| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Давааноровын Сувд-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 105/2025/0018/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/234 |
| Огноо | 2025-01-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Мөнх-Оргил |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/234
2025 01 20 2025/ШЦТ/234
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Ж” танхимд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган,
улсын яллагч Э.Мөнх-Оргил,
шүүгдэгч М.З нарыг оролцуулан нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Зт холбогдох эрүүгийн “2306000003785” дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, М.З
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн ... нутаг дэвсгэрт хохирогч Б.Бтэй үл ялих зүйлээс болж маргалдан улмаар нүүрэн тус газарт гараараа цохиж, нуруу цээж хэсэгт хөлөөрөө өшиглөж биед халдаж, эрүүл мэндэд нь хенгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.З: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан талаарх тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,
- Хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дэх тал/,
- Гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-20 дахь тал/,
- Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 13633 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,
- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 58 дахь тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 158 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.
Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч М.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч О.Б.Бтэй үл ялих зүйлээс болж маргалдан улмаар нүүрэн тус газарт гараараа цохиж, нуруу, цээж хэсэгт хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:
- Хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...би таксинд суугаад явах үедээ үйл явдлыг сайн санахгүй байгаа. Бид нар таксинд явж байх үедээ би таксины арын суудалд сууж явсан эрэгтэй надад чи намайг Амгаланд мэдэх үү гэх мэт зүйл яриад би өөрөө мэдэхгүй гэж хариулаад тэр хүнтэй би маргалдаж эхэлсэн. Бид хоёрыг маргалдаж байх үед такси Монелийн эцэст гудамжинд зогссон. Машин зогсох үед надтай маргалдсан эрэгтэй бид 2 машинаас хоорондоо зодолдохоор буусан. Бид 2 машинаас буучхаад нэгнийхээ хувцаснаас зууралдаад барилцсан. Би тэр хүний нүүр хэсэгт 2 удаа цохисон. Харин тэр эрэгтэй гартаа барьж байсан ямар нэг зүйлээр миний толгойн зүүн хэсэгт, дух хэсэгт 2 удаа цохисон. Би шууд толгойгоо бариад газарт суусан. Намайг сууж байх үед тэр эрэгтэй миний цээж, нурууны зүүн талд 2 удаа өшиглөсөн. Тухайн үед манай найз Батбаяр цагдаа дуудлаа шүү, машины цонх хагаллаа гэж хэлэх үед таксины жолооч машинаа унаад эмэгтэй хүнтэй хамт зугтаад яваад өгсөн. М.З гэх хүнээс өөр зодож цохисон хүн байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дэх тал/,
- Гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: "...Би 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн ... тоот гэрээс найз Б.Бийн хамт гарсан. Ингээд доошоо уруудаж алхаад 127 дугаар сургуулийн урд талын зам дээрээс такси барьсан. ...Тэгтэл манай найз Б.Б арын суудалд сууж байсан эрэгтэйтэй маргалдсан. ...Тэгтэл жолооч нь тээврийн хэрэгслээ зогсоосон. Жолоочийн зогссон газар нь Баянзүрх дүүргийн ... гудамж байсан. Манай найз Б.Б нөгөө залуу хоёр таксинаас хоёулаа буугаад нэг нэгнээ цохиод байхаар нь жолооч бид хоёр болиулах гээд буух хооронд манай найзыг нөгөө залуу гарт байсан хатуу зүйлээрээ толгой хэсэгт нь цохиод цус гаргачихсан байсан, Таксинаас жолооч бид хоёр Б.Б нөгөө залуу хоёрыг салгаад байж байтал цагдаа нар ирээд манай найзыг зодсон залууг аваад Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс рүү явсан. ...Б.Бийн биед учирсан гэмтлийг таксины арын суудал дээр сууж байсан эрэгтэй учруулсан." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-20 дахь тал/,
- Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 13633 дугаартай"...Б.Бийн биед зүүн 8 дугаар хавирганы хугарал, духанд шарх, дух хүзүүнд зулгаралт, дух, зүүн чамархайн хуйх, зүүн доод зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх хавирган хугарал, шарх гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана..." гэх дүгнэлт /хавтаст хэргийн 12-13 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.Зыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.
Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байдаг. Шүүгдэгч М.З нь хохирогч Б.Бтэй үл ялих зүйлээс болж маргалдан улмаар нүүрэн тус газарт гараараа цохиж, нуруу, цээж хэсэгт хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь хохирогчид гэмтэл учрах боломжтой гэдгийг мэдсээр байж үйлдэж буй гэм буруугийн санаатай үйлдэл бөгөөд хохирогч Б.Бийн биед учирсан гэмтэл нь шүүгдэгч М.Зын идэвхтэй үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч М.Зт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргав.
Шүүгдэгч М.Зт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүхийн шатанд төлж барагдуулсан байдлыг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.
Иймд шүүгдэгч М.Зын хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн ялын саналыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.
Гурав. Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:
Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж хуульчилсан.
Гэмт хэргийн улмаас учирсан шууд учирсан хохирлыг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн гаргах бөгөөд хохирогч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар 172,900 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч М.З нь шүүхийн шатанд төлж барагдуулсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.З нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.З-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Зыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Зт оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, уг ялаа биелүүлэхээс зайлсхийвэл нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Зт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч М.З нь энэ хэргийн улмаас бусдад учирсан шууд хохиролд төлөх төлбөргүй ба хохирогч Б.Бийн цаашид гарах эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлоо баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Зт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.СУВД-ЭРДЭНЭ