Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 48

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                    Хэргийн индекс: 180/2017/0052/Э

 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг  шүүгч Л.Уянга даргалж тус шүүхийн “А” танхимд  нээлттэй хийсэн хуралдаанд

 

Нарийн бичгийн дарга                   Н.Болор-Уянга,

Улсын яллагч                                   Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                Б.Болортунгалаг

Шүүгдэгч                                           Б.Өлзийбаатар нарыг оролцуулан

 

            Тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Өлзийбаатарт холбогдох эрүүгийн 201723000014 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 13-ны  өдөр хүлээн хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1986 оны 12 дугаар сарын 30-нд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Талын булаг багийн иргэдийн нийтийн хурлын дарга ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 4 дүгээр баг “Шаварт” гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Тавд овогт Балжиннямын Өлзийбаатар /РД:СР86123015/

 

Яллах дүгнэлтэнд дурдсанаар: Яллагдагч Б.Өлзийбаатар нь 2016 оны 12 дугаар сарын 21-нээс 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын иргэн Б.Алтаамаагийн 4 тооны үхрийг шор төмрөөр сүлбэж санаатай гэмтээн 7.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан болон дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Хохирогч Б.Алтмаагийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байх манай үхэр Өлзийбаатар гэх айлын гэрийн гадуур бэлчээрт гардаг юм. Тэр өдөр үхрийн сүүлэнд төмөр зуух уяад явуулсан байсан. Тэгэхээр нь би Өлзийбаатар гэх залуутай утсаар яриад яаж байгаа юм бэ гэхэд танай малыг өшөө яргалана гэрийн гаднаас авахгүй бол. Энэ эхлэл нь энэнээс өөр арга байсангүй гэж надтай утсаар ярьсан.... 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байх манай хоёр бүдүүн эр, хар эрээн үхэрийн хаа хавиар өвсны шор зоосон байсан. Нилээн гүн манай малчин Хүрэлбаатар татаж авах гээд дийлэхгүй байсан, ногоон эрээн эр үхрийн буруу талын хөлөнд нарийн юмаар зоосон цус гарсан байсан манай хоньчин Хүрэлбаатар таарсан байгаа юм. Тэр Өлзийбаатар уурга барьчихсан тэр шортой зоолттой үхэрийг хөөгөөд барьж чадахгүй байхад манай малчин Хүрэлбаатар уургаар бариад зоолттой шорыг авсан байсан. Тэгээд Хүрэлбаатар чи малыг ингэж тамлаж болж байгаа юм уу гэсэн чинь тамлаад яргалаад өгнө гэж хэлсэн гэсэн. Тэгээд 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өглөө  босоод үхрээ дурандсан чинь манай хар халзан эр бүдүүн үхэр Өлзийбаатар гэх айлын гадаа бүтэн өдөр хөдлөж чадахгүй байсан. Бид нар тэр айл руу очиж чадахгүй дурангаар харж байсан. Тэгээд ямар ч хөдөлгөөнгүй байж байгаад гэрийн гадаа ирсэн. Тэгэхдээ явж чадахгүй урд хойд хөл нь доголсон, гэдэс хавиар нь нарийн юмаар хатгасан байсан. Мөн тэр үхрийн хойд тал сүүжний ясанд нарийн юмаар хатгасан байсан. Мөн бэдэртэй хүрэгч үнээ бас хар халзан үхэртэй хамт хөдөлж чадахгүй хэвтэж байгаад орой ирсэн. Хойд хоёр хөл нь хөдөлж чадахгүй болсон байсан. Тэгэхэд хойд хоёр хөл нь хөдөлгөөнгүй болсон байсан. Тэгээд би цагдаад мэдэгдсэн юм..... Хар халзан бүдүүн эр үхрээ ажилласан мал болохгүй ядраад хэвтээд байсан.... Манай 4 үхрийг гэмтээсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-24 тал/,

Гэрч Г.Эрдэнэбилэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... ээж Алтмаа нь утсаар надад Өлзийбаатар нь манай 4 үхрийг шор болон төмрөөр дүрж гэмтээсэн байсан. Тэр 4 үхрийн нэгийг нь махалсан. Мал болохгүй байсан. Бусад нь эдгээд байгаа... Өлзийбаатар гэх хүний өвсний хашаа намхан ир байхгүй.... гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 тал/,

Гэрч Б.Хүрэлбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн:.. 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байх намайг малдаа явж байхад Алтмаа эгчийн хар эр үхэр, хар алаг эр үхэр нь Өлзийбаатарын гэрийн гаднаас мал дээрээ гүйж ирсэн. Өлзийбаатар араас нь явган уураг барьсан гүйж байсан. Намайг очиход Өлзийбаатар тэр шор төмрийг тэр үхрээс салгаад өгөөч  гэж ирсэн. Би очоод уургыг нь бариад нөгөө үхрийг уургалаж шорыг нь авч өгсөн. Тэгээд би чи яаж байгаа юм бэ энэ чинь мал шүү дээ гэж хэлэхэд энэ үхэр малыг авахгүй бол өшөө болоогүй үхрүүдийг чинь алж өгнө гэж хэлээд явсан. Тэр хал алаг үхрийн зөв талын даланд тэр шорын зоосон байсан. Тэгээд би үхрээ аваад гэртээ очсон... 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байх манай ногоон эр үхэр бас хөдлөж чадахгүй болоод гэрийн гадаа ирсэн. Тэгэхээр нь барьж аваад харсан чинь буруу талын хөлөнд нь нарийн төмрөөр хатгасан байсан. Би болон Алтмаа эгч бид хоёр хараад иртэй нарийн шор төмрөөр хатгасан юм шиг ул мөр байсан... 2017 оны 01 сарын 01-ний өдөр болов уу? Намайг малдаа явах гэж байхад Алтмаа эгч Өлзийбаатарын гэр рүү дурандаад манай хоёр мухар хар эр үхэр, нэг нь бэдэртэй хүрэн үнээ хоёр Өлзийбаатар гэх хүний гэрийн гадаа зогсоод байна гэж надад хэлсэн. Би тэр үед дурандаж харахад уг хоёр үхэр Өлзийбаатарын гэрийнх нь зүүн хойд талд ойрхон зогсож байсан. Нэг их хөдлөөгүй байсан. Орой малаа туугаад Алтмаа эгчийнд ирэхэд мухар хар халзан, бүдүүн эр үхрийн  буруу талын сүвээний гурван хавирганы завсар нь чигчий хуруу орохоор нүдтэй нарийн үзүүртэй зүйлээр хатгасан байсан. Би бодохдоо шор төмрөөр хатгасан байна гэж бодсон нилээн гүнзгий мах руу орсон байсан. нарийн хурц үзүүртэй шор төмөр шиг зүйлээр цааш нь цөм дүрсэн байсан. Тэгээд тэр үхэр гэмтсэн шархандаа гэдсээ татаад босож чадахгүй хэвтээд байсан. Мөн бэдэртэй хүрэн сувай үнээний ар талынх нь нэг хөл нь доголсон байсан. Тэгээд Алтмаа эгч мухар хар халзан үхрээ махлаад малын эмч дуудаж хурц үзүүртэй хатгасан шарахыг харуулсан байсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-34 тал/,

Гэрч Я.Ганбатын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Алтмаа гэх хүний 4 тооны үхрийг Өлзийбаатар нь шор төмрөөр гэмтээсэн талаар 2017 оны 01 сарын 04-05 ны үед Алтмаа нь надтай утсаар ярихдаа хэлж байсан.... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35 тал/,

Гэрч Г.Мандалын мөрдөн байцаалтанд өгсөн: “...  Би Алтмаа гэх айлаар 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр орсон тэгэхэд Алтмаа эгч манай 4 тооны үхрийг Өлзийбаатар гэх хүн өвсний шороор шордож гэмтээсэн байсан”.... гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38 тал/,

Гэрч Д.Түвшинчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “....Би нөхөр Өлзийбаатарыг иргэн Б.Алтмаагийн 1 тооны үхрийг шордсон талаар нөхрөөсөө сонссон. Тэр айлын үхрүүд манай гурван машин өвсийг идсэн байсан.”.... гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40/,

Гэрч Ц.Ганбатын мөрдөн байцаалтанд өгсөн: “ ... Би Алтмаа гэх хүний малыг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр очиж үзэхэд 3 үхэр доголж гэмтсэн, нэг хар алаг эр үхэр гэмтээд босож чадахгүй байсан. Тэр үхрийг Алтмаа гэх хүнээр ажиллуулсан... Тэр айлын үхрийг гадны нөлөөтэй ирмэгтэй зүйлээр хатгасан байсан. Тэр үхрүүд малын хашаа болон хашааны төмөрт биеэ гэмтээсэн бол нарийн зурагдаж, үхрийн арьс зузаан болохоор тэгж гэмтэл авахгүй 3 үхэр нь юмаар хатгуулсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42 тал/,

 Малын эмч Ц.Ганбатын тодорхойлолтод: 4 үхэр хурц үзүүртэй зүйлээр гүн дүрэгдсэн түүнээс болж доголсон байлаа. Хар алаг эр үхэр зөв талын далны хэсэгт хурц үзүүртэй зүйлээр 15 см гүнтэй дүрэгдэж явж чадахгүй байсан... ногоон эр үхэр буруу талын хойд талын хөл нь хурц нарийн зүйлээр хатгуулсанаас доголсон. Мухар хар эр үхэр буруу талын сүвээний хавирга хооронд хуруу дарамж зүйлээр хатгуулснаас доголсон, арьс нь цоорсон байсан. Бэдэртэй хүрэн сувай үнээ хөл нь доголсон байсан. /хх-ийн 64 тал/,

Яллагдагч Б.Өлзийбаатарын өвсний хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 54-55 тал/,

Шор төмөрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 56 тал/

Малын үнэлгээ /хх-ийн 57 тал/,

 Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар болон урьд нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67-68 тал/,

Хохирогч Б.Алтмаагийн Хэнтий аймгийн цагдаагийн газарт гаргасан тодорхойлолт /шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй тухай хх-ийн 70 тал/ зэрэг болно.

 

Шүүх шүүгдэгч Б.Өлзийбаатарыг 2016 оны 12 дугаар сарын 21-нээс 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 4 дүгээрт багт иргэн Б.Алтаамаагийн эд хөрөнгө болох 4 тооны үхрийг “өөрийн гэрийнх нь  гадуур бэлчлээ гэж” шор төмрөөр сүлбэж санаатай гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд заасан ял шийтгэлийг халдаах үндэслэлтэй байна. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болортунгалаг нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Өлзийбаатар нь хохирогч Б.Алтмаагийн 1 тооны үхрийн гэдсэн тушаа газар өвсний шор төмрөөр хатгаж гэмтээсэн, бусад 3 тооны үхрийг гэмтээгээгүй хэмээн улсын яллагчтай мэтгэлцэж байгаа боловч энэ нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Ц.Ганбат, Б.Хүрэлбаатар, Г.Мандал нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүдээр зэргээр няцаагдаж байна.

Хохирогч Б.Алтмаа нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн байх тул шүүх шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүх шүүгдэгч Б.Өлзийбаатарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгон харгалзаж, хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа ял шийтгүүлсэн, бусдад төлөх төлбөргүй зэрэг байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 283, 284, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон                                             

                                             

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Тавд овогт Балжиннямын Өлзийбаатарыг бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өлзийбаатарыг  02 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.Өлзийбаатарт оногдуулсан 02 /хоёр/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Б.Өлзийбаатар нь цагдан хоригдоогүй,  бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй  болохыг тус тус дурдаж Эрүүгий байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шор төмөрийг устгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт  зааснийг журамлан шүүгдэгч Б.Өлзийбаатарт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 жилийн  хорих ялыг тэнсэж, 02 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5 дахь хэсэгт зааснаар хянан харгалзах хугацаанд тэнсэгдсэн ялтан Б.Өлзийбаатарт хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол хорих ялыг биечлэн эдлүүлж болохыг дурдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт  зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  Б.Өлзийбаатарт авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Л.УЯНГА