2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 2025/ШЦТ/479

 

 

 

 

 

 

 

   2025        02         12                                     2025/ШЦТ/479

 

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Шинэхүү даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,

Улсын яллагч Ж.Энхбат,

Шүүгдэгч Ц.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Уд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2409 01876 2339 дугаар хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, *** оюутан, *** ажилтай, ам бүл 7, *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн *** дугаартай, Ц.У.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.У нь 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах *** баарны 2 дугаар давхрын шатан дээр байсан хохирогч О.Оийг үсдэж, шатны уруу чирч, баарны гадна гарган эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.У нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр үеэлийн маань төрсөн өдөр болсон. Бид дөрвүүлээ бааранд орсон. Тухайн үед согтууруулах ундааны зүйлийг ихээр хэрэглээгүй байсан. Би М.О гэдэг найзаасаа жаахан зайтай зогсож байсан. Тэгсэн манай найзтай нэг эрэгтэй ирээд дотно гар бариад байсан. Тэгсэн тэр залуутай хамт явж байсан эмэгтэй нь манай найз руу дунд хуруугаа гаргаад бүжиглээд байсан. Тэгээд тэр хоёр муудалдаж байгаад үсдэлцсэн. Тэгээд баарны хамгаалагч ирж салгаад бид хоёрыг баарнаас гаргасан. Тэгээд бид хоёр баарны гадаа зогсож байтал нөгөө эмэгтэй нэг өөр залуу дагуулсан гарч ирсэн. Тэгээд манай эмэгтэй найзыг түлхээд байсан. Би хажуугаар нь ороод тэр эмэгтэйг үсдээд зодсон...” гэв.

Үйл баримтын талаар:

Шүүхийн хуралдаанд талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч О.Оийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 14, 16, 71 дэх тал/,

Гэрч М.Огийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 18 дахь тал/,

Гэрч С.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-24 дэх тал/,

Гэрч Э.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 26 дахь тал/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 8371 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27-28 дахь тал/,

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хх-ийн 31 дэх тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 41-42 дахь тал/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 43-45 дахь тал/,

Яллагдагч Ц.Угийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 69 дэх тал/ зэрэг болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт:

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Ц.Уд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт заасан харьяаллын дагуу шилжүүлсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Харин шүүх хавтаст хэрэгтэй танилцахад 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Ц.Угоос гэрчээр мэдүүлэг /хх-ийн 20 дахь тал/ авсан нь түүнийг хэрэгт хамаарал бүхий нотолгоо бий болсны дараа мэдүүлэг авсан байх бөгөөд тус мэдүүлгийг худал мэдүүлэг өгвөл хуулийн хариуцлага хүлээлгэхийг сануулж тэднээс өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “…Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно…” гэж заасан Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх эрхийг зөрчжээ.

Хууль тогтоогчоос тус эрхийг баталгаатай эдлэх эрх зүйн үндэслэлийг бий болгохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “…Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй…”, мөн хуулийн 31.8 дугаар зүйлийн 1.5 дахь заалтад “…өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх…”, 31.11 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад “…өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх…”, 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “…Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй…”, 3 дахь “…Яллагдагчийг өөрийнх нь эсрэг мэдүүлэг авахаар албадахыг хориглоно…” гэж тус тус хуульчилжээ.

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн…”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина…” гэж тус тус хуульчилсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, тэдгээрт хяналт тавих, хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг баталгаажуулсан байдаг билээ.

Хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг сахин биелүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох”-оор тус тус заажээ.

Иймд шүүгдэгч Ц.Угийн гэрчээр өгсөн мэдүүлгийг шүүхээс нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Ц.У нь согтуурсан үедээ 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 05-06 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах *** баарны 2 дугаар давхрын шатан дээр байсан хохирогч О.Оийг үсдэж, шатны уруу чирч, баарны гадна гарган эрүүл мэндэд нь зулайн хуйханд үсний халцрал, зөөлөн эдийн няцрал, нуруу, баруун, зүүн гуя, зүүн өгзөг, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал баруун, зүүн тохойнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Эрүүгийн хуульд заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл мөн эсэх:

Улсын яллагчаас “…Шүүгдэгч Ц.У нь согтуурсан үедээ 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 05-06 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах *** баарны 2 дугаар давхрын шатан дээр байсан хохирогч О.Оийг үсдэж, шатны уруу чирч, баарны гадна гарган эрүүл мэндэд нь зулайн хуйханд үсний халцрал, зөөлөн эдийн няцрал, нуруу, баруун, зүүн гуя, зүүн өгзөг, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал баруун, зүүн тохойнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол төлбөрийн тухайд хохирогч О.От 300.000 төгрөгийн хохирлыг олгуулах, хохирогчийн сэтгэцэд  учирсан хор уршгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин үржүүлж, 5.280.000 төгрөгөөр тооцож олгуулах саналтай байна. Хохирогч нь Эрүүл мэндийн даатгалын сангаас үйлчилгээ аваагүй байгаа....” гэх дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч Ц.У нь улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй маргаагүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно…”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно…” гэж тус тус заажээ.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол…” гэж гэмт хэргийн шинжийг хуульчилжээ.

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан яллагдагч Ц.Угийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Прокурорын тогтоолтой уншиж танилцсан. Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 69 дэх тал/ авагджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй…” гэжээ. Харин дээрх мэдүүлгүүд дараах нотлох баримтуудаар давхар нотлогдож байна гэж шүүхээс дүгнэлээ. Үүнд:

Хохирогч О.Оийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-ний өдөрт шилжих шөнө 03 цагийн орчимд найз Н, С нарын хамт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах *** бааранд орж үйлчлүүлсэн. Дараа нь би Стай хамт бүжгийн талбай дээр бүжиглэж байхад нэг хүн миний араас үснээс зулгааж газар унагаагаад өшиглөсөн. Тэр хүн нь эмэгтэй, 20 орчим насны эмэгтэй, 2 эмэгтэйтэй хамт тэд нарын нэг нь цагаан юбкатай, цагаан цамцтай, нэг нь хар өмд, цагаан футболктой, нэг нь хар өмд, дээгүүрээ майктай байсан. Тэгээд намайг тэд нараас баарны хамгаалагч ирээд салгасан. Тэгээд тухайн 3 эмэгтэйг баарны хамгаалагч баарнаас аваад гарсан. Тэгээд би хэсэг хугацааны дараа нэг танихгүй залуугаар түшүүлээд баарнаас гарах гээд 2 давхраас 1 давхар луу бууж байх үед миний урдаас хар өмдтэй футболктой эмэгтэй нь ирэхээр нь би арагшаа хараад зугтаах гэж байтал миний үснээс татаад доош шатан дээр унагаагаад улмаар хэвтээгээр нь байхдаа миний үснээс зулгааж татсаар байгаад баарны хаалгаар гадаа гаргасан. Түүний дараа гадаа нөгөө хоёр эмэгтэй нь байсан бөгөөд гурвуулаа нийлээд миний биеийн бүх хэсэг рүү өшиглөж цохиж гэмтэл учруулсан. Түүний дараа тэнд байсан хамгаалагч нар болон ойр орчмын хүмүүс ирээд салгасан. Дараа нь намайг зодсон нөгөө 3 охин зугтаад алга болсон. ...Тэр үед Эрүүл мэндийн даатгалаар ямар нэгэн тусламж үйлчилгээ аваагүй. Тус үйл явдал болсны дараа 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Med Trauma эмнэлэгт 300.000 төгрөгөөр шинжилгээ өгсөн ба эмч нь шинжилгээний хариуг үзээд “биеийн байдал хэвийн байна, гэхдээ зарим хэсгүүд дээр тос түрхэх шаардлагатай байна” гээд сорвины тос, тайвшруулах эм бичиж өгсөн. Би тус эмүүдийг 70.000 төгрөгөөр авсан. Бас бус асуудлаас болж миний үс унаж байсан болохоор 400.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. ...Сэтгэл санааны хохирол болон эмчилгээний зардлаа нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 14, 16, 71 дэх тал/,

Гэрч М.Огийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр манай найз С.Эгийн төрсөн өдөр нь болоод Ц.У, С.Э, С.Эгийн найз залуу гээд бид 4 *** бааранд ороод хэсэг бүжиглэж байхад би өөрийн таньдаг нэг хүнтэй таараад мэнд ус мэдээд зогсож байхад араас нь нэг үл таних охин над руу дунд хуруугаа гаргаад байсан. Тэгэхээр нь эхлээд над руу гаргасан гэж мэдэлгүй арагшаа эргээд харахад хүн байхгүй байсан тул “би юу” гээд лавлаад 2, 3 удаа асуухад толгойгоо дохиод дунд хуруугаа гаргаад бүжиглээд л байсан. Тэгэхээр нь би ойртож очоод “чи яагаад над руу дунд хуруугаа гаргаад байгаа юм бэ” гэж асуусан чинь “яадаг юм” гээд байсан. Тэгэхэд бид хоёрын дунд үл таних нэг залуу зогсож байсан ба дахин над руу дунд хуруугаа гаргахаар нь гарыг нь цохиж хойшлуулахад тэр залуугийн цаанаас нь давж ирээд намайг үсдээд авсан. Тухайн үед тэр охин ганцаараа намайг үсдээд байна гэж бодсон чинь хажууд нь явж байсан эмэгтэйн халимаг үстэй найз нь бас намайг үсдээд байсан. Тэр үед манай найз Ц.У ирээд тэр эмэгтэйн найзыг бас үсэдсэн. Тэр үед баарны хамгаалагч нар ирээд Ц.У бид хоёрыг өргөөд гаргахаар нь миний уур хүрээд “бүгдээрээ зодолдоод байхад зөвхөн бид хоёрыг л гаргадаг нь яаж байгаа юм бэ, адилхан тэр хүмүүсийг бас гаргаач ээ, зодоон цохион хийлгүйгээр хэсэг бүжиглэе” гэхэд баарны хамгаалагч нар нь “үгүй ээ, ороод дахиад зодоон болно” гээд оруулахгүй байсан. Тэгж зогсож байхад миний муудалцдаг охин шатан дээр гутлаа тайлсан “зодно” гээд бид 2 луу орилоод байсан. Хажуудах залуу нь бид 2 байгаа гэдгийг харчхаад бид 2 луу явуулахгүй гээд хашаад зогссон байсан. Тэгэхэд нь Ц.У тэрийг хараагүй байсан ба би түрүүлж хараад тэр эмэгтэй дээр очоод яагаад дайрсан шалтгааныг нь асуусан чинь нэг юм хэлээд байсан. Яг юу хэлснийг нь санахгүй байна. Тэгэхэд Ц.У араас хүрч ирээд миний хажуу талаар ороод нөгөө эмэгтэйтэй үсдэлцээд гадаа гартлаа үсдэлцээд яваад байсан. Гадаа гарахад хамгаалагч нар нь салгаад авсан. Тэгээд гэр лүүгээ харьсан. Тэр охин над руу дунд хуруу гаргаад тэрнээс болж хэрүүл маргаан үүссэн. Тухайн үл таних эмэгтэйтэй үсдэлцсэн. Гэхдээ удаан үсдэлцээгүй. Би бэртэл гэмтэл аваагүй ба эмнэлгийн ямар нэгэн тусламж үйлчилгээ авч байгаагүй. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. С.Э болон тэрний найз залуу тус зодоонд оролцоогүй. Бид 2 дотор муудалцаж байхад С.Э болон найз залуу нь дотор байгаагүй ба хоорондоо муудалцаад гадаа гарсан байсан...” мэдүүлэг /хх-ийн 18 дахь тал/,

Гэрч С.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 06 сарын 14-ний өдөр миний төрсөн өдөр байсан ба төрсөн өдрөө тэмдэглэх гээд *** бааранд ороод найз залуутайгаа маргалдаад байж байхад манай 2 найз ирээд “чиний хажууд явж байгаа 2 охин өөр хүмүүстэй маргалдаад байна” гэсэн. Тэгэхээр нь гадаа гараад очсон чинь манай 2 найз бөөн уур байсан ба шалтгааныг нь асуухад “манай нэг найзын хуучин танил залуу манай найзтай яриад зогсож байхад нь эсрэг талын зодоон хийдэг охин нь манай 2 найз руу дунд хуруугаа гаргасан” гэсэн. Шалтгааныг асуугаад манай 2 найз уурлахад тэр охин болихгүй дунд хуруугаа гаргаад л байсан гэсэн. Тэгээд хоорондоо хэрэлдээд дотор зодоон болсон юм шиг байгаа юм. Би тэр үед байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан гадаа гараад харахад нэг нь үсдүүлсэн, нэг нь маажуулсан байсан. Зодуулсандаа 2 найз маань уурлаад буцаж орох гэхэд хамгаалагч нар нь оруулаагүй байсан. Нөгөө охин баарнаас хэрүүл хийх гээд баарны үүдэнд гараад ирсэн. Тэгэхэд манай найз Ц.У баарны үүд рүү гүйж ороод тэр охинтой нүүр тулгараад дахиад тэр охинтой хэрэлдсэн. Хэрэлдээд бие бие рүүгээ хараалын үг хэлээд зогсож байхад тэр эмэгтэй Ц.Утой үсдэлцээд эхэлсэн ба Ц.У зөрүүлж үсдэлцээд баарны гадаа гаргаж ирээд тэр хоёр аймар зодолдоод дээр, доороо ороод байсан. Тэгэхэд М.О бас зодоон дунд явж байсан. Гэхдээ тэр эмэгтэйтэй зодолдоогүй байх Ц.У тэр эмэгтэйтэй зодолдоод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 дэх тал/,

Гэрч Э.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Эхнэр С.Эгийн төрсөн өдөр байсан ба найзуудын хамтаар төрсөн өдрийг нь тэмдэглэх гээд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах *** баар орсон. Баар орсны дараа эхнэр бид хоёр муудалцаад 00 ороод ярилцаад гараад ирэхэд хамгаалагчид нь Ц.У, М.О нарыг гаргангуутаа өөрсдөө буцаад орсон. Нөгөө эмэгтэй хойноос нь гарч ирээд Ц.У, М.О нартай дахин үсдэлцээд эхэлсэн. С.Э тус зодоон руу оролцоогүй. 2 эрэгтэй хүн салгаад авсан. Тухайн эмэгтэй дотор шатан дээр зогсож байхад Ц.У үсдээд шатнаас чирээд буулгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дахь тал/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 8371 дугаартай: “...О.Оийн биед зулайн хуйханд үсний халцрал, зөөлөн эдийн няцрал, нуруу, баруун, зүүн гуя, зүүн өгзөг, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27-28 дахь тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай: “...Бичлэгийн 01:44:15 гэсэн хяналтын камерын цагаан өнгийн футболктой эмэгтэй хүн ирж бараан өнгийн хувцастай эмэгтэйн үснээс нь зулгааж шатнаас доошоо чирч байгаа хэсгийг харуулав. Бичлэгийн 01:44:22 гэсэн хяналтын камерын хэсэгт цагаан өнгийн футболктой эмэгтэй бараан өнгийн хувцастай эмэгтэйг чирсэн чигээрээ хаалга руу авч явж байгаа хэсгийг нь харуулав...” гэх тэмдэглэл /хх-ийн 41-42 дахь тал/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан: “...Хохирогч О.О нь 1-ээс 6 хүртэл дугаарласан 6 ширхэг гэрэл зургаас №5 дугаартай Ц.Угийн зургийг зааж намайг үсэдсэн, шатнаас чирсэн хүн мөн байна гэв. Зургуудын байрыг солиход хохирогч О.О нь №1 дугаартай Ц.Угийн зургийг зааж байсныг гэрэл зургаар бэхжүүлэв...” гэх тэмдэглэл /хх-ийн 43-45 дахь тал/-ээр шүүгдэгч Ц.Угийн тус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “…эрүүл, аюулгүй орчинд амьдрах…” гэж заасан Монгол Улсын Иргэний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөнд халдсанаас гадна Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “…хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй…” гэж заасан эрхэд тус тус халдсан үйлдэл байх тул нийгэмд аюултай байна.

Шүүгдэгч Ц.У нь О.Оийн эрүүл мэндэд халдах үедээ хийж буй үйлдлийнхээ үр дагаврыг ойлгож үйлдсэн бөгөөд шүүгдэгч нь сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадваргүй гэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд насанд хүрсэн, өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч О.Оийн эрүүл мэндэд учирсан хохирол нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болох нь Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 8371 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27-28 дахь тал/-ээр тогтоогдсон байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хөнгөн хохирол гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч О.Оийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд уг хохирол, шүүгдэгч Ц.Угийн гэм буруутай санаатай үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9 дэх заалтад “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах…” эрхтэй, мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй…” гэж тус тус хуульчилжээ.

Хохирогч О.Оийн сэтгэцэд учирсан хор уршиг нь “Хоёрдугаар зэрэглэл”-д хамаарч байгаа болохыг Мөрдөгч, цагдаагийн дэслэгч Д.Бержан нь тогтоосон байх бөгөөд хохирогч нь уг сэтгэцэд учирсан хохирлыг хүлээн зөвшөөрч байгаа талаар тэмдэглэсэн /хх-ийн 31 дэх тал/ байна.

Хохирогч О.Оийн сэтгэцэд учирсан хоёрдугаар зэргийн хор уршигт тооцсоныг шүүхээс хор уршгийг арилгахдаа Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Дугаар 25 тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 4 дүгээр зүйлд “Нөхөн төлбөр тооцох жишиг аргачлал”-ын хүснэгтэд “Хоёрдугаар  зэрэглэл”-д нөхөн төлбөрийн хэмжээг “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл” хэмжээгээр тогтоож олгоно гэсний дагуу шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэмтлийн тоо, гэмтлээс үүссэн хор уршиг, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, гэм хор учруулагчийн гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг тооцохдоо хохирогч О.От хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож шийдвэрлэв.

Тодруулбал 660.000 × 5 = 3.300.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч О.От олгохоор шийдвэрлэв.

Мөн хохирогч О.О нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 300.000 төгрөгийн хохирлыг баримтаар /хх-ийн 36-37 дахь тал/ нэхэмжилжээ.

Шүүгдэгч Ц.У нь шүүх хуралдааныг завсарлуулсан байх хугацаанд хохирогч О.От 1.500.000 төгрөгийн хохирол, төлбөрийг төлж барагдуулсан бөгөөд цаашид мөн хохирогчид учирсан хохирол, төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Ц.У нь хохирогч О.От 2.100.000 төгрөгийн төлөх төлбөртэй байна.

Харин шүүгдэгч Ц.Угийн хууль бус үйлдлийн улмаас цаашид учирч болох гэм хорын хохирлыг хохирогч О.О нь нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдэхийг тэмдэглэж байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Ц.У нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас “...Шүүгдэгч Ц.Уд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн бөгөөд цаашид нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд шүүгдэгч Ц.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Ц.У нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчаар тогтоогдсон иргэн, хуулийн этгээд байхгүй болно. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргах,  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна...” гэх дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгч Ц.У нь улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналтай холбогдуулж “...Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Төрийн албанд ажилладаг учир эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. Дахиж ийм үйлдэл гаргахгүй...” гэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хувийн байдалтай холбогдуулж дараах баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58 дахь тал/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 53 дахь тал/ зэрэг болно.

Шүүгдэгч Ц.Уд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг хөнгөрүүлэн үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж заасан.

Шүүхээс шүүгдэгч Ц.Уд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, түүний хувийн байдал, Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, ойлгож ухамсарласан үйлдэл нь түүнийг ялаас чөлөөлөх гол үндэслэл юм.

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Ц.Уд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас Ц.Уг чөлөөлсүгэй.

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн  511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Угоос 2.100.000 төгрөгийг гаргуулж хохирогч О.От олгосугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.У нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч О.О нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Уд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ШИНЭХҮҮ