| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Сувд-эрдэнэ |
| Хэргийн индекс | 163/2024/0085/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/43 |
| Огноо | 2025-02-19 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/43
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,
улсын яллагч П.Шижиртуяа,
амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Д, Б.М, хохирогчдын өмгөөлөгч Р.Нямцэрэн,
шүүгдэгч Б.Б******* түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б*******од холбогдох эрүүгийн 2415001900232 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, О******* овогт Б*******гийн Б*******, Х******* аймгийн А******* суманд 1981 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, Х******* аймгийн ******* сумын 11 дүгээр баг, ******* тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, эрэгтэй, 44 настай, урьд ял шийтгэлгүй, /*******/.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Б******* нь 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “” гэх газарт ******* улсын дугаартай К маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.6 дахь хэсэгт заасан "жолооч... уулзвар, гарцаас бусад замын хэсэг дээр хөдөлгөөний тухайн чигийн зүүн гар талын захаас буцаж эргэхэд зорчих хэсгийн өргөн хүрэлцэхгүй байвал уг үйлдлийг баруун гар талын эгнээ буюу хөвөөнөөс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Ингэхдээ өөдөөс буюу зэрэгцээ эгнээнд араас яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө" гэсэн заалтыг зөрчиж М загварын улсын дугааргүй мотоциклтой мөргөлдөж мотоциклийн жолооч З.Оийн амь нас хохирсон гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2415001900232 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Б.Б******* нь 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “” гэх газарт ******* улсын дугаартай К маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.6 дахь хэсэгт заасан "жолооч... уулзвар, гарцаас бусад замын хэсэг дээр хөдөлгөөний тухайн чигийн зүүн гар талын захаас буцаж эргэхэд зорчих хэсгийн өргөн хүрэлцэхгүй байвал уг үйлдлийг баруун гар талын эгнээ буюу хөвөөнөөс гүйцэтгэхийг зөвшөөрнө ингэхдээ өөдөөс буюу зэрэгцээ эгнээнд араас яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө" гэсэн хориглосон заалтыг зөрчиж М загварын улсын дугааргүй мотоцикльтой мөргөлдөж мотоциклийн жолооч З.Оийн амь нас хохирсон үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б*******ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
2.Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Дын өгсөн: Манай ээжийн хашаанд гэр барьж амьдардаг байсан.Талийгаач өөрийн гэсэн хашаа байшин байхгүй оршуулгыг ээжийн хашаанд хийсэн болохоор ээжийн дансанд хандивын мөнгийг цуглуулж байсан болохоор оршуулгын зардалд гарсан 8,000,000 төгрөгийг ээжийн дансанд хийлгэсэн, шүүгдэгч 43,000,000 төгрөгөөр талийгаачийн эхнэр хүүхдэд хашаа байшин авч өгсөн, сэтгэл санаанд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй гэв.
3.Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мийн өгсөн: Миний нөхөр 2024 оны 07 дугаар сарын 28-ны өглөө Эрдэнэтээс Х******* аймагт очсон.16 цагийн үед Х*******д ирчихлээ машинаа тавьсан байсан айл миний машиныг 1,500,000 төгрөгөөр худалдаж авъя зөрүүнд нь мотоцикл өгье гэнэ гээд надтай ярьсан. Маргааш өглөө 07 цагийн үед би ажилдаа явахдаа залгасан чинь унтаж байна Х*******өөс гарахдаа яръя над руу унааны мөнгө хийчих гэсэн. Тэрнээс хойш холбоо бариагүй байж байгаад орой 21 цагийн үед над руу Цагдаагаас осолд орсон байна гэж ярьсан... Шүүгдэгч манай гэр бүлд 43,000,000 төгрөгөөр хашаа байшин авч өгсөн. Оршуулгын зардалд хадам ээжийн данс руу 8,000,000 төгрөг шилжүүлсэн. 2024 оны 09 дүгээр сард миний дансанд 1,200,000 төгрөг шилжүүлж өгсөн. 2025 оны 01 дүгээр сард миний дансанд 3,600,000 төгрөг өгсөн. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэл санаанд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй гэх мэдүүлэг,
4. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл / хавтаст хэргийн 06-08 дэх тал/,
5. Зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 09-12 дахь тал/,
6. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,
7. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Дын өгсөн: “...Би хэрэг болох үед болохоор Сэлэнгэ аймгийн Ерөө суманд байх уурхайн ажил дээрээ ажиллаж байсан. Тэгээд талийгаачийн биеийн байдал тааруу байна гэхээр нь Булган аймагт ирсэн. Тэгээд юу болсон талаар тодруулж асуухад талийгаач О нь 2024 оны 06 сарын 28-ны өдөр Орхон аймгаас Х******* аймагт очсон. Тухайн үед болохоор өөрийн эзэмшлийн суудлын тээврийн хэрэгслийг засаж янзлаад авчрах санаатай байсан юм байна лээ. Тэгтэл засвар үйлчилгээ аваагүй болохоор нь Х******* аймагт тухайн тээврийн хэрэгслийг 1.5 сая төгрөгөөр зарчихаад Х******* аймгаас мотоцикл 500.000 төгрөгөөр худалдаж аваад 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн өглөө эхнэртэйгээ утсаар ярихдаа 11, 12 цагийн орчимд Х******* аймгаас шууд харихаар гарна гэж ярьсан байсан. Түүнээс хойш холбоо барилгүй байж байгаад тухайн өдрийн орой нь цагдаа нар утсаар хэлж талийгаач Оийг осолд орсон талаар хэлсэн байсан. Улмаар манай дүү Октбярь нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаад 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 01 цаг 10 минутад амьсгал хураасан. Манай дүү О нь осолд орсноос хойш бол огт ухаан ороогүй байж байгаад амьсгал хураасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,
8. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мийн өгсөн: “...Талийгаач нөхөр минь Х******* аймагт өөрийн суудлын тээврийн хэрэгслийг үлдээчихсэн байсан юм. Тухайн тээврийн хэрэгслийг задаргаанд өгчхөөд эргээд ирье гээд Орхон аймгаас 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн өглөө Х******* аймаг руу явсан. Улмаар тухайн өдрийнхөө үдээс хойш 16 цагийн орчимд талийгаач О утсаар залгаад би Х******* аймагт ирчихсэн байна гээд утсаар ярьсан. Тэгээд орой 21 цагийн орчимд дахиад утсаар ярихад машинаа айлын хашаанд тавьчихсан байсан бөгөөд энэ айл нь миний машиныг 1 сая төгрөгөөр авъя гээд байна, тухайн хүнд машинаа зарчихаад маргааш өглөө 11 цаг дөхүүлээд Орхон аймаг руу тендерийн унаанд сууна гээд ярьж байсан. Тэгээд маргааш өглөө нь би 07 цагийн орчимд утсаар ярихад би унтаж амарч байна чи надад зардлын мөнгө шилжүүлээч гэхээр нь би данс руу нь 50.000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш холбоо бариагүй байж байгаад 21 цаг өнгөрч байх үед цагдаагийн байгууллагаас нөхөр Оийг зам тээврийн осолд орж биеийн байдал тааруу Булган аймгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаар хэлэхээр нь би Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт ирж хүлээтэл шөнийн 01 цагийн орчимд эмчилгээ хийлгэж байгаад нас барсан. Миний хувьд гомдолтой байна. Холбогдох хуулийн дагуу шийдүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,
9.Булган аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Дын гаргасан №59 дугаартай “...Амь хохирогч 3. Оийн биед дух ясны баруун хэсэгт духны хөндийн гадна дотор ялтас, баруун ухархайн дээд хана, баруун хэсгийг хамарсан гавлын хөндий рүү үйрч бяцарсан олон тооны ясны хэлтэрхийнүүд бүхий цөмөрсөн хугарал, хугарлаас зулай руу чиглэсэн шугаман хугарал, цөмөрсөн хугарлын баруун хажуу ирмэгийг дагаж шугаман хугарал, баруун зүүн этмойд хөндийн дээд хана, дотор хана, арын хана, баруун нүдний ухархайн доод хана, зүүн нүдний ухархайн гадна хана, баруун талын гайморын хөндийн урд хана, арын хана, баруун тагнай яс, хамар яс, хамрын таславч, этмойд хөндийн таславч, 2 талын суурь ясны их бага далавч, суурийн хөндийн урд хана, 2 талын чамархайн яс, чихний суваг хөхлөг сэртэнг хамарсан нийлмэл хугарлууд, баруун суурийн дунд хонхорт 35 гр орчим цусан хураа. Дух, баруун чамархай хуйхны дотор,вв баруун дагзны хуйхны дотор талд тархмал цус хуралт, дух, баруун чамархай, дагзны баруун талын булчинд цус хуралт, баруун дагзны ясны шар хальсанд цус хуралт, хатуу хальсан дээр, доор цусан хураа, аалзан бүрхүүлийн дээр тархины орой, духны дэлбэн, сууриар зузаан тархмал цус харвалт, тархины хоёр тал бөмбөлгийн духны дэлбэнгийн суурь хэсгийг хамарсан эдийн гүнд цусархаг няцрал, цусан хураа, баруун чамархай, баруун тал бөмбөлгийн духны хэсэгт цусархаг няцрал. Толгойн хуйхны баруун талд хуйхан дор цус хуралт, зөөлөн эдийн няцрал. Духанд язарсан шарх, дээд уруулд язарсан шарх, баруун гарын эрхий хурууны өндөгт зүсэгдсэн шарх, хоёр нүдний дээд доод зовхинд цус хуралт, доод уруулын дунд хэсэг, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн /зам тээврийн осол/ нэг удаагийн үйлчлэлээр цохигдох, дарагдах, шахагдах механизмаар үүснэ. Гавал тархины гэмтэл, дух, дээд, доод уруул, 2 нүд, эрүүний гэмтэл нь зам тээврийн ослын үед нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Баруун гарын эрхий хурууны өндөгний шарх нь хуучин гэмтэл байна. Тогтоогдсон гэмтэл нь нас барах шалтгаан болсон тул гэмтлийн зэрэг тогтоохгүй. Шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогчийн цусанд спиртийн зүйл илрээгүй байна. Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ. АВО системээр А (II) бүлгийн цустай байна. 2024 оны 07 сарын 01-ны өдрийн 01 цаг 10 минутад Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээ мэдээгүйчүүлгүйн тасагт нас барсан байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 33-41 дэх тал/,
10. Амь хохирогчийн өвчтөний түүх /хавтаст хэргийн 46-55 дахь тал/,
11.Булган аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Э.Бгийн гаргасан №73 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь спиртийн агууламж тодорхойлох шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “З.О 36/эр” гэж хаягласан цуснаас спиртийн агууламж илрээгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 58- 59 дэх тал/,
12.“Цагаан шонхорын жигүүр” НҮТББ-ын шинжээч нарын гаргасан №48/14 дугаартай шинжээчийн: “.. Манай байгууллага болон шинжээчийн зүгээс энэ чиглэлийн мэдээллийг шалгах боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн материалтай танилцахад маркийн улсын дугааргүй мотоциклийн жолооч 3. О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 "Жолооч дараах үүргийг хүлээнэ: в/ мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх...", мөн дүрмийн 3.7 "Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, в/ зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй... тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох" гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Kia Bongo маркийн 06-48 улсын дугаартай автомашины жолооч Б.Б******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.6 "Жолооч... уулзвар, гарцаас бусад замын хэсэг дээр хөдөлгөөний тухайн чигийн зүүн гар талын захаас буцаж эргэхэд зорчих хэсгийн өргөн хүрэлцэхгүй байвал уг үйлдлийг баруун гар талын эгнээ буюу хөвөөнөөс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Ингэхдээ өөдөөс буюу зэрэгцээ эгнээнд араас яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө" гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Шинжээчийн тусгай мэдлэгийн хариулах боломжгүй байна.Хэргийн материалтай танилцахад тээврийн хэрэгслүүдийн хурдыг тогтоох боломжгүй байна. Дээрх зам тээврийн осол гарахад байгаль, цаг агаарын болон замын нөхцөл байдал, бусад хүчин зүйл нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. Энэхүү дүгнэлтийн 3 дугаар хариултаар хариулсан. Энэхүү дүгнэлтийн 3 дугаар хариултаар хариулсан. Энэхүү дүгнэлтийн 4 дүгээр хариултаар хариулсан 10. Уг зам тээврийн осол, хэрэг нь Kia Bongo маркийн 06-48 улсын дугаартай автомашины жолооч Б.Б******* Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.6 дахь заалтыг зөрчсөний улмаас гарсан гэж үзэж байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 95-98 дахь тал/,
13.Шинжээч Д.Отгонцагааны гаргасан: “... Мустанг 5 загварын тээврийн хэрэгсэл 666.000 төгрөг...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 104-112 дахь тал/,
14.Шинжлэх ухаан технологийн Их сургуулийн Механик, Тээврийн сургуулийн “Тээвэр салбар”-ын шинжээчдийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт /хавтаст хэргийн 203-206 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдлоо.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу хэргийг бодит байдлыг сэргээн тогтооход,
Шүүгдэгч Б.Б******* нь 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “” гэх газарт ******* улсын дугаартай К маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.6 дахь хэсэгт заасан "жолооч... уулзвар, гарцаас бусад замын хэсэг дээр хөдөлгөөний тухайн чигийн зүүн гар талын захаас буцаж эргэхэд зорчих хэсгийн өргөн хүрэлцэхгүй байвал уг үйлдлийг баруун гар талын эгнээ буюу хөвөөнөөс гүйцэтгэхийг зөвшөөрнө ингэхдээ өөдөөс буюу зэрэгцээ эгнээнд араас яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө" гэсэн хориглосон заалтыг зөрчиж М загварын улсын дугааргүй мотоцикльтой мөргөлдөж мотоциклийн жолооч З.Оийн амь нас хохирсон үйл баримт тогтоогдсон байна.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч З.Оийн биед учирсан үхэлд хүргэсэн гэмтлүүд нь шүүгдэгч Б.Б*******ын Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Тодруулбал тээврийн хэрэгслийг шүүгдэгч Б.Б******* жолоодож явсан болох нь тогтоогдсон тэрээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Б.Б******* нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрхи хор уршигт хүргэснээр гэм буруугийн хувьд болгоомжгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүний амь хохирч хүнд хохирол учирсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Б.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Б******* нь оршуулгын зардалд амь хохирогч З.Оийн төрсөн ээж Оюунчимэгийн дансанд 8.000.000 төгрөг, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мт 4.800.000 төгрөг, мөн 43.000.000 төгрөгөөр хашаа байшин худалдаж авч өгч нийт 55.800.000 төгрөгийг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт өгсөн болох шүүхийн хэлэлцүүлэгт явцад тогтоогдсон болно.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М нь шүүгдэгч Б.Б******* Орхон аймаг Баян-Өндөр сум 13 дугаар баг Баянцагаан шинэ хороо 9 дүгээр гудамж 01 тоот, 86 дугаартай үл хөдлөх хөрөнгийг миний нэр дээр шилжүүлэн өгсөн мөн хүүхдүүдийг минь 18 нас хүртэл сар бүр 400.000 төгрөг өгч байхаар тохиролцсон тул цаашид гомдол санал нэхэмжлэх, зүйлгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэж,
Мөн амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Д нь шүүгдэгч Б.Б******* талийгаачийн ар гэрт оршуулгын зардлыг төлж барагдуулсан, хашаа байшин авч өгсөн, хүүхдүүдийг нь 18 нас хүртэл нь сар бүр 400.000 төгрөг өгч байхаар тохиролцсон тул цаашид гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэж тус тус шүүх хуралдаанд өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлсэн тул шүүгдэгч Б.Б*******ыг бусдад төлөх төлбөргүйд тооцож, сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн тул шүүх хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдъя.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Б*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх ба түүний хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Хавтаст хэргийн 131-135 дахь талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудаар, шүүгдэгч Б.Б******* нь Х******* аймгийн ******* сумын 11 дүгээр баг, ******* тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын нөхцөл байдал тогтоогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгийн явцад улсын яллагчаас:
Шүүгдэгч Б.Б*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жил тэнсэж үүрэг хүлээлгэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан оршин суух газар ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэх саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү шүүхэд гаргасан саналдаа: Миний хувьд ямар нэгэн хэлэх тайлбар байхгүй прокурортой санал нэг байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал үүсээгүй байна. Мөн 6.4 дүгээр зүйлд зааснаар сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Зам тээврийн осол нь болгоомжгүйгээр үйлдэгддэг. Мөн хэрэгт цугларсан нотлох баримтын хувьд анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал байна. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж прокурорын гаргасан саналын хүрээнд шийдвэрлэнэ үү гэдгийг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн хүнийг цээрлүүлэх, эрхийг сэргээх, нийгэмшүүлэх, хохирол төлбөр төлүүлэх гэсэн үндсэн зарчмууд байдаг. Цаашид гарах сар болгон 400,000 төгрөгийг төлөх асуудал байгаа учраас прокурорын гаргасан эрүүгийн хариуцлага тохирно гэх саналыг,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн шүүхэд гаргасан саналдаа: Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шүүгдэгчийн эрүүгийн хариуцлагын хувьд ялын санал хэлэхгүй гэж байгаа. Бага насны хагас өнчин үлдсэн хүүхдүүдэд сар болгон 400,000 төгрөг төлж байна гэсэн баталгааг улсын яллагчийн зүгээс ял шийтгэлийг хөнгөрүүлж оруулах үндэслэл болж байна гэж үзэж байна. Прокурорын саналыг дэмжиж байна гэх саналыг,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Д: Тусгайлан гаргах санал байхгүй гэх,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М: Тусгайлан гаргах санал байхгүй гэх саналыг,
Шүүгдэгч Б.Б******* тусгайлан гаргах саналгүй гэх саналыг тус тус шүүхэд гаргасан байна.
Шүүх шүүгдэгч Б.Б*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэв.
Шүүгдэгч Б.Б*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилсан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлын арга хэмжээ тус тус хэрэглэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэлээ.
Хэрэгт Б.Б*******ын жолоодох эрхийн үнэмлэх ирээгүй болохыг дурдаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б*******од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б******* нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч О******* овогт Б*******гийн Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг /1/ хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь хэсэгт тус тус зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасныг журамлан ял оногдуулахыг шүүгдэгч Б.Б*******од сануулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б*******од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Б******* нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт хавсаргасан 1 ширхэг СД-д хэргийн хадгалах хугацааг хүртэл хадгалах болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СУВД-ЭРДЭНЭ