Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2025/ШЦТ/16

 

 2025          01          22                                                         2025/ШЦТ/16

 

  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,

Улсын яллагч Н.Бадам,

Шүүгдэгч *,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

     Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, *ын *д холбогдох эрүүгийн *тоот хэргийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19* оны * дугаар сарын *-ны өдөр * аймгийн *суманд төрсөн, эрэгтэй, * настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “*” ХХК-д геологийн туслах ажилтай, ам бүл * хамт, * аймгийн* сумын *-р баг, * тоотод оршин суух, *ын * /РД:*/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч * нь 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн сумын 2 багийн нутаг Шувуутын ам гэх газраас зөвшөөрөлгүйгээр модны цахилгаан хөрөө ашиглаж ойгоос 33 ширхэг Шинэс модыг бэлтгэн тээвэрлэж 549,334x3=1,648,002 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгоно гэж заасны дагуу 1,648,002 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                         

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

 

1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч * гийн өгсөн: ... Иргэн түлшний мод бэлтгэх тохиолдолд сумын ойн ангид хүсэлт гаргаж, эрхээ нээлгээд төрийн санд байгалийн нөөц ашигласны төлбөрийг тушааснаар мод бэлтгэх, эрхийн бичгийг авдаг юм..., Орхон бүсийн сум дундын ойн ангиас авна. Үүнд Баруунбүрэн, Орхон, Орхонтуул, Сайхан, Сант сумд харьяалагддаг юмаа. Тиймээс Баруунбүрэн сумд байрлах Орхон бүсийн сум дундын ойн ангиас авна..., Байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх шаардлагатай байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25-р хуудас/,

 

2. Гэрч *гийн өгсөн: “...2024 оны 08 дугаар сарын 10-ны үеэр манай хүүхэд * Өмнөговь аймгаас ажлаасаа бууж ирээд манай Чандагтын ар гэх газар байдаг өвөлжөө нурсан байсан болохоор засварлах гэж ирсэн. Тэгээд хэдэн шонгийн мод маань өмхрөөд ашиглах боломжгүй байсан учир Шувуут гэх газарт байрлах гэрийнхээ арын уулнаас манай хүү * шонгийн мод бэлтгэсэн. Тэгээд 2024.08.12-13-ны хооронд өвөлжөөгөө сэлбэж янзалсан..., Модыг бол цахилгаан хөрөөгөөр хөрөөдсөн, машин нь бол манай хүүгийн найз гэх залуугийн портер машин байсан. Тухайн найз нь Эрдэнэтэд амьдардаг гэсэн. Би танихгүй. Манай хүү хэлэхдээ 10 урт мод бэлтгээд дундуур нь хуваагаад 20 гаран ширхэг мод боллоо гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/,

 

3. Гэрч *гийн өгсөн: “...Би яг хэзээ гэдгийг санахгүй байна ямар ч байсан 2024 оны 08 дугаар сарын 10-ны орчим намайг өөрийн эзэмшлийн * улсын дугаартай цэнхэр өнгийн портертойгоо мал хайгаад явж байхад Шувуутын аманд * надтай таараад хэдэн ширхэг мод өвөлжөө рүү дөхүүлээд өгөөч гэсэн. Тэгэхээр нь би ангийн хүүхдийн хүүхэд юм чинь мөн ойрхон гэж бодоод тэгье гэж зөвшөөрөхөд 4 метр орчим урттай нарийн шургааг мод ачиж байсан. Тэгээд би дөхүүлж өгчхөөд яваад өгсөн. Тэрнээс би дөхүүлж өглөө ямар нэг хөлс төлбөр аваагүй. * машин тэрэг байхгүй гээд гуйгаад байсан болохоор л тусалсан юм. Би тэр модыг ямар нэг гарал үүсэл байгаа эсэх талаар мэдээгүй. Би бодохдоо зөвшөөрөлтэй гэж бодож байсан *ээс энэ тухай асуугаагүй...” гэх мэдүүлэг. /хх-ийн 27-28-р хуудас/,

 

4. Яллагдагч *ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2024 оны 08 дугаар сарын эхээр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд оршин суудаг ээж * дээр ганцаараа өвөлжөөг нь янзалж өгөх гээд ирсэн. Ээжийнхээ гэрт ирээд хэд хоног би Баруунбүрэн сумын Шувуут гэх газар хонь хариулсан. Хонинд явж байхад гэрийн ар талд модон дотор мод унагаад 4 метрийн урттай тайраад тавьсан байсан. Би ээжийн өвөлжөөг янзлах гэж ирсэн мөн модны хэрэг байсан болохоор тэр модон дээр нэмээд 2 ширхэг босоо мод тайраад дундуур нь 2 хуваагаад нийт 4 метрийн урттай 4 ширхэг мод болсон. Ингээд тэр модны зах хэсгээр байсан болохоор нэг дор бөөгнүүлээгүй машинтай шууд ачаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 82-83-р хуудас/,

5. 2024 оны 10 дугаар сарын 05-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” 2433000740103 дугаартай прокурорын тогтоол /хавтаст  хэргийн 75-77-р хуудас/,

6.2024 оны 09 дүгээр сарын 16-ний өдрийн 07 дугаартай Орхоны бүсийн сум дундын ойн ангийн “Экологи, эдийн засгийн үнэлгээ тогтоох тухай шинжээчийн дүгнэлтэд

- Иргэн * овогтой * нь ойгоос хэрэглээний зориулалттай "Шинэс" төрлийн хуурай мод бэлтгэсэн болно.

- Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум Ивэн 1 дүгээр багийн нутаг "Шувуут” гэх газраас * нь зөвшөөрөлгүй 4 метрийн урттай 33 ширхэг хэрэглээний зориулалттай бэлтгэсэн шинэс төрлийн хуурай модонд хэмжилт хийхэд 3,8 м³ мод бэлтгэсэн байна.

- Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 сарын 16-ны өдрийн А/176 тоот тушаалын 1-дүгээр хавсралтын дагуу экологи эдийн засгийн үнэлгээг тооцон үзэхэд 3 дугаар мужийн ойн сангийн 1м³ "Бүх төрлийн хуурай модны экологи эдийн засгийн үнэлгээ" нь 80 312 төгрөг байна. Нэг шоо.метр модны экологи-эдийн засгийн үнэлгээг мод, модон материалд шилжүүлэхэд бэлтгэсэн мод, модон материалын ашиглалтын гарцын дагуу хэрэглээний бөөрөнхий, гуалин мод-1,8 итгэлцүүрээр бодно. Нийт бэлтгэсэн шинэс төрлийн хуурай модыг хэмжиж дүгнэхэд: 3,8м³ *80312*1,8= 549,334 төгрөг болж байна.

- Монгол улсын Ойн тухай хуулийн 42 дугаар зүйл заалтыг үндэслэн зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн * нь экологи эдийн засгийн үнэлгээгээр нийт 549,334 төгрөгийн хохирол учруулсан байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 40-41-р хуудас/,

 

7. 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 01-29-02/279/6 дугаартай Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газрын Улсын байцаагчийн “Хохирлын үнэлгээ тогтоох тухай:

- Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 494.1-т / Ойн санд учирсан хохирлын ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр/ тогтооно гэж заасны дагуу 549 334х3=1.648.002 төгрөг болов.

- Иргэн * ойн санд учруулсан экологи, эдийн засгийн үнэлгээгээр нийт 1.648.002 төгрөгийн хохирол учруулсан байна...” гэх акт /хавтаст хэргийн 48-р хуудас/,

 

8.2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “*” ХХК-ийн “Хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай” шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний товч тайлан, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт “* улсын дугаартай цэнхэр өнгийн бага оворын ачааны автомашин 800,000 төгрөг гэх” /хавтаст хэргийн 54-59-р хуудас/,

9. 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “*” ХХК-ийн “гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цагаан өнгийн модны цахилгаан хөрөөний үнэ 130,000 төгрөг гэх” шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 66-69-р хуудас/,

10.2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6-10-р хуудас/,

11. 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Өвөлжөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 11-15-р хуудас/,

12. 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /4метр урттай 33 ширхэг шинэс мод/ /хавтаст хэргийн 16-18-р хуудас/,

13. 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-21 хуудас/,

14. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 96-97-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

 

Нэг. Хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч * нь 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн сумын 2 багийн нутаг Шувуутын ам гэх газраас зөвшөөрөлгүйгээр модны цахилгаан хөрөө ашиглаж ойгоос 33 ширхэг Шинэс модыг бэлтгэн тээвэрлэж 549,334x3=1,648,002 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгоно гэж заасны дагуу 1,648,002 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болох хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *н мэдүүлэг, 2024 оны 09 дүгээр сарын 16-ний өдрийн 07 дугаартай Орхоны бүсийн сум дундын ойн ангийн “Экологи, эдийн засгийн үнэлгээ тогтоох тухай шинжээчийн дүгнэлт, 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 01-29-02/279/6 дугаартай Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Улсын байцаагчийн “Хохирлын үнэлгээ тогтоох тухай, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “*” ХХК-ийн “* улсын дугаартай ачааны автомашинд хийсэн” шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний товч тайлан, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт, * ХХК-ийн “гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хөрөөнд үнэлгээ тогтоосон дүгнэлт”, 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Өвөлжөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, 33 ширхэг Шинэс модыг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, цахилгаан хөрөөг эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол болон бусад бичгийн нотлох баримтаар үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.

 

Прокуророос шүүгдэгч *ийг “Хууль бусаар мод бэлтгэх” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хуулийн зүйлчлэл, зүйл хэсэг тохирсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан” гэж уг гэмт хэргийн үйлдлийн шинжүүдийг тодорхойлсон байна. Шүүгдэгч *ийн үйлдэл нь зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэх үйлдлийн шинжийг хангаж байна.

 

Зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэж эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг тээвэрлэсэн гэж ойлгох ба шүүгдэгч нь эрх бүхий байгууллагаас мод бэлтгэх зөвшөөрөл авалгүй бэлтгэж, бэлтгэсэн модоо *гийн эзэмшлийн * улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж явсан нь гэрч *, шүүгдэгч *ийн мэдүүлгээр тогтоогддог.

Шүүгдэгч нь “ээжийнхээ малын саравчийг засч янзлах зорилготой уулнаас мод бэлтгэж дундуур нь хөрөөдөж саравчаа засч янзалсан” гэж мэдүүлж байх бөгөөд шууд санаатай үйлдлээр хэргийг үйлдсэн байна.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч *ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдсон тул гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч * нь: “...Надад торгуулийн ял оногдуулж өгнө үү. Би торгуулиа төлнө гэж хэлмээр байна....” гэж хэргийн үйл баримт болон зүйлчлэлийн талаар маргаагүй ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч *ийг 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн сумын 2 багийн нутаг Шувуутын ам гэх газраас зөвшөөрөлгүйгээр модны цахилгаан хөрөө ашиглаж ойгоос 33 ширхэг Шинэс модыг бэлтгэн тээвэрлэж байгаль экологид 1.648.002 төгрөгийн хохирол учруулсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно… гэж хуульчилжээ.

 

Орхон бүсийн ойн анги Монгол улсын Ойн тухай хуулийн 42 дугаар зүйл заалтыг үндэслэн зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн * нь экологи эдийн засгийн үнэлгээгээр нийт 549,334 төгрөгийн хохирол учруулсан байна...” гэх экологи эдийн засгийн үнэлгээ гаргажээ. /хх-ийн 40 хуудас/

2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 01-29-02/279/6 дугаартай Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Улсын байцаагчийн “Хохирлын үнэлгээ тогтоох тухай актаар Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 494.1-т / Ойн санд учирсан хохирлын ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр/ тогтооно гэж заасны дагуу 549 334х3=1.648.002 төгрөг гэж тогтоосон байна. Шүүгдэгч энэ актыг үгүйсгээгүй, маргаагүй тул энэ актын дагуу хохирлыг тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч * нь байгаль экологид учруулсан хохирол 1,648,002 төгрөгөөс 1,000,000 төгрөг төлсөн болох нь шүүх хуралдаанд гаргаж өгсөн Хаан банкны гүйлгээний баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгчээс 648,002 төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон 33 ширхэг Шинэс төрлийн модыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, улсын орлогод оруулж,

Шүүгдэгч *ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан * улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл нь *гийн эзэмшилд байдаг болох нь тогтоогдож байх тул тээврийн хэрэгслийн үнэ 800,000 төгрөгийг шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгөөс гаргуулж, хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй.

 

 Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т ...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж,

Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ… гэж тус тус заасны дагуу шүүгдэгч * нь хуульд заасан насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

 

Улсын яллагч Н.Бадам эрүүгийн хариуцлагын шатанд гаргасан дүгнэлтдээ: ... Шүүгдэгч * нь 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн сумын 2 багийн нутаг Шувуутын ам гэх газраас зөвшөөрөлгүйгээр модны цахилгаан хөрөө ашиглаж ойгоос 33 ширхэг Шинэс модыг бэлтгэн тээвэрлэж 1,648,002 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгоно гэж заасны дагуу 1,648,002 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгчийн гэм бурууг нотолсон баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч нь гэмт  хэргийн зүйлчлэл дээр маргаагүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Үйлдсэн хэргийнхээ төлөөр тодорхой мэдүүлсэн. Хохирлоос 1,000,000 төгрөг төлсөн байна. Иймд шүүгдэгч *ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд оруулж байна. Шүүгдэгч нь ойн санд 1,648,002 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирлоос 1,000,000 төгрөгийг төлсөн. Өнөөдөр энэ баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үлдэгдэл 648,002 төгрөгийг цалин буухаар төлнө гэж байна. Энэ нь шүүгдэгчийг хохирлыг төлөхөө илэрхийлж байна гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1  дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалт тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгч *ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 100,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялын саналыг оруулж байна.  Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон 33 ширхэг Шинэс төрлийн модыг хурааж улсын орлого болгох саналыг шүүхэд оруулж байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэгт үйлдэхдээ ашигласан гэх * улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож бусдын өмчлөлийнх болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчээс үнийн дүнгээр нь гаргуулж улсын орлого болгох саналыг оруулж байна. Шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд гарсан зүйлгүй болно...”  гэв.

 

Шүүгдэгч * шүүх хуралдаанд: “...Би гэм буруугаа хүлээж байгаа, үлдэж байгаа хохирлыг төлнө, тэнсэж өгөөч гэж хүсэж байна...” гэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж хуульчилсан байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 97 хуудас/

Шүүгдэгч *ийн үйлдсэн гэмт хэргийн шинж, чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас  байгаль орчинд учруулсан хохирлоос тодорхой хувь хэмжээгээр төлсөн, үлдэж байгаа хохирлоо төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлөөлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч *ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *д мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

 

Шүүгдэгч *д урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *ын *ийг ойд зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлөөлүүлэхээр тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *д мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон 33 ширхэг Шинэс төрлийн модыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож улсын орлогод оруулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 5-д зааснаар гэмт хэрэг үйлдэгдэхээ ашигласан * улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийн үнэ 800,000 төгрөгийг шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгөөс гаргуулж, хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын орлогод оруулсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д  зааснаар шүүгдэгчээс байгаль орчинд учруулсан хохиролд 648,002 төгрөгийг гаргуулж Байгаль орчны уур амьсгалын санд оруулсугай.

7. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдсугай.

8.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт прокурор, оролцогч гагцхүү эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Г.ДЭЛГЭРСАЙХАН