Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2022/0812

 

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг

                            баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар би, Д.М************* нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох “Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн ,,,,,, дугаар “Мэдэгдэл”, 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 0000 дугаар “Мэдэгдлийн хариу шаардлага”-ыг биелүүлэхгүй байгаа Эдийн Засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга ......-ын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, .....- миний биеийг Эдийн Засаг, хөгжлийн яамны Хөрөнгө оруулалтын бодлогын газрын Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлтэст Ахлах мэргэжилтнээр томилох асуудлыг зохих журмаар шийдвэрлэхийг даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч, хариуцагчаас тус шүүхэд бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: “

НЭГ. Нийтлэг үндэслэл

          1.1 Нэг талаас Эдийн Засаг, хөгжлийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М************* /РД:*************/ (цаашид “Байгууллага” гэх), нөгөө талаа Монгол Улсын иргэн Д.М************* /РД:*************/ (цаашид “Албан хаагч” гэх) нар харилцан тохиролцож, энэхүү эвлэрлийн гэрээг хууль тогтоомжийн хүрээнд байгуулав.

          1.2  Энэхүү гэрээгээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа хөдөлмөрийн маргааны хүрээнд тэгш эрх, сайн дурын үндсэн дээр дор дурдсан гол нөхцлүүдийг харилцан тохиролцсон болно.

ХОЁР. Гэрээний гол нөхцөл

          2.1 Эвлэрлийн гэрээний дагуу байгууллага нь Үндэсний хөгжлийн газар татан буугдаж, тус албан хаагчийн албан тушаалын буюу Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлтсийн ахлах мэргэжилтний орон тоо хасагдсантай холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалтад заасныг үндэслэн албан хаагчийг чөлөөлж, 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг олгоно.

          2.2 Байгууллага нь албан хаагчийг ажлаас чөлөөлөхдөө Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 17 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ нөөц бүрдүүлэх журам”-ын 2.1.5 дахь заалтыг үндэслэн төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэй болохыг дурдаж, Төрийн албаны зөвлөлд хүргүүлнэ.

          2.3 Албан хаагч нь энэхүү гэрээ байгуулагдсанаар байгууллагын эсрэг хөдөлмөрийн маргаан (ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх гэх мэт) үүсгэхгүй, нэхэмжлэх эрхгүй болно.

          2.4  Энэхүү гэрээг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлснээр албан хаагч нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаагаа хүлээн зөвшөөрнө.

                                                         ГУРАВ: Бусад

          3.1 Эвлэрлийн гэрээг  талууд гарын үсэг зурж баталгаажуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шүүхэд хүргүүлнэ.

          3.2 Эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ талууд сайн дураар биелүүлнэ.

ҮНДЭСЛЭХ нь:

.....-ийн нэхэмжлэлтэй Эдийн засаг хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч Д.М*************, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М************* нар нь харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан, гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Дээрх эвлэрлийн гэрээ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэгч хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д  “... хариуцагч нь нэхэмжлэгчтэй эвлэрэх, эрхтэй,” 68 дугаар зүйлийн 68.1-д “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно,” 68.2-т “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна,” 68.4-т “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасантай нийцсэн бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна. 

Шүүхээс эвлэрлийн гэрээ байгуулсантай холбоотойгоор 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэгч .Д.М************* болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М************* нартай уулзаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс гарах үр дагаврыг танилцуулж, нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрснийг баталсан шүүгчийн захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргахгүй эрхгүй талаар тайлбарласан бөгөөд талууд зөвшөөрч, холбогдох баримтад гарын үсэг зурж баталгаажуулсан болно.

Иймд нэхэмжлэгч Д.М*************, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М************* нарын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Эдийн Засаг хөгжлийн яамны 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 03/723 дугаар итгэмжлэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М************* Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.5 дахь хэсэгт заасны дагуу эвлэрэх олгосон болохыг дурдах нь зүйтэй байна.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

          1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, .Д.М************* нэхэмжлэлтэй Эдийн засаг хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Энэхүү захирамжийн хувийг нэхэмжлэгч, хариуцагч нарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                            Л.БАТБААТАР