| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Давааноровын Сувд-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 186/2024/0935/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/325 |
| Огноо | 2025-01-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Бат-Эрдэнэ |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/325
2025 01 28 2025/ШЦТ/325
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган,
улсын яллагч Б.Бат-Эрдэнэ,
хохирогч З.А, түүний өмгөөлөгч Ц.Мөнхчимэг,
шүүгдэгч М.Д нарыг оролцуулан тус шүүхийн “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Дд холбогдох эрүүгийн “2411 00000 1562” дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, М.Д
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Д нь 2024 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн ... дотор тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч З.Аийн толгой хэсэгт мохоо зүйлээр цохин эрүүл мэндэд нь тархи доргилт, духанд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Д: “...Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч З.Аь: “...Би нүүрэндээ насан туршийн сорвитой болсон. Энийг янзлуулмаар байна. Тухайн өдөр надаас цүнхээ нэхээд байсан. Энэ цүнх мөн үү гэсэн чинь биш гэсэн. Тэгээд би өөр цүнх байхгүй байна гэж хэлсэн. Би 00-д орсон байх хооронд нь цүнхийг үйлчлүүлэгч авсан болов уу гэж бодсон. Үйлчлүүлэгч ирэхээр нь асууя чи байж бай гэсэн чинь утасны дугаар нэхээд орилоод байсан. Утасны дугаар чинь цүнхэнд чинь бичээстэй байгаа юу гэхэд чи зүгээр энэ дугаар руу залгаадах гэж байсан. Үйлчлүүлэгч ирээд чи энэ хүний цүнхийг авсан уу гээд эргээд харсан чинь пос машин шидсэн. Тэгээд би цус гоожоод байхаар нь гараад эмнэлэгт үзүүлсэн.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас:
- Хохирогч З.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,
- Гэрч Т.Сн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,
- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 12903 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,
- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 34 дэх тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 33 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.
Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч М.Д нь 2024 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн ... дотор тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч З.Аийн толгой хэсэгт мохоо зүйлээр цохин эрүүл мэндэд нь тархи доргилт, духанд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:
- Хохирогч З.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Чингэлтэй дүүргийн ... бармений ажил хийдэг юм. Би 2024 оны 9 сарын 28-ны өдөр 19 цагийн үед ажил дээрээ очоод ажлаа хийж байсан юм. Би ширээн дээр бармены ажилаа хийж байхад 02 цагийн орчим архи уучихсан бага зэрэг согтуу бололтой эмэгтэй ирээд цүнхээ авъяа гэхээр нь би ширээн доор харахад нэг хар өнгийн цүнх байсан, би тийшээ заагаад энэ мөн үү гэж асуухад тэр эмэгтэй энэ миний цүнх биш гэсэн. Би “өөр цүнх энд байхгүй байна, та хэнд хэзээ цүнхээ өгсөн бэ” гэж асуухад миний цүнхийг өгөөдөх гээд нэг утасны дугаар хэлээд уурлаад байхаар нь та өөрийн цүнхэн дээрээ утасны дугаараа үлдээсэн юм уу? гэж асуухад чи дуугүй миний цүнхийг өг гээд агсам тавиад хэл амаар доромжилоод байсан. Би үйлчилэгч эгчийг цүнхийг нь харахаар авч үлдсэн юм болов уу гээд дуудуулаад асуух хооронд ширээн дээр байсан пос машин аваад миний дух хэсэгт хүчтэй шидсэн. Толгой манараад гараараа дарсан цус асгараад эхэлсэн, би ширээнээс босоод тэр хүүхэнтэй зууралдаад хамт газар унасан дараа нь тэр хавьд байсан хүмүүс бид хоёрыг салгаад, би баарны хамгаалагч дуудаад дараа нь цагдаад дуудлага өгсөн. Миний дух хэсэг хагарч 4 оёдол тавиулсан. Бас миний зүүн нүдний хажууд шалбарсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,
- Гэрч Т.Саруулын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би тухайн үед 11 дүгээр хорооллын пабад ажил дээр байхад манай хамаатан М.Д нь Г гэх эгчтэйгээ цуг 22 цагийн үед ирээд 00 цагаас манай ажил тарахаар хамт гарсан, тэгээд ... гэх бааранд орсон чинь ширээ дүүрсэн байсан учир арын зааланд нь суугаад 3 шил пиав авч уусан. Би тэр үед М.Д болон Гэрлээ эгчийн гар утсыг өөрийнхөө цүнхэнд хийгээд бармены ширээн дээр хаадгалуулсан юм, учир нь цүнхээ алга болчихно гэж бодсон юм. Манай хамаатан М.Д цүнхээ буйдан дээр үлдээсэн. Бид нар тэнд пиво ууж бүжиглэж сууж байтал М.Д яваад өгөхөөр нь би тоогоогүй юм. Дараа нь 15 орчим минут бүжиглэж байхад нэг залуу ирээд танай найз тэнд зодоон хийгээд байна гэхээр нь очиход М.Д үс нь сэгсийгээд орилоод уйлаад зогсож байсан. Би болон Гэрлээ эгч бид хоёр сүүлд очсон учир яг юу болсныг харж амжаагүй юм. Тэгээд арын өрөөний буйдан руу очиход баармен хүүхэн толгойноос нь цус гараад хана түшээд зогсож байсан юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,
- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 12903 дугаартай шинжээчийн “...З.Аийн биед тархи доргилт, духанд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр. 2024 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.
Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байдаг.
Шүүгдэгч М.Д нь тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч З.Аийн толгой хэсэгт мохоо зүйлээр цохин эрүүл мэндэд нь тархи доргилт, духанд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хохирогчид гэмтэл учрах боломжтой гэдгийг мэдсээр байж үйлдэж буй гэм буруугийн санаатай үйлдэл бөгөөд хохирогч З.Аийн биед учирсан гэмтэл нь шүүгдэгч М.Дгийн идэвхтэй үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч М.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргав.
Шүүгдэгч М.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.
Иймд шүүгдэгч М.Дгийн ам бүл 3, 2 хүүхдийн хамт амьдардаг хувийн байдал, ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.
Гурав. Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:
Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж хуульчилсан.
Шүүгдэгч М.Д нь хохирлыг нөхөн төлөх ажлын 5 өдрийн завсарлага авч шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч З.Аийн эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн 192,500 төгрөг, хохирогч З.Аийн Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан төлбөр болох 246,300 төгрөгийг тус тус төлж барагдуулсан болно.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дугаар А/268, А/275 тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д зааснаар хохирогч З.Аийн сэтгэцэд учирсан хор уршгийг 2 дугаар зэргэлэлээр тогтоож, мөрдөгч хохирогчид танилцуулсан байх ба үүнийг хохирогч нэмэмжилж байгаа мөн шүүгдэгчийн хууль бус үйлдлийн улмаас хохирогчийн нүүр хэсэгт мэдэгдэхүйц сорив үүссэн зэргийг харгалзан тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний /660,000x5=3,300,000/ буюу нийт 3,300,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч З.Аьд 5 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгч М.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дд оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 3, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтан шүүгдэгч М.Дгаас сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 3,300,000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч З.Аьд олгуулж, 5 /тав/ сарын хугацаанд хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хавтаст хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт үлдээсүгэй.
7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.СУВД-ЭРДЭНЭ