| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойдонгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 182/2021/01039/И |
| Дугаар | 182/ШШ2021/01244 |
| Огноо | 2021-07-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 182/ШШ2021/01244
| 2021 06 07 | 182/ШШ2021/01244 |
|
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Орхон аймаг, тоотод оршин суух, эмэгтэй, дугаар регистртэй, Э.Иийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, тоотод оршин суух, эрэгтэй, дугаар регистртэй, Б.Бд холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 8.778.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч И.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ж, хариуцагч Ж.Г, гэрч Б.С, нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Э.И би Б.Бтай 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр “Зээлийн гэрээ” байгуулан 5.500.000 төгрөгийг 6 хоногийн хугацаатай 2019 оны 7 дугаар сарын 24-ны өдөр хүртэл зээлдүүлсэн 07 дугаар сарын 24-нөөс хойш өдөр тутамд 1% алданги тооцохоор Б.Б өөрөө бичгээр мөнгө зээлж баримт үйлдэж 2 талаасаа гарын үсэг зуралцсан. Гэрээний хугацаа дуусанаас хойш зээлдэгч Б.Б нь зээлсэн мөнгөө огт төлөөгүй өнөөг хүрсэн болно. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлэн хоног тутамд 0.1% алданги тооцож 596 хоногийн алданги 3.278.000 төгрөг үндсэн зээлийн 5.500.000 төгрөгийг, нийт 8.778.000 төгрөгийг хариуцагч Б.Бгаас гаргуулан өгнө үү. Би Б.Бгаас нэг ч буцаан аваагүй. Б.Сийн гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагч зэрэг ажлыг хийж байсан. Үүнийхээ ажлын хөлсөнд 2.100.000 төгрөгийг авсан гэв.
Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Б.Б нь Э.Иийн нэхэмжилсэн 5.500.000 төгрөгийн 2.100.000 төгрөгийг 2020 онд төлж барагдуулсан бөгөөд үүн дээр мөн оны хавар хээлтэй үнээ өгсөн. Уг үнээг Э.И нь өөрийн дүү н.Ц гэх хүнтэй портер маркийн ачааны машинаар тээвэрлэн авч явсан. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Э.И нь хариуцагч Б.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 5.500.000 төгрөг, алданги 3.278.000, нийт 8.778.000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Б.Б нь гэрч Б.Сээр дамжуулан 2.100.000 төгрөгийг төлсөн. Тиймээс 3.400.000 төгрөгийг төлнө. Бусад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараас үзвэл нэхэмжлэгч Э.И нь хариуцагч Б.Бд 2019 оны 6 дугаар сарын 14-ны өдөр 600.000 төгрөгийг, 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 1.900.000 төгрөгийг, 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 3.000.000 төгрөгийг хүүгүйгээр, хугацаа хэтэрсэн хоног тутамд 1 хувийн алданги төлөхөөр зээлж, уг мөнгийг хариуцагчид хүлээлгэн өгсөн бөгөөд энэ талаар нэхэмжлэгч, хариуцагч нар маргаагүй болно.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Э.И нь мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг зээлдэгч Б.Бгийн өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч Б.Б нь мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг зээлдүүлэгчид буцаан өгөх үүргийг тус тус хүлээсэн бөгөөд зээлийн гэрээг талууд байгуулсан байна гэж шүүх үзэв.
Хариуцагч Б.Б нь 2020 онд 2.100.000 төгрөг, үхэр зэргийг Б.Сээр дамжуулан Э.Иөд өгсөн гэж тайлбарлан Б.Сийг гэрчээр оролцуулах хүсэлт гарган гэрчээр асуулгасан. Үүнийг нэхэмжлэгч Э.И нь хүлээн зөвшөөрөхгүй. Би Б.Сийн гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагч зэрэг ажлуудыг хийж байсан. Түүнийхээ ажлын хөлсөнд Б.Сээс 2.100.000 авсан тул энэ тусдаа мөнгө гэж маргав.
Гэрч Б.С нь шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ “...2.100.000 төгрөгийг Б.Б нь надаар дамжуулан Э.Иөд өгсөн. Мөн 500.000 төгрөгт бодож үхэр өгсөн...” хэмээн мэдүүлжээ.
Б.Сийн гэрчээр өгсөн мэдүүлэг нь өөр бусад бичгийн баримтаар тогтоогдоогүй тул түүний мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байна. Мөн хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч Э.Иөд 2.100.000 төгрөгийг өгсөн гэх боловч түүнийгээ бичгийн баримтаар нотлоогүй болно.
Алданги 3.278.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 “...Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ...” гэжээ.
Мөн нэхэмжлэгч Э.Иийн алданги тохиролцсон гэх хавтас хэргийн 4 дүгээр талд авагдсан “тэмдэглэл” гэх баримтад алдангийн талаар яаж тохиролцсон эсэх нь тодорхойгүй ойлгомжгүй байна.
Иймээс алдангийн талаар талуудын тохиролцсон байна гэж үзэж гаргуулан шийдвэрлэх боломжгүй юм.
Иймд үндсэн зээл 5.500.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 3.278.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Б.Бгаас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 5.500.000 /таван сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Иөд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.278.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Иийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 155.450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид 102.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Иөд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН