| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 101/2018/3209/и |
| Дугаар | 2379 |
| Огноо | 2018-11-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 2379
Ц.Тгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2018/03209 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч Ц.Тгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч С.Дд холбогдох
Барааны үнэ 4 245 790 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Цэрэн-Очир
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.
Нэхэмжлэгч Ц.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Нарантуул ОУХТ-д хүнсний бараа буюу ус, ундааны худалдаа эрхэлдэг бөгөөд хариуцагч С.Д нь бусад худалдан авагчийн нэгэн адил надаас ус, ундаа худалдан авдаг байсан. Тэрээр 2013 оны 08 дугаар сарын 17-нд 380 270 төгрөг, 08 дугаар сарын 18-нд 2 092 320 төгрөг, 08 дугаар сарын 22-нд 1 773 200 төгрөг, нийт 4 245 790 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн авсан боловч тэдгээрийн үнийг төлөөгүй өдийг хүрээд байна. Нарантуул ОУХТ-ийн хүнсний жижиглэнгийн бараа худалдах хэсэгт 2013 оны 08 дугаар сарын сүүлээр гал түймэр гарсан бөгөөд С.Д өөрийн борлуулж байсан бараа, бүтээгдэхүүнийг галд шатсан гэдэг. Тэгсэн байлаа ч гэсэн надаас 4 245 790 төгрөгийн бараа авч түүний үнийг төлөөгүй. Би бол С.Дг авсан барааны үнээ төлөөч гэж хэлж байсан бөгөөд надад олон янзын шалтаг хэлдэг, сүүлийн үед зугтах болсон. Миний бие 2016 оны 09 дүгээр сард төрсөн тул шүүхэд нэхэмжлэл гаргаж чадаагүй өдийг хүрсэн. Иймд С.Дгаас зээлээр худалдсан барааны үнэ болох 4 245 790 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Д болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 оны 08 дугаар сард Нарантуул ОУХТ-д гал түймэр гарах хүртэл тус худалдааны төвд лангуу ажиллуулдаг байсан. Гэвч уг түймэр гарсан үеэр лангуу маань шатсан ба өнөөдрийг хүртэл миний бие дахиж худалдаа наймаа эрхлээгүй. Гэтэл Ц.Т нь надад 2013 оны 08 дугаар сард 3 удаагийн худалдан авалтаар нийт 4 сая гаруй төгрөгийн бараа зарсан, одоо хүртэл үнийг нь би төлөхгүй байгаа, би үнийг нь төлөхгүй гэсэндээ оргон зугтаагаад байгаа юм шиг зүйл бичиж шүүхэд хандсанд гайхаж байна. Гэтэл 2013 оноос 2018 оны 07 дугаар сар хүртэл нэхэмжлэл гаргах хугацаа хангалттай байсан байтал өнөөдөр буюу 5 жилийн дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь эдгээр хүмүүсийн хооронд ямар нэгэн тооцоо байгаагүй гэдгийг нотолж байгаа юм. Тооцоо нийлээд ийм хэмжээний мөнгө өгөөд ийм хэмжээний мөнгө дутуу байгаа юм байна гэдэг талаар амаараа л ярьж байгаа болохоос нотлох баримт гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгч тайлбарлахдаа падан үйлддэг байсан гэсэн. Паданыг ямар ч тохиолдолд 2 хувь үйлдээд аль аль талдаа авч үлддэг. Гэтэл 5 жилийн дараа хар дэвтрээ хартал тэдэн төгрөгийн өр байсан байна гээд гаргаж ирээд шаардах эрх байхгүй. С.Дгийн хувьд нэхэмжлэгчээс бараа авдаг байсан гэдгийг үгүйсгээгүй боловч энэ нэхэмжлэлд дурдаад байгаа хугацаанд барааг зээлээр авсан асуудал байхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч С.Дгаас барааны үнэ 4 245 790 төгрөг гаргуулахыг хүссэн Ц.Тгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч Ц.Тгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 82 883 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цэрэн-Очир давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх миний нэхэмжлэлийн шаардлагатай танилцан, хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байна гэдгийг надад хэлээд буцааж өгсөн бол би 3 сарын хугацаанд шүүхээр хэргээ шийдвэрлүүлэх гэж явахгүй, мөн 82 883 төгрөг улсын тэмдэгтийн хураамжид төлж хохирохгүй байсан. Хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрсөн нь шалтгаантай тул шүүх анхаарч үзсэнгүй. Хэргийг хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү...” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Ц.Т нь хариуцагч С.Дд холбогдуулан барааны үнэ 4 245 790 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...С.Д нь 2013 оны 08 дугаар сарын 17-22-ны өдрүүдэд 3 удаа зээлээр бараа худалдан авсан. Барааны үнэ нийт 4 245 790 төгрөгийг эргүүлж төлөөгүй тул хариуцагчаас буцаан гаргуулна” гэж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...хүнсний бараа худалдах, худалдан авах харилцаатай байсан нь үнэн, гэхдээ нэхэмжлэлд дурдсан хэмжээний тооцоо байхгүй, авсан барааны үнийг төлж дуусгасан...” гэж тус тус тайлбарласан байна. /хх 40-42/
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааны талаар дүгнэлт өгөлгүйгээр, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа дууссан гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай болжээ.
Зохигчдын хэн алины тайлбараас үзэхэд 2013 оны 08 дугаар сард бараа зээлээр авсны дараа Нарантуул зах дээр гал түймэр гарсан гэж тайлбарлаж байгаа тохиолдолд нэхэмжлэгчийн хувьд хариуцагчид холбогдуулан шаардлага гаргаж байсан, уг эрхээ хэрэгжүүлэх боломжтой эсэх асуудлаар дүгнэлт хийж, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, зогссон талаар шүүх тодруулаагүй байна.
Шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШЗ2018/17441 тоот “Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай” шүүгчийн захирамжид шүүх хуралдааныг 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр явуулахаар товлосон байгаагаас үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, хариу тайлбар гаргах хэргийн оролцогчийн эрх хангагдсан гэж үзэх боломжгүй.
Мөн шүүх иргэний хэрэг үүсгэсний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.4-т “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаарх мэдээллийг бүрэн өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд эвлэрэх, эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах боломжтойг сануулах” ажиллагааг явуулсан талаар баримт авагдаагүй байна. 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд нотлох баримт судлахын өмнө зохигчдоос эвлэрэх боломжтой эсэхийг асуусан нь хуулиар хүлээсэн дээрх үүргээ хангалттай хэрэгжүүлсэн гэж үзэхгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрх хангагдаагүй байна.
Түүнчлэн шүүх хуралдаанд Р.Гэрэлчимэгийг гэрчээр асуусан байх боловч хэргийн оролцогчийн зүгээс гэрч асуулгах хүсэлт гаргасан эсэх тодорхой бус, гэрчээр асуулгах хүсэлтийг хангасан шүүгчийн захирамж хэрэгт авагдаагүй байх тул уг ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар явуулсан гэж үзэхэд учир дутагдалтай.
Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан гэжээ. Гэтэл талуудын хоорондын маргааны зүйл болж буй хүлээн авсан барааны хэмжээг тогтооход ач холбогдолтой нотлох баримт байх боломжтой “Дунгаамаа тооцоотой дэвтэр” гэх дэвтрийг хэрхэн үнэлсэн нь ойлгомжгүй байна.
Анхан шатны шүүхийн гаргасан дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулж маргааны үйл баримт, тэдгээрийн хооронд үүссэн харилцааны талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2018/03209 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цэрэн-Очироос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82 883 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Д.ЦОГТСАЙХАН