Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2021/ДШМ/21

 

   

 

 

 

 

    2020           12              24                                       2021/ДШМ/21                                      

 

Т.Б, М.Н нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор О.Пүрэвсүрэн,

шүүгдэгч М.Н, түүний өмгөөлөгч С.Мөнхбаяр,

шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Ц.Амар,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 2020/ШЦТ/1069 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Б, өмгөөлөгч Ц.Амар, Ч.Мөнхбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн  Т.Б, М.Н нарт холбогдох 2008020421027 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

  1. Т. Б, 1986 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, ял шийтгэлгүй
  2. М.Н, 1984 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, ял шийтгэлгүй

Шүүгдэгч Т.Б, М.Н нар нь бүлэглэн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 23-79 тоотод оршин суудаг иргэн Ч.Нямдоржийн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрийн цоожийг эвдэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, 32 инчийн Хавай маркийн, мөн 42 инчийн “Грант тиг” фирмийн 2 ширхэг зурагт, бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, хурган дотортой дээл, шинэ цагийн халтар манан хөөрөг зэрэг эд хөрөнгийг машин механизм ашиглан хулгайлж, 2.135.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас:

Т.Б, М.Н нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч Т.Б-т холбогдох 2.135.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргээс 1.130.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Т.Б, шүүгдэгч М.Н нарыг бүлэглэж буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хзсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт тус бүрийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Насандэлгэрийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Б-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б, М.Н нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоож, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, тэдэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогч Ч.Нямдоржид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 50-60 УБМ улсын дугаартай “Тоёота Приус” загварын тээврийн хэрэгслийн үнэ 15.650.000 (арван таван сая зургаан зуун тавин мянга) төгрөгийг хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Т.Б-с 7.825.000 (долоон сая найман зуун хорин таван мянга) төгрөгийг, шүүгдэгч М.Н-с 7.825.000 (долоон сая найман зуун хорин таван мянга) төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлж, тус хэрэгт 50-60 УБМ улсын дугаартай “Тоёота Приус” загварын тээврийн хэрэгслийн битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, уг хөрөнгийн Т.Б-т оногдох хэсгээс түүний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан машины үнийн дүнгийн төлбөрийн зохих хувийг буюу энэ тогтоолын 6 дахь заалтад заасан төлбөрийг гаргуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Т.Б, М.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн тэдэнд энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх хорих ялыг 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн тоолых тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.Б давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т.Б миний бие уг хэрэгт холбогдох үед Н нь “айл нүүлгэх гэсэн юм” гэж намайг дуудаж хамт явсан үүдэлтэй болно. Би уг айлд анхнаасаа хулгай хийх зорилготой очоогүй. Харин Н нь хулгай хийх зорилготой  машин ашиглаж очсон нь хавтас хэрэгт цугларсан мэдүүлгүүдээс маш тодорхой харагдаж байна. Н нь намайг гэрийн үүднээс “энэ зурагтыг машинд хий” гэж өгсөн үйлдлээрээ нэгдэж байгаа мэт харагдаж байгаа боловч тухайн үед би айл нүүлгэж байна гэж ойлголж зурагтыг нь ачсан. Тэгээд явж байгаад хулгай байна гэж бодсон. Маргааш нь Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн байцаагч нартай хамтран Н-г хайж эхлэсэн юм. Мөн өдрөөс хойш 7 хоногийн хугацаанд хайж Н-г би өөрөө цагдаа нарт барьж өгсөн юм. Миний бие 8 нэрийн хүнсний дэлгүүр, нийтийн байр, хувцас засвар, оёдлын цех зэргийг ажиллуулж амьдралаа авч явах хангалттай орлоготой учир надад хулгай хийх ямар ч шаардлага байхгүй. Би эхнэр, 3-аас 7 насны гурван хүүхдийн хамт ам бүл тавуулаа амьдардаг. Мөн эхнэр С нь Хавдар судлалын үндэсний төв эмнэлэгт эмч ажилтай. Би гэм буруутай үйлдэлдээ гэмшиж, мөрдөн байцаалтын явцад саад учруулахгүйгээр хэргийг үйл байдлыг үнэн зөвөөр мэдүүлж, Н-г өөрөө цагдаа нарт барьж өгсөн. Мөн хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлсөн, бага насны хүүхдүүдийн хамт амьдардаг зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл зааснаар ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Т.Б-н өмгөөлөгч Ц.Амар давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс Т.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийг 2.4 \учрах саадыг арилгах зорилгоор ...машин механизм ашиглаж үйлдсэн\ гэж хүндрүүлэн зүйлчилсэн эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Учир нь:

1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж хэргийн шүүхэд шилжүүлэхдээ “...учрах саадыг арилгах зорилгоор...” гэсэн үндсэн шинжийг дүгнээгүй, энэ талаар нотлох баримтаар тогтоогоогүй, яллах дүгнэлт, яллагдагчаар татах тогтоолд дурьдаагүй  байтал шүүх уг үндэслэлийг өөрийн санаачлагаар нэмж дүгнэсэн.

2. Улсын дээд шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар тогтоолын 1.7-д “...Машин механизмыг хэрэглэсэн гэдгийг бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг ойлгоно. Харин хулгайлах үйлдэл төгссөний дараа түүнийг зөөж тээвэрлэх, хэргийн газраас зайлуулах зэрэгт машин механизм ашигласныг энэ ойлголтод хамааруулахгүй.” гэж тайлбарласан.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Т.Б, М.Н нар нь хохирогч Ч.Н монгол гэрт нэвтэрч эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ өөрсдийн үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж зориуд ашигласан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд миний үйлчлүүлэгч Т.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2 дах хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар хүндрүүлэн зүйлчилсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

...нотлох баримтуудаас үзэхэд Т.Б нь М.Н хулгайлах гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон, гэмт хэрэг хамтран үйлдэх ердийн  хэлбэртэй  байна.

Мөн тэрээр хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй гэж гэм буруу дээрээ маргаагүй ба харин уг гэмт хэргийг үйлдэхээр урьдаас төлөвлөөгүй, М.Н-г гэмт хэрэг үйлдэхэд уруу татаагүй, гэмт хэргийг санаачлаагүй, эхнэр Б.С муудалцаагүй талаараа буюу шүүгдэгч М.Н-н мэдүүлэгтэй холбоотойгоор маргасныг шүүх гэм буруу дээрээ маргасан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

...яллагдагч М.Н-н мэдүүлэг нь бусад нотлох баримтаар үгүйсгэгдэж, Т.Б-н мэдүүлэгтэй харилцан зөрүүтэй байхад шүүхээс М.Н-н мэдүүлгийг үнэлэхдээ Т.Б-н мэдүүлгийг үгүйсгэсэн үндэслэлээ, М.Н-н мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон үндэслэлээ заагаагүй нь шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Мөн анхан шатны шүүхээс 50-60 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгч Т.Б болон Б.С нар гэр бүл болсноос хойш тус авто машиныг худалдан авсан, уг авто машины худалдан авахад Т.Б нь өөрийн машиныг худалдан борлуулсан 7,000,000 төгрөгийг нэмж авч байсан талаар иргэний нэхэмжлэгч Б.С мэдүүлэх тул гэр бүлийн дундын эд хөрөнгө байна гэж үзэн уг авто машиныг улсын орлого болгож, улмаар 7,825,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.  Учир нь:

1. Энэхүү гомдолд дурдсанчлан миний үйлчлүүлэгч Т.Б, М.Н нар нь хохирогч Ч.Н монгол гэрт нэвтэрч эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ уг авто машиныг ашиглаагүй.

2. 50-60 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Б.С өмчлөлийн эд хөрөнгө болох нь хх-ийн 152 дугаар талд авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдог. Түүнээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-н өмчлөлийн эд хөрөнгө биш юм.

Мөн Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэдэг нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэж заасан.

Т.Б нь өнөөдрийг хүртэл эхнэр Б.С гэрлэлтээ батлуулаагүй, хамтран амьдрагчаар амьдарч байгаа нь хх-ийн 131 дүгээр талд авагдсан гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаагаар тогтооно. Гэтэл анхан шатны шүүхээс гэр болсон буюу гэрлэлтээ батлуулсан гэж үзсэн хууль зүйн үндэслэлгүй.

Шүүхээс гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзсэн нь хууль зүйн илтэд үндэслэлгүй. Шүүгдэгч Т.Б, Б.С нар нь бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг ба шүүхээс насанд хүрээгүй хүүхдүүдийн эрх ашгийг ямар нэгэн байдлаар хамгаалаагүй байна.

            Иймд гомдол дурдсан үндэслэл тайлбар харгалзан үзэж миний үйлчлүүлэгч Т.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, шийтгэх тогтоолын 6 , 7 дах заалтуудын хүчингүй болгож өгнө үү.

            Мөн шүүгдэгч Т.Б-н хувьд мөрдөн байцаалтын шатнаас өөрийн үйлдсэн гэмт хэргийг үнэн зөвөөр мэдүүлж ирсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон. Ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хорих ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын үйлдэл оролцоог харгалзан үзэж ялыг ялгамжтай оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч М.Н-н өмгөөлөгч Ч.Мөнхбаяр давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч М.Н нь ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн барагдуулж, хохирогчоос уучлалт гуйж, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх хохирогчийн хүсэлтийг нотариатаар баталгаажуулан шүүхэд нотлох баримт гаргаж өгсөн.

...шүүгдэгч М.Н нь 2015 онд автомашины осолд орж тархиндаа гэмтэл авч гавлын ясандаа хагалгаа хийлгэж, улмаар зүүн нүдэндээ нөлөөлж тус нүд нь бүрэн хараагүй ба уналт, таталтын эсрэг эм байнга уудаг боловч унаж татдаг бөгөөд шүүх хуралдааны өмнө хүртэл уналт өгч Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт уналтын эсрэг эмчилгээ хийлгэж байгаад гарсан бөгөөд тархины гэмтэл үйл ажиллагааны хямралын шалтгаан, бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэгтэй тул давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2019.7.26-ны өдрийн А/152, А/366 дугаар тушаалд заасан хорих ялаас чөлөөлөх үндэслэл болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4.5 дахь хэсэгт заасныг үндэслэн “Зан төрхийн органик эмгэг”-ийг тодорхойлон хөнгөрүүлэх, ялаас нөлөөлөх боломж нөхцөлд дүгнэлт хийхийг хүсье.

...Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан энэхүү гэмт хэрэгтэй холбоотой ямар нэгэн бодит хохирол байхгүй, бүрэн арилгасан.

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 50-60 УБМ улсын дугаартай “Тоёота Приус” загварын тээврийн хэрэгсэл нь М.Н болон Т.Б нарын
өмчлөлийнх биш болох нь хавтас хэрэгт байгаа тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон
шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр нотлогдсон боловч анхан шатны шүүх дээрх тээврийн
хэрэгслийн өмчлөгчөөр шүүгдэгч Т.Бн эхнэр буюу иргэннй нэхэмжлэгч Б.С бүртгэлтэй тэд гэр бүл болсоноос хойш тус автомашиныг худапдан авсан, уг автомашиныг худалдан авахад шүүгдэгч Т.Б 7,000,000 төгрөгийг нэмж авсан талаар иргэнийн эхэмжлэгч Б.С мэдүүлэх тул гэр бүлийн дундын өмч байна хэмээн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Монгол Улсын гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт “Гэр бүл” гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх,
үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг хэлнэ. Мөн хуулийн 3.1.1
дэх хэсэгт “гэрлэлт” гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг хэлнэ хэмээн зохицуулсан бөгөөд шүүгдэгч Т.Б, иргэний нэхэмжлэгч Б.С нар нь албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй, төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй тул гэр бүл гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 50-60 УБМ улсын дугаартай “Тоёота приус” загварын тээврийн хэрэгслийг гэр бүлийн дундын өмчит эд хөрөнгө гэж үзэх үндэслэл байхгүй. Өөрөөр хэлбэл Монгол Улсын иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт “гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн хэмээн зохицуулсан тул гэрлэлтийн баталгаагүй иргэдийн хувьд гэр бүлийн дундын өмчийн асуудал огт яригдахгүй.

Иймд дээрх автомашиныг иргэний нэхэмжлэгч иргэн Б.Сайнзаяагийн хувийн өмч, хөрөнгө гэж үзэх тул цар тахалын хүнд хэцүү үед Монгол Улсын нэг иргэн өөрийн шударга хөдөлмөрийн үр дүнгээр худалдан авсан эд хөрөнгөгүй болох нөхцөл байдал үүсээд байна.

Гомдол гаргагчийн санал: Сонгинохайрхан дуүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 2020/ШЦТ/1069 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч М.Н-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгг зааснаар хамгийн бага ял болох 1 жилийн хорих ялыг оногдуулж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 50-60 УБМ улсын дугаартай “Тоёота Приус” загварын тээврийн хэрэгслийг хураах албадлагын арга хэмжээг хүчингүй болгож, битүүмжлэлээс чөлөөлж, иргэний нэхэмжлэгчид олгож өгөхийг хүсье. ...” гэв.      

шүүгдэгч М.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэмж хэлэх зүйл байхгүй. …” гэв.

прокурор О.Пүрэвсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Т.Б, М.Н нар нь хулгайлах гэм хэрэг үйлдэхдээ иргэний нэхэмжлэгч Б.С-н 50-60 УБМ улсын дугаартай “Тоёота Приус” загварын автомашиныг ашиглан хулгайлсан зурагтаа ачиж тээвэрлэж явсан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогддог. Иймд прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан зүйл ангиар зүйлчилсэн нь үндэслэлтэй гэж үзэж анхан шатны шүүх шийдвэрээ гаргасан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж давж заалдах гомдолыг хэрэгсэхгүй болгох саналтай байна.” гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Т.Б, М.Н нарт холбогдох 2008020421027 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Т.Б, М.Н нар нь бүлэглэн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 23-79 тоотод оршин суудаг иргэн Ч.Нямдоржийн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрийн цоожийг эвдэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж хамтран 32 инчийн “Хавай” загварын, мөн 42 инчийн “Грант тиг” загварын 2 ширхэг зурагт зэрэг эд хөрөнгийг машин механизм ашиглан хулгайлж, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн шүүгдэгч М.Н нь Т.Б-т мэдэгдэлгүйгээр ганцаараа тус айлаас бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, хурган дотортой дээл, шинэ цагийн халтар манан хөөрөг зэрэг эд хөрөнгийг нь хулгайлж, 1.135.000 төгрөгийн хохирлыг учруулсан болох нь:

2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр гэрээсээ 32 инчийн Хавай маркийн, 42 инчийн “Грант тиг” фирмийн зурагт, бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, хурган дотортой дээл, шинэ цагийн халтар манан хөөрөг зэрэг эд зүйлээ хулгайд алдсан талаар мэдүүлсэн хохирогч Ч.Нямдоржийн мэдүүлэг /хх 12-14, 47/,

хохирогчийн мэдүүлгийг нотолж, шүүгдэгч нарыг хулгайлах гэмт хэрэг үйлсдэн болохыг гэрчилсэн гэрч Н.Баасанхүү /хх 49/, гэрч Г.Пунсалдулам /хх 51/, гэрч Д.Гэрэл /хх 53/, гэрч С.Мөнхбат /хх 54-56/, гэрч Б.Сайнзаяа /хх 65-66/ нарын мэдүүлгүүд,

шүүгдэгч Т.Б-н үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх 105-106/, шүүгдэгч М.Н-н үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх 115-117, 120-121/,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх 3-8/,

хулгайд алдсан эд зүйлүүдийг тус тус, нийт 2,135,000 төгрөгөөр үнэлсэн  “Мастер үнэлгээ” ХХК-ний 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 20/095 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 84/,

шүүгдэгч М.Н-с бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, хурган дотортой дээл, шинэ цагийн халтар манан хөөрөг зэрэг эд зүйлүүдийг хураан авч хохирогч Ч.Нямдоржид хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургууд /хх 16-18/,

гэрч С.Мөнхбатаас хоёр ширхэг зурагтыг хураан авч хохирогч Ч.Нямдоржид хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургууд /хх 19-22/,

50-60 УБМ улсын дугаартай “Тоёота приус-30” загварын тээврийн хэрэгсэлд 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 34-36/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

Шүүгдэгч Т.Б, М.Н нарын “...бусдын эзэнгүй гэрт  нууцаар нэвтрэн орж эд хөрөнгүүдийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан, уг эд хөрөнгийг 50-60 УБМ улсын дугаартай “Тоёота приус-30” загварын тээврийн хэрэгслээр авч явсан...” үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн...”, 2.4 дэх заалтад заасан “...учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, ...” гэсэн хүндрүүлэх шинжтэй гэж дүгнэж зүйлчилсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн тэдний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гэмт хэргийг хоёр, ...хүн санаатай нэгдэж үйлдсэн....” үндэслэлээр “Бүлэглэн гүйцэтгэх” гэсэн зүйлийг журамласан нь зөв байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч М.Н-н эрүүл мэндийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохиролд төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан “...хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял”-ыг хөнгөрүүлж 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсан байх ба энэ нь Эрүүгийн хуульд нийцсэн байна.

Шүүгдэгч Т.Б-н үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын хэр хэмжээ зэргийг харгалзан анхан шатны шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах;...” гэж зааснаар хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял болох 01 жилийн  хугацаагаар хорих болгон хөнгөрүүлэхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.  

Гэрч Г.Пунсалдулам “...хөрш айл Нямдоржийн гэрийн үүднээс усан цэнхэр өнгийн 50-60 УБМ улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл хурдтай ухарч байхаар нь яваад очтол зугтсан. ...” /хх 51/, гэрч Д.Гэрэл “...хөрш айлын хашааны гадна усан цэнхэр өнгийн 50-60 УБМ улсын дугаартай Приус-30 маркийн автомашин зогсож байхаар нь өөдөөс нь яваад очтол багажруугаа том хар өнгийн зурагт, гялгарч ууттай юм хийчихээд машинд сууж байхаар нь “чи хэн бэ” гэж хэлсэн чинь ... 30 гаран насны залуу ганцаараа гялс машиндаа суугаад хөдлөөд явсан. ...” /хх 53/ гэх мэдүүлгүүдээр зэргээр шүүгдэгч нар нь хохирогчийн гэрээс авсан эд зүйлсээ машинд зөөвөрлөн хийсэн, уг үйлдлийг нь зогсоох гэсэн иргэн Д.Гэрэлээс машин ашиглаж зугтаж хулгайлсан эд зүйлээ захиран зарцуулсан байх тул анхан шатны шүүхийн "...шүүгдэгч Т.Б, М.Н нарыг гэмт хэрэг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашигласан...”гэсэн дүгнэлтийг хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.     

Анхан шатны шүүх шүүгдэгч  Т.Б, М.Н нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Тоуоtа Рruis” загварын 50-60 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 15,650,000 төгрөг /1хх 24/-ийг хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Т.Б-с 7,825,000 төгрөгийг, шүүгдэгч М.Н-с 7,825,000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Харин уг “Тоуоtа Рruis” загварын 50-60 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч Б.С-н өмчлөлийнх болох нь “...50-60 УБМ улсын дугаартай “Тоёота приус-30” загварын тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр Болдын Сайнзаяа бүртгэлтэй тухай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 152/...”, Б.С-н мэдүүлэг /хх 66/ зэргээр тогтоогдож байхад анхан шатны шүүх уг тээврийн хэрэгслийг битүүлжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь иргэний нэхэмжлэгч Б.С-н эрхийг зөрчсөн талаархи өмгөөлөгч Ч.Мөнхбаяр, Ц.Амар нарын давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дугаар заалтыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

Шийтгэх тогтоолд Т.Б-н ялыг хөнгөрүүлсэн, иргэний нэхэмжлэгч Б.С-н тээврийн хэрэгслийн битүүмжийг хүчингүй болгосон өөрчлөлтийг оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 2020/ШЦТ/1069 дугаартай шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Б-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар Т.Б-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар....” гэж өөрчилж, тогтоох хэсгийн 7 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоолын бусад заалт хэсгийг хэвээр үлдээсүгэй.   

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                       

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.ОЧ

                     ШҮҮГЧ                                                      Л.ДАРЬСҮРЭН

                     ШҮҮГЧ                                                      Д.ОЧМАНДАХ