Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2021/ДШМ/173

 

 

 

 

 

 

   2021             2             10                                        2021/ДШМ/173

 

 

                                         Г.Бд холбогдох эрүүгийн

                                                                         хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Оч, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Энхболд,

шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 3 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзийгийн гаргасан давж заалдах гомдлоор Г.Бд холбогдох эрүүгийн 2005006661562 дугаартай хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 29ий өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Г.Б,

Шүүгдэгч Г.Б нь “Транскапитал” банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байсан хохирогч Т.Энх-Амгалангийн эзэмшлийн 80-65 УБЯ улсын дугаартай 9.000.000 төгрөгийн үнэ бүхий “Тоёота Аурис” маркийн авто машиныг худалдан авна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянгол дүүргийн замын цагдаагийн тасгийн тээврийн хэрэгсэл саатуулах журмын хашаанаас авч яван залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Г.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Шүүгдэгч Боржигин овогт Ганбилэгийн Г.Бг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бг 1 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бгийн урьд баривчлагдсан 1 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бгаас 9.000.000 төгрөг гаргуулан хохирогч Т.Энх-Амгаланд олгохоор...” шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан гэмт хэргийн сэдэлт зорилгыг заавал тогтоох ёстой, авто машиныг худалдаж авна гэж хэлээд авч явсныг зохиомол байдал үүсгэсэн, төөрөгдүүлсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн шинж болгон ял халдаасан нь хэрэг дотор сэдэл зорилгыг шалгаж тогтоосон ямар нэг нотлох баримтаар нотлогдсон зүйл байдаггүй. Талууд бие биенээ таньдаг, худалдаж авсны дараа тахал өвчин гарч худалдан авагч ажилгүй болсон, ажилгүй болсноор цалин орлогогүй болсон, машин эвдэрч орлого олж төлбөр төлөх боломжгүй байдал үүссэн, төлбөрт хуушуурын тоног төхөөрөмж өгөх санал тавьж байсан, төлбөрийг төлнө гэдгээ шүүх цагдаагаас өмнө илэрхийлж байсан нөхцөл байдлууд хэрэгт авагдсан байдаг. Энэ байдлаар сэдэл зорилгод залилах санаа зорилго байгаагүй гэж үзэхээр байдаг.

Төлбөрийг төлөхөд цар тахал, машин эвдэрсэн, цалин орлогогүй болсон зэрэг хүндэтгэн үзэх саад бий болсон нь хэрэгт нотлогдсон байдаг.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн шинж, хэргийн өнгө сэдэл зорилго, шүүгдэгчийн хувийн байдал дээрхи байдалтай байхад шүүх хохирол төлөөгүй гэж тухайн зүйлд заасан ялын төрлөөс хорих ялыг сонгож, 1 жилээр хорьж шийтгэсэн нь хэргийг тал бүрээс бодиттой тогтоох, ял шийтгэлийг үндэслэлтэй тогтоох зарчмыг тогтоосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагад төдийлэн нийцээгүй хүнд ял шийтгэл боллоо гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна.

Иймд давж заалдах шатны шүүх дээрхи хэрэгт залилах хэргийн шинж хангагдсан эсэх, хангагдсан гэж үзвэл үйлдсэн хэргийн шинж, хохирол төлөхөө илэрхийлж байгаа байдал, гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн авч байгаа байдал, урьд шийтгүүлж яваагүй хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг өөрчилж, нийтэд тустай ажил хийлгэх ялаар өөрчилж, хоригдсон хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялд шилжүүлэн тооцож өгнө үү. …” гэв.

Шүүгдэгч Г.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Би энд байх хугацаандаа маш их зүйлийг ойлгож ухаарч байна. Дахин гэмт хэрэг, зөрчил гаргахгүй. Надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Н.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Г.Б авсан боловч хохирлоо төлдөггүй, автомашиныг нь өгдөггүй. Хохирогчийн дүүтэй найз гэж хэлдэг боловч нэг ч төгрөг төлж байгаагүй. Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд төлөөгүй тул анхан шатны шүүх хорих ял шийтгэсэн нь үндэслэлтэй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Г.Б нь “Транскапитал” банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байсан хохирогч Т.Энх-Амгалангийн эзэмшлийн 80-65 УБЯ улсын дугаартай 9.000.000 төгрөгийн үнэ бүхий “Тоёота Аурис” маркийн автомашиныг худалдан авна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянгол дүүргийн замын цагдаагийн тасгийн тээврийн хэрэгсэл саатуулах журмын хашаанаас авч яван залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Т.Энх-Амгалангийн “...би өөрийн эзэмшлийн 80-65 УБЯ улсын дугаартай Тоёота Аурис маркийн машиныг өөрийнхөө дүүгийн танил болох Г.Б гэдэг хүнд 2019 оны 3 сард өгч явуулаад өнөөдрийг хүртэл машин болон мөнгөө олж авч чадаагүй. ...” /хх 18/,

гэрч Ж.Гантулгын “...2019 оны 5 сар орчим авч ирж тавьсан. Урд хэсэг нь эвдэрсэн байдалтай ирсэн. Хэзээ гэдгийг нь сайн мэдэхгүй байна, 4 дугуй, моторыг нь авч явснаа ярьж байсан. ...” /хх 31/,

шүүгдэгч Г.Бгийн “...Энх-Амгалан эгч би энэ машинаа зармаар байна, банк бусад тавьсан байгаа гэж ярьсан. Тэгэхээр нь би үлдэгдлийг нь төлөөд машиныг авъя гэж хэлсэн. 2, 3 хоногийн дараа Энх-Амгалан эгчээс машиных нь түлхүүрийг аваад, машиныг журмын хашаанынх нь төлбөрийг төлөөд авсан. ...машины мөнгийг огт төлөөгүй, тухайн үед би ажилгүй болчихоод төлж чадахгүй байсан. ...” /хх 57/ гэх мэдүүлгүүд, 

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 10/, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх 11-12/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 32-36/, авто машин техникийн үнэлгээний тайлан /хх 41/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг шүүгдэгч Г.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзийгийн “...залилах хэргийн шинж хангагдсан эсэх, хангагдсан гэж үзвэл ...хорих ялыг өөрчилж, нийтэд тустай ажил хийлгэх ялаар өөрчилж, хоригдсон хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялд шилжүүлэн тооцож өгнө үү. …” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг буюу залилах хэргийн хохирол, үнийн дүн, үйлдэж буй арга зэрэг нь тухайн гэмт хэргийн нэг шинж болж байдаг онцлогтой.

Залилах гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрх зүйн аливаа харилцаанаас ялгагддаг.

Шүүгдэгч Г.Бгийн үйлдэл уг гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад эд хөрөнгөөрөө хохирсон Т.Энх-Амгаланг  хохирогчоор тогтоосон хуульд нийцсэн байна.

Хохирогч Т.Энх-Амгалан нь Г.Бгийн “автомашиныг худалдаж авна” гэж хэлсэн худал үгэнд итгэж, өөрийн эд хөрөнгийг шилжүүлэн өгч хохирсон болохыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн тогтоосон байна.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх журам нь хорих ял биечлэн эдлэх явдлыг багасгах, гэмт хэрэг үйлдсэн хүний гэм бурууг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдсэн хүнийг буруу зуршлаас ангижруулах, эмчлэх, хохирол нөхөн төлүүлэхэд чиглэгдсэн эрүүгийн хариуцлагын ялын бус шинжтэй арга хэмжээ юм.

Дэлхийн зарим улсын Эрүүгийн хууль тогтоомжид энэхүү ойлголтыг “probation /пробаци/ гэж нэрлэж, ял уян хатан, үр нөлөөтэй байх гол шинжийг энэхүү институтээр зохицуулсан байдаг. 

Манай улсын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно" гэж заасан.

Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь гэмт хэрэг үйлдэж, гэм буруутай нь тогтоогдсон этгээдийг нийгэм, олон нийтээс тусгаарлах шаардлагагүй гэсэн дүгнэлтэд шүүх хүрвэл тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын төрөл, хэмжээг хэрэглэхгүйгээр тодорхой хугацаанд үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах замаар хяналтад авч байгаа төрийн албадлагын бие даасан хэлбэр юм.

Шүүгдэгч Г.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө төлж барагдуулсан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.

Энэ нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэсэнтэй нийцэх юм.

Иймд шүүгдэгч Г.Бгийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзийгийн “...хорих ялыг өөрчилж, нийтэд тустай ажил хийлгэх ялаар өөрчилж, хоригдсон хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялд шилжүүлэн тооцож өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 23ы өдрийн 3 дугаартай шийтгэх тогтоолын:

 тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Г.Бг 1 /нэг/  жилийн хугацаагаар тэнссүгэй.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Бд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.” гэсэн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.” гэсэн тус тус нэмэлт заалт оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

4. Шүүгдэгч Г.Бгийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзийгийн “...хорих ялыг өөрчилж, нийтэд тустай ажил хийлгэх ялаар өөрчилж, хоригдсон хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялд шилжүүлэн тооцож өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

5. Шүүгдэгч Г.Б нь хохирогчид 9.000.000 төгрөг төлснийг, энэ хэрэгт нийт 49 хоног цагдан хоригдсоныг тус тус дурдаж, түүнийг нэн даруй сулласугай.

6. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                                        Ц.ОЧ

 

ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ