| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2025/0004/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/17 |
| Огноо | 2025-01-27 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | Н.Бадам |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/17
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,
Улсын яллагч Н.Бадам,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Даваахүү,
Шүүгдэгч *,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дулам нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн * нарт холбогдох * дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, * оны * дүгээр сарын *-ны өдөр * аймгийн * суманд төрсөн, эрэгтэй,* настай, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл *, * хамт, * аймгийн * сум, * багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, * овогт * /РД:*/,
Монгол Улсын иргэн, * оны *дугаар сарын *-ны өдөр * аймгийн *суманд төрсөн, эрэгтэй, * настай, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл * хамт, * аймгийн * сум, *дугаар баг * оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, * овогт * /РД:*/
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч * нар нь бүлэглэж, 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2 дугаар багийн нутаг “Бургалтайн ам” гэх газраас 724.45 кг хуш модны самарыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж, бэлтгэн, тээвэрлэж экологи эдийн засагт 71,648,105 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч * нь шүүх хуралдаанд “...Хүргэн *тэй хамт 2024 оны 09 сарын 02-д хүмүүс самарт яваад байна самар уначихсан байна гэхээр ууланд гарч самар түүсэн. 09 сарын 12-ны өдөр уулнаас бууж байгаад цагдаад баригдсан. Тухайн үед намрын анхны цас орчихсон байсан болохоор самар уначихсан байсан. Бид 2 ерөнхийдөө мод цохиогүй унасан самар түүсэн. Самар түүх шалтгаан нь оюутныхаа сургалтын төлбөрөө төлж банкны өр зээлээ багасгах гэж гарсан. Самрын талаар хууль нь чанга үнэлгээ өндөр болчихсон талаар ямар нэгэн мэдэгдэхүүн байгаагүй. Хүмүүс самарт явж байна болчихсон байна гэхээр нь гараад явчихсан нь том алдаа боллоо гэж бодож байна. Гэм буруугаа ойлгож байна. Хохирлоо төлж барагдуулна...” гэв.
Шүүгдэгч * нь шүүх хуралдаанд “...* ахтай хамт явсан. Банкны зээл, 2 оюутны төлбөр болсон байсан. Мөн байнга аавыгаа авч эмчилгээ сувилгаанд явдаг учраас мөнгөний хэрэг болоод самарт явсан. Бид 2 нийтдээ 12 шуудай самар түүсэн. Самар цас даахгүй их хэмжээгээр уначихсан учраас самар их түүсэн. Ямар ч байсан хохирлоо төлнө гэж бодоод эхнээсээ боломжоороо төлөөд явж байна...” гэв.
Мөрдөн байцаалтад:
1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч * өгсөн: “...Хуш модны самрыг 10 дугаар сарын 20-ны өдрөөс дараа оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хооронд олгодог. Иргэн ахуйн зориулалтаар 1 удаа 30 кг самар бэлтгэх зөвшөөрөл олгодог. Иргэн *, * нараас байгаль экологид учирсан хохирлыг мөнгөн дүнгээр гаргаж холбогдох дансанд тушааж сум орон нутгийг хохиролгүй болгох шаардлагатай гэж үзэж байна. Надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56-р хуудас/,
2. Иргэний нэхэмжлэгч * өгсөн: “...Тухайн тээврийн хэрэгслийг манай нөхөр * унаж байгаа угаасаа * унадаг машин..., 2024 оны 06 дугаар сарын сүүлээр Булган аймгаас 1.500.000 төгрөгөөр авч байсан юм. "*"ХХК-ны үнэлгээчин * гаргасан эд хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61-р хуудас/,
3. 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн “*” ХХК-ийн “Хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай” шинжээчийн дүгнэлтэд: “...* /эр. * настай/ нь Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2 дугаар багийн нутаг "Бургалтайн ам" гэх газраас 12 шуудай самрыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж "*" маркийн * улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн" гэх гомдол мэдээлэлд 2005 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн, 2019 онд Монгол улсад орж, ашиглалтын хугацаа дууссан, мотор доголдолтой "*" маркийн * улсын дугаартай бага оврын ачааны автомашины зах зээлийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв.
Үнэлгээнд хамрагдсан дээрх автомашины зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2024 оны 09 дүгээр сарын 17-ны байдлаар 1500000=00 (Нэг сая таван зуун мянган) төгрөг байна/...” гэх дүгнэлт /хх-ийн 26-27-р хуудас/,
4. 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Орхон бүсийн сум дундын ойн ангийн 09 дугаартай “Экологи эдийн засгийн үнэлгээ тогтоосон тухай” дүгнэлтэд:
- Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2 дугаар баг Бургагалтайн ам гэх газар тус сумын Бургалтай 2 дугаар багт оршин суух * нь зохих зөвшөөрөлгүй, хуш модны самар бэлтгэх хориотой үед бэлтгэж, тээвэрлэсэн 12 шуудай "Ховор" ургамал болох Сибирь хуш модны үр самрыг хэмжихэд нийт 724,45 кг /цэвэр жингээр тооцоход бэлтгэсэн ба тус үр идээ нь шинжилгээнд тэнцэж байна.
- Сибирь хуш модны самар нь Монгол орны 612.9 мянган га талбай бүхий хушин ой Архангай, Баян-Өлгий, Булган, Төв, Завхан, Хэнтий, Увс, Сэлэнгэ, Өвөрхангай, Хөвсгөл аймаг, Улаанбаатар хотын ногоон бүсэд тархан ургадаг.
- Тухайн Сибирь хуш модны самар нь байгалийн зэрлэг ургамал ба, цаашид ашиглах боломжтой, удаан хугацаанд стандарт шаардлага хангаагүй агуулахад хадгалсан нөхцөлд, чанар шинж, бодит жингээ алдана.
- Хуш модны самар буюу идээг ямар арга хэрэгсэл ашиглаж бэлтгэсэн талаар тодорхойлох боломжгүй байна.
- Сибирь хуш модны самраас гаргаж авсан бүтээгдэхүүнүүд нь спортын болон, тусгай зохицуулах үйлчилгээтэй хүнсний зориулалтаар, мөн экспортын голлох бүтээгдэхүүн болгон ашигладаг
- Хушны самрыг "Хүнсний барааны агуулах. Техникийн шаардлага MNS 5364:2004" стандартын шаардлага хангасан, 70% иас ихгүй агаарын харьцангуй чийглэгтэй, 15°с дээшгүй температуртай, агааржуулалттай байранд, газраас дээш 20-30см өндөр дээр, нарны гэрлийн шууд тусгалаас хол, хана, халаагуураас 1 м-ээс багагүй зайд хурааж хушны самрыг 1 жил хүртэл хугацаагаар хадгалах бөгөөд битүүмжлэл сайтай, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан бүх төрлийн тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ.
- Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаар тушаалаар Сибирь хуш модны самрын экологи эдийн засгийн үнэлгээ нь 1кг/нойтон жин/ тутамд 98 900 төгрөг байна.
- Иймд иргэн * зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, тээвэрлэсэн 724,45 кг Сибирь хуш модны самар нь 71,648,105 төгрөг болж байна....” гэх дүгнэлт /хх-ийн 36-38-р хуудас/
5. 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Сэлэнгэ аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын байцаагчийн 01-29-02/279/14 дугаартай нөхөн төлбөр оногдуулах тухай актад:
- Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3-т /ургамлын аймаг учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр/ тогтооно гэж заасны дагуу 71.648.105х5=358,240,525 төгрөг болов.
- Сэлэнгэ аймгийн Сант сумын 2-р багийн иргэн * нь ургамлын аймагт учруулсан экологи-эдийн засгийн үнэлгээгээр нийт 358,240,525 төгрөгийн хохирол учруулсан байна. Байгаль орчны хяналтын улсын байцаагч *... гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46-р хуудас/
6. 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 2-р хуудас/,
7. 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7-р хуудас/,
8. 2024 оны 09 дүгээр сарын 12-ны эд зүйлд буюу самранд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-13-р хуудас/,
9. 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 724,45 кг самарыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 17-р хуудас/,
10. 2024 оны 09 дүгээр сарын 12-ний өдөр “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 18-21-р хуудас/,
11. 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын 2433000910107 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоол /хх-ийн 70-72, 95-97-р хуудас/,
12. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 93-94, 110-111-р хуудас/
13. Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 81-94, 106-112 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Нэг. Хэргийн үйл баримт болон шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч * нь бүлэглэж, 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2 дугаар багийн нутаг “Бургалтайн ам” гэх газраас 724.45 кг хуш модны самарыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж, бэлтгэн, тээвэрлэж экологи эдийн засагт 71,648,105 төгрөгийн хохирол учруулсан, байгаль экологид учруулсан хохирлыг Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3-т /ургамлын аймаг учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр/ тогтооно гэж заасны дагуу 71.648.105х5=358,240,525 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болох хохирогчийн хууль ёсны төлөөлөгч * мэдүүлэг, 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн “*” ХХК-ийн самар тээвэрлэсэн тээврийн хэрэгслийн үнэлгээ тогтоосон “Хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай” шинжээчийн дүгнэлт, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Орхон бүсийн сум дундын ойн ангийн 09 дугаартай “Экологи эдийн засгийн үнэлгээ тогтоосон тухай” дүгнэлт, 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Сэлэнгэ аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын байцаагчийн 01-29-02/279/14 дугаартай нөхөн төлбөр оногдуулах тухай акт, тээврийн хэрэгсэл болон самарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч нарын хэргээ хүлээ мэдүүлсэн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.
Прокуророос шүүгдэгч * нарыг “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хуулийн зүйлчлэл, зүйл хэсэг тохирсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд “Байгалын ургамал хууль бусаар бэлтгэх” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан” гэж уг гэмт хэргийн үйлдлийн шинжүүдийг тодорхойлсон байна. Шүүгдэгч * нарын үйлдэл нь зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал, түүний үрийг түүсэн бэлтгэсэн, тээвэрлэсэн гэх үйлдлийн шинжийг хангаж байна.
Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2, 4-т “ургамлыг түүний нөөц, нөхөн сэргэх чадварыг нь харгалзан “нэн ховор, ховор, элбэг” гэсэн гурван төрөлд ангилсан бөгөөд ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар хязгаарлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй ургамал хамаардаг.
Засгийн газрын 2015 оны 410 дугаар тогтоолоор Нарсны төрлийн модны үр /ойн нарс, одой нарс, сибирь ойны үр, идээ/-г ховор ургамалд хамааруулсан байна.
Мөн Байгалийн ургамлын тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар иргэн ховор ургамлыг зөвхөн ахуйн болон судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглаж болох ба судалгаа, шинжилгээ, ахуйн зориулалтаар түүж бэлтгэсэн ургамлыг орлого олох зорилгоор бусдад борлуулахыг хориглоно… гэж заасан ба шүүгдэгч нар нь “самрыг оюутны төлбөр төлөх, зээлээ багасгах зорилгоор түүж, бэлтгэж, тээвэрлэсэн” гэж мэдүүлсэн мэдүүлгээс үзэхэд самрыг худалдан борлуулж, орлого олох зорилготой байсан байна. Иймд шүүгдэгч нарыг хуульд зааснаас өөр зорилгоор самар түүж, бэлтгэсэн гэж үзэх үндэслэлтэй.
Зохих зөвшөөрөлгүйгээр нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн гэж эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг байгалиас түүснийг ойлгох ба шүүгдэгч нь эрх бүхий байгууллагаас самар түүх зөвшөөрлийг аваагүй бөгөөд самрыг түүж бэлтгэн Иргэний нэхэмжлэгч *ы өмчлөлийн * улсын дугаартай * маркийн тээврийн хэрэгсэлд тээвэрлэж явсан нь шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогддог.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1-т “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, 3.7 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэхдээ бүлэглэн гүйцэтгэсэн гэж дүгнэв.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч * нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдсон тул гэм буруутайд тооцох дүгнэлтийг,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Даваахүү: ...Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн тал дээр маргаан байхгүй, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирлыг тодорхой хэмжээгээр төлж барагдуулж, хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, шүүгдэгч нар үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Хохирол тогтоосон шинжээчийн дүгнэлттэй маргахгүй, Хэргийн зүйлчлэлийн тухайд маргаан байхгүй.. гэх дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч * нар нь: “...Өөрийнхөө гэм бурууг ойлгож гэмшиж байна. Гаргасан хохирлыг төлөхөө илэрхийлж байх бөгөөд төлөөд эхэлчихсэн....” гэж хэргийн үйл баримт болон зүйлчлэлийн талаар маргаагүй ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч * нарыг 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2 дугаар багийн нутаг Бургалтайн ам гэх газраас 724.45 кг хуш модны самрыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж, бэлтгэн, тээвэрлэж экологи эдийн засагт 71,648,105 төгрөгийн хохирол, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3-т /ургамлын аймаг учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж заасны дагуу 71.648.105х5=358,240,525/ төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно… гэж хуульчилжээ.
2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Орхон бүсийн сум дундын ойн ангийн 09 дугаартай “Экологи эдийн засгийн үнэлгээ тогтоосон тухай” дүгнэлтэд
- Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаар тушаалаар Сибирь хуш модны самрын экологи эдийн засгийн үнэлгээ нь 1кг/нойтон жин/ тутамд 98,900 төгрөг байна.
- Иймд иргэн * зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, тээвэрлэсэн 724,45 кг Сибирь хуш модны самар нь 71,648,105 төгрөг болж байна...” гэх экологи эдийн засгийн үнэлгээ гаргажээ.
2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Сэлэнгэ аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын байцаагчийн 01-29-02/279/14 дугаартай нөхөн төлбөр оногдуулах тухай актад “...Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3-т /ургамлын аймаг учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр/ тогтооно гэж заасны дагуу 71.648.105х5=358,240,525 төгрөг болов.
Сэлэнгэ аймгийн Сант сумын 2-р багийн иргэн * нь ургамлын аймагт учруулсан экологи-эдийн засгийн үнэлгээгээр нийт 358,240,525 төгрөгөөр акт тогтоосон байна. Шүүгдэгч нар болон өмгөөлөгч нь энэ актыг үгүйсгээгүй, маргаагүй тул энэ актын дагуу хохирлыг тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү шүүх хуралдаанд: ...Шүүгдэгч нар энэ гэмт хэргийг үйлдэхэд шүүгдэгч нарын буруутай үйл ажиллагаанаас гадна сум орон нутгийн ЗДТГ, ойн анги, ойн байцаагч, ИТХ, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн үйл ажиллагаа маш хангалтгүй байсан байна гэдгийг хэлмээр байна. Тухайн суманд иргэд нь самар явчихсан байна гэдгийг холбогдох хүмүүс мэдэхгүй байх боломжгүй. Иргэд сонсож байгаа юм чинь тэр хүмүүс ч гэсэн мэдэж байгаа. Байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч нараа явуулаад уулнаас буулгах, хууль дүрмээ сурталчилж, танилцах, ямар нэгэн байдлаар ухуулах самбар ажиллуулах зэрэг үйл ажиллагааг хийгээгүйн улмаас Баруунбүрэн сумын маш олон иргэд өөрсдийн боломжоос давсан хохирлыг төлөхөөр байдалтай болоод байгааг харгалзан үзнэ үү... гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчийн энэ дүгнэлт үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл сум орон нутаг, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил хангалтгүй, иргэдэд зохих анхааруулга болон зурагт хуудсыг олон нийтийн газар, цахим орчинд байршуулан иргэдэд хууль, дүрэм, журмын талаар мэдээ, мэдээлэл өгдөггүй зэрэг нөхцөл байдлаас иргэд самрыг их хэмжээгээр түүж, бэлтгэж, байгаль экологид их хэмжээний хохирол учруулах, хохирлын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн байна гэж үзлээ.
Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж хуульчилсан.
Сум орон нутгийн дээрх эс үйлдэхүйгээс буюу хохирогчийн болгоомжгүй үйлдлийн улмаас байгаль экологид учирсан хохирол нэмэгдэхэд нөлөөлсөн гэж үзэж шүүгдэгч нарын хариуцах гэм хорын хохирлыг 50 хувиар багасгаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж дүгнэлээ.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дугаар зүйлийн 514.1-д зааснаар шүүгдэгч нарын байгаль экологид учруулсан хохирол /Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3-т /ургамлын аймаг учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр/ тогтооно гэж заасны дагуу 71.648.105х5=358,240,525 төгрөг/ 358,240,525 төгрөгийг 50 хувь бууруулан тогтоож, шүүгдэгч нараас 179,120,263 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч * нь байгаль экологид учруулсан хохирол 89,560,132 төгрөгөөс 1,150,000 төгрөг төлсөн болох нь шүүх хуралдаанд гаргаж өгсөн Хаан банкны цахим гүйлгээний баримт /хх-ийн 145, 147, 163/-аар тогтоогдож байх тул шүүгдэгч *гаас 88,412,132 төгрөгийг,
Шүүгдэгч * нь байгаль экологид учруулсан хохирол 89,560,132 төгрөгөөс 1,100,000 төгрөг төлсөн болох нь шүүх хуралдаанд гаргаж өгсөн Хаан банкны цахим гүйлгээний баримт /хх-ийн 146, 163/-аар тогтоогдож байх тул шүүгдэгч *гээс 88,460,132 төгрөгийг тус тус гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 5-д зааснаар зааснаар шүүгдэгч * нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан * улсын дугаартай * маркийн тээврийн хэрэгсэл *ы өмчлөлийнх байх тул тээврийн хэрэгсэл битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоогдсон 1,500,000 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн *гээс 750,000 төгрөг, *гаас 750,000 төгрөгийг тус тус гаргуулан хохирлыг нөхөн төлүүлэхэд зарцуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хуш модны 12 шуудай 724.45 кг самрыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц худалдан борлуулж, хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж шийдвэрлэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т ...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж,
Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ… гэж тус тус заасны дагуу шүүгдэгч * нар нь хуульд заасан насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдлоо.
Улсын яллагч Н.Бадам эрүүгийн хариуцлагын шатанд гаргасан дүгнэлтдээ: ... Шүүгдэгч * нарыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд зааснаар Шүүгдэгч *г 1 жил 10 сарын хугацаагаар, Шүүгдэгч *г 1 жил 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг шүүхэд оруулж байна. Зорчих эрх хязгаарлах ялыг шүүгдэгч нарын оршин суух газар буюу *г Дархан-Уул аймгаар, *г Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг дэвсгэрээр гадагш гарахгүй байх хязгаарлалтыг тогтоох саналыг шүүхэд оруулж байна....” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү: “...Улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй санал нийлэхгүй байна.
Шүүгдэгч нарын хувьд өөрсдөө ямар орлого цалин хөлстэй талаараа мэдүүлж байна. *гийн хувьд эхнэр нь Баруунбүрэн сумын цэцэрлэгт туслах багшаар ажилладаг. Өөрөө өвчтэй аавыгаа асардаг. Хүн асрахын хажуугаар Дархан-Уул аймгаас Баруунбүрэн сум руу хүн тээвэрлэдэг. Тогтмол явдаггүй ч өрхийн орлоготоо хувь нэмэр оруулах гэж боломжоороо явдаг. *гийн хувьд Дархан-Уул аймагт байдаг. Баруунбүрэн сумын харьяат хүн. Хувиараа хөдөлмөр эрхэлж ойр зуур хаана ажил олдвол хийгээд Тэрнээсээ амьдрал ахуйгаа болгоод явж байгаа. Хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж байгаа. Өвлийн улиралд орлого олох боломж бага учраас хавар, намрын хувьд газар тариалан, хөдөө аж ахуй дээр ажил хөдөлмөр эрхлэх боломжоор элбэг байдаг гэж байгаа... Шүүгдэгч * нь асаргааны хүнтэй бөгөөд эмчилгээ сувилгаанд их авч явдаг. Дээрээс нь Баруунбүрэн сум Дархан-Уул аймгийн хооронд зорчигч тээвэрлэж орлого олдог. *гийн хувьд хадлан тариалангийн үед хаана л бол хаана очиж ажилладаг бөгөөд Дархан-Уул аймагт малчдаас мал худалдаж авч махаа цааш нь худалдан борлуулах ажил хийж орлого олдог учраас энэ зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах ял нь тохиромжгүй байна гэж үзэж байна. Иймд Байгаль орчин уур амьсгалын санд учруулсан хохирлоо төлөх боломжоор хангаж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөөч гэсэн санал гаргаж байна. Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн гол зорилго нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөд оршдог тул энэ байдлыг харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөхийг шүүхээс хүсэж байна...” гэв.
Шүүгдэгч * нар шүүх хуралдаанд: “...Өөрийнхөө гэм бурууг ойлгож гэмшиж байна. Гаргасан хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа ба бөгөөд төлөөд эхэлчихсэн. Хамгийн гол нь зорчих эрх хязгаарлах ял нь орлого олох боломжийг хязгаарлаж амьдрал давхар хүнд байдалд орох гээд байна. Иймд аль болох хөнгөн ял оногдуулж өгч, зорчих эрхийг минь үлдээж, орлого олох боломжоор минь хангаж өгөөч гэж хүсэж байна...” гэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан байна.
Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан санал дүгнэлтийг эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч * нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирлоос тодорхой хэмжээгээр төлсөн, үлдэж байгаа хохирлоо төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч * нарыг тус бүр хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, 5 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч * нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч нарт мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Шүүгдэгч * нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2 .Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч *-г хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 5 сарын хугацаагаар, *-г хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 5 сарын хугацаагаар тус тус тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5, 4-д зааснаар шүүгдэгч нарт гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дугаар зүйлийн 514.1-д зааснаар шүүгдэгч нарын байгаль экологид учруулсан хохирол 358,240,525 төгрөгийг 50 хувь бууруулан тогтоож, 179,120,263 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, шүүгдэгч *гаас 89,560,132 төгрөгөөс Байгаль орчин, уур амьсгалын санд төлсөн 1,150,000 төгрөгийг хасаж 88,410,132 төгрөгийг, шүүгдэгч *гээс 89,560,132 төгрөгөөс Байгаль орчин, уур амьсгалын санд төлсөн 1,100,000 төгрөгийг хасаж 88,460,132 тус тус гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хуш модны 12 шуудай, 724.45 кг самрыг худалдан борлуулж, хохирол нөхөн төлөхөд зарцуулахыг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан * улсын дугаартай * маркийн тээврийн хэрэгсэл *ы өмчлөлийнх байх тул тээврийн хэрэгсэл битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоогдсон 1,500,000 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн *гээс 750,000 төгрөг, *гаас 750,000 төгрөгийг тус тус гаргуулан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулсугай.
7. Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН