| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Давааноровын Сувд-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 105/2024/1209/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/307 |
| Огноо | 2025-01-27 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Н.Ганчимэг |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/307
2025 01 27 2025/ШЦТ/307
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж, улсын яллагч Н.Ганчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү, хохирогч Т.М, түүний өмгөөлөгч Б.Лхагвасүрэн, шүүгдэгч Ц.У, түүний өмгөөлөгч Ц.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Уд холбогдох эрүүгийн “2006 01358 3763” дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ц.У.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Ц.У нь Баянзүрх дүүргийн ... амины орон сууцыг хохирогч Т.Мд худалдана гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 120,000,000 төгрөгт тооцсон нийт 6 ширхэг тээврийн хэрэгслийг 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлэн авч, хохирогчид их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Ц.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2015 онд Н манай компани хоёр хамтран ажиллах гэрээ хийсэн. Тухайн үед 400,000,000 төгрөгөөр үнэлэгдэх газраа зарж, явцын дунд өгөхөөр тохиролцсон. Миний зүгээс Нт 5 айлын газар өгсөн бөгөөд миний хувьд байшин барих үүрэг хүлээгээгүй. Миний зүгээс 5 газар шилжүүлээд өгчихсөн байхад Т.Мд 1 байшин өгчхөж болох байсан ч өгөхгүй байсан болохоор миний зүгээс дахиж газар өгөөгүй. 2015 онд гэрээ хийж хэдэн ширхэг байшин барьж харуулчхаад ажил нь зогсчихсон. Ж гэх хүн Т.Мэс ирсэн тээврийн хэрэгслүүдийг хүлээж авсан би энэ талаар сайн мэдэхгүй, надад энэ талаар юу ч хэлээгүй. Би мөрдөгчөөс 15,000,000 төгрөгөөр зарсан байхад яагаад над руу 6.000.000 төгрөг шилжүүлсэн талаар асууж, энэ талаар шалгуулах хүсэлт гаргасан. Гэнэт байж байгаад надтай 2017 онд 6 машин өгсөн гэж надтай гэрээ хийхээр болсон. Би “4 машин авсан. 6 машин аваагүй. Би 120,000,000 төгрөг аваагүй, 30,000,000-40,000,000 төгрөг л авсан” гэж хэлэхэд Ж “та зүгээр гарын үсэг зурчих, би Нтай тухайн байшинг нь гүйцээгээд Т.Мд өгчихнө” гэж хэлэхэд нь авсан мөнгөө хүлээж байгаа гэж ойлгож байсан. Би ерөөсөө 120.000.000 төгрөг аваагүй авсан мөнгөө эргүүлээд иргэн хүний үүргийнхээ хүрээнд төлчихсөн. Би аваагүй мөнгөнийхөө төлөө хариуцлага хүлээхгүй. Надад Жс 55,000,000 төгрөг л орж ирсэн.” гэв.
Хохирогч Т.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Ер нь бол надад Ж хэлэхдээ “бартерын байр байна. Тухайн байшинг авчихвал зарж байгаа үнээс нь хямдхан авах боломж байна” гэж олон удаагийн давтамжтай санал тавьсан. Мөн надтай 2019 онд танилцаж, надаас тээврийн хэрэгсэл аваад яваад байдаг харилцаатай бөгөөд 3-4 жилийн хугацаанд Жтой зохимжит хэмжээгээр найзууд болчихсон болохоор “120,000,000 төгрөгт 6 тээврийн хэрэгсэл бартерлаад байр захиалах боломжтой бол захиална” гэж хэлсэн. Ж “би цаад хүмүүстэйгээ уулзчихаад эргээд хэлье” гэж хэлээд явсан. Хэд хоногийн дараа “боломжтой юм байна. Энэ байшинг 6 тээврийн хэрэгслийг 120,000,000 төгрөгт бартерлаж 120 м.кв хаус захиалж болох юм байна” гэж баруун 4 замын тэр хавьд очиж уулзахад Ц.У, Н хоёулаа хамт байсан. Тухайн үед “гэрээ хийгдсэн болохоор 120,000,000 төгрөгөөр бодож өгч байгаа 6 тээврийн хэрэгслийг Жид өгөөд явуулчих. Та захиалгаа өгчихсөн” гэж Ц.У хэлээд тээврийн хэрэгслүүдээ Жид өгөөд явуулсан. Машин өгч явуулснаас хойш Ж тээврийн хэрэгсэл аваад ор сураггүй алга болж 4-5 жилийн нөхөрлөлийг байхгүй болгосон бөгөөд өөр олон хүмүүсийг баримтгүйгээр залилсан үйлдэл байдаг. Ц.У өөрийгөө тус уулзалтад байхгүй гэж худал хэлж байна. 2017 онд Жийн хойноос чаргууцалдаад надаас 120,000,000 төгрөгт 6 тээврийн хэрэгсэл өгсөн нь үнэн гэх гэрээ, хэлцлийг хийсэн” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч Т.Мийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 18 , 118, 138-139, 242 дэх тал, 2 дугаар хавтаст хэргийн 12-13, 88-89, 128 дахь тал/ гэх мэдүүлгүүд,
- Гэрч Д.Нын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 110-112 дахь тал, 150-151 дэх тал, 2 дугаар хавтаст хэргийн 143-144 дэх тал/ гэх мэдүүлгүүд,
- Гэрч Ц.Жийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 147 дахь тал/,
- Гэрч Х.Цын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 146-147 дахь тал/,
- Гэрч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 101-104 дэх тал/,
- 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Ц.У, М.Т.М нарын хооронд байгуулсан “Хэлцэл” гэх тэргүү бүхий бичгийн баримт /1 дүгээр хавтаст хэргийн 106 дахь тал/,
- Хөрөнгийн үнэлгээний “Дамно”, ХХК-ний Б31-22-1029, Б31-22-1030, Б31- 22-1031, Б31 -22-1032, Б31-22-1033,. Б31-22-1034 дугаартай тайлангууд /1 дүгээр хавтаст хэргийн 203-220 дахь тал/,
- Тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаа, тээрийн хэрэгслийн бүртгэлийн маягт, худалдах, худалдан авах гэрээний хуулбар зэрэг баримт /1 дүгээр хавтаст хэргийн 217-222, 2 дугаар хавтаст хэргийн 160-163 дэх тал/,
- Б.Б болон Ц.Жийн нэр дээр бүртгэлтэй дансны мэдээлэл, дансны мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 18-20 дахь тал, 153-155 дахь тал, 156-157 дахь тал/,
- Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2021/02347 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1680 дугаартай магадлал /2 дугаар хавтаст хэргийн 165-171 дэх тал/,
- Гачуурт гарден гэх танилцуулга хуудас /2 дугаар хавтаст хэргийн 172-173 дахь тал/,
- Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/Ш32019/05677 дугаартай шийдвэр /2 дугаар хавтаст хэргийн 186-187 дахь тал/,
- 2022 оны 10 сарын 12-ны өдөр “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх” тухай Прокурорын тогтоол болон бусад баримтын хуулбар /3 дугаар хавтаст хэргийн 240-247 дахь тал/,
- “С” ХХК-ийн бичиг баримтууд, тусгай зөвшөөрөл, газар эзэмших гэрчилгээ, холбогдох баримтуудын хуулбарууд /2 дугаар хавтаст хэргийн 203 дахь тал, 3 дугаар хавтаст хэгийн 173 дахь тал, 3 дугаар хавтаст хэргийн 178-186 дахь тал/,
- Үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дугаар
хавтаст хэргийн 248-250 дахь тал/,
-“У” ХХК-ийн захирал Ц.У, “С” ХХК-ийн захирал Д.Н нарын хооронд байгуулсан “Хамтран ажиллах гэрээ” /1 дүгээр хавтаст хэргийн 27-29 дэх тал/,
- Яллагдагч Ц.Угийн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 130-132 дахь тал, 3 дугаар хавтаст хэргийн 236 дахь тал/,
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/612 дугаартай шийтгэх тогтоол /2 дугаар хавтаст хэргийн 25-36 дахь тал/ зэрэг болно.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтээр дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
дахь тал/.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас цагаатгах тал буюу шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
- “С” ХХК-ийн захирал Д.Н болон Т.М нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 19-ны өдөр байгуулсан “Орон сууц захиалан бариулах гэрээ” /1 дүгээр хавтаст хэргийн 11-14 дэх тал/,
- “У” ХХК-ний захирал Ц.У, “С” ХХК-ний захирал Д.Н нарын хооронд байгуулсан “Хамтран ажиллах гэрээ” /1 дүгээр хавтаст хэргийн 27-29 дэх тал/,
- “С” ХХК-ийн захирал Д.Н болон Ц.Ж нарын хооронд 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан “Орон сууц захиалан бариулах гэрээ” /1 дүгээр хавтаст хэргийн 37-38 дахь тал/,
- Ц.Угийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 92-93 дахь тал,
- Ц.Жийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 99 дэх тал/,
- Эд зүйл баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 105 дахь тал/,
- Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Мэс дахин авсан мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 17-18, 138-139 дэх тал, 2 дугаар хавтаст хэргийн 12-13 дахь тал, 2 дугаар хавтаст хэргийн 88-99 дэх тал, ,
- Б.Б нэр дээр бүртгэлтэй дансны мэдээлэл, дансны мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 18-20, 156-157 дахь тал/,
- Хурлын тэмдэглэл /4 дүгээр хавтаст хэргийн 105-109 дэх тал/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримт, хуралдаанд оролцогчийн тайлбар, мэдүүлэг зэрэгт үндэслэн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоовол:
“У” ХХК-ийн захирал Ц.У, “С” ХХК-ийн захирал Д.Н нарын хооронд 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Хамтран ажиллах гэрээ” байгуулж гэрээний А талын буюу “У” ХХК-ийн захирал Ц.Угийн эзэмшлийн гэх Баянзүрх дүүргийн .... байрлах 16 айлын 8,2 га газарт Б тал буюу “С” ХХК-ийн захирал Д.Н нь 80 айлын хаус байшинг барихаар тохиролцон, газрыг бүрэн ашиглуулахаар гэрээ байгуулжээ. Уг гэрээгээр “У” ХХК-ийн захирал Ц.У нь 8,2 га газрын үнэ буюу 400,000,000 /дөрвөн зуун сая/ төгрөгт дүйцүүлэн ашиглалтанд оруулсан хаусыг талууд харилцан тохиролцож барьж байгуулсан өртөгөөр нь тооцон авахаар тохиролцжээ. “У” ХХК-ийн захирал Ц.У нь гэрээгээр харилцан тохиролцсон дээрх 16 айлын 8,2 га газраас 4 айлын газар гэрээний Б тал буюу “С” ХХК-нд хүлээлгэн өгчээ.
Улмаар “С” ХХК-ийн захирал Д.Н нь 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Т.Мтэй “Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулан 120,000,000 /зуун хорин сая/ төгрөгийн үнэ бүхий 120 метр квадрат талбайтай 28 тоот байшинг барьж, хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байна. Энэхүү гэрээний төлбөрт Т.М нь Ц.Уд 120,000,000 /зуун хорин сая/ төгрөгийн үнэ бүхий 6 автомашин хүлээлгэн өгч, эдгээр машинуудыг Ц.Угийн хүсэлтээр Ц.Ж нь зарим хэсгийг борлуулж, Ц.Угийн нөхөр Б.Б-н Хаан банкны ... дугаартай дансанд 43,000,000 шилжин орсон байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.У нь машин зарсан мөнгөнөөс 55,000,000 төгрөгийг Ц.Жоос хүлээн авсан тул 55,000,000 төгрөгийн хохирол барагдуулсан гэжээ.
Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд цагаатгуулах байр суурьтай оролцсон болно.
Хэргийн тухайд шүүгдэгч Ц.У нь 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр иргэн Т.Мэс 120,000,000 төгрөгийг үнэ бүхий 6 ширхэг тээврийн хэрэгслийг анхнаасаа буцаан өгөх санаа зорилгогүйгээр бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Хохирогч Т.Мийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...дээр дурдагдаж буй автомашинуудыг захиран зарцуулах эрхнүүд нь миний нэр дээр байсан. Ямар нэгэн байдлаар гэрээ хэлцэл хийгээгүй. Биечлэн очиж авто тээврийн газарт шилжүүлсэн. Жийг орон сууц авах гэж байгаа гэж сонссон болохоос биш яг гэрээ хэлцэл Нтай хийсэн талаар би мэдэхгүй.” /1 дүгээр хавтаст хэргийн 18, 118 дахь тал/,
“...2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр танил Ж манай ажил дээр ирээд “бартераар хаус авах боломж байна, чи зарж байгаа машинаасаа хэдийг оролцуулаад авчих, би зохицуулаад дамжуулаад хэлээд өгье” гэхээр нь итгээд Жийн хамт ... төслийг хэрэгжүүлж байгаа Чингэлтэй дүүргийн ... очоод Жийн танил гэх Ц.У, Н нартай уулзтал тэд нар баригдаж байгаа байраа танилцуулаад 2016 оны 9 дүгээр сард ашиглалтанд оруулах хаусууд байгаа гэж хэлсэн. 1 м.кв-ийг 1,450,000 төгрөгөөр бодоод 100 хувь төлбөрөө төлбөл 1 м.кв-ийн 1,000,000 төгрөгөөр бодоод 120,000,000 төгрөг болно. Мөн бартер оролцуулж болно гэдэг саналыг тавьсан. ... төслийн хүрээнд баригдах ... 6 км зайд орших ... байршилтай шинээр ашиглалтад орох Сингел хаусны 28 тоот 120 м.кв талбайтай орон сууцыг захиалан бариулахаар тохиролцож 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр тус офисс дээр гэрээгээ хийгээд 120,000,000 төгрөгтөө Япон улсад үйлдвэрлэсэн Тоёота кровн 200 маркийн машиныг 25,000,000 төгрөг, Тоёота Хайя люкс 215 маркийн машиныг 23,000,000 төгрөгөөр, Ниссан силвиа Эс 15 маркийн машиныг 25,000,000 төгрөг, Дайхацу Териос маркийн машиныг 11,000,000 төгрөгөөр, Хино маркийн машиныг 25,000,000 төгрөгөөр, Тоёота Харрейр маркийн машиныг 11,000,000 төгрөгөөр тус тус тооцож 120,000,000 төгрөгийн автомашиныг өгөхөөр тохиролцсон. Тэгээд тухайн өдрөө болон маргааш нь ирээд Ж уг автомашинуудыг ...нутаг дэвсгэрт байрлах автомашин зардаг хашаанаас ирээд аваад явчихсан. Тэгээд одоо болтол барилга баригдахгүй, утас нь холбогдохгүй алга болчихоор нь алданги тооцно гэж 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаад 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтад оруулж өгнө гэж гэрээ хийсэн. Тухайн гэрээн дээр 9,000,000 төгрөгийн граж барьж өгөхөөр тохиролцсон. ...Би ойлгохдоо газар нь Ц.Угийн газар юм байна, Н нь хаусыг барьж өгөх юм байна гэж ойлгосон. Тэгээд Ж, Ц.У нартай хамт Нтай уулзаж, 28 тоот хаус авахаар тохирч 120,000,000 төгрөгт тооцож 6 ширхэг машин өгөхөөр болж “С” ХХК-ийн захирал Нтай 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр "Орон сууц захиалан бариулах" гэрээ байгуулсан. Тэр хэд хэлэхдээ гэрээ байгуулсан учир танайхаас төлбөр авсанд тооцож байгаа. Иймээс тээврийн хэрэгслүүдээ Жид өгчхөөрэй гэж Н, Ц.У нар хэлсэн. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр “Сод монгол” ШТС-ын зүүн талд байх хашаанд зарж байсан тээврийн хэрэгслүүдээ тавьдаг байсан бөгөөд гэрээ байгуулснаас 1-2 хоногийн удаараа Ж ирээд тээврийн хэрэгслүүдийг авч явсан. Би Жид Тоёота хайлюкс, тоёота кровн, тоёота харьер, дайхацу териос, ниссан сивлиа, хино трак зэрэг тээврийн хэрэгслүүдийг өгсөн. Ямар ч байсан бүгд нийлээд 120,000,000 төгрөгөөр тооцож өгсөн. ...2017 оны сүүлээр Ж залгаад Хан-Уул дүүргийн Мишээл төвд хүрээд ир гэхээр нь очиход Ц.У хамт байсан бөгөөд Ц.У 120,000,000 төгрөгийг 100 хувь хариуцна гэж хэлцэл хийсэн.” /1 дүгээр хавтаст хэргийн 138-139 дэх тал/,
“...Би 6 автомашины төлбөр болох 120,000,000 төгрөгийг нэхэмжилж байна.” /1 дүгээр хавтаст хэргийн 242 дахь тал/,
“...дээрх 6 тээврийн хэрэгслийг Ж надаас авсан бөгөөд би нэг ч тээврийн хэрэгсэл буцааж аваагүй. Мөн хохирол төлбөрөөс нэг ч төгрөг аваагүй байгаа.“ /2 дугаар хавтаст хэргийн 12-13 дахь тал/, “...тэрнээс хойш байшин барьж өгөөгүй би хохирсоор байна. Гэтэл миний өгсөн машиныг Ж зарж борлуулаад өөрөө мөнгийг нь авсан байх бөгөөд энэ талаар Ц.У шүүхийн хэлэлцүүлэгт хэлсэн. Тэгтэл намайг байр захиалснаас хойш 4 орчим жилийн дараа Н нь миний захиалсан байрыг барьж өгөөгүй хэр нь Жид давуу байдал олгож 1 байр өгсөн болох нь тогтоогдсон. ...Ж анхнаасаа надтай ирж уулзаагүй бол ийм байдал үүсэхгүй байх байсан. Хохирол төлбөрөөс нэг ч төгрөг буцааж аваагүй байгаа.” /2 дугаар хавтаст хэргийн 88-89 дэх тал/,
“...Миний мэдэж байгаагаар найз Содгэрэлээс авсан байсан Тоуоtа Hilux маркын автомашиныг Ц.Уд өгсөн байсан чинь 2015 онд Содоо Жоос 16,800,000 төгрөгөөр худалдаж авсан гэсэн. Уг автомашинуудаас миний нэр дээр Тирос, Хариер гэсэн автомашинууд байсныг тэр үедээ худалдаж авсан хүнд нь шилжүүлж өгсөн. Бусад машинууд өөр хүний нэр дээр байсныг тэр үедээ авсан хүмүүст нь шилжүүлж өгсөн бөгөөд хэдэн төгрөгөөр худалдсан болохыг мэдэхгүй байна. Би Жийг дундаас мөнгө авсан гэж хардаж байгаа. Н Ц.У хоёртой гэрээ хийсний дараа Ц.У хэлэхдээ Жид өгөөрэй гэж хэлсний дагуу зогсоол дээрээс ганц нэг машинуудыг авч явсан. Бусад машинуудыг зогсоол дээрээс нь хүнд худалдсан. Автомашинуудыг үнэлсэн үнэлгээтэй танилцсан, хүлээн зөвшөөрч байна. Би өөрөө машин худалддаг учраас уг машинуудын багцаа үнийг мэдэж байгаа учраас 120,000,000 төгрөг 6 машин тооцож өгсөн юм. Тэд нар хэдэн төгрөгөөр худалдах нь өөрсдийнх нь асуудал байхдаа. Гэрээ хийсний дараа очиж үзэхэд эхний байшингууд нь баригдаж байсан. Төсөл нь хэрэгжиж эхлээд явж байсан. Миний захиалсан байшин баригдаж эхлээгүй байсан. Ж “гайгүй байшин баригдаж байна, хүмүүсийг нь танина, бартераар хямдхан өгнө” гэж хэлэхээр нь үзэж сонирхож байгаад бартераар хямдхан өгнө гэхээр нь худалдаж аваад амьдрах эсвэл бусдад худалдах зорилготой гэрээ хийсэн. Худалдагдаж байсан үнэнээс бартераар хямдхан байсан учраас гэрээ хийсэн. Би Ц.У, Н гэдэг хүнийг танихгүй.” /2 дугаар хавтаст хэргийн 128 дахь тал/,
- Гэрч Д.Нын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээг би Т.Мтэй үйлдсэн. Ц.Утай хийсэн бартерын гэрээний дагуу 4 сингл хаус барьж өгөхөөр тохирсон. Тухайн бартерт Ц.Угаас 400,000,000 төгрөгийн үнэ бүхий 8 га газрыг баригдах сингл хауснаасаа өгөх гэрээ хийсэн. Энэ гэрээний дагуу 1 сингл хаусыг Т.М гэх хүнд барьж өгөхөөр гэрээ хийсэн. Тухайн хаусаа хэдэн төгрөгөөр өгснөө би сайн мэдэхгүй байна. Хамгийн гол нь би Ц.Уд өгөх ёстой 4 байрны 1 байр байсан болохоор би үнийн дүнд нээх ач холбогдол өгөөгүй. Ц.Угийн эзэмшил дээр байгаа газар дээр хаусаа барихаар, миний эзэмшил ч биш, захиалагчийн эзэмшил ч биш ийм нөхцөл байдал үүсээд байгаа юм. Иймд Т.Мийн хаусын газрыг Ц.У шилжүүлж өгөхгүй байгаа юмаа. Т.Мд барьж өгөх сингл хаус цаашид баригдах боломжгүй. Хэрэв Ц.У надад 8 га газрын эрхийг шилжүүлэн өгвөл Т.Мийн хаусыг барьж өгөх боломжтой. 2015 онд Ж, Ц.У, Т.М нар хамт гэрээ хийнэ гэж ирсэн. Тухайн үед би Жтой Ц.У газрын эрхээ шилжүүлэхгүй байгаа тул хаусыг цаашид барих боломжгүй болсон. Харин би Жтой зөрүү авахаар хоорондоо тохиролцож автомашин 70,000,000 төгрөг орчимд авч хаусыг үргэлжлүүлэн барьж дуусгасан. Би Т.М болон Ц.Угаас нэг ч төгрөг аваагүй. Мөнгө болон автомашин аваагүй ээ. Анх Ц.У 20 айлын газрын гэрчилгээг үзүүлж байсан боловч газраа шилжүүлж өгөөгүй. Ц.У Япон явсан бөгөөд араас нь 1 жил орчим ярьж байж 4 айлын газрыг шилжүүлж авсан, бусад газрын шилжүүлж өгөөгүй. 2015 оны 10 сард Ц.У над дээр Т.М, Ж гэх 2 хүнийг дагуулж ирээд танайхаас авах 4 хаусныхаа 2-г энэ 2 хүнд өгье гэж хэлсэн бөгөөд би тухайн үед дараагийн баригдах ээлжээс өгнө гэдгийг хэлж байсан. Тэгээд би Т.М гэх хүнтэй орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Т.М байрны төлбөрийг Ц.Утай хийсэн байх, надад ямар нэгэн төлбөр төлөөгүй, би нэг ч төгрөг аваагүй. Ц.Угаас 4 айлын газрыг шилжүүлж авсан бөгөөд өөр бусад газрыг шилжүүлж өгөлгүй өөр бусдад шилжүүлсэн учир Т.М гэх хүний байрыг барьж чадаагүй. Ц.Угаас болж манай төслийн ажил зогссон.” /1 дүгээр хавтаст хэргийн 110-112 дахь тал/,
“...Ц.Угаас авахаар болсон 400,000,000 төгрөгийн газрын оронд манай компани 4 ширхэг хаусыг үе шаттайгаар барьж өгөхөөр тохиролцсон. 2015 онд барилгын ажлыг эхлүүлсэн бөгөөд 32 хаусын суурийг ухаж, 8 байшингийн карказ хийж, 32 хаусын суурийг цэвэр болон бохирын шугамтай холбосон юм. Анх Ц.У 20 айлын газрын гэрчилгээг үзүүлж байсан боловч газраа шилжүүлж өгөлгүй Ц.У Япон явсан бөгөөд би араас нь 1 жил орчим ярьж байж 4 айлын газрыг шилжүүлж авсан. Бусад газрыг нь надад шилжүүлж өгөөгүй. 2015 оны 10 дугаар сард Ц.У над дээр Т.М, Ж гэх 2 хүнийг дагуулж ирээд танайхаас авах 4 хаусныхаа 2-ыг энэ 2 хүнд өгье гэж хэлсэн бөгөөд би тухайн үед дараагийн баригдах ээлжээс өгнө гэдгийг хэлж байсан. Тэгээд би Т.М гэх хүнтэй гэрээ байгуулсан. Т.М байрны төлбөрийг Ц.Утай хийсэн байх, надад ямар нэгэн төлбөр төлөөгүй, би нэг ч төгрөг аваагүй. ...Ц.У бусад газрыг надад шилжүүлж өгөлгүй өөр бусдад шилжүүлсэн учир Т.М гэх хүний байрыг барьж чадаагүй. Би энэ талаар Т.М, Ж хоёрт хэлж байсан бөгөөд Жид дутуу баригдсан /карказ боссон байсан гэх/ байр байна, мөнгийг нь өгчихвөл гүйцээж өгөөд шилжүүлье гэдэг саналыг тавьж 1 хаус өгсөн. Энэ нь Ц.Угаас надад өгсөн 4 газрын нэг дээр нь барьсан хаус байгаа.” /1 дүгээр хавтаст хэргийн 150-151 дэх тал/,
“...Би байшин барьж байгаа учраас би гэрээ хийх ёстой тэрнийхээ дагуу Ц.У өөрийнхөө авах ёстой байшингийнхаа нэг байшинг худалдаж байна гэж ойлгож Т.Мтэй гэрээ хийсэн. Би тэд нараас нэг ч төгрөг эд зүйл аваагүй учраас бусадтай нийлж бусдыг залилсан зүйл байхгүй. Хохирогч Т.М худалдаж авсан байшин болон газраа очиж үзсэн эсэхийг мэдэхгүй байна, би зөвхөн гэрээ хийхэд оролцсон. Ц.Ж 2015 онд Ц.Угаас байшин худалдаж авахад нь би гэрээ хийсэн боловч байшин баригдаагүй шалтгаанаар манай компанийг шүүхэд өгөхөөр нь түүнтэй тохирч өөрийн эзэмшлийн дутуу баригдсан 1 байшинг 70,000,000 төгрөгөөр худалдаж уг шүүхийн асуудал хаагдсан. Энэ саналыг адилхан Т.Мд тавихад зөвшөөрөөгүй. Одоо уг газар дээр 4 байшин баригдаж ашиглалтад орсон, карказ нь боссон 4 байшин, 8 байшингийн суурь цутгагдсан, 36 байшингийн цэвэр бохирын шугам, тог, ус татагдсан байдалтай байна. Ц.У анх надад хашаалсан 8 га газар үзүүлснээс 20 айлын гэрчилгээ үзүүлж гэрээ хийсэн. Үүнээс 4 айлын газрыг над руу бүрэн шилжүүлсэн, үлдсэн газрууд нь давхар зарагдсан маргаантай шалтгаанаар шилжүүлж өгөхгүй байна.” /2 дугаар хавтаст хэргийн 143-144 дэх тал/ гэх мэдүүлгүүд,
- Гэрч Ц.Жийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...Би 2010 оноос хойш "Да хүрээ" захад машин зарж байгаа бөгөөд Т.Мийг 2011 оноос хойш таньдаг болсон. Т.М бас машин зардаг юм. Ц.У гэх хүнийг мөн адил 2011 оноос хойш таньдаг болсон. Харин Н гэх хүнийг Ц.Угаар дамжуулж 2014 оны сүүлээр байх анх гэрээ байгуулахдаа уулзаж байсан. Би анх Ц.Угаас хаус авахаар болсон талаар Т.Мд хэлсэн байсан бөгөөд тэрнээс хойш 5 хоногийн дараа байх Ц.У надад хэлэхдээ би Япон явах гэж байгаа, дахиад нэг байшин байгаа, зармаар байна, санал болгох хүн байна уу гэхээр нь Т.Мд хэлсэн. Тэгээд Т.М Ц.Утай холбогдоод төлбөрт нь машин оролцуулж авахаар болж тохиролцсон. Т.Мтэй Н гэрээ байгуулсан бөгөөд тухайн үед Т.М, Н хоёроос гадна Ц.У бид хоёр гэрээ хийх үед байсан. Миний ойлгосноор Ц.Угийн эзэмшлийн 8 га газар дээр Н хаус барина, тэгээд газрын төлбөрт нь 4 ширхэг хаусыг Ц.Уд өгнө гэж тохирсон гэж байсан. Тэгээд тэр 4 ширхэг хаусны нэгийг надад, нэгийг нь Т.М авахаар тохиролцсон байсан юм. Н, Т.М, Ц.У гурав хоорондоо ярилцаж тохиролцож гэрээ байгуулсан бөгөөд миний мэдэхээр 120,000,000 төгрөгт тооцож машин өгнө гэж тохиролцсон. Тухайн үед Ц.У төрөөд удаагүй, гэрээс гарч чадахгүй байна, чи машиныг заралцаад өгөөч гэж хэлсэн бөгөөд машинууд нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр БХИС-ийн хойд талд байдаг Т.Мийн хашаанд байсан. Ц.У өөрөө 120,000,000 төгрөгөнд Тоёота кровн, хайлюкс, харьер, ниссан силвиа, териос, хино гэсан зургаан машиныг авахаар болж үнийн дүнг өөрөө хүлээн зөвшөөрч авсан. Тэр 6 машинаас "кровн", "хайлуюкс" хоёр машиныг нийлүүлээд Ц.У өөрөө 30 орчим сая төгрөгт зарсан байсан. Би "хино" маркийн тээврийн хэрэгслийг 11 сая орчим төгрөгт "харьер", "териос” хоёрыг нийлүүлээд 15-16 сая төгрөгт байх зарсан. "ниссан силвиа эс-15" машиныг би 3,500,000 төгрөгт бодож авсан. Тухайн үед би бүх мөнгийг Ц.Уд өгч байсан. Гэхдээ нэлээд хэдэн жилийн өмнөх асуудал учраас яг хэзээ, хэдэн төгрөг гэдгийг сайн санахгүй байна. Ямар ч байсан Ц.Уд тухай бүрд нь хэдэн төгрөгт зарах гэж байгаа талаар хэлж байсан бөгөөд Ц.У өөрөө үнийн дүнг хүлээн зөвшөөрч мөнгийг нь шууд авч байсан. Би ганцхан Ц.Уд л мөнгийг өгч байсан. Би хамгийн анх 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Нтай орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан. Гэтэл Н орон сууцыг ашиглалтад оруулалгүй удаасан учир нэмэлт гэрээ байгуулъя гээд нэмэлт гэрээ байгуулж гражийн төлбөрийг төлбөрт авсанд тооцсоноор гэрээ байгуулсан. Тэгээд хувийн сууц ашиглалтанд орохгүй 2019 он хүрсэн бөгөөд Нт ХУД-ийн ИХАШШ-д нэхэмжлэл гарган бөөн юм болж байж 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “С” компанийн менежер Х.Цаас газар эзэмших эрх, орон сууц худалдан авах гэрээг байгуулж тухайн хаусыг авч байсан. Авахдаа би 70,000,000 төгрөгт тооцож "рэнж ревер" маркийн тээврийн хэрэгсэл өгөөд засвар тохижилтын ажлаа өөрөө хариуцаж хийж орсон. Тухайн сууцын гэрчилгээ миний нэр дээр гарсан байгаа. Би Нт нэхэмжлэл гаргаж байж байр олж авсан. 2017 оны сүүлээр байх Т.М, Ц.У, М бид дөрөв хамт Хан-Уул дүүргийн Мишээл экспо төвд байх нэг цэгийн үйлчилгээний нотариатад уулзсан бөгөөд Т.М, Ц.У хоёр машин өгөлцөж авалцсан талаар баталгаажуулж ярилцаад 2018 оны 10 дугаар сарын 01-ний дотор хаусыг хүлээлгэж өгнө, хэрэв хүлээлгэж өгч чадахгүй бол Ц.У Т.Мд 120,000,000 төгрөгийг үл маргах журмаар төлнө гэж хэлцэл байгуулсан. Одоо яагаад Ц.У хүлээн зөвшөөрөхгүй гээд байгааг ойлгохгүй байна.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 147 дахь тал/,
- Гэрч Х.Цын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...“С” компаний захирал нэг сургуулийн залуу Д.Н барилгын ажил эрхэлдэг байсан. Тэгээд гачууртад бартер оролцуулж газар худалдана гэсэн зар байна гэж Н хэлсний дагуу тэд нар Ц.У гэх эмэгтэйтэй уулзаж тохиролцоонд хүрч гэрээ хийсэн. Тэгээд 2015 оны үед эхний 2 байшингийн суурийн ажил хийгдэж байхад би энэ компани менежерээр ажилд ороход Ц.У 80 айлын газар үнэ тохирч худалдаж, газар дээр нь хаус байшин барих төслийг хэрэгжүүлж байсан ба би борлуулалтыг хариуцаж байсан. 2015 оноос эхэлж Ц.У нь Жид өөрийнхөө авах ёстой нэг байшинг худалдах захиалгын гэрээ хийсэн. Дараа нь Ж хохирогч Т.М, Ц.У гурав хамт ажил дээр ирж Ц.У өөрийнхөө авах ёстой байшингийнхаа 2 дахь байшинг Т.Мд худалдах захилагын гэрээ хийсэн. Уг гэрээнд Н бид хоёр гарын үсэг зурсан. Манай компани гүйцэтгэгч учраас бид хоёр гэрээ хийх ёстой түүний дагуу гэрээ хийсэн. Яг цаад учир нь Ц.У өөрийнхөө авах ёстой хоёр байшинг тэр хоёрт худалдсан учраас манай компанид ямар нэгэн мөнгө аваагүй. Гэрээ хийхдээ хохирогч Т.Мд манай компани Ц.Угийн газар дээр байшин барьж байгаа гэж үнэн бодит байдлыг хэлсэн. Ингээд манай компани үйл ажиллагаа хэвийн явагдаж гүний худаг гаргаж цахилгаан татаж, 39 байшингийн суурийн нүхийг ухаж, бохир, цэврийн шугам тавьсан. Үүнээс 8 байшингийн карказ босгох ажлууд 2017 онд хүртэл хийгдсэн бөгөөд дунд нь нэг жил гачууртын зам хааж бүрэн зогссон. Одоо миний мэдэж байгаагаар 4 байшин ашиглалтад орсон. Ингээд гэрээний хугацаа дууссан тул 2017 оноос Т.М төлбөр мөнгө өгсөн байшингаа авахаар нэхэмжилж эхэлсэн. Түүнээс бид нар мөнгө аваагүй, Ц.У газраа шилжүүлж өгөөгүй учраас байшин барих боломжгүй гэж үнэн байдлаа хэлсэн. Энэ үед Ц.У гадаад улс руу явсан сураггүй болсон байсан шиг санаж байна. 2018 оноос хойш газрын хэрүүл маргаан гарч, бид нарын ухсан суурийг баахан хүмүүст худалдаж залилсан асуудал үүсэж барилгын үйл ажиллагаа зогссон. Бид нар Ц.Угаас 80 айлын газар шилжүүлж авах ёстойгоос 4 айлын газрыг бүрэн шилжүүлж авсан, 8-10 ширхэг Ц.Угийн хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр гарсан гэрчилгээг бид нарт эх хувиар нь өгсөн учраас итгэсэн, уг гэрчилгээнүүд өмгөөлөгчид байгаа. Гэрээн дээрх 28 гэсэн дугаар нь эхнээсээ баригдаж яваад 28 дахь байшин гэсэн үг, уг байшин баригдаагүй. 2015 онд хохирогч Т.Мтэй гэрээ хийх үед эхний 8 байшингийн карказ боссон, барилгын үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан бөгөөд сангийн холболт, суурийн ажлыг зээлээр хийсэн, хүмүүсээс захиалга авсан мөнгөөр үргэлжлүүлж барихаар төлөвлөж байсан. Эхний ээлжид 2 хүнээс урьдчилгаа захиалгын мөнгө авч эхлүүлсэн, дараагийн байшинг зээлээр барьж байсан. 2015 онд хохирогч Т.Мтэй гэрээ хийх үед манай компани эхний 4 ширхэг газрыг шилжүүлж авсан, бусад 8-10 орчим газрыг бид нарт эх хувиар нь өгсөн байдалтай байсан. Ц.У шилжүүлж авах хүмүүсийнхээ бичиг баримтыг бэлдэж бай гэдэг байсан. Тэгээд янз бүрийн шалтгаан хэлж явсаар байгаад шилжүүлж өгөөгүй. Мөн 1-2 жил гадагшаа явж байгаад ирсэн.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 146-147 дахь тал/,
- Гэрч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан: “...Т.М Ц.У гэх 2 хүн хоорондоо “өр барагдуулах” хэлцэл гэх утга бүхий нэг зүйл үйлдсэн. Тус хэлцэлд хэдэн машин өгч, авсан. ... үл хөдлөх хөрөнгийг 1 жилийн дотор Т.Мд хүлээлгэж өгнө. Хэрэв өгч чадахгүй бол Ц.У нь үл маргах журмаар төлбөрийг төлнө гэх утга бүхий хэлцлийг хийсэн.” гэх тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 101-104 дэх тал/,
- 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Ц.У, М.Т.М нарын хооронд байгуулсан “Хэлцэл” гэх тэргүү бүхий “Ц.У нь 2015 оны 10 сарын 19-ний өдөр нийт 6 ширхэг автомашиныг Т.Мэс нийт 120,000,000 төгрөгийн үнэ бүхий 120м/кв хауснаас дээрх төлбөрт тооцон Т.Мд шилжүүлэхээр тохиролцсон. Орон сууц захиалан бариулах гэрээг “С” ХХК, Ц.У, Т.М бид харилцан тохиролцож зөвшөөрсний үндсэн дээр 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан болно. Гэрээ байгуулсан өдөр төлөх ёстой байрны үнэ болох 120,000,000 төгрөгийн төлбөр тооцоог Т.Мийн өмнөөс Ц.У би “С” ХХК-д 2018 оны 10 сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна.” гэх бичгийн баримт /1 дүгээр хавтаст хэргийн 106 дахь тал/,
- Хөрөнгийн үнэлгээний “Дамно”, ХХК-ний Б31-22-1029, Б31-22-1030, Б31- 22-1031, Б31-22-1032, Б31-22-1033,. Б31-22-1034 дугаартай тайлангууд /1 дүгээр хавтаст хэргийн 203-220 дахь тал/,
- Тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаа, тээрийн хэрэгслийн бүртгэлийн маягт, худалдах, худалдан авах гэрээний хуулбар зэрэг баримт /1 дүгээр хавтаст хэргийн 217-222, 2 дугаар хавтаст хэргийн 160-163 дэх тал/,
- 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр “С” ХХК-ний захирал Д.Н, М.Т.М нарын хооронд байгуулсан 129,000,000 төгрөгийн үнэ бүхий 120 м.кв талбай бүхий хаус, 21 м.кв талбай бүхий гражийн хамт захиалсан “Орон сууц захиалан бариулах гэрээ” гэрээ, гэрээний нэмэлт өөрчлөлт /1 дүгээр хавтаст хэргийн 11-14 дэх тал/,
- “У” ХХК-ний захирал Ц.У, “С” ХХК-ний захирал Д.Н нарын хооронд байгуулсан “Хамтран ажиллах гэрээ” /1 дүгээр хавтаст хэргийн 27-29 дэх тал/,
- Үзлэг хийсэн мөрдөгчийн “...Баянзүрх дүүргийн ... гэх газарт очиход машин замын ертөнцийн зүгээр баруун талын уулын бэлд 8 ширхэг байшин баригдсан байх ба ертөнцийн зүгээр баруун талаас 2 дахь байшинд хүн амьдардаг, бусад байшинд ямар нэгэн хүн амьдардаггүй, ашиглалтад ороогүй байсныг тэмдэглэлд тусгав. Тухайн 8 байшингийн ертөнцийн зүгээр урд хэсэгт олон тооны байшингийн суурь ухсан байдалтай байв. Үзлэгийг өөрийн эзэмшлийн iPhone 12 маркийн гар утсаар 4 кадр гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав. Үзлэгээр өөр хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дугаар хавтаст хэргийн 248-250 дахь тал/,
- Шүүгдэгч Ц.Угийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлсэн: “...Би хохирогч Т.Мийг огт танихгүй. Хохирогч Т.М Нтай орон сууц худалдаж авах гэрээ байгуулан гэрээний төлбөр болох автомашинуудыг Ц.Жид хүлээлгэж өгсөн. Тэгээд Ц.Ж надад 3 автомашины мөнгийг шилжүүлсэн, нэг автомашиныг би өөрөө Ц.Жс авч хүнд худалдаж нийт 4 автомашины мөнгө болох нийт 43,000,000 төгрөгийг нөхөр Б.Бийн 5003708242 дугаарын дансаар шилжүүлж авсан. Уг мөнгөнөөс Нт бэлнээр 10,000,000 төгрөгийг захиалга өгсөн хүмүүсийн байшинг барихад зарцуулаарай гэж өгсөн. Үлдсэн 2 автомашиныг Ц.Ж мэдэж байгаа байх надад өгөөгүй. Хохирогч Т.Мтэй байр худалдаж авах гэрээг анх Н хийсэн, дараа нь 2017 онд Ц.Ж хохирогчийг дагуулж ирээд гэрээ хийчих гээд байхаар нь гэрээ хийсэн. Би тэр үед хохирогчийг машинаар байр худалдаж авч байгаа гэдгийг мэдэж байсан учраас машины мөнгийг авсан. Би 3 автомашины мөнгийг Ц.Жоос нөхрийнхөө дансаар авсан. Эхэлж хохирогчтой гэрээ хийхэд намайг байсан гээд байгаа, би хамт байсан эсэхээ санахгүй байна, гэхдээ тэд нарыг гэрээ хийх асуудлыг мэдэж байсан. Би Наас гэрээ, төслийн хүрээнд 8 байшин авах ёстой учраас тэр байшингийн мөнгөнөөс авч байна гэж ойлгож автомашины мөнгийг авч хувьдаа зарцуулсан. Яг ямар зүйлд зарцуулсан эсэхээ сайн санахгүй байна. Би 2015 оны сүүлээр Япон улс руу явж 2017 онд ирсэн. Би ер нь бол газрынхаа төлбөрт 8 байшин авч байгаа учраас эдгээр байшингуудыг авах хүн байвал хэлж, зуучилж өгөөрэй гэж хэлж байсан. Мөн би тэр үед Япон явах гэж байсан учраас мөнгө хэрэгтэй байсан. Миний газар дээр төсөл хэрэгжүүлж байгаа "С" ХХК-ны захирал Н гэрээ байгуулах эрхтэй учраас хохирогчтой гэрээ байгуулж, төлбөрт нь машин авсан. Би Ц.Жийг танина, харин Н тэр хоёрыг танихгүй. Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо гачуурт Арцатын аманд миний болон манай ах дүү нарын эзэмшилд байсан 400,000,000 төгрөгийн үнэлгээтэй газрыг “С” ХХК ны захирал Нт өртгөөр нь байшин авахаар тохирч худалдсан. Өөрөөр хэлбэл, Н миний газар дээр байшин барьж тэр байшингуудаас тэр үеийн 2013 оны ханшаар 50-60 сая төгрөгөөр худалдаж авахаар тохирсон юм. Бүх байшин барих ажлыг Н хийж гүйцэтгэх ёстой байснаас одоогийн 5 байшинг ашиглалтад орсон байдалтай байна. Одоогийн байдлаар Наас 20 хувийн гүйцэтгэлтэй 1 байшин авсан. Өөр зүйл аваагүй байгаа. Одоогийн байдлаар хохирогчид өгөх ёстой байшин суурь нь цутгагдсан байдалтай ашиглалтад ороогүй байна. Анх гэрээ хийсэн ёсоор Н хавтаст хэрэгт авагдсан гэрээний дагуу надад газрын төлбөрт 4-8 байшин барьж өгөх үүрэгтэй тэр байшингууд дотор хохирогчийн байшин байгаа. Ер нь бол Ныг байшингаа барина гэж гэрээ хийсэн учраас мөнгийг авч хувьдаа зарцуулсан. Уг барилгын ажил 2013 оноос хойш хөрөнгө мөнгөгүй гэх шалтгаанаар зогссон. Уг нь гэрээний дагуу Н барилгаа барьж үүргээ биелүүлэх ёстой. Гэтэл үлдсэн газраа бүрэн шилжүүлж өг гэсэн шаардлага тавьж байгаа. Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Т.М, Д.Н хоёр 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан гэрээний 3.1 дэх хэсэгт хохирогчид уг байрыг 2016 оны 7 сард барьж хүлээлгэж өгөх үүргийг Н хүлээсэн байдаг. Гэтэл энэ үүргээ биелүүлэхгүй байна.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 130-132 дахь тал/,
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/612 дугаартай шийтгэх тогтоолд Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Уд холбогдуулан Баянзүрх дүүргийн ... байрлах “С” ХХК-ийн барьсан хувийн орон сууцны гэрэл зургийг ашиглан өөрийн мэтээр хуурамч баримт бичиг бүрдүүлэн Баянзүрх дүүрэг дэх Улсын газарт 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Б.Жын нэр дээр Ү-2204084835, Ү-2204084834 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулж, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр нөхөр Б.Б нэр дээр шилжүүлэн авч, дээрх үл хөдлөх хөрөнгийг барьцаалан 2017 оны 12 дугаар сарын 07-нь өдөр Б.Б нэрээр “Жи Эс Би” капитал ББСБ” ХХК-тай ЗГ0303170154, ЗГ0303170155 дугаартай зээлийн гэрээ байгуулж, нийт 60,000,000 төгрөгийг баримт бичиг ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч 60,000,000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэгт,
2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр иргэн Б.Ж нэр дээр Ү-2204085437 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулж, 2018 оны 10 сарын 31-ний өдөр иргэн А.Яд худалдаж, улмаар дээрх үл хөрөнгийг барьцаалан 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хохирогч “Блю Скай финанс ББСБ” ХХК-тай А0093/2018 дугаартай зээлийн гэрээ байгуулж 35,000,000 төгрөгийг баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, хуурч мэхлэн авч 35,000,000 төгрөгийн хохирол залилсан гэмт хэрэгт,
2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр иргэн Б.Жн нэр дээр Ү-2204085451 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулж, 2018 оны 10 сарын 31-ний өдөр иргэн Б.Эт шилжүүлж, улмаар Ү-2204085451 дуг үл хөдлөх хөрөнгийг барьцаалан 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хохирогч “Б ББСБ” ХХК-тай А0094/2018 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 35,000,000 төгрөгийг баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаа болгон бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч мэхлэн авч 35,000,000 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэрэгт тус тус холбогдож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Баянзүрх дүүргийн ... байрлах “С” ХХК-ийн барьсан хувийн орон сууцны гэрэл зургийг ашиглан өөрийн мэтээр хуурамч баримт бичиг бүрдүүлэн Баянзүрх дүүрэг дэх Улсын газарт 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Б.Жын нэр Ү-2204084835, Ү-2204084834 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулж, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр нөхөр Б.Бийн нэр дээр шилжүүлэн авч, дээрх үл хөдлөх хөрөнгийг барьцаалан 2017 оны 12 дугаар сарын 07-нь өдөр Б.Бийн нэрээр “Жи Эс Би капитал” ББСБ” ХХК-тай ЗГ0303170154, ЗГ0303170155 дугаартай ззэлийн гэрээ байгуулж, нийт 60,000,000 төгрөгийг баримт бичиг ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч 60,000,000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэх үйлдэл холбогдлын хувьд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2020/01172 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний 1418 дугаартай магадлал, Улсын Дээд Шүүхийн Иргэний Хэргийн Шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 001/ХТ2022/00421 дугаартай тогтоолоор шийдвэрлэсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, бусад үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон 10,000 нэгж буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн. /2 дугаар хавтаст хэргийн 25-36 дахь тал/ зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд дээрх үйлдэл нь “Залилах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг бүрэн агуулжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт “хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тус тус тодорхойлсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг нь гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлэн эд хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авсан байдаг бөгөөд тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, ашиглах, өмчлөх эрхийг хохирогчид буцаан өгөхгүй, хариу төлбөрийг төлөхгүй байх санаа зорилгыг агуулж байдаг. Өөрөөр хэлбэл, Иргэний хуульд заасан гэрээ байгуулж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн эд хөрөнгийн маргааныг гэмт хэрэг гэж үздэггүй ч гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө, эсхүл өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг буцаан шилжүүлэхгүй байх, үүнийгээ хэрэгжүүлэхийн тул эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч, мэхлэн итгэл эвдэх тодорхой үйлдэл хийсэн байхыг ойлгоно.
Шүүгдэгч Ц.У нь “У” ХХК-ийг төлөөлөн “С” ХХК-ийн захирал Д.Нтай 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулж өөрийн эзэмшилд байгаа гэх 16 айлын гэрчилгээтэй газарт барилга бариулан, газрын төлбөрт 400,000,000 төгрөгийг барьсан барилгын өртгөөр тооцуулан хүлээн авахаар гэрээ байгуулснаас дээрх газраас 4 газрыг “С” ХХК-ийн хамаарал бүхий этгээдүүдэд шилжүүлэн өгч, зарим газрыг бусдад шилжүүлэх байдлаар гэрээний үүргээ биелүүлээгүй атлаа хохирогч Т.Мэс 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 120,000,000 төгрөгийг үнэ бүхий 6 ширхэг тээврийн хэрэгслийг бусдаар заруулж, мөнгийг өөрийн нөхөр Б.Бийн хаан банкны дансаар шилжүүлэн авсан нь анхнаасаа биелэгдэх боломжгүй гэдгийг мэдсээр байж буцаан өгөх санаа зорилгогүйгээр бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан их хэмжээний хохирол учруулж залилах буюу Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...шилжүүлж өгсөн гэх зургаан тээврийн хэрэгслийн зарим тээврийн хэрэгсэл нь Т.М, Ц.У, Ц.Ж нарын хэний ч нэр дээр байгаагүй бөгөөд Т.М гэх хүнд тухайн тээврийн хэрэгсэл байсан гэдэг нь эргэлзээтэй байна. Ц.Угийн зүгээс газрыг шилжүүлэх үүргийг хүлээгээгүй. Байшинг хэн барьж өгөх үүрэг хүлээлгэсэн бэ гэвэл Д.Н хүлээсэн. Энэ нь иргэний эрх зүйн харилцаа болсон тул хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах үндэслэлтэй...” гэх тайлбар гаргаж хуралдаанд мэтгэлцэж байх боловч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар няцаагдаж байна. Залилах гэмт хэргийн субьект нь хохирогчтой шууд харилцаа бий болгохгүйгээр хохирогчийн эд хөрөнгийг гаргуулан авч чадах итгэл хүлээсэн гуравдагч этгээдийг дээрх байдлаар төөрөгдүүлэн эд хөрөнгийг дам байдлаар дамжуулан авсан үйлдэл нь гэмт хэргийн шинжид нэгэн адил хамаардаг болохыг дурдах нь зүйтэй.
Түүнчлэн шүүгдэгч Ц.У нь Баянзүрх дүүргийн ... байрлах “С” ХХК-ийн барьсан хувийн орон сууцнаас Баянзүрх дүүрэг дэх Улсын газарт 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Б.Жаргалын нэр дээр Ү-2204084835, Ү-2204084834 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулж, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр нөхөр Б.Бийн нэр дээр шилжүүлэн авсан нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/612 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Угийн “...би гэрээгээр тохирсон газраас 4 газрыг “С” ХХК-ийн хамаарал бүхий этгээдүүдэд шилжүүлэн өгсөн тул “С” ХХК-ийн барьсан барилгаас тодорхой хэмжээнд шилжүүлэн авах эрхтэй буюу хохирогч Т.Мийн захиалсан байшингийн өртөг “С” ХХК-нд төлөгдсөн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх хүсэлт үндэслэлгүй бөгөөд иргэний эрх зүйн харлцаанаас үүссэн маргаан гэж дүгнэх боломжгүй. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.У нь 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр иргэн Т.Мэс 120,000,000 төгрөгийг үнэ бүхий 6 ширхэг тээврийн хэрэгслийг анхнаасаа буцаан өгөх санаа зорилгогүйгээр бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн болох хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Ц.Уг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг нь шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулж залилсан буюу Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ц.Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жил 9 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхбаяраас “бага насны хүүхдүүдтэй, тодорхой оршин суудаг хаягтай. Иймд торгох ял оногдуулж өгнө үү” гэх саналыг,
Шүүгдэгч Ц.У: “Хохирол төлбөр төлж барагдуулсан. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэх саналыг тус тус гаргав.
Шүүгдэгч Ц.Уд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.
Иймд шүүгдэгч Ц.Уд улсын яллагчийн саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/612 дугаартай шийтгэх тогтоолоор Ц.Уд 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шийтгэх тогоол хүчин төгөлдөр болмогц 3 жилийн хугааанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг торгох ялын биелэлт 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар 600,000 төгрөгийн хэсэгчлэн төлөлт хийж, 9,400,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Уд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/612 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.У нь хохирогч Т.Мийн 6 ширхэг тээврийн хэрэгслийг 2015 оны 10 дугаар сарын 19-ны өдөр шилжүүлэн авсан гэх үйлдэлд Баянзүрх дүүргийн Прокурорын газраас 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ. Гэвч шүүгдэгч Ц.У нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр ахин гэмт хэрэг үйдлсэн болох нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/612 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдож байх тул гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тасарч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар сүүлчийн гэмт хэргийг үйлдсэн үеэс гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолсон нь үндэлсэлтэй байна.
Гурав. Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:
Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж хуульчилсан.
Иймд гэмт хэргийн улмаас учирсан шууд учирсан хохирлыг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн гаргах бөгөөд шүүгдэгч Ц.У нь хохирогч Т.Мд учруулсан нийт хохирол болох 120,000,000 төгрөгөөс 55,000,000 төгрөгийг төлж барагдуулсныг хохирогч Т.М хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгч Ц.Угаас 1 жилийн хугацаанд 65,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Мд олгуулахаар шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.У нь цагдан хоригдсон 20 хоногтойг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.У нь хоёх хүүхдийн хамт ам бүл гурвуулаа амьдардаг, гэр бүлээ албан ёсоор цуцлуулсан гэх тул Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт “Бүтэн өнчин, эцэг, эх нь хоёулаа эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон болон эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан, удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа, хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй, эсхүл тэжээн тэтгэхээс зайлсхийсэн хүний хүүхдийн эрх, ашиг сонирхлыг сум, дүүргийн Засаг дарга хамгаална” гэж, мөн зүйлийн 25.8 дахь хэсэгт “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 25.6, 25.7-д заасан хүүхдийн тухай мэдээллийг хүлээн авснаас хойш гурав хоногийн дотор хүүхдийн амьдралын нөхцөлийг судалж, эцэг, эх болон төрөл садангийн хүн байхгүй нь тогтоогдсон бол түүний эрх, ашиг сонирхлыг хамгаалах үүрэг хүлээнэ” гэж зааснаар түүний насанд хүрээгүй хүүхдүүд болох Б.Бийн М, Б.Бийн А нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд зүйлийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Уд 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Уд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Уд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/612 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Угаас 65,000,000 /жаран таван сая/ төгрөгийг гаргуулж, хохирогч Т.М-д 1 /нэг/ жилийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт дуулгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Угийн цагдан хоригдсон 20 хоногийн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хасаж, түүний биечлэн эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил 5 /тав/ сар 10 /арав/ хоногоор тогтоосугай.
7. Шүүгдэгч Ц.Уд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шүүгдэгч Ц.Угийн насанд хүрээгүй хүүхдүүд болох Б, А нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргад даалгасугай.
9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохын тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Уд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.СУВД-ЭРДЭНЭ