| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2017/0080/Э |
| Дугаар | 72 |
| Огноо | 2017-06-12 |
| Зүйл хэсэг | 145.1., |
| Улсын яллагч | Я.Сансар |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 72
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2017/0080/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга: Н.Болор-Уянга
Улсын яллагч: Я.Сансар
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Баярсайхан
Шүүгдэгч: Б.Даваадорж нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Б.Даваадоржид холбогдох 201723000146 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1967 оны 8 дугаар сарын 14-ны өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, инженер мэргэжилтэй, эрхлэсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт, Хэрлэн сумын 5 дугаар баг Дулааны 11-3 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл үгүй, Их эзэн овогт Бавуужавын Даваадорж /РД:СЗ67081412/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Даваадорж нь 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сум 5 дугаар баг Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 1-0 тоотод иргэн С.Энхбаттай архидан согтуурах үедээ С.Энхбатын J-1 ace маркийн гар утсыг хулгайлж 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.Даваадорж нь 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сум 5 дугаар баг Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 1-0 тоотод иргэн С.Энхбатын J-1 ace маркийн гар утсыг хулгайлж 300.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч С.Энхбатын мөрдөн байцаалтанд өгсөн: “....Би 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр найзуудтайгаа ногооны талбай орж идээ будаа өрөгчихөөд 15 цагийн үед 5 дугаар багийн соёлын төвийн хажууханд харих санаатай явж байхад зүс таних Даваадорж архи уусан байдалтай надтай таарсан юм. Тэгээд мэнд мэдээд тэгээд Даваадорж хөгшинд нь ганц юм байна хамт уухуу гэхээр нь за тэгвэл манайхруу очиж ууя гээд Даваадоржийг дагуулаад гэртээ ирж Даваадоржийн авч ирсэн нэг шил архины талыг хувааж уусан. Тэгээд би дахиж уухгүй нойр хүрээд унтах гээд Даваадоржийг одоо хариа хөгшөөн би унтаж амармаар байна гэсэн чинь явахгүй үүдэнд суугад байсан. Тэгээд би ч нойр хүрээд нэг мэдсэн унтаад өгсөн байсан. Тэгсэн орой нь сэрээд утсаа цэнэглэх гээд хувцсаныхаа халаасанд үзэхэд байхгүй алга болсон. Тэгээд Даваадоржийг аваад явчихлаа гэсэн би зарсан хүнээ мэдэхгүй байна нэг таксинд зарчихсан......” гэсэн мэдүүлэг. /хх-13,14 хуудас/
Сэжигтэн Б.Даваадоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Хэрлэн сумын 5 дугаар багт өнчин охины хамт амьдардаг юм. Тэгээд 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр дэлгүүр орж нэг шил 0.75 грамын стандарт архи авч ганцаараа уух санаатай Хэрлэн сумын 5 дугаар багийн соёлын төвийн урдхан харих санаатай явж байхад зүс таних Энхбат гэх залуутай таараад юу байнадаа аль орж байгаа юм гээд мэнд мэдээд хөгшинд нь нэг шил архи байна хуваагаад уучихуу гэсэн чинь Энхбат надтай таархаасаа өмнө жоохон уусан шинжтэй би харьж явна манайд очоод уучихъя гэхээр нь Энхбатыг дагаад гэрт нь очсон. Тэгээд өвөртөлж очсон архиа Энхбаттай хувааж уугаад дууссан. Тэгсэн чинь Энхбат би одоо унтлаа чи одоо яв гээд надад жоохон агсараад надруу өөрийнхөө утсыг шидэх шиг болсон. Тэгээд би тухай үедээ жоохон согтсон байсан болохоор энэ чинь нилээн агсан нөхөрүү гэж бодоод гарах гэтэл хөлөн доор хар өнгөтэй утас тээглэхээр нь тэр утсыг нь аваад гарсан. Тэгээд Энхбатынхаас шууд такси бариад Эвт худалдааны төвийн гадаа буугаад нөгөө барьж явсан таксины жолоочид та утас авахуу энэ утсыг 20.000 мянган төгрөгөөр зарна гэж хэлээд таксины жолоочид 20.000 мянган төгрөгөөр зарчихаад Эвт худалдааны төв орж юм аваад харьсан.....” гэсэн мэдүүлэг. /хх-15-18 хуудас/
Шүүгдэгч Б.Даваадоржийн бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан гэмт хэрэг байна.
Шүүгдэгч нь энэ гэмт хэргийг шууд санаатай үйлджээ.
Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлоо бүрэн төлсөн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн байдал зэргийг нь харгалзан түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцдагаас чөлөөлөх зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 283, 286, 293, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Их эзэн овогт Бавуужавын Даваадоржийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-д зааснаар шүүгдэгч Б.Даваадоржид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар шүүгдэгч Б.Даваадоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
5. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Даваадоржид авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ