| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Давааноровын Сувд-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 186/2025/0026/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/232 |
| Огноо | 2025-01-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Сүрэнхорол |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/232
2025 01 20 2025/ШЦТ/232
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Ж” танхимд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган,
улсын яллагч С.Сүрэнхорол,
шүүгдэгч Г.Ц нарыг оролцуулан нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Цад холбогдох эрүүгийн “2411 01108 1731” дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Г.Ц
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Ц нь 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 20 цагийн үед Чингэлтэй дүүргийн ... тоотод хамтран амьдрагч хохирогч Б.Ныг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж үснээс нь татан чирж, нүүр, толгой хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ц: “...2024 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Б.Н хорооны хэсгийн ахлагч, цагдаатай орж ирээд манай 3 хүүдийг аваад явсан. Авч яваад найзындаа очиж арав хэдэн хоносон. Тэгээд би очоод 3 хүүхдээ авахад манай дунд охины хамраас гэнэт цус гараад эхэлсэн. Гэртээ ороод харсан чинь хамар нь гэмтсэн байсан. Надад хүүхдүүдийн бичиг баримт нь байхгүй байсан. Би Б.Нын найз Оын нөхөртэй нь утсаар ярихад “Манай эхнэр 17-ын буудал дээр байж байгаа. Б.Н манайх руу явсан байна. Би эхнэрээ буудлаас авах гээд байж байна. Чи ирж уулзаад хувцас хунараа авчих” гэсэн. Тэгээд би буудал дээр нь очоод эхнэр нөхөр хоёрыг нь аваад гэрт нь очиход Б.Н гэрт сууж байсан. Ороод 3 хүүхдийн бичиг баримт нь хаана байна гэсэн чинь нийтийн байранд байгаа гэсэн. Нийтийн байрны түрээсийг өгсөн юм уу гэхэд өгсөн байгаа чи очоод аваарай гэсэн. Хүүхдийг эмнэлэгт үзүүлэх шаардлагатай цуг явъя гэхэд өөдөөс явахгүй гээд байсан. Чи хүүхдээ бодохгүй байгаа юм уу гэсэн чинь надаа ямар хамаатай юм гэсэн. Тийм юмнаас болоод маргалдсан.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас:
- 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан талаарх №3350 дугаартай тэмдэглэл /хавтаст хэргийн 12 дахь тал/,
- Хохирогч Б.Нын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,
- Гэрч Ч.Оийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/,
- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Сэргэлэнгийн 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн №5458 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,
- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 63 дахь тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 71 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.
Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Г.Ц нь 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 20 цагийн үед Чингэлтэй дүүргийн ... тоотод хамтран амьдрагч хохирогч Б.Ныг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж үснээс нь татан чирж, нүүр, толгой хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:
- 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан талаарх №3350 дугаартай тэмдэглэл /хавтаст хэргийн 12 дахь тал/,
- Хохирогч Б.Нын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...Би тухайн он сарыг нь сайн санахгүй байна ямар ч байсан О эгчийн гэрт байхад гаднаас манай хамтран амьдрагч Г.Ц нь орж ирээд надаас хүүхдүүдийн бичиг баримт нэхэхээр нь би байхгүй хаячихсан гэсэн чинь намайг хамт явья гэхээр нь би явахгүй гэсэн чинь намайг шууд үсдээд газар унагаад алгадаад цохиж зодоод шууд гэрээс чирээд гарсан тэгсэн чинь араас О эгч араас гарч ирээд бид хоёрыг салгаад маргалдаад зогсож байтал цагдаагийн алба хаагч нар ороод ирсэн би одоо цаг хугацааны хувьд зарим эг зүйлсийг нь бол сайн санахгүй байна. Миний биед учирсан байгаа дээрх гэмтлүүдийг манай хамтран амьдрагч Г.Ц нь О эгчийн гэрт байхад намайг зодож гараараа цохиж, өшиглөж газар унагаж үсдэж чирч миний биед учруулсан. Намайг өөртөө нь хамт явсангуй хүүхдийн бичиг баримт хаясан гэх асуудлаас болж зодсон юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,
- Гэрч Ч.Оийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: "...Би өдрийг нь бол сайн санахгүй байна ямарч байсан тухайн өдөр би гадуур ажилтай явж байгаад гэртээ иртэл Б.Н нь танай гэрт хэд хоночих уу ээж гэрээсээ хөөгөөд байна гээд манай гэрт ирчихсэн байсан тэгээд бид хоёр манай гэрт юм яриад сууж байтал орой нэг залуу гаднаас орж ирээд шууд үгийн зөрүү байхгүй Б.Ныг барьж аваад цохиод хүүхэд тэнд халуураад өвчтэй байхад хаагуур яваад байгаа юм гээд үсдээд манай гэрээс чирээд гарахаар нь би араас гараад чи эмэгтэй хүнийг ингэж болохгүй боль гэж хэлээд салгаад байж байтал манай хашаанаас нэг хүн дуудлага өгчихсөн байсан удалгүй хоёр цагдаагийн алба хаагч ирээд Б.Н тухайн залуу хоёрыг аваад яваад өгсөн. Намайг гэрт ирэхэд Б.Нын биед ямар нэгэн учирсан гэмтэл шарх гэх зүйл байгаагүй зүгээр байсан тухайн үед бол Б.Н хэн нэгэнтэй муудалцаж маргалдсан асуудал бол байхгүй." гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/,
- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Сэргэлэнгийн 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн №5458 дугаартай: "...Б.Нын биед дагзны хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дал, ууцанд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн учлалэр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлууд нь хэрэг болсон гэх Цаг хугацаанд үүсэх боломжтой. Дагзны хуйханд зулгаралт, зөөлөн эдий няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дал ууцанд зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй." гэх дүгнэлт /хавтаст хэргийн 40-41 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.
Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байдаг. Шүүгдэгч Г.Ц нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.Ныг үснээс нь татан чирж, нүүр, толгой хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь хохирогчид гэмтэл учрах боломжтой гэдгийг мэдсээр байж үйлдэж буй гэм буруугийн санаатай үйлдэл бөгөөд хохирогч Б.Нын биед учирсан гэмтэл нь шүүгдэгч Г.Цын идэвхтэй үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Г.Цад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргав.
Шүүгдэгч Г.Цад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.
Иймд шүүгдэгч Г.Цыг бага насны 3 хүүхдээ асран хамгаалж байгаа өрх толгойлсон эцэг гэх байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.
Гурав. Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:
Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж хуульчилсан.
Гэмт хэргийн улмаас учирсан шууд учирсан хохирлыг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн гаргах бөгөөд хохирогч Б.Н нь мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй /хавтаст хэргийн 73 дахь тал/ зэргийг харгалзан шүүгдэгч Г.Цыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цад оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Цад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Г.Ц нь энэ хэргийн улмаас бусдад учирсан шууд хохиролд төлөх төлбөргүй ба хохирогч Б.Нын цаашид гарах эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлоо баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Цад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.СУВД-ЭРДЭНЭ