| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Давааноровын Сувд-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 194/2025/0044/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/233 |
| Огноо | 2025-01-20 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Д.Агар |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/233
2025 01 20 2025/ШЦТ/233
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган, улсын яллагч Д.Агар, шүүгдэгч Л.М, түүний өмгөөлөгч Б.Гэрэл-Очир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Мд холбогдох эрүүгийн “2403 00612 1094” дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Л.М
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 15 цаг 20 минутын орчим Чингэлтэй дүүргийн ... замд “Toyota Prius” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 10.5-д заасан “Уулзвар, гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад урьдчилан байр эзэлсэн байна” гэх заалтуудыг тус тус зөрчин жолооч О.Тын жолоодож явсан мопедтой мөргөлдөж, зорчигч Э.Эийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.М: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээж байна.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 8-13 дахь тал/,
- Хэргийн газарт нэмэлт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 16-20 дахь тал/,
- Насанд хүрээгүй хохирогч Э.Эийн: “...Тухайн өдөр би ах Тын мопедонд О.Ттэй хамт сундлаад бид 3 гэртээ харих гээд явж байсан. Тэр үед зам түгжрэл ихтэй бас явган хүний замаар олон хүнтэй байсан учир 8-н шаргын голын замаар явъя гэж бодоод Бөртэ үйлдвэрийн баруун замаар урагшаа уруудаад явж байтал хажуу талаас нэг машин дохиогоо өгөөд эргэж байснаа зогсчихсон тэгэхээр нь бид 3 тэр машины урд талаар явж байхад мөргөчихсөн. Мөргүүлээд газарт унасан. Ослын улмаас миний зүүн хөлийн өвдөг нугаларч болохгүй байсан мөн зүүн хөлөнд цууралт үүссэн." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/,
- Насанд хүрээгүй хохирогч О.Тийн: “...Тухайн өдөр би ах Тын мопедонд Э.Этэй хамт сундлаад явж байтал хажуу талаас машин ирж ирээд мөргөсөн. Тэр зам хойшоогоо нэг чигийн хөдөлгөөнтэй зам гэдгийг мэдэж байсан, гэхдээ би мопед жолоодоогүй манай ах Т нь жолоодож байсан, Э.Э хамгийн ард суугаад би голд нь суугаад явж байсан. Тэр машин эргэх үйлдэл хийж байгаа нь надад харагдаж байсан энэ үед машин 4-5 метрийн зайтай харагдсан. Ослын улмаас миний дух, зүүн гар шалбарсан, баруун өвдөг хөхөрсөн одоо гайгүй байгаа.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/,
- Насанд хүрээгүй гэрч О.Тын: “...Би тухайн өдөр би дүү О.Т, Э.Э нартай хамт гэр рүүгээ орох гээд мопед унаад Бөртэ оёдолын үйлдвэрийн баруун замаар хойноос урагшаа чиглэлд уруудаж байсан. Би уг нь урсгалаараа явах гэж байтал түгжрэлтэй мопед явах зайгүй байхаар нь урсгалаа сөрөөд замын хашлага дагаад урагшаа уруудаж байгаад машинтай мөргөлдсөн. Тэр машин удаанаар эргэх үйлдэл хийж байсан учир би тэр машиныг зогсчих байх гэж бодоод машины урдуур нь гарах гэж байгаад мөргөлдсөн. Тэр машины урд талын улсын дугаарын хэсэгт мопедын зүүн талаар мөргөлдсөн. Мөргөлдөөд бид 3 газарт унасан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дахь тал/,
- Иргэний нэхэмжлэгч С.Сий: “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Э.Э нь 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн эмчлүүлсэн бөгөөд эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 144,762 төгрөгний зардал гарсныг яллагдагч Л.Моос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь ... дугаартай дансанд төлүүлж өгнө үү.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дахь тал/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн №10587 дугаартай: “...Э.Эийн биед зүүн дунд чөмөг болон шилбэний өсөлтийн зоны хугарал, зүүн өвдөгний дотор болон гадна жийргэвч мөгөөрсний урагдал, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 53-54 дэх тал/,
- “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн “Уг тээврийн хэрэгсэл нь гэрэл, өнгө үзэмж, зэрэг үзүүлэлтээр техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Үзлэгийн төвийн гэрлийн багаж дээр шалгахад зүүн гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 11200 сб, баруун гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 28100 сб, зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 1200сс1, баруун гар талын гэрлийн тусгалын ойр дээрээ 5600 сd байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 70-73 дахь тал/,
- Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 1578 дугаартай: “...Жолооч Л.М нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.5 Уулзвар, гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад урьдчилан байр эзэлсэн байна. 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Мопед унаж явсан О.Т нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.2 Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын тэмдгийг энэ дүрмийн 1 дүгээр хавсралт, тэмдэглэлийг 2 дугаар хавсралтад заасан утга агуулга, үйлчлэлийн хүрээнд дагаж мөрдөнө. 25.4. Унадаг дугуйг 14-өөс, мопедыг 16-аас дээш насны хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцох...” гэх магадлагаа /хавтаст хэргийн 78 дахь тал/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №2874 дугаартай “Тухайн тээврийн хэрэгслийг мопед гэж үзэх үндэслэлтэй” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 89-99 дэх тал/,
- Техникийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №08/52 дугаартай “Мопедны жолооч О.Т нь МУ-ын ЗХД-ийн 25.3-р заалт буюу "...16 нас хүрээгүй бол мопед жолоодож замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно" гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Тоуоta prius маркийн 52-35 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч Л.М нь МУ-ын ЗХД-ийн 3.7 "а"-р заалт буюу "Жолоочид тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно", 10.5-р заалт буюу "Уулзвар, гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад урьдчилан байр эзэлсэн байна" гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Мопедны жолооч О.Т нь МУ-ын ЗХД-ийн 25.3-р заалт, Тоуоtа Prius маркийн 52-35 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч Л.М нь МУ-ын ЗХД-ийн 3.7 "а" болон 10.5-р заалтыг тус тус зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон гэж үзэж байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 104-105 дахь тал/,
- Шинжээч И.Базаррагчаагийн: “...Тухайн зам нь нэг чигийн хөдөлгөөнтэй, тэмдэгтэй байгаа учир жолоочийг урсгал сөрсөн, тэмдэгийн заалтыг зөрчсөн гэж үзнэ. Харин мопедыг жолоодож явсан гэх хүн нь мопед жолоодох насанд хүрээгүй, МУ-ын ЗХД-ийн ойлголтгүй учир урсгал сөрж яваагаа мэдээгүй, тэмдгийн заалтыг ойлгоогүй байх магадлалтай учир дүгнэлтдээ энэ талаар тусгаагүй. Мопедыг жолоодож, замын хөдөлгөөнд оролцох эрхгүй гэж дүгнэлтдээ тусгасан Мопедын хийц, зориулалтаас хамаарч зорчигчийн тоо тогтоогдоно. Тээврийн хэрэгслээр хүн тээвэрлэх тохиололд МУ-ын ЗХД-ийн 23.9 заалтыг баримтлан замын хөдөлгөөнд оролцох ёстой. Тухайн мопедыг жолоодож явсан гэх этгээд нь мопед жолоодох эрхгүй, ЗХД-ийн мэдлэггүй учир тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрсэн тооны зорчигч тээвэрлэж яваагаа мэдээгүй байх боломжтой, өөрчлөгдөхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 110-111 дэх тал/,
- Цагдаагийн ерөнхий газрын 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн жолоодох эрхийн лавлагаа: “2024 оны 6 дугаар сарын 07-ны өдөр эрхээ хасуулсан” /хавтаст хэргийн 125 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримт хэрэгт авагдсан байна.зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.
Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:
2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэргийн диспозитив шинжийг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэж тодорхойлсон байна. Хуулийн энэхүү зохицуулалтаар зам тээврийн ослын улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл эсхүл бусдын эд хөрөнгөнд хохирол учруулсныг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн боломжгүй юм.
Гэмт хэргийн улмаас О.Тийн эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоогдоогүй байхад насанд хүрээгүй О.Тийг мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор тогтоосон байгааг прокуророос анхаарвал зохино.
Шүүхээс тогтоогдсон үйл баримтад хууль зүйн дүгнэл хийвэл:
Шүүгдэгч Л.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 15 цаг 20 минутын орчим Чингэлтэй дүүргийн ... замд “Toyota Prius” маркийн ... УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг тус тус зөрчин жолооч О.Тын жолоодож явсан мопедтой мөргөлдөж, зорчигч Э.Эийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн №10587 дугаартай дүгнэлт, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дүгнэлт, Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 1578 дугаартай магадлагаа, Техникийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №08/52 дугаартай дүгнэлт, Цагдаагийн ерөнхий газрын 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн жолоодох эрхийн лавлагаа зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халддаг, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байдаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтлийг учруулсан үйлдэл байдаг бөгөөд гэмт үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байхыг шаарддаг.
Хэргийн тухайд шүүгдэгч Л.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 10.5-д заасан “Уулзвар, гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад урьдчилан байр эзэлсэн байна” гэх заалтуудыг тус тус зөрчин хохирогч Э.Эийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн” гэж хүндрүүлэн зүйлчлэхээр заажээ.
Шүүгдэгч Л.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болох нь Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэлд 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Л.Мыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын шатанд улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Л.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил зорчих эрхийг хязгаарлах ял, хязгаарлалтыг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоох ялын саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очирын зүгээс “...Миний үйлчлүүлэгч тохиолдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр төлж барагдуулсан, ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү.” гэх саналыг,
шүүгдэгч Л.Мын зүгээс “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэх саналыг тус тус гаргав.
Шүүгдэгч Л.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч Л.Мын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, тус хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Иймд шүүхээс улсын яллагчийн ялын санал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” гэж заасан байх тул шүүгдэгч Л.Мд Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Гурав. Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:
Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж хуульчилсан.
Гэмт хэргийн улмаас учирсан шууд учирсан хохирлыг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн гаргах бөгөөд насанд хүрээгүй хохирогч Э.Эийн хууль ёсны төлөөлөгч П.Б нь “...Миний хүү Э.Эт зам тээврийн улмаас хохирол учирсан. Эрүүл мэнд, сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй.” /хавтаст хэргийн 137, 140 дэх тал/ гэж мэдүүлсэн байх ба шүүгдэгч Л.М нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 144,762 төгрөгийг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх эрх хасах ял дээр нэмж хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж заасан тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн эрх хасах ялыг тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Эрдэнэбат нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л.М-ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Л.Мын тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Л.Мд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг анхааруулсугай.
6. Насанд хүрээгүй хохирогч Э.Э нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах эмчилгээний зардал бусад зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Л.Моос нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Л.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.СУВД-ЭРДЭНЭ