2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/155

 

 

 

 

 

 

 

 

   2025       01         13                                        2025/ШЦТ/155

 

                           

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Ё” танхимд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган,

улсын яллагч Н.Түвшинбаяр,

шүүгдэгч П.Г, түүний өмгөөлөгч О.Баяраа  нарыг оролцуулан нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Гт холбогдох эрүүгийн “2411 02747 1751” дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, П.Г

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Г нь 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 19-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн ... ноолууран эдлэлийн дэлгүүрээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нийт 6 ширхэг ноолууран өмд, цамц авч хохирогч Б.Эд 1,828,500 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Г: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын  хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,

- Хохирогч Б.Эын мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20, 200 дахь тал/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 13-15 дахь тал/,

- Дамно ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ЧД1-24-1194 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэррийн 22-24 дэх тал/,

- Шүүгдэгч П.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 47 дахь тал/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 28 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 33 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.

             Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

             Шүүгдэгч П.Г нь 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 19-ний өдрийн хооронд ... ноолууран эдлэлийн дэлгүүрээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нийт 6 ширхэг ноолууран өмд, цамц авч хохирогч Б.Эд 1,828,500 төгрөгний хохирол учруулсан үйл баримт нь:

            - Хохирогч Б.Эын: "...Би ... гэх нэртэй ноолуурын тасагт худалдагч хийдэг. Өдөрт ер нь манай тасагт 200-300 орчим гаруй хүн орж ирж бараа үзээд гардаг. Орж ирээд бараа үзэж байгаа хүмүүсийг тэр болгон анзаараад байх боломж байдаггүй. Тэгээд 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн орой бараагаа тооллого хийхэд ноолууран 3 ширхэг өмд, 3 ширхэг цамц дутсан байсан. Тэгээд би хяналтын камерын бичлэгийг шүүлгэж үзэхэд 40-50 орчим насны хар хувцастай маск зүүсэн хүн хулгай хийж байгаагаар бичигдсэн байсан. Тэгээд байж байтал манай мөнгөн завьяад худалдаа эрхэлдэг Б нь надруу залгаад танай үйлдвэрийн өмдийг өмссөн хүн энд байна. Тэгээд хаанаас худалдаж авсан бэ гэж асуухад өчигдөр П.Г эгчээс 180,000 төгрөгөөр худалдаж авсан гэж хэлсэн. Тэгээд би гайхаад цагдаагийн байгууллагад хандаад цагдаагийн хамт мөнгөн завьяа худалдааны төвийн хяналтын камерыг шүүж үзэхэд манай лангуунаас хулгай хийсэн хүн нь мөнгөн завьяа худалдааны төв дотор манай үйлдвэрийн шошготой ноолуурыг хүмүүст үзүүлээд явж байгаагаар бичигдсэн байсан. Тэгээд би Б гэх найзаасаа тухайн П.Г гэх хүний дугаарыг асуухад ... гэх дугаарыг надад өгсөн. Би энэ дугаар луу ямар нэгэн байдлаар залгаж үзээгүй."  гэх  мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 13-15 дахь тал/,

- Дамно ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ЧД1-24-1194 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэррийн 22-24 дэх тал/,

- Шүүгдэгч П.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Өмнө өгсөн гэрчийн мэдүүлэг бүгд үнэн зөв. Миний буруу, дахин ийм үйлдэл гаргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хууулийн тусгай ангид заасан “хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

            Хэргийн тухайд шүүгдэгч П.Гийн Улсын ... ноолууран эдлэлийн дэлгүүрээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нийт 6 ширхэг ноолууран өмд, цамц авч хохирогч Б.Эд 1,828,500 төгрөгний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

            Иймд шүүгдэгч П.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

             Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч П.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруугийн талаар улсын яллагчтай санал нэг байна. Хувийн байдлын хувьд өрх толгойлсон эх, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг нэг хүүхэд нь цэргийн алба хааж байгаа юм байна. Эрүүгийн хариуцлагын хувьд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа тул улсын яллагчийн саналтай санал нэг байна” гэх саналыг тус тус гаргав.

Шүүгдэгч П.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Хохирогчид хохирол төлбөр төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлоо төлсөн” гэж үзэж хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд шүүхээс шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор буюу 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэв.

Гурав. Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж хуульчилсан.

Гэмт хэргийн улмаас учирсан шууд учирсан хохирлыг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн гаргах бөгөөд хохирогч Б.Э нь “...Дамно гэх үнэлгээний газраар 1,828,500 төгрөгийн үнэлгээ гарч тухайн хулгай хийсэн хүнээс бэлнээр хохирлоо барагдуулж авсан.” гэж мэдүүлсэн /хавтаст хэргийн 48 дахь тал/ байх тул шүүгдэгч П.Гийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

            Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргахыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч П.Г-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Гийг 400 цаг /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Гт оногдуулсан 400 цаг /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, уг ялаа биелүүлэхээс зайлсхийвэл нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хавтаст хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт үлдээсүгэй.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн хохиролд төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.СУВД-ЭРДЭНЭ