Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/40

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ариунжаргал,

шүүгдэгч С.Батхангай нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Батхангайд холбогдох эрүүгийн 2515000000010 дугаартай, 304/2025/0033/Э индекстэй хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******, Архангай аймгийн Хангай суманд 1982 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн 105 дугаар байрны 20 тоотод оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, 42 настай, эрэгтэй, /рд: *******/.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч С.Батхангай нь 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн улмаас 01 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа буюу 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 18 цаг 15 минутын орчим Булган аймгаас Булган сумын 1 дүгээр багийн нутагт дэвсгэрт 20-28 ДАУ улсын дугаартай Соната-6 загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 11.3 дахь заалтыг тус тус зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ амьсгалд 2.62 хувийн согтолттой согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2515000000010 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч С.Батхангай нь 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн улмаас 01 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа буюу 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 18 цаг 15 минутын орчим Булган аймгаас Булган сумын 1 дүгээр багийн нутагт дэвсгэрт 20-28 ДАУ улсын дугаартай Соната-6 загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 11.3 дахь заалтыг тус тус зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ амьсгалд 2.62 хувийн согтолттой согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

1.Шүүх хуралдаанд шүүгдэгч С.Батхангайгийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларсан:

1. Иргэний нэхэмжлэгч *******гийн өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр би Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг Шинэ хороо гэх газраас гэрлүүгээ өөрийнхөө эзэмшлийн 52-70 БУА улсын дугаартай приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байхад нэг машин урсгал сөрөөд миний урсгалд орж ирээд миний тээрийн хэрэгслийг мөргөсөн. Тэгээд би тухайн үед цагдаа дуудаж энэ асуудлыг шалгуулсан. Миний биед ямар нэг гэмтэл шарх учраагүй. Тухайн үед эмнэлэг орж даралтаа үзүүлээд эм уусан. Шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй. Миний хохирол бүрэн төлөгдсөн. Тийм учраас надад гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,

2. Иргэний нэхэмжлэгч *******гийн гэрчээр өгсөн: “…2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 18 цаг 15 минутын орчимд Булган аймгийн Булган сум 1-р баг, Шинэ хороо гэх газраас өөрийн гэр рүү явж байсан. Улмаар наадмын талбайн хажуу талаар гараад, цааш гүүр гараад гэрлэн дохио дөхөөд явж байх үед өөдөөс тээврийн хэрэгслүүд цуваад ирж байсан бөгөөд хамгийн эхэнд нь цагаан суудлын машин ирж байсан. Би тухайн үед ойролцоогоор 37 орчим км/цагийн хурдтай явж байх үед өөдөөс ирж байсан цагаан өнгийн машин нь өөрийн зорчих хэсгээрээ явж байгаад яг надтай дөхөөд ирээд жолооны хүрдийг зүүн буюу миний явж байсан зорчих хэсэг рүү дараад улмаар машины зүүн урд талаараа ирж мөргөсөн. ...миний хувьд эвдрэл гэмтлийн үнэлгээг хийлгэх шаардлага байхгүй. Уг хэргээс хойш С.Батхангай нь миний машиныг авч яваад засварлуулаад хэвийн болгоод эргүүлж өгсөн. Одоо миний хувьд гомдол, санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-19 дэх тал/,

3. Гэрч *******ын өгсөн: “...Булган аймгийн төвөөс урагш 1 дүгээр баг руу явж байхад доод дөрвөн замын урд талд машинууд овоороод зогсоцгоосон байдалтай байсан. Тэгэхээр нь би машинаа тавьчхаад алхаад очтол саарал өнгийн Приус-30 маркийн машин, цагаан өнгийн Соната-6 маркийн тээврийн хэрэгслүүд хоорондоо мөргөлдсөн байдалтай байсан. Тэгээд би цагдаагийн жижүүр лүү яриад “энд осол гарсан байна дуудлага очсон уу” гэж асуутал “тиймээ дуудлага ирсэн замын цагдаагийн алба хаагч нар очиж байгаа” гэж хэлсэн. Улмаар тухайн ослын газрыг хамгаалалтад авч хоёр талд зогсчихсон байсан тээврийн хэрэгслүүдийг зохицуулж хөдөлгөөнийг үргэлжлүүлж байсан бөгөөд тухайн мөргөлдсөн байсан хоёр машины жолооч болохоор машины хажуу талд гадаа зогсож байсан. Нэг жолооч нь болохоор манай цагдаагийн алба хаагч Батхангай байсан бөгөөд жолоо барьсан талаараа хэлж байсан. Тухайн хүнээс бага зэрэг согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. ...миний бодлоор уг осол Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн зорчих хэсэг дээр осол болсон байх гэж бодож байна. Тухайн хоёр машин нь өөд өөдөөсөө явж байсан машинууд байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,

4. Гэрч *******ийн өгсөн: “...би цагдаа *******ын хамтаар очиход хоёр машин өөд өөдөөсөө мөргөлдчихсөн байсан бөгөөд жолооч нар нь машиныхаа гадна талд зогсож байсан. Тухайн үед Приус-30 машины жолооч нь настай өвөө байсан. Харин цагаан өнгийн Соната-6 маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь бололтой цагдаагийн алба хаагч Батхангай байсан. ..Тухайн хоёр машин нь өөд өөдөөсөө явж байсан бөгөөд миний бодлоор цагаан өнгийн Соната-6 маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрсөн байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,

 

5. Согтуурал шалгасан тухай мөрдөгчийн тэмдэглэлд “Соната-6 маркийн 20- 28 ДАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Сүхбаатарын Батхангай /*******/-ийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор драгер багажаар үлээлгэж үзэхэд 2.63 % согтолттой байсныг мөрдөгчийн тэмдэглэл болгон бичив” гэх тэмдэглэл, гэрэл зураг болон бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг шалгахад,

Шүүгдэгч С.Батхангай нь урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ЗШ/1189 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл хүлээж уг шийтгэлийн хугацаа дуусаагүй байх хугацаандаа дахин Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 11.3 дахь заалтыг тус тус зөрчин согтуугаар, Булган аймгаас Булган сумын 1 дүгээр багийн нутагт дэвсгэрт 20-28 ДАУ улсын дугаартай Соната-6 загварын тээврийн хэрэгслийг жолоодсон үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

С.Батхангай нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаар өөрөө мэдүүлсэн ба  2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн эрх бүхий албан тушаалтан  согтуурал шалгах багажаар шалгахад 2.63% промилли спирт илэрсэн согтуу болох нь тогтоогджээ.

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Монгол Улсын Их Хурал 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нэмж хуульчилсан байна.   

Шүүгдэгч С.Батхангайгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул С.Батхангайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан  үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч С.Батхангай нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бөгөөд уг гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч С.Батхангайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч  С.Батхангайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх ба түүний хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Хавтаст хэргийн 61-73 дахь талд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, жолоочийн лавлагаа мэдээлэл, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Булган аймгийн Цагдаагийн газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/90 дугаартай тушаал, ажилтан, алба хаагчийн дэлгэрэнгүй анкет зэрэг нотлох баримтуудаар, шүүгдэгч С.Батхангай нь Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн 105 дугаар байрны 20 тоотод, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын нөхцөл байдал тогтоогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгуулийн ял оногдуулах, торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ариунжаргал:  2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгуулийн ял оногдуулах саналыг,

Шүүгдэгч С.Батхангай нь тусгайлан гаргах саналгүй гэсэн.  

Шүүх шүүгдэгч С.Батхангайд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан 1 /нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж, 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэв.

         Шүүгдэгч С.Батхангайд оногдуулсан 2,700,000 төгрөгөөр торгол ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Батхангайд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Батхангай нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүгдэгч С.Батхангайд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Батхангайгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж, 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Батхангайд оногдуулсан 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхүүлэхээр тогтоосугай.

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Батхангайд сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Батхангайд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч С.Батхангай нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Батхангайд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, давж заалдах гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              О.ОДОНЧИМЭГ