтай хэвтэх шаардлагатай гэж хэвтүүлээд надад хагалгаа хийсэн юм. Би гэмтлийн эмнэлэгт очиж хагалгаанд орж 8 хоног хэвтэн эмчлүүлсэн юм. Гэмтлийн эмнэлгээсээ гараад дараагаар Н гэх нэртэй хувийн эмнэлэгт 8 хоног бас хэвтсэн юм. Би М.М гэх хүнийг таних бөгөөд М.М нь миний багын найз болох Сийн нөхөр нь байгаа юм. Би М.Мыг эртнээс мэднэ. Тэр өдөр миний биед М.М хөзөр тоглож байгаад надтай хөзрөөс болж маргалдаж миний цээж хэсэгт хөлөөрөө 1 удаа өшиглөж гэмтээсэн юм. Би эмчилгээний зардалд учирсан хохирлыг барагдуулмаар байна. Бусдаар өөр гомдол санал байхгүй. Би сэтгэцэд учирсан гэм хорын зэрэг тогтоолгохгүй. Учир нь надад тухайн хүнд нээх гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,
- Гэрч Х.Сийн: “...2024 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр гэртээ амраад байж байтал манай гэрт манай найзууд болох Н.Д болон Д нар гэрт хүрч ирцгээсэн юм. Бид хэд цугтаа уулзалдаж хоол унд хоол хийж идэж, хэдэн шил цагаан архийг хамт хувааж ууцгааж бас хөзөр тоглоцгоосон юм. Бид хэдийг хамт хөзөр тоглоод сууж байх үед манай хөгшин болох М.М нь гэрийн гаднаас архи уучихсан халамцуу байдалтай хүрч ирсэн юм. М.М бид хэд нийлж хамтдаа хөзөр тоглоод ууж сууж байтал манай найз Н.Д манай нөхөр М.Мтай нэг зүйл зүйлээс болж хоорондоо хэрэлдэж маргалдаж эхэлсэн юм. Тэр хоёр хоорондоо хэрэлдэж маргалдаж байгаад манай нөхөр М.М уурлаад Н.Дгийн цээж хэсэгт нь хөлөөрөө 1 удаа өшиглөөд авсан юм. Тэрний дараагаар бид хэд хөзөр тоглохоо больцгоосон юм. Дараа нь бид хэд манай гэрт хонохоор болж бид хэд унтацгаасан. Маргааш нь буюу 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр манай найз Н.Дгийн цээж хэсэг нь хөндүүртэй өвдөөд байна гэхээр нь би гар утсаараа түргэн тусламжид дуудлага өгүүлсэн. Түргэн тусламжийн эмч хүрч ирээд манай найзыг үзээд гэмтлийн эмнэлэгт очиж зургаа авхуулаарай гээд яваад өгсөн юм. Манай найз тэр үед өөрийн хүргэн охин хоёроо манай гэрт дуудаад цуг гэмтлийн эмнэлэг рүү явсан. Манай найз очоод гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд хэвтэх шаардлагатай гээд гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх болсон гэж надад хэлсэн юм. Тухайн өдөр манай нөхөр М.М нь манай найз эмэгтэй Н.Дтой архи уучихсан согтуу байх үедээ хэрэлдэж маргалдаад 1 удаа хөлөөрөө цээж хэсэгт нь өшиглөчихсөн юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,
- Гэрч Б.Дгийн: “...Би 2024 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр би найз эмэгтэй болох Сарантуяагийн гэрт нь очих гэж явах замдаа ярьж байгаад Н.Д найзтайгаа уулзалдаж цуг Сийн гэрт нь явж очсон юм. Бид гурав уулзалдаж хүнсний дэлгүүрээс авсан архиа хувааж ууж суунгаа бас хажуугаар нь бид гурав хөзөр тоглосон юм. Бид гурвыг тоглоод сууж байх үед Сийн гэрийнх нь гаднаас нөхөр нь болох М.М архи уучихсан байдалтай орж ирсэн юм. М.М бид хэд нийлэлдэж цуг сууцгааж бид дөрөв цуг хөзөр тоглоцгоосон юм. Бид хэд тоглож байх үед М.М, Н.Д хоёр нэг юмнаас болж хоорондоо маргалдсан ба би яг юунаас болж маргалдсан гэдгийг нь мэдэхгүй байна. Тэр хоёр хоорондоо маргалдаж байгаад М.М Н.Дгийн цээжин хэсэгт нь гар эсвэл хөлөөрөө цохиод авах шиг болсон юм. Би тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэчихсэн байсан учир сайн санахгүй байгаа юм. Тухайн тэр үед тэр хоёр хэрэлдэж маргалдахаа болиод бид хэд тэр үед унтацгаасан юм. Маргааш нь М.М, Н.Д хоёр эрүүл байх үедээ эвлэрцгээсэн. Харин Н.Дгийн цээж хэсэгт нь өвдөөд байна гэж хэлж байсан. Тэгэхэд нь С Н.Дгийн охин хүргэн хоёрыг нь гэртээ дуудсан юм. Охин хүргэн хоёр нь Сийн гэрт удалгүй хүрч ирээд Н.Д бид хоёрыг гэрээс нь автомашинаараа авч явж би замаараа хороололд бууж тэр хэд цуг гэмтлийн эмнэлэг явцгаасан юм. Тэрнээс өөр зүйл болоогүй юм. Би С гэх хүнтэй худ ургийн холбоотой ба харин М.М нь түүний нөхөр гэдгээр нь би танина. Н.Д нь харин манай найз эмэгтэй байгаа юм.Тухайн өдөр Н.Д болон М.М хоёр хоорондоо хэрэлдэж маргалдсан юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч, Э.Эрхэмбаярын гаргасан 2024 оны 9 дүгээр сарын 24-ий өдрийн №12325 дугаартай: “...Х.Н.Дгийн биед баруун 3, 4, 5, 6 дугаар хавирганы зөрүүтэй хугарал, баруун уушгины доод дэлбэнгийн няцрал, цээжний баруун хөндийд хий, шингэн хуралдалт, дээд уруулын дотор салстад язарсан шарх, баруун бугалга, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 28 дахь тал/,
- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 32 дахь тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 51 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.
Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнээд, шүүх хуралдааны явцад хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн гэм бурууг дараах байдлаар тодорхойлов.
Ингэхдээ шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчийн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчиллөө.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Мад холбогдуулан биеэ хамгаалж чадахгүй өндөр настай хохирогч Х.Н.Дгийн биед хүнд хохирол санаатай учруулсан дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн дох хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
2024 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн .... тоотод шүүгдэгч М.М нь хохирогч Х.Н.Д, гэрч Х.С, Б.Д нарын хамтаар хөзөр тоглон, хэн хэн нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа хувийн таарамжгүй харилцааны улмаас Х.Н.Дтой маргалдаж, түүний цээжин тус газар нь хөлөөрөө өшиглөж баруун 3, 4, 5, 6 дугаар хавирганы зөрүүтэй хугарал, баруун уушгины доод дэлбэнгийн няцрал, цээжний баруун хөндийд хий, шингэн хуралдалт, дээд уруулын дотор салстад язарсан шарх, баруун бугалга, цээжинд цус хуралт бүхий хүнд гэмтэл учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж хуульчилсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад “Хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж” гэж гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг заажээ.
Биеэ хамгаалж чадахгүй, биеэ хамгаалах чадваргүй хүн гэж бие махбодын болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, гэмт этгээдийн үйлдлийн эсрэг идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахааргүй, бага насны буюу өндөр настай, өвчин эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, мөн биеийн ерөнхий хөгжлөөр илтэд сул дорой, болон бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй хүнийг ойлгодог.
Биеэ хамгаалж чадахгүй, бие хамгаалах чадваргүй болохыг мэдсээр байж гэж бие махбодын болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээдийн үйлдлийн эсрэг идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг ухамсарлан ойлгосон байхыг хэлнэ.
Гэтэл хэрэгт тогтоогдсон баримтаар шүүгдэгч, хохирогч нарын хэн хэн нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх ба шүүгдэгчийн хувьд хохирогчоос насны болоод бие бялдрын хувьд илтэд илүү, эсхүл хохирогч гэмт этгээдийн үйлдлийг идэвхтэй эсэргүүцэх чадваргүй хэмжээний согтолттой байсныг тогтоосон үйл баримт хэрэгт авагдаагүй. Өөрөөр хэлбэл хохирогчийн насны байдлаас шалтгаалан хүндрүүлэн зүйлчлэх шаардлагагүй юм.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн прокуророос шүүгдэгч М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүх хуралдаанд иргэдийг төлөөлөн оролцсон иргэдийн төлөөлөгч нь “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна” гэсэн дүгнэлт гаргасныг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “яллах дүгнэлт нь тэмдэглэх, тогтоох, хавсралтаас бүрдэнэ” гэж, тус зүйлийн 3 дахь хэсэгт “яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт дараах зүйлийг тусгана” гэж, мөн хэсгийн 3.1 дэх заалтад “яллагдагчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, биеийн байцаалттай холбоотой бусад мэдээлэл” гэж заасан байна.
Шүүгдэгч М.М нь урьд 5 удаагийн ял шийтгэл эдлэж байсан байх ба энэ талаар 732 дугаартай яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт дурдаагүй буюу яллагдагчийн биеийн байцаалтад урьд ял шийтгэлгүй гэсэн байгаа нь яллах дүгнэлтэд тавигдах хуулийн шаардлага зөрчигдсөн хэдий ч хавтаст хэрэгт авагдсан бусад баримт /ял шалгах хуудас, шийтгэх тогтоол/-д үндэслэн энэхүү алдааг шүүхийн шийдвэрээр залруулах боломжтой гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч М.Мад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.
Иймд шүүгдэгч М.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Гурав. Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:
Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж хуульчилсан.
Гэмт хэргийн улмаас учирсан шууд учирсан хохирлыг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн гаргадаг бөгөөд хохирогч Х.Н.Д мөрдөн шалгах ажиллагаанд баримтаар 535,000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “...миний бие 600,000 төгрөг хүлээн авсан, гомдолгүй...” гэсэн байх тул шүүгдэгч М.М нь хохирогч Х.Н.Дд 600,000 төгрөг төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй гэх тул шүүгдэгч М.М нь бусдад төлөх төлбөргүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ” гэж, тус зүйлийн 3 дахь хэсэгт “Мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргаж иргэний нэхэмжлэгчээр тогтооно” гэж тодорхойлсон байна. Үүнээс дүгнэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүн, хуулийн этгээд гэмт хэргийн улмаас өөрт учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага буюу иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй тул цаашид мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгчээр тогтоогдвол зохих хүн, хуулийн этгээдийг тогтоож, иргэний нэмэмжлэл буюу шаардлагыг тодруулсан байвал зохино.
Иймд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 2,517,840 төгрөгийн хохирлыг нэхэмжлэх эрхийг, хохирогч Х.Н.Дгийн цаашид гарах эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлыг нэхэмжлэх эрхийг тус тус нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн прокуророос шүүгдэгч М.Мыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч М.М-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мыг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мад оногдуулсан 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Мад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч М.М нь энэ хэргийн улмаас бусдад учирсан шууд хохиролд төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Хохирогч Х.Н.Д цаашид гарах эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо, Эрүүл мэндийн даатгалын сан өөрт учирсан хохирлоо баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Мад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.СУВД-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Э.ЧАНЦАЛНЯМ
ШҮҮГЧ М.СОЛОНГОО