Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 182/ШШ2018/02429

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу /15160/, Жуулчны гудамж 12/2 тоотод хаягт оршин байрлах, Пик девелопмент ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар 5571065/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, 14201, Их Жанжин Сүхбаатарын нэрэмжит талбай, оршин байрлах, Монгол Улсын Засгийн газар,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн үндэстний гудамж 5/1, Засгийн газрын II байранд оршин байрлах, Монгол Улсын Засгийн газрын тохируулагч Агентлаг Үндэсний хөгжлийн газар-т тус тус холбогдох,

 

17,848,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Насанжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Цэцгээ, хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхболд, хариуцагч Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Содбаяр, нарийн бичгийн даргаар М.Оюу-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Пик девелопмент ХХК-ийн төлөөлөгч Б.Насанжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч Д.Цэцгээ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2016 оны Концессын гэрээ байгуулах эрх олгох тухай 296 дугаар тогтоолын дагуу Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөх эрх бүхий этгээд Хөрөнгө оруулалтын газар болон Пик девелопмент ХХК-ийн хооронд Дархан-Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалантын хийд чиглэлийн 63 км авто зам төсөл-ийн зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх (DВТ) концессын гэрээ 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан.

Уг Концессын гэрээгээр тохиролцсон төслийг хэрэгжүүлэх хугацаанд 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Концессоор хэрэгжүүлэх авто замын төслүүдийн талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын 84 дүгээр тогтоол гарч, энэхүү тогтоолын 3 дахь заалтаар дээр дурдсан Засгийн газрын 2016 оны 296 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн Дархан-Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалантын хийд чиглэлийн 63 км авто зам төсөл гэснийг Дархан-Эрдэнэтийн авто замаас Сант сум, Орхон сум чиглэлийн 22.2 км хатуу хучилттай авто зам төсөл гэж, мөн тогтоолын 2 дугаар зүйлийн 75,600,000,000 (далан таван тэрбум зургаан зуун сая) гэснийг 26,640,000,000 (хорин зургаан тэрбум зургаан зуун дөчин сая) гэж өөрчилсөн.

Ийнхүү Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 84 дүгээр тогтоолоор 2016 онд байгуулагдсан дээрх концессын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, гэрээ байгуулах эрхийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний хөгжлийн газарт олгохоор тогтоосон тул тус газар нь Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Дархан-Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалантын хийд чиглэлийн 63 км хатуу хучилттай авто зам төсөл-ийн концессын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг Пик девелопмент ХХК-тай 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан.

Концесс эзэмшигч Пик девелопмент ХХК нь 2016 оны концессын гэрээ, 2017 оны концессын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнд заасан нөхцөлөөр Дархан-Эрдэнэтийн авто замаас Сант, Орхон сум чиглэлийн нийт 22.2 км хатуу хучилттай автозам, замын байгууламжийг барьж байгуулан Улсын комисст хүлээлгэж өгч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. Тодруулбал, 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн концессын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээний 1.1-д концесс эзэмшигч нь авто замыг хэсэгчлэн хүлээлгэн өгөх бөгөөд Улсын комисст хүлээлгэн өгснөөр баталгаажна гэж заасан. Манай компани уг зам, замын байгууламжийг барьж байгуулан Улсын комисст хүлээлгэн өгсөн болох нь ашиглалтад оруулах Улсын комиссын дүгнэлтээр доорхи байдлаар баталгаажсан. Үүнд:

а/ Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрт баригдсан IV ангиллын 5 км хүчин чадал бүхий авто зам, замын байгууламжийг Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 125 дугаар тушаалаар байгуулагдсан Улсын комисс хүлээ авч, ашиглалтад оруулах 07/09/17 дугаар дүгнэлтийг 2017 оны 06 сарын 27-ны өдөр;

б/ Мөн аймгийн Сант сумын нутаг дэвсгэрт баригдсан IV ангиллын 17.2 км хүчин чадал бүхий авто зам, замын байгууламжийг Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 247 дугаар тушаалаар байгуулагдсан Улсын комиссоос хүлээн авч, ашиглалтад оруулах 07/12/17 дугаар дүгнэлтийг 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр тус тус албан ёсоор гаргаснаар ажлын үр дүн баталгаажсан юм.

Гэтэл концессын гэрээнүүдийн нэг тал болох Монгол Улсын Засгийн газрын эрх олгосон Үндэсний хөгжлийн газар нь төлбөрийн эх үүсвэрийг төсөвт тусгах, төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс концесс эзэмшигч нэхэмжлэгч компанийн хувьд 453,021,718 төгрөгийн татварын, 135,157,988 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн, 16,648,611,135 төгрөгийн зээл, зээлийн хүүгийн төлбөрөө төлж чадахгүй өдрөөс өдөрт өрийн төлбөрийн хэмжээ нэмэгдсээр цаашид аж ахуйн үйл ажиллагаагаа эрхлэх ямар ч боломжгүй боллоо.

Аж ахуй эрхлэгчээ дэмжих нь төрийн үндсэн үүрэг бөгөөд концессын гэрээгээр адилхан зам, замын байгууламжийн ажил гүйцэтгэсэн гадаадын хөрөнгө оруулалттай гэх компаниудад Элчин сайдын яамнаас нь хүсэлт гаргасан гэх мэт шалтгаанаар үзэмжээрээ төсөвт суулгаж, төлбөрийг нь өгч байгаа атлаа үндэсний аж ахуйн нэгжийн төлбөрийг өгөхгүй ялгаварлан хохироож байгаа нь хууль ёс, шударга ёсны зарчимд нийцэхгүй.

Бид өөрсдөөс хамаарах бүх арга хэмжээг авч, бодит нөхцөл байдлаа эрх бүхий байгууллага, албан тушаалтанд танилцуулж удаа дараа гуйсан боловч төлбөрийн талаар ямар ч арга хэмжээ авахгүй туслалцаа үзүүлэхгүй байгаа тул зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар арга буюу доорхи гэрээний 7.3-т заасны дагуу төлбөрөө гаргуулахаар шүүхэд хандаж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны Концессын гэрээ байгуулах эрх олгох тухай 296 дугаар тогтоолын дагуу 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Монгол Улсын Засгийн газар болон Пик девелопмент ХХК-ийн хооронд байгуулсан концессын гэрээний нэгдүгээр бүлэг. Концессын гэрээний ерөнхий нөхцөл ... Хөрөнгө оруулалтын эргэн төлөлт хэсгийн 1.16-д концесс эзэмшигч нь концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр санхүүжүүлэн барьж дуусган холбогдох хууль тогтоомжийн дагуу хүлээлгэн өгч, төсөлд оруулсан хөрөнгө оруулалтаа 3 жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газраас нөхөж авна гэж заасан.

Харин Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 84 дүгээр тогтоолоор дээрх гэрээний 1.16-д заасан төлбөрийн дүнгийн хэмжээг өөрчилж, гэрээнд өөрчлөлт оруулахаар заасны дагуу концессын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн гэрээний 1.2-т төлбөрийн хэмжээг өөрчлөн тогтоож уг гэрээг байгуулсан.

Концессын гэрээ нь ажил гүйцэтгэх гэрээний онцгой төрөл бөгөөд нэхэмжлэгч компанийн хувьд Засгийн газрын тогтоолоор тогтоосон 22,2 км авто зам, замын байгууламжийг барьж гүйцэтгэн ажлын үр дүнг бодит байдлаар хүлээлгэн өгсөн, энэ нь албан ёсоор улсын комиссын дүгнэлтүүдээр баталгаажсанаас гадна уг зам нь зориулалтын дагуу ашиглагдаж байгаа юм.

Мөн улсын комисст хүлээлгэн өгсөн уг авто зам, замын байгууламжийн зориулалттай барилга байгууламжийн ажлын гүйцэтгэлийн нийт 372 хуудас баримтыг эрх бүхий этгээд болох Үндэсний Хөгжлийн газарт 2017 оны 10 сарын 06-ний өдөр хүргүүлсэн боловч Аудитаар баталгаажуулах ёстой гэсэн шалтгаан зааж төлбөрийг өгөхгүй одоог хүртэл хохироож байна.

Нэхэмжлэгч Пик девелопмент ХХК нь концесс эзэмшигчийн хувьд гэрээний үүрэг, түүний биелэлттэй холбоотой ямар нэгэн зөрчил доголдол гаргаагүй, гэрээний тал болох Засгийн газар, түүний эрх болгосон байгууллагад ямар нэгэн хохирол учруулаагүй атлаа улс орныхоо бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулж бодит ажил хийснийхээ төлөө ажилчид нь цалин хөлсгүй, компани нь татвар, нийгмийн даатгалын шимтгэл, зээлийн хүүгийн өрөнд баригдан санхүүгийн болон сэтгэл санааны дарамтад байх ёстойг ойлгохгүй байна.

Иймээс 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Монгол Улсын Засгийн газар болон Пик девелопмент ХХК-ийн хооронд байгуулсан концессын гэрээний 1.16 дах заалт, Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн концессын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээний 1.2 дах заалтын дагуу төлөх 2017 оны 9,057,600,000 төгрөг, 2018 оны 8,791,200,000 төгрөг буюу нийт 17,848,800,000 төгрөгийн төлбөрийг хариуцагч нараас гаргуулан өгч, нэхэмжлэгчийн эрхийг хамгаалж өгнө үү.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хөндлөнгийн аудит хийж, дүгнэлт гаргаагүй 2017, 2018 оны улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх ... төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн эргэн төлөлтийн жагсаалтад тусгагдаагүй гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

Учир нь Улсын Их Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай 29 дүгээр тогтоол батлагдан гарснаас хойш 1 жил 7 сар гаруйн хугацаа өнгөрсөн.

Дээрх тогтоолын 7 дугаар заалтад концессын төслийн санхүүжилтийг улсын төсөвт огт тусгаж болохгүй гэсэн хориглосон агуулга байхгүй. Энэ заалт нь зөвхөн санхүүжилтийг олгоход баримтлах зарчим. Иймээс нэхэмжлэгч компанийн гүйцэтгэсэн нийт 22,2 км авто зам, замын барилга байгууламжийн ажлын санхүүжилтийг гэрээний дагуу хэсэгчлэн олгох үүргээ биелүүлэхгүй байх, нэхэмжлэгч компанийг зээлийн болон татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өрөнд оруулах, бизнесийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүй болгож хохироох үндэслэл болохгүй.

Тодруулбал, 2019 онд улсын төсвөөс нөхөн төлөх 8,7 тэрбум төгрөгийн үлдэгдэл төлбөр байгаа, аудитын дүгнэлтээр ажлын гүйцэтгэлтэй холбоотой зөрчил гарлаа гэхэд суутгах, хасах гэх мэтээр зохицуулалт хийх эрх нь хариуцагчид байна.

Мөн нэхэмжлэгчтэй адил нөхцөлөөр, адилхан цаг хугацаанд авто зам, замын байгууламжийн ажил гүйцэтгэсэн Хятадын гэх 2 ч компанийн төлбөрийг болохоор аудитын дүгнэлтгүй улсын төсөвт тусгаж олгохоор шийдвэрлэсэн атлаа үндэсний компанидаа болохоор аудитын дүгнэлт гараагүй-гүйгээс төлбөрийг нь шийдвэрлэх боломжгүй гэж хариуцагчийн зүгээс тайлбарлаж байгаа нь шударга биш ялгамжтай хандаж байгааг нотолж байна. Нэхэмжлэгчийн зүгээс Аудитын дүгнэлтээ гаргуулаад санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж өгөх тухай хүсэлтээ ч удаа дараа гаргаж байсан.

Харин ч аудит-ийг хариуцагчийн зүгээс хийлгэж байгаа ба хариуцагчтай нэг тал зөвхөн түүнээс томилогдсон этгээдээс гаргах дүгнэлт нь нэг талын хүсэл зоригийг хамгаалах нөхцөл байдал үүсгэж болзошгүй бөгөөд хууль зүйн хувьд нэхэмжлэгчийн зүгээс шууд хүлээн зөвшөөрөх ч боломжгүй ба үнэн зөв эргэлзээгүй нотлох баримт болж чадах эсэхийг шүүх анхаарах ёстой.

Мөн хариуцагчийн төлөөлөгч ... хянан баталгаажуулсан гүйцэтгэлийн материал ирүүлээгүй гэсэн худлаа тайлбар гаргасан байна.

Эрх бүхий этгээдээс Ажил хүлээж авсан акт гаргаснаас хойш буюу 2017 оны 10 сарын 6-ны өдөр 248/2017 албан тоотоор ажлын гүйцэтгэл болон холбогдох 372 хуудас материалыг Үндэсний хөгжлийн газарт хүргүүлсэн.

Засгийн газрыг төлөөлж концессын гэрээг байгуулж гарын үсэг зурсан албан тушаалтан нь мөнгө байхгүй гэсэн гэх шалтгаанаар гарын үсэг зурахгүй байгаа. Уг асуудлыг шийдвэрлүүлэхээр уг албан тушаалтанд болон эрх бүхий байгууллага албан тушаалтнуудад 20-иод удаа хандсан.

Үнэхээр улсын төсвөөс төлбөрийг мөнгөөр төлөхөд хүндрэлтэй тохиолдолд Засгийн газрын өрийн бичиг... гэх мэт санхүүгийн бусад хэрэгслээр зохицуулалт хийх боломж ч байгаа гэж үзэж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үндэслэлгүй шалтгаан заасан тайлбар нь нэхэмжлэгч компани болон төрд ч илүү хохирол учруулах үр дагавар үүсгэхээр байна. Цаг хугацаандаа концессын төлбөрөө авч зээл, татвар, нийгмийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь төлсөн бол компани төлбөрийн эрсдэлд орохгүй байх нь тодорхой гэв.

 

Хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхболд шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын Их Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 29 дүгээр тогтоолын 7 дугаар зүйлд улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй концессын барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээнд хөндлөнгийн аудит хийж, аудитын дүгнэлт гарах хүртэлх хугацаанд санхүүжилтийг түр хойшлуулах гэж заасан.

Иймд 2017, 2018 оны улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх барих- шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн эргэн төлөлтийн жагсаалтад тусгагдаагүй мөн захиалагч тал буюу Үндэсний хөгжлийн газраас Сангийн сайдын 2016 оны 415 дугаар тушаалаар батлагдсан Төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, санхүүжилт, хяналт, тайлагналтын журмын дагуу хянан баталгаажуулсан гүйцэтгэлийн материал ирүүлээгүй тул санхүүжүүлэх боломжгүй байсан.

Улсын Их Хурлын дээрх тогтоолын дагуу Үндэсний Аудитын газраас уг концессын гэрээнд аудитын дүгнэлт гаргах ёстой байтал одоо хүртэл холбогдох дүгнэлтийг эцэслэн гаргаж ирүүлээгүй байна.

Мөн Үндэсний аудитын газрын дээрх албан бичигт аудитын дүгнэлт гаргаагүй нь нэхэмжлэгчид олгох санхүүжилтийг 2017 онд олгоогүй, мөн 2018 оны төсөвт тусгуулахгүй гэх Үндэсний хөгжлийн газрын тайлбар үндэслэлгүй гэх тайлбарыг хүргүүлсэн байна.

Хэрэв Засгийн газраас нэхэмжлэгчид холбогдох санхүүжилтийг төсөвт тусгаж санхүүжүүлсэн бол Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолыг зөрчсөн шийдвэр болох байсан. гэв.

 

Хариуцагч Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар-ын төлөөлөгч Б.Баярсайхан шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Содбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын Их Хурлын 2009 оны Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай 64, Концессын тухай хууль, Засгийн газрын 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт батлах тухай 317, Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Концессын гэрээ байгуулах эрх олгох, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 296 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газар болон Пик девелопмент ХХК-ийн хооронд 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалантын хийд чиглэлийн 63 км авто зам төсөл-ийн зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх (ЭВТ) концессын гэрээг байгуулсан.

Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Концессоор хэрэгжүүлэх авто замын төслүүдийн талаар авах арга хэмжээний тухай 84 дүгээр тогтоол, Засгийн газрын хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 28-ны 63 дугаар тэмдэглэлийг тус тус үндэслэн дээрх концессын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулсан. Тус гэрээний дагуу концессоор хэрэгжүүлэх төслийн нэрийг Дархан-Эрдэнэтийн авто замаас Сант сум, Орхон сум чиглэлийн 22.2 км хатуу хучилттай авто зам гэж, мөн гэрээний үнийн дүн буюу төслийн нийт хөрөнгө оруулалтыг 26,640,000,000 (хорин зургаан тэрбум зургаан зуун дөчин сая) гэж өөрчилсөн бөгөөд төсөлд оруулсан хөрөнгө оруулалтаа дараах хуваарийн дагуу нөхөж авахаар өөрчилсөн. Үүнд:

2017 онд 9,057,600,000 төгрөг, 2018 онд 8,791,200,000 төгрөг, 2019 онд 8,791,200,000 төгрөг.

Концесс эзэмшигч Пик девелопмент ХХК гэрээний дагуу нэгдүгээр хэсгийн 5 км авто замыг 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр, хоёрдугаар хэсгийн 17.2 км авто замыг 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр улсын комисст хүлээлгэн өгснөөр гэрээний хэрэгжилт биелсэн гэж үзэн манай газраас 2017 онд төлөх 9,057,600,000 төгрөг, 2018 онд эргэн төлөх 8,791,200,000 төгрөгийн санхүүжилтийг 2017 оны төсвийн тодотгол болон 2018 оны төсөвт суулгуулахаар төслийн гүйцэтгэлийн мэдээллийн хамт 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 01/740 тоот албан бичгээр Сангийн яаманд хүргүүлсэн боловч аудитаар баталгаажуулаагүй гэсэн шалтгаанаар тусгаагүй.

Үүний дагуу манай газраас Үндэсний аудитын газарт 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 01/416 тоот албан бичгээр Улсын Их Хурлын 2017 оны Монгол улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 29 дүгээр тогтоолын 7 дугаар зүйлд улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй концессын барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээнд хөндлөнгийн аудит хийж, аудитын дүгнэлт гарах хүртэлх хугацаанд санхүүжилтийг түр хойшлуулах гэж заасантай холбогдуулан Пик девелопмент ХХК-тай байгуулсан концессын гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу тус төслийн санхүүжилт 2017, 2017 оны улсын төсөвт суугдах байсан боловч аудит хийгдэж, дүгнэлт гараагүй шалтгааны улмаас улсын төсөвт суугдаагүй учир тус төслийн гүйцэтгэлд аудит хийж, дүгнэлт гаргах ажлыг эрчимжүүлж өгөх-ийг хүссэн.

Улмаар Үндэсний аудитын газрын 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 01/1058 тоот албан бичгээр дээрх тогтоолын заалтаас харахад концессын төслүүдэд аудит хийж, дүгнэлт гаргах нь концессын төслүүдэд санхүүжилт олгоход баримтлах зарчим гэж ойлгогдож байгаа бөгөөд харин концессын төслийн санхүүжилтийг улсын төсөвт суулгах, холбогдох эх үүсвэрийг төсвийн төлөвлөгөөнд тусгахад хамаарахааргүй байна гэж хариу өгсөн болно.

Одоогийн байдлаар манай газрын зүгээс 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 01/1003 тоот албан бичгээр төслийн нийт хөрөнгө оруулалт болох 26,640,000,000 төгрөгийг 2019 оны улсын төсөвт суулгуулах саналаа Сангийн яаманд хүргүүлээд байна.

Иймд манай газрын зүгээс концессын гэрээний дагуу Пик девелопмент ХХК-д төлөх санхүүжилтийг улсын төсөвт суулгуулах саналаа Сангийн яаманд удаа дараа хүргүүлсэн боловч төсөвт суулгаагүй байх тул энэ нэхэмжлэлийн хүрээнд Сангийн яамны холбогдох албан тушаалтнаас тайлбар авах, нотлох баримт гаргуулах ажиллагааг явуулж өгнө үү. гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Пик девелопмент ХХК нь хариуцагч Монгол Улсын Засгийн газар болон Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газарт холбогдуулан Концессын гэрээний үүрэгт 17,848,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Пик девелопмент ХХК нь Дархан-Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалантын хийд чиглэлийн 63 км авто зам төсөл-ийн Зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх (DBT) концессын гэрээг Улсын Их Хурлын 2009 оны Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай 64, Концессын тухай хууль, Засгийн газрын 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт батлах тухай 317, Засгийн газрын 05 дугаар сарын 31-ний өдрийн Концессын гэрээ байгуулах эрх олгох, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 296 дугаар тогтоолын дагуу Монгол Улсын Засгийн газар, түүний хэрэгжүүлэг агентлаг Хөрөнгө оруулалтын газартай байгуулсан байх бөгөөд гэрээнд зааснаар Дархан-Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалантын хийд чиглэлийн 63 км авто зам-ыг концессын Зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх төрлөөр Дархан-Эрдэнийн авто замаас Орхон сум чиглэлийн хатуу хучилттай авто зам, Дархан-Эрдэнэтийн авто замаас Сант сум чиглэлийн хатуу хучилттай авто зам, Дархан-Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалантын хийд чиглэлийн хатуу хучилттай авто зам, батлагдсан зураг төсөл, замын байгууламжийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө ашиглалтад оруулах, гэрээний үнэ буюу төслийн нийт хөрөнгө оруулалт нь 75,600,000,000 төгрөгийг 3 жилийн хугацаанд буюу 2017 онд 35,000,000,000 төгрөг, 2018 онд 20,300,000,000 төгрөг, 2019 онд 20,300,000,000 төгрөгийг Монгол Улсын Засгийн газраас нөхөж авахаар тус тус тохиролцсон болох нь хэрэгт авагдсан 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Дархан-Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалантын хийд чиглэлийн 63 км авто зам төсөл-ийн зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх (DTB) концессын гэрээ зэрэг баримтууд болон зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Дээрх талуудын хооронд байгуулсан гэрээнд 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар, нөгөө талаас Пик девелопмент ХХК, Дархан-Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалантын хийд чиглэлийн 63 км хатуу хучилттай авто зам төсөл-ийн концессын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, уг гэрээгээр өмнө байгуулсан гэрээний зүйлд өөрчлөлт оруулж, Дархан-Эрдэнэтийн авто замаас Сант сум, Орхон сум чиглэлийн 22,2 км хатуу хучилттай авто зам гэж, 75,600,000,000 төгрөг гэснийг 26,640,000,000 төгрөг гэж, гэрээний 1.12 дахь хэсгийн 1.3.1-1.3.3-т гэснийг 1.3.1, 1.3.2-т гэж, 1.13 дахь хэсгийг Концесс эзэмшигч нь авто замыг хэсэгчлэн хүлээлгэн өгөх бөгөөд Улсын комисст хүлээлгэн өгснөөр баталгаажна гэж, 1.14 дэх хэсгийг Концессын зүйлийг концесс эзэмшигч нь ашиглалтад хүлээлгэн өгсөн өдрөөс хойш түүний баталгаат хугацаа 3 жил байна гэснийг Концессын зүйлийг концессын эзэмшигч нь ашиглалтад хүлээлгэн өгсөн өдрөөс хойш түүнийг зүгшрүүлэх хугацаа 1 жил, баталгаат хугацаа 3 жил байна гэж өөрчлөн найруулж, гэрээний 1.16 дахь хэсгийг хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийг 2017 онд 9,057,600,000 төгрөг, 2018 онд 8,791,200,000 төгрөг, 2019 онд 8,791,200,000 төгрөг гэж, гэрээний 1.3.3, 1.4, 6.8 дахь хэсгийг тус тус хасаж, гэрээнд өөрчлөлт оруулахаар харилцан тохиролцсон болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Дархан-Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалантын хийд чиглэлийн 63 км хатуу хучилттай авто зам төсөл-ийн концессын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Дархан-Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалантын хийд чиглэлийн 63 км авто зам төсөл-ийн зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх (DBT) концессын гэрээ, 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалантын хийд чиглэлийн 63 км хатуу хучилттай авто зам төсөл-ийн концессын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ-нүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч Пик девелопмент ХХК нь гэрээт ажлын Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрт баригдсан IV ангиллын 5 км хүчин чадал бүхий авто зам, замын байгууламжийн зориулалттай барилга байгууламжийг ашиглалтад буюу Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисст 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээлгэж өгч, Барилга байгууламжийг ашиглалт оруулах комиссын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 07/09/17 тоот дүгнэлтээр, Мөн гэрээт ажлын Сэлэнгэ аймгийн Сант сумын нутаг дэвсгэрт баригдсан IV ангиллын 17,2 км хүчин чадал бүхий авто зам, авто замын байгууламжийн зориулалттай барилга байгууламжийг ашиглалтад буюу Дархан-Эрдэнэтийн авто замаас Орхон сум, Сант сум чиглэлийн 22,2 км хатуу хучилттай авто замын хоёрдугаар хэсгийн Сант сум чиглэлийн IV ангиллын 17,2 км хүчин чадал бүхий авто зам, замын байгууламжийн зориулалттай барилга байгууламжийг ашиглалт оруулах комиссын 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 07/12/17 тоот дүгнэлтээр гэрээнд заасан авто зам, замын байгууламжийг бүрэн хэмжээгээр хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан Барилга байгууламжийг ашиглалт оруулах комиссын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 07/09/17 тоот дүгнэлт, Дархан-Эрдэнэтийн авто замаас Орхон сум, Сант сум чиглэлийн 22,2 км хатуу хучилттай авто замын хоёрдугаар хэсгийн Сант сум чиглэлийн IV ангиллын 17,2 км хүчин чадал бүхий авто зам, замын байгууламжийн зориулалттай барилга байгууламжийг ашиглалт оруулах комиссын 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 07/12/17 тоот дүгнэлтүүд, Үндэсний хөгжлийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 04-а/897 тоот албан бичиг, зохигчдын тайлбар болон бичгийн нотлох баримтаар тогтоогдсон байх ба талууд маргаагүй болно.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Концесс эзэмшигч Пик девелопмент ХХК нь 2016 оны концессын гэрээ, 2017 оны концессын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнд заасан нөхцөлөөр Дархан-Эрдэнэтийн авто замаас Сант, Орхон сум чиглэлийн нийт 22.2 км хатуу хучилттай автозам, замын байгууламжийг барьж байгуулан Улсын комисст хүлээлгэж өгч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн.

Манай компани уг зам, замын байгууламжийг барьж байгуулан Улсын комисст хүлээлгэн өгсөн.

Гэтэл концессын гэрээнүүдийн нэг тал болох Монгол Улсын Засгийн газрын эрх олгосон Үндэсний хөгжлийн газар нь төлбөрийн эх үүсвэрийг төсөвт тусгах, төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй.

Концессын гэрээ нь ажил гүйцэтгэх гэрээний онцгой төрөл бөгөөд нэхэмжлэгч компанийн хувьд Засгийн газрын тогтоолоор тогтоосон 22,2 км авто зам, замын байгууламжийг барьж гүйцэтгэн ажлын үр дүнг бодит байдлаар хүлээлгэн өгсөн, энэ нь албан ёсоор улсын комиссын дүгнэлтүүдээр баталгаажсанаас гадна уг зам нь зориулалтын дагуу ашиглагдаж байгаа юм.

Иймээс 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн Монгол Улсын Засгийн газар болон Пик девелопмент ХХК-ийн хооронд байгуулсан концессын гэрээний 1.16 дах заалт, Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн концессын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээний 1.2 дах заалтын дагуу төлөх 2017 оны 9,057,600,000 төгрөг, 2018 оны 8,791,200,000 төгрөг буюу нийт 17,848,800,000 төгрөгийн төлбөрийг хариуцагч нараас гаргуулан гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ ...Улсын Их Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 29 дүгээр тогтоолын 7 дугаар зүйлд улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй концессын барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээнд хөндлөнгийн аудит хийж, аудитын дүгнэлт гарах хүртэлх хугацаанд санхүүжилтийг түр хойшлуулах гэж заасан.

Иймд 2017, 2018 оны улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх барих- шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн эргэн төлөлтийн жагсаалтад тусгагдаагүй мөн захиалагч тал буюу Үндэсний хөгжлийн газраас Сангийн сайдын 2016 оны 415 дугаар тушаалаар батлагдсан Төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, санхүүжилт, хяналт, тайлагналтын журмын дагуу хянан баталгаажуулсан гүйцэтгэлийн материал ирүүлээгүй тул санхүүжүүлэх боломжгүй байсан.

Улсын Их Хурлын дээрх тогтоолын дагуу Үндэсний Аудитын газраас уг концессын гэрээнд аудитын дүгнэлт гаргах ёстой байтал одоо хүртэл холбогдох дүгнэлтийг эцэслэн гаргаж ирүүлээгүй байна.

Мөн Үндэсний аудитын газрын дээрх албан бичигт аудитын дүгнэлт гаргаагүй нь нэхэмжлэгчид олгох санхүүжилтийг 2017 онд олгоогүй, мөн 2018 оны төсөвт тусгуулахгүй гэх Үндэсний хөгжлийн газрын тайлбар үндэслэлгүй гэх тайлбарыг хүргүүлсэн байна.

Хэрэв Засгийн газраас нэхэмжлэгчид холбогдох санхүүжилтийг төсөвт тусгаж санхүүжүүлсэн бол Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолыг зөрчсөн шийдвэр болох байсан гэж маргажээ.

 

Хариуцагч Үндэсний хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ ...манай газраас 2017 онд төлөх 9,057,600,000 төгрөг, 2018 онд эргэн төлөх 8,791,200,000 төгрөгийн санхүүжилтийг 2017 оны төсвийн тодотгол болон 2018 оны төсөвт суулгуулахаар төслийн гүйцэтгэлийн мэдээллийн хамт 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 01/740 тоот албан бичгээр Сангийн яаманд хүргүүлсэн боловч аудитаар баталгаажуулаагүй гэсэн шалтгаанаар тусгаагүй.

Үүний дагуу манай газраас Үндэсний аудитын газарт 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 01/416 тоот албан бичгээр Улсын Их Хурлын 2017 оны Монгол улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 29 дүгээр тогтоолын 7 дугаар зүйлд улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй концессын барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээнд хөндлөнгийн аудит хийж, аудитын дүгнэлт гарах хүртэлх хугацаанд санхүүжилтийг түр хойшлуулах гэж заасантай холбогдуулан Пик девелопмент ХХК-тай байгуулсан концессын гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу тус төслийн санхүүжилт 2017, 2017 оны улсын төсөвт суугдах байсан боловч аудит хийгдэж, дүгнэлт гараагүй шалтгааны улмаас улсын төсөвт суугдаагүй учир тус төслийн гүйцэтгэлд аудит хийж, дүгнэлт гаргах ажлыг эрчимжүүлж өгөх-ийг хүссэн.

Улмаар Үндэсний аудитын газрын 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 01/1058 тоот албан бичгээр дээрх тогтоолын заалтаас харахад концессын төслүүдэд аудит хийж, дүгнэлт гаргах нь концессын төслүүдэд санхүүжилт олгоход баримтлах зарчим гэж ойлгогдож байгаа бөгөөд харин концессын төслийн санхүүжилтийг улсын төсөвт суулгах, холбогдох эх үүсвэрийг төсвийн төлөвлөгөөнд тусгахад хамаарахааргүй байна гэж хариу өгсөн болно.

Одоогийн байдлаар манай газрын зүгээс 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 01/1003 тоот албан бичгээр төслийн нийт хөрөнгө оруулалт болох 26,640,000,000 төгрөгийг 2019 оны улсын төсөвт суулгуулах саналаа Сангийн яаманд хүргүүлээд байна.

Иймд манай газрын зүгээс концессын гэрээний дагуу Пик девелопмент ХХК-д төлөх санхүүжилтийг улсын төсөвт суулгуулах саналаа Сангийн яаманд удаа дараа хүргүүлсэн боловч төсөвт суулгаагүй гэж маргажээ.

 

Концессын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т Концессын гэрээ гэж концессыг хэрэгжүүлэхээр эрх бүхий этгээд, концесс эзэмшигч нарын хооронд бичгээр байгуулсан гэрээ-г хэлэх бөгөөд мөн хуулийн 4.2-т Тухайн концессын зүйл, гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээний онцлогоос шалтгаалан энэ хуулийн 4.1-д зааснаас бусад концессын төрөл байж болно гэж заасны дагуу талуудын хооронд Зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх гэрээг байгуулжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага концессын гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын төлбөрийг гаргуулахтай холбоотой үндсэн үүргийн гүйцэтгэлд хамаарах маргаан байх ба энэ нь ердийн харьяаллын шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарахаар байна.

Талуудын хооронд үүссэн харилцаа нь иргэний эрх зүйн харилцаанд хамаарах бөгөөд энэхүү харилцаанаас үүссэн маргаан буюу аливаа шаардах эрх нь Иргэний хуульд заасан эрх зүйн зохицуулалтад хамаарч байх бөгөөд хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

 

Зохигчид байгуулсан гэрээний хүчин төгөлдөр эсэх, нэхэмжлэгчийн гэрээгээр гүйцэтгэсэн ажлын чанар, гүйцэтгэсэн хугацаа зэргийн талаар зохигчид маргаагүй.

 

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй. гэж заасны дагуу нэхэмжлэгч Пик девелопмент ХХК концессын гэрээний үүргээ гүйцэтгэхийг хариуцагч Монгол Улсын Засгийн газар болон түүний тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газраас шаардах эрхтэй гэж үзнэ.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн гэрээний 1.16-д Концесс эзэмшигч нь концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр санхүүжүүлэн, барьж дуусган холбогдох хууль тогтоомжийн дагуу хүлээлгэн өгч төсөлд оруулсан хөрөнгө оруулалтаа 3 жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газраас нөхөж авна гэж, 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээний 1.2-т 9,057,600,000 төгрөгийг 2017 онд, 8,791,200,000 төгрөгийг 2018 онд, 8,791,200,000 төгрөгийг 2019 онд гэж заасны дагуу хариуцагч Монгол Улсын Засгийн газар болон Үндэсний хөгжлийн газар нэхэмжлэгч Пик девелопмент ХХК-д 2017 онд төлөх ёстой төлбөр 9,057,600,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

Мөн дээрх гэрээний 2.10-т Концесс эзэмшигч нь авто замыг 1.3-т заасан дарааллын дагуу барьж хүлээлгэн өгсний дараа тухайн хүлээлгэн өгсөн авто замын хөрөнгө оруулалтыг эрх бүхий этгээд нь улсын төсөвт суулган төлүүлэх арга хэмжээг авах бөгөөд хэрвээ улсын төсөвт суулгаж чадаагүй бол санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага вексэлээр хөрөнгө оруулалтыг нөхөн төлнө гэж заасны дагуу эрх бүхий этгээд буюу Үндэсний хөгжлийн газар дээрх үүргийг биелүүлэхээр Үндэсний хөгжлийн газар 2017 оны төсвийн тодотголд, 2019 оны төсөвт тусгуулахаар Сангийн яаманд хүргүүлж байсан боловч улсын төсөвт суулгаж чадаагүй болох нь хэрэгт авагдсан Үндэсний хөгжлийн газрын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 01/740 албан бичиг, 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 01/1003 дугаар албан бичиг болон зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч тал нь Улсын Их хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын дагуу төсвөөс эргэн төлөх нөхцөлтэй концессын барих, шилжүүлэх хууль хэрэгжиж байгаа төсөл арга хэмжээнд гэнэтийн аудит хийж, аудитын дүгнэлт гарах хүртэл хугацаанд санхүүжилтийг түр хойшлуулах гэсэн заалт орсны дагуу аудитын дүгнэлт гаргаагүй байхад Засгийн газраас санхүүжилт өгвөл Улсын их хурлын тогтоод зөрчигдөх асуудал үүсэх учраас санхүүжүүлээгүй гэж тайлбарладаг.

 

Улсын Их хурлын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 29 дүгээр тогтоолын 1-д Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан төсвийн орлогыг нэмэгдүүлэх, төсвийн зардлыг хэмнэх, зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/-т даалгасугай гэж, 1-ийн 7/ улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй концессын барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээнд хөндлөнгийн аудит хийж, аудитын дүгнэлт гарах хүртэлх хугацаанд санхүүжилтийг түр хойшлуулах гэж заасан байх бөгөөд уг тогтоол нь концессын гэрээний нэг тал болох Засгийн газарт үүрэг болгосон байхаас гадна улсын төсвөөс эргэн төлөх нөхцөлтэй концессын барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээнд хөндлөнгийн аудит хийж, аудитын дүгнэлт гарах хүртэлх хугацаанд санхүүжилтийг түр хойшлуулахаар заасан нь талуудын хооронд байгуулсан Зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх концессын гэрээнд хамаарахааргүй байна.

 

Талуудын хооронд байгуулсан концессын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээний 1.2-т төлбөр гүйцэтгэх он 2017 он, 2018 он, 2019 он гэж заасан байх бөгөөд талууд уг заалтыг төсөлд оруулсан хөрөнгө оруулалтыг тухайн онд улсын төсөвт суулгаж төлөхөөр тохиролцсон гэж тайлбарладаг.

 

Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.6-т зааснаар Цаг хугацааг тоолохдоо хуанлийн жилийг арван хоёр сараар, хагас жилийг зургаан сараар, улирлыг гурван сараар, хоногийг хорин дөрвөн цагаар тоолно, мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т Хуанлийн жил нь нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхэлж арван хоёрдугаар сарын гучин нэгний өдрөөр дуусна гэж заасан бөгөөд хариуцагч тал гэрээнд заасан төсөлд оруулсан хөрөнгө оруулалтыг тухайн ондоо буюу тухайн жилийн нэг сарын нэгний өдрөөс эхэлж арван хоёрдугаар сарын гучин нэгний өдрөөр төлөх үүрэгтэй гэж үзэхээр байна.

 

Өөрөөр хэлбэл гэрээнд заасны дагуу хариуцагч тал нь 2017 онд төсөлд оруулсан хөрөнгө оруулалтын төлбөр болох 9,057,600,000 төгрөгийг нэхэмжлэгч талд төлөх хугацаа дууссан ба, харин 2018 онд төсөлд оруулсан хөрөнгө оруулалтын төлбөр болох 8,791,200,000 төгрөгийг төлөх хугацаа дуусаагүй буюу нэхэмжлэгч талын гэрээний дагуу 2018 оны төлбөр шаардах эрх нь Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.4-т зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг гэрээгээр тогтоосон хугацаанаас өмнө үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй байна.

 

Иймд хариуцагч Монгол Улсын Засгийн газар болон Үндэсний хөгжлийн газраас 2017 оны төсөлд оруулсан хөрөнгө оруулалтын төлбөрт 9,057,600,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Пик девелопмент ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох 2018 оны төсөлд оруулсан хөрөнгө оруулалтын төлбөрт 8,791,200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШЗ2018/06632 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т заасныг үндэслэн нэхэмжлэгч Пик девелопмент ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид 79,401,950 төгрөг төлөх хугацааг анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэх хүртэл хугацаагаар хойшлуулсан болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Пик девелопмент ХХК нь хариуцагч Монгол Улсын Засгийн газар болон Үндэсний хөгжлийн газарт холбогдуулан Концессын гэрээ-ний үүргийн дагуу 2018 он, 2019 оны төлбөрийн үүргийг гүйцэтгүүлэх шаардлага гаргах эрх нь нээлттэй бөгөөд уг шаардлагаар нэхэмжлэл гаргахад шүүхийн энэ шийдвэр саад болохгүй болохыг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 186 дугаар зүйлийн 186.1, 208 дугаар зүйлийн 208.1, Концессын хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг баримтлан хариуцагч Монгол Улсын Засгийн газар болон Үндэсний хөгжлийн газраас 9,057,600,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Пик девелопмент ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 8,791,200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Пик девелопмент ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,000,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Пик девелопмент ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 79,401,950 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Монгол Улсын Засгийн газар болон Үндэсний хөгжлийн газраас улсын тэмдэгтийн хураамжид 45,445,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Пик девелопмент ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС