Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2021/ДШМ/172

 

 

 

 

 

 

   2021             2             10                                         2021/ДШМ/172

 

 

Ч.Уод холбогдох эрүүгийн

       хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Оч, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Гэрэлбадрах,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 2399 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Гэрэлбадрахын бичсэн 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 3 дугаартай эсэргүүцлээр Ч.Уод холбогдох эрүүгийн 2009005110398 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 22ы өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ч.У,

-Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заапдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн магадлалаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан;

Шүүгдэгч Ч.У нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “СU” дэлгүүрт 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр үйлчилгээний ажилтан Б.Ренчинмядагийн Самсунг-А9 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 1.119.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ч.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ч.Уод холбогдуулан 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолыг гаргажээ.

Хяналтын прокурорын дээрх тогтоолын “...ТОГТООХ нь... хэсгийн 1 дэх заалтад гэмт хэрэг гарсан өдрийг 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр гэж тэмдэглэсэн...” байна.

Мөн хяналтын прокурорын 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 343 дугаартай яллах дүгнэлтийн “... Хоёр. Яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга хэсэгт гэмт хэрэг гарсан өдрийг 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр гэж тэмдэглэсэн байна.

Гэтэл хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудад тухайн гэмт хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр үйлдэгдсэн талаар тэмдэглэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно. ...”, 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...Гэмт хэрэг гарсан байдал, /Гэмт хэргийг хэзээ, хаана яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдлыг тогтооно. ...” гэж заажээ.

Шүүгдэгч Ч.Уод холбогдох эрүүгийн 2009 00511 0399 дугаартай хэргээс харахад гэмт хэрэг хэзээ гарсан нь тодорхой бус ойлгомжгүй байна.

Хэдийгээр хавтас хэрэгт авагдсан баримтуудаас харахад тухайн гэмт хэрэг нь 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр үйлдэгдсэн гэж харагдахаар байгаа боловч прокуророос гарах эрх зүйн акт /Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай ТОГТООЛ/-ын тогтоох хэсгийн заалтыг шүүх засах болон өөрчлөх боломжгүй.

Иймд, дээрх үндэслэлээр шүүгдэгч Ч.Уод холбогдох хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж...”шийдвэрлэжээ.

Прокурор М.Гэрэлбадрах бичсэн эсэргүүцэлдээ болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг зэргээр 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр гэмт хэрэг гарсан нь тогтоогдсон болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/-г хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолно гэж хуульчилжээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлах замаар гэмт хэрэг гарсан цаг хугацааг тогтоох бүрэн боломжтой.

Иймд хэргийг мөрдөн байцаалтад буцааснаар хийгдэх ажиллагаа байхгүй, хэрэгт хийгдвэл зохих мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдсэн байх тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 2020/ШЗ/2399 тоот шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, тус хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. …” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Уод холбогдох хэргийг хянаад шүүх прокуророос гарах эрх зүйн актын тогтоох хэсгийн заалтыг шүүх засан өөрчлөх боломжгүй хэмээн дүгнэж хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн хувьд үндэслэл муутай болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн хуульчлан зааж, тэдгээрийг зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нотлохгүй бөгөөд шүүх хуралдааны явцад нотолдог болохыг зохицуулан хуульчилсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, Шүүхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “Шүүх шүүн таслах ажиллагааны мэтгэлцэх зарчмыг хангахдаа шүүх хуралдаанд талууд, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч болон улсын яллагчид асуулт асуух, хариулах, нотлох баримтыг танилцуулах, өөрсдийн тайлбар өгөх, үндэслэлээ хамгаалах, үгүйсгэх боломжийг тэгш олгоно” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасан бөгөөд прокурор энэ үүргээ хэрэгжүүлэхдээ, шаардлагатай оролцогч нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргаж, хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргээ хэрэгжүүлэх боломжтойг дурдаж байна.

Шүүх аливаа эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, харилцан зөрүүтэй нотлох баримтуудын аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг зааж, хэргийн үйл баримтад тулгуурлан шүүгдэгчийг гэм буруутэй эсэх, ямар гэмт хэргийн шинжид тохирч байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийдэг учиртай.

Шүүхээс хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудтай харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийх бүрэн боломжтой байна.

Энэ нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7, 34.14, 35.8 дугаар зүйлд заасны дагуу “Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд” яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцнэ. 

Хэдийгээр шүүгчийн захирамжид дурдсан “...яллагдагчаар татах тухай тогтоол, яллах дүгнэлтэд гэмт хэрэг гарсан өдрийг 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр гэж тэмдэглэсэн байна, ...” зэрэг зөрчлүүдийг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан, мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлуудыг хянаагүй боловч энэхүү зөрчлүүд нь шүүхээс гарах шийдвэрт хэрхэн сөргөөр нөлөөлөх, эсхүл нөлөөлж болзошгүй талаар болон оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрх зөрчигдөж байгаа эсэх, хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх зэрэгт анхан шатны шүүхээс огт дүгнээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь анхан шатны шүүхэд хянагдаж буй хэргийн тухайд шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлж болзошгүй шинж чанартай бол ноцтой зөрчилд тооцогдох ёстой.

Хавтаст хэргээс гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/, СиДи-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3/, илтгэх хуудас /хх 4/, мөрдөгчийн хохирогчоор тогтоох тухай тогтоол /хх 13/, хохирогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх 14/, гэрчээс мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх 15/, мөрдөгчийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол /хх 17/, шинжээчийн дүгнэлт /хх 19-20/, мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай санал /хх 23/ зэргээс үзвэл тухайн гэмт хэрэг 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр гарсан тухай тусгагдсан байх бөгөөд харин прокурорын яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтэд “...2019...” гэж техникийн шинжтэй алдаа гаргажээ.

Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл илэрвэл тухайн хэргийн талаар бусад баримт сэлт хүрэлцээгүй, хомс байсан ч түүнийг шүүх, прокурор шийдвэрийн үндэслэл болгож болохгүй.

Нотлох баримтын хүрэлцээтэй байдал гэдэг нь хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын хэмжээ бол нотлох баримтын хүртээмжийн дараачийн шат болох нотлох баримтын хангалттай байдал нь шүүгдэгчийн гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хэмжээ хязгаар юм.

            Хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоох нь түүнийг шүүхээр бодитой, үнэн зөв хянан шийдвэрлэхэд нөлөө үзүүлэх боловч шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай нотлох баримт хэрэгт нэгэнт цугласан бол шүүх хэргийн талаар эцсийн шийдвэр гаргах бөгөөд хэрэгт ач холбогдол багатай нөхцөл байдал бүрийг нарийвчлан тогтоох нь цаг хугацаа, хүн хүчний үргүй зардалд хүргэхээс бус шүүн таслах ажиллагааны үр дүнг өөрчлөхгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдалд ямар нэгэн байдлаар нөлөөлөх нөхцлийг үүсгэдэггүй.

Мөрдөн байцаалтаар хийгдсэн ажиллагаа зөрчилтэй болохыг тогтоосон, зөрчлийг гаргасан шатанд нь буцааж дахин засуулахаас өөрөөр үнэлэх, үгүйсгэх, хэргийн нөхцөл байдлыг тогтоох боломжгүй болсон, эсхүл шүүхээс шүүгдэгчийг цагаатгах болон шийтгэх шийдвэрийн аль нэгийг гаргахад нөлөөлж болохуйц гэж үзсэн ажиллагаанууд хамаарна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх бол” гэсэн үндэслэлийг баримталж хэргийг прокурорт буцаахдаа хийгдвэл зохих ажиллагааг хууль зүйн хувьд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэх ёстой атал, чухам ямар ажиллагаа хийлгэх гэж байгаа, түүний үндэслэл агуулгыг давж заалдах шатны шүүх нягтлан шалгах бололцоогүй байна.

Шүүхийн аливаа шийдвэр тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээгүй байх ёстой. Гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг прокурор өөрийн эрх, үүргийн хүрээнд нотолж, яллах дүгнэлт үйлдсэн байх бөгөөд үүнийг тогтоох эсхүл үгүйсгэх эрх, үүрэг шүүхийн бүрэн эрхэд хамаарах асуудал болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно.” гэж заасан байхад анхан шатны шүүх Ч.Уод холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ прокурорт буцаах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийн талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан мөрдөгч, прокурор, шүүхийн шийдвэр нь хууль зүйн үр дагаврыг ямагт үүсгэж байдагт анхаарч ажиллах шаардлагатай байна.  

Шүүгдэгч Ч.Уод холбогдох эрүүгийн хэргийг шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан гэмт хэргийг сэргээн дүрслэх замаар хэргийн болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн, бодитой тогтоож, түүнд хууль зүйн дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч Ч.Уод холбогдох эрүүгийн хэргийг цугларсан нотлох баримтад үнэлэлт, дүгнэлт өгч хянан шийдвэрлэх боломжтой байх тул прокурор М.Гэрэлбадрахын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 9ий өдрийн 2020/ШЗ/2399 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Ч.Уод холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Ч.Уод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                                        Ц.ОЧ

 

                        ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ