2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2025/ШЦТ/264

 

 

 

 

 

 

 

   2025      01         22                                        2025/ШЦТ/264

 

                           

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Е” танхимд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган, 

улсын яллагч Г.Булаг-Ундрал,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ц.Нармандах нарыг оролцуулан нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бт холбогдох эрүүгийн “2411017491676” дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Б

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн ... нутаг дэвсгэрт байсан иргэн Цгийн эзэмшлийн ... УНК улсын дутаартай Тоёото приус 20 загварын тээврийн хэрэгслийн зүүн талын цонх болон урд талын салхины шилийг Цг хардаж, эрт ирсэнгүй гэх шалтгаанаар цохиж хагалсны улмаас Цд 390,000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт: шүүгдэгч Б.Б: “...Би гэм буруугаа хүлээж байгаа. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй.” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,

- Хохирогч С.Цгийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: мэдүүлэг /хавтаст хэргийн 16-18 дахь тал/,

- “Дамно” ХХК-ийн 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 21-25 дахь тал/,

- Яллагдагч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 29 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 31 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.

             Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

             Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хохирогч Цг хардаж, эрт ирсэнгүй гэх шалтгаанаар Чингэлтэй дүүргийн ... нутаг дэвсгэрт байсан Цгийн эзэмшлийн ... УНК улсын дутаартай Тоёото приус 20 загварын тээврийн хэрэгслийн зүүн талын цонх болон урд талын салхины шилийг чулуугаар цохиж хагалсны улмаас Цд 390,000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсэн болох нь:

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,

- Хохирогч С.Цгийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Чингэлтэй дүүргийн ... нэртэй байгууллагын хажуугийн шороон зогсоол дээр өөрийн эзэмшлийн ... УНК улсын дугаартай Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслээ байрлуулчхаад найз Хулантай уулзаад гадуур гарцгаасан. Намайг гадуур найзтайгаа хамт явж байгаад шөнийн 02 цаг өнгөрч байхад салцгаасан бөгөөд би гэр лүүгээ очих гээд явж байсан чинь миний уулздаг эрэгтэй Б.Б нь над руу гар утсаараа залгаад чи ууж идэж ханадаггүй юм уу гэх мэтээр уурлаад хараагаад хэл амаар доромжлоод байсан бөгөөд мөн миний машины цонх шилнүүдийг хагалсан гэх зэрэг зүйлс яриад байсан. Тэгэхээр нь би надаар тоглоод байна гэж бодоод эргээд шөнийн 02 цаг өнгөрч байхад өөрийн тээврийн хэрэгслээ байрлуулсан газраа иртэл миний машины урд салхины шил, жолоочийн арын болон жолоочийн эсрэг талын урд, хойд хоёр шилүүдийг хагалчихсан байсан. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-18 дахь тал/,

- “Дамно” ХХК-ийн 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 21-25 дахь тал/,

- Яллагдагч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “...Би Цгийн .... дугаарын гар утас руу өөрийн ... дугаарын гар утаснаас залгаж яагаад ирэхгүй байгаа юм гэж хэлээд хоорондоо маргалдсан. Миний уур хүрээд хардаад Цгийн ... УЕК улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд талын салхин шил болон жолооч талын хоёр шил, жолоочийн эсрэг талын урд шилийг чулуугаар цохиж хагалсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Быг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.

Гэмт этгээд санаатай үйлдлээрээ бусдын эд зүйлс, өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг нь алдагдуулж, зориулалтаар нь ашиглах боломжгүй болгохыг “устгах”, харин тухайн эд хөрөнгийн ашигтай байдал, чанар үр дүн алдагдах, түр хугацаагаар зориулалтын дагуу ашиглаж, хэрэглэх бололцоогүй боловч тухайн нөхцөлд учирсан гэмтэл нь засвар үйлчилгээгээр сэргээгдэж, анхны байдалдаа орж нөхөн сэргээгдэх боломжтойг “гэмтээх” гэсэн ойлголтод хамааруулна. 

Бусдын эд хөрөнгийг устгасан, гэмтээсэн үйлдлийн улмаас эд хөрөнгийн өмчлөгч, хууль ёсны эзэмшигчид бага хэмжээнээс дээш хохирол, хор уршиг учирснаар тухайн гэмт хэрэг төгс үйлдсэнд тооцогдох материаллаг бүрэлдэхүүний шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан.

            Иймд шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

             Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүдрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан байдлыг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчийн зүгээс “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх.” саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “...Миний үйлчлүүлэгч сайн дураараа гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчтой сайн дураараа эвлэрсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан  хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна  гэж үзэж байна. Тиймээс торгох ялын хамгийн бага хэмжээгээр буюу  450 нэгжээр тэнцэх хэмжээгээр торгож өгнө үү.” гэх саналыг тус тус гаргав.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа урьд ял шийтгэл эдлэж байгаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчоос гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Гурав. Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж хуульчилсан.

Гэмт хэргийн улмаас учирсан шууд учирсан хохирлыг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн гаргах бөгөөд хохирогч С.Ц нь мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар 390,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Быг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан 1000 /мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

            4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

            5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

            7. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.СУВД-ЭРДЭНЭ