Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/59

 

  

 

 

 

 

 

  2025       02        14                                          2025/ШЦТ/59

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга,    

Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч ****************, Л.Б******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О*********ын Э*********, Ла*******гийн Б******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:   

Монгол Улсын иргэн, 

Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч  ****************, Л.Б******* нар нь бүлэглэн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн нутагт байрлах Хатгал тосгоны “Жанхайн” улсын тусгай хамгаалалттай газрын “И*****” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр “Нөмрөг банздоо” /Вансэмбэрүү/ /saussurea involucrata/ нэн ховор ургамлыг 5,285 кг түүж экологи эдийн засагт 1,176,969 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  ****************, Л.Б******* нар нь бүлэглэн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн нутагт байрлах Хатгал тосгоны “Жанхайн” улсын тусгай хамгаалалттай газрын “И*****” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр “Нөмрөг банздоо” /Вансэмбэрүү/ /saussurea involucrata/ нэн ховор ургамлыг 5,285 кг түүж экологи эдийн засагт 1,176,969 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ******* дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.  

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:  

Шүүгдэгч ****************ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн “...Ах Б*******ын хамт өөрийн мотоциклоор Вансэмбэрүү гэдэг ургамал түүхээр явж тухайн уулны доод хэсэгт мотоциклоо үлдээж тэрнээс цааш явганаар вансэмбэрүү байгаа газарт очиж газраас ургамлаа түүж шуудайнд хийгээд буцаад уулнаас уруудаж явах замдаа Хатгал тосгоны байгаль хамгаалагч нартаа таарч шалгагдсан. Бид хоёрыг шалгасан байгаль хамгаалагч нар та хоёр нэн ховор ургамал түүсэн байна. Энэ ургамлыг түүхийг хориглосон байдаг юм гээд ерэн хоёр дайтай вансэмбэрүү ургамлыг хурааж авсан. ...Би гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Л.Б*******ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн “...2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Хатгал тосгонд байдаг нутгийн залуу болох Э********* хоёулаа Вансэмбэрүү гэх ургамалд яваад үзье ах гэхээр тэгье гэж хэлээд Хатгал тосгоны Жанхай гэх газар руу явсан. Уулын хормой хэсэгт мотоциклоо үлдээгээд Их уул руу өгсөж Вансэмбэрүү гэх ургамлыг хайхад өвөр хэсэгт их хэмжээгээр ургасныг Э********* бид хоёр түүж шуудайлж аваад 17 цаг өнгөрч байхад Их уул гэх уулнаас түүсэн Вансэмбэрүү гэх ургамлаа үүрээд бууж байхад Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалтай газрын байгаль хамгаалагч Үр*****ам, А нар таарч нэн ховор ургамал болох Вансэмбэрүү түүж бэлтгэсэн байна гэж хэлээд Э********* бид хоёрын түүж бэлтгэсэн Вансэмбэрүү гэх ургамлыг авсан...Би гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Г.А******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Жанхайн И***** гэх газар нь Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалтын газрын байгалийн цогцолборт газрын Онцгой бүс нутгаас хууль бусаар нэн ховор ургамал болох Вансэмбэрүү банздоог түүж бэлтгэсэн хэргийг байгаль хамгаалагч нар маань илрүүлсэн гэх байгаль орчинд учирсан хохирлыг гаргуулж, хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Өөр гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 35-р хуудас),

Гэрч Ж.А**гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн өгсөн: “ Байгаль хамгаалагч Үр*****ам нь Жанхайн Их уулнаас 2 явган хүн уул руу уруудлаа гэж мэдээлэл өгсний дагуу байгаль хамгаалагч байгаль хамгаалагч Н************вийн хамт замыг нь тосож уулнаас бууж ирсэн хоёр иргэнтэй уулзахад Хатгал тосгоны иргэн ****************, Л.Б******* нь шуудайтай болон цүнхтэй үүрсэн бууж ирсэн уг хоёр иргэний үүрч явсан зүйлсийг харахад нэн ховор ургамлын төрөлд багтдаг Вансэмбэрүү банздоо гэх ургамлыг ашиг олох зорилгоор түүж бэлтгэсэн. Вансэмбэрүүг тоолж үзэхэд 92 ширхэг Вансэмбэрүүг угаар нь ухаж авч түүж бэлтгэсэн байхыг илрүүлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 38-39-р хуудас),

Гэрч Д.Үр*****амын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр судалгаа шинжилгээний ажил хийхээр Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын У************ий хашийн онцгой бүс болох И***** гэх газар судалгааны ажлаар явж байгаад Вансэмбэрүү түүгээд үүрээд явж байсан 2 хүнтэй таарсан. Тэгээд би ууланд ганцаараа явж байсан болохоор дөхөж очоогүй Жанхайд ажиллаж байсан байгаль хамгаалагч руу ярьж нэмэлт хүч дуудаж нэн ховор ургамал болох Вансэмбэрүү банздоо түүж бэлтгэсэн Б*******, Э********* нарыг бариулсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 42-43-р хуудас),

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 19-23-р хуудас),

Эд мөрийн баримтыг хураан авах тухай прокурорын зөвшөөрөл (хх-ийн 25-р хуудас),

Эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл (хх-ийн 26-р хуудас),

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 27-30-р хуудас),

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 36-р хуудас),

Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын шинжээч Д.Даваадоржийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаартай “...Иргэн ****************, Л.Б******* нарын түүж бэлтгэсэн гэх нөмрөг банздоо Вансэмбэрүүний экологи-эдийн засгийн үнэлгээ 5,884,845 төгрөг...” гэх дүгнэлт (хх-ийн 54-55-р хуудас),

Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл (хх-ийн 77-р хуудас),

Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 78-84-р хуудас),

Төрийн банк, Хас банк, Хаан банкны харилцах дансны хуулга (хх-ийн 92-110-р хуудас),

       Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон:  

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 71, 75-р хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 72, 76-р хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 69, 74-р хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-ийн 70-р хуудас), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 65, 67-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн ******* дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ****************, Л.Б******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна....” гэв.

Шүүгдэгч  ****************, Л.Б******* нар нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих,  хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Шүүгдэгч  ****************, Л.Б******* нар нь бүлэглэн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн нутагт байрлах Хатгал тосгоны “Жанхайн” улсын тусгай хамгаалалттай газрын “И*****” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр “Нөмрөг банздоо” /Вансэмбэрүү/ /saussurea involucrata/ нэн ховор ургамлыг 5,285 кг түүж экологи эдийн засагт 1,176,969 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч ****************ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Л.Б*******ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Г.А******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 35-р хуудас), гэрч Ж.Агийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 38-39-р хуудас), гэрч Д.Үр*****амын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 42-43-р хуудас), хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 19-23-р хуудас), эд мөрийн баримтыг хураан авах тухай прокурорын зөвшөөрөл (хх-ийн 25-р хуудас), эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл (хх-ийн 26-р хуудас), эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 27-30-р хуудас), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 36-р хуудас), Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын шинжээч Д.Даваадоржийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаартай дүгнэлт (хх-ийн 54-55-р хуудас), зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл (хх-ийн 77-р хуудас), эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 78-84-р хуудас), Төрийн банк, Хас банк, Хаан банкны харилцах дансны хуулга (хх-ийн 92-110-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.

Шүүх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч ****************, Л.Б******* нар нь зохих зөвшөөрөлгүйгээр нэн ховор байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэсэн болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд зохих зөвшөөрөлгүйгээр нэн ховор байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэсэн гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч ****************, Л.Б******* нарын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нар нь зохих зөвшөөрөлгүйгээр нэн ховор байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэсэн гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, ойн санд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал /Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал/ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр нэн ховор ургамлыг түүж, байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч ****************, Л.Б******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр нэн ховор ургамлыг түүж, байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал нөлөөлсөн гэж үзлээ.  Зохих зөвшөөрөлгүйгээр нэн ховор ургамлыг түүж, байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэргийг шүүгдэгч ****************, Л.Б******* нар нь бүлэглэж үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч ****************, Л.Б******* нар нь экологи эдийн засагт 1,176,969 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасны дагуу шүүгдэгч ****************, Л.Б******* нар нь экологи эдийн засагт учруулсан хохирлыг тав дахин нэмэгдүүлж 5,884,845 төгрөгийн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч ****************, Л.Б******* нараас 5,884,845 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сангийн дансанд оруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 жилийн хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нарын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэв.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ****************, Л.Б******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр нэн ховор ургамлыг түүж, байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ****************, Л.Б******* нар нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 65, 67-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч ****************, Л.Б******* нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч **************** нь ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгч Л.Б******* нь ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж тэдгээрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч ****************, Л.Б******* нарт тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авч шийдвэрлэх нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, ...албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан байна.

Эрүүгийн ******* дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 92 ширхэг “Нөмрөг банздоо” /Вансэмбэрүү/ /saussurea involucrata/ нэн ховор ургамлыг улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш******* овогт О*********ын Э*********, Шарнууд овогт Ла*******гийн Б******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр нэн ховор ургамлыг түүж, байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч О*********ын Э*********, Ла*******гийн Б******* нарыг тус бүр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.      

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч ****************, Л.Б******* нарт тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авсугай.

4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч ****************, Л.Б******* нарт хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****************, Л.Б******* нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.    

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч ****************, Л.Б******* нараас 5,884,845 (таван сая найман зуун наян дөрвөн мянга найман зуун дөчин тав) төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сангийн дансанд оруулсугай.

7. Эрүүгийн ******* дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 92 ширхэг “Нөмрөг банздоо” /Вансэмбэрүү/ /saussurea involucrata/ нэн ховор ургамлыг улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Эрүүгийн ******* хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

  

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Т.ХҮРЭЛБААТАР