Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/37

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн  шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Ж.Ариунжаргал нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Мөнх-Эрдэнэд холбогдох эрүүгийн 2415003140016 дугаартай, 304/2025/0034/Э индекстэй хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******, Булган аймгийн Булган суманд 1994 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, *******оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 1, урьд ял шийтгэлгүй, 30 настай, эрэгтэй, РД:*******,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2415003140016 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлтийн талаар:

Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нь 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Тэшиг сумын Харгал 2 дугаар багийн нутаг Сондуул гэх газарт эгийн голоос Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтад ховор амьтнаар бүртгэгдсэн, Монгол Улсын Улаан номд орсон “Тул” загас 1 ширхгийг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасны улмаас байгаль экологид 408,000 төгрөгийн шууд хохирол, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2-т зааснаар амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлөрийн хэмжээг тооцоолж үзэхэд 816,000 төгрөгийн шууд бус хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Дээрх үйл баримт нь  хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, загас болрн уурганд үзлэг хийсэн тэмдэглэл, иргэний нэхэмжлэгч *******, *******, *******, *******, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 18 дугаартай дүгнэлт, байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 04 дугаартай экологи эдийн засгийн үнэлгээнд нөхөн төлбөр тооцох тухай акт, яллагдагчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон шүүгдэгчийн үйлдсэн  хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас байгалийн нөөц баялагт 816,000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь уг төлбөрийг төлж барагдуулсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдвал зохино.  

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурор санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн БНХАУ-д үйлдвэрлэсэн VALDI B2360 SHIMANOO гэх бичиглэлтэй нийт 3.32м урттай загасны уурга 1 ширхэг, CB240 гэх бичиглэлтэй урт нь 14 см, өргөн 13 см урттай дамар 1 ширхэг, 70 см урт засаг 1 ширхгийг тус тус устгахаар шийдвэрлэв.

         Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж шийдэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овoгт Баярмангайгийн Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.      

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг 5500 /таван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,500,000 /таван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.            

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэд шүүхээс оногдуулсан 5,500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.        

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.   

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн БНХАУ-д үйлдвэрлэсэн VALDI B2360 SHIMANOO гэх бичиглэлтэй нийт 3.32м урттай загасны уурга 1 ширхэг, CB240 гэх бичиглэлтэй урт нь 14 см, өргөн 13 см урттай дамар 1 ширхэг, 70 см урт засаг 1 ширхгийг тус тус устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

 

6. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүл, давж заалдах гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   О.ОДОНЧИМЭГ