2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/332

 

 

 

 

 

 

 

 

 

   2025       01         29                                       2025/ШЦТ/332

 

                           

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Д” танхимд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган, 

улсын яллагч Г.Гармаа,

хохирогч Л.Н,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бт холбогдох эрүүгийн “2411 01193 0333” дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Б.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн ... тоотод хохирогч Л.Нтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг боож, хавсарч унаган өшиглөж, цохиж, түүний эрүүл мэндэд хүзүү, баруун бугалгад цус хуралт, зүүн болон баруун туянд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт, баруун дээд 7-р шүдний сулрал, баруун талын завжинд шарх, зүүн даланд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б: “...Би энэ хүнтэй амьдралдаа хоёр дахь удаагаа тааралдаж байна. Би зүгээр ажиллаа хийгээд явж байсан. Тэр хашаанд хулгайч ороод байдаг болохоор хашаагаа харуулах зорилгоор би энэ хүнээс 20.000 төгрөг аваад суулгасан. Нэг өдөр над руу танихгүй хүн залгаад хараал хэлсэн. Хохирогчийн эхнэрийн хэлснээр манай байшинд юм тавиад яваад тэр нь алга болсон тухай ярьсан. Намайг ирэхэд эхнэр нь хашааны гадаа машин дотор хүүхэдтэйгээ сууж байсан. Тэр өдөр хашаандаа орсон чинь гэр нь байхгүй. Танайх хэзээ нүүсэн гэсэн чинь нэг сар болж байна гэсэн. Энэ хүн элдэв бусаар хэлээд хараасан. Тэгээд бид хоёр барьцалдаж аваад цуг унасан. Би өнөөдөр тэр олон шарх сорвинд гайхаад байна. Алдаагаа ухаарч байна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Н: “...Манай хадам аав архи уугаад агсан тавьдаг хүн байсан. Тиймээс манайх энэ хүний хашаанд сарын 20,000 төгрөгөөр түрээслэн амьдарч байсан. Би хөдөө уурхайд ажилладаг байсан. Манай эхнэр энэ хүнийг сайн хүн байгаа, хаяа нэг хашаандаа ирж явдаг гээд магтдаг байсан. Энэ хүн хашаандаа засвар хийнэ гээд байсан. Бид дулаан орохыг хүлээж байгаад 6 дугаар сард нүүсэн. Тэр хашаанд ойр зуурын юмаа үлдээгээд явсан байсан. Тэр өдөр тэр юмнуудаа авах гэж ирэхэд байхгүй байсан. Тэгээд би энэ хүнтэй ярьсан чинь энэ хүн чи юу гэж байгаа муу пизда вэ гээд байсан. Хэсэг хугацааны дараа миний машиныг мөргөх шахуу зогсоод орж ирээд намайг хавсарч унагаасан. Манай наймхан сартай хүүхдийг хүртэл цохисон. Миний утсанд тухайн өдрийн үйлдлүүд нь байж байна.” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас:

- Хохирогч Л.Нн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 60 дахь тал/,

- Гэрч Д.Мийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 64 дэх тал/,

- Гэрч Ц.Мы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 66 дахь тал/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Т.Чимэд-Очирын 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 7876 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 53-54 дэх тал/,

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 94 дэх тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 101 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.

             Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

             Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн ... тоотод хохирогч Л.Нтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг боож, хавсарч унаган өшиглөж, цохиж, түүний эрүүл мэндэд хүзүү, баруун бугалгад цус хуралт, зүүн болон баруун туянд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт, баруун дээд 7-р шүдний сулрал, баруун талын завжинд шарх, зүүн даланд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:

- Хохирогч Л.Нн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...... тоот хашааг Б.Б гэх хүнээс манай эхнэр М 2019 оны 08 дугаар сараас эхлэн сарын 20000 төгрөгөөр түрээсэлж эхэлсэн. Түрээслүүлэгч Б.Б бид нарыг 2023 оны 04 дүгээр сар гэхэд хашаа суллаж өгөөрэй гэж хэлж бид нар тухайн сард нь суллаж өгч чадахгүй явсаар байгаад 2023 оны 6 сард тухайн хашаанаас нүүсэн. Арын байшинд нь өөрийн багаж хэрэгсэл болох дружба хөрөө 1 ширхэг, өвс хадуур 1 ширхэг, дрилл 1 ширхэг, плита зүсэгч 1 ширхэг, уртасгагч, пийшин гэх зэрэг багажууд байхгүй байсан. Арын байшингийн түлхүүр манайд нэг ширхэг байдаг, нөгөө нэг түлхүүр нь Б.Бт байдаг, өөр хүнд байдаггүй. Түрээслэгч рүү залгаад миний эд зүйл алга болсон байна гэж хэлсэн чиний юу байх ёстой юм, чамд юу байдаг юм, чи юу гээд хуцаад байна, наанаа байж байгаарай гээд 5 минутын дараа Б.Б хүрж ирээд үгийн зөрүүгүй шууд над руу дайраад боогоод хавсарч унагаад өшиглөж, цохиж нүдсэн. Би арай гэж Б.Баас салаад хашааны хаалгаар гарах гэтэл Б.Б хашаа тулгаад тавьсан байсан модоор намайг 2-3 удаа зүүн гар, мөр, гуя хэсэгт цохисон. Тэгээд манай эхнэр бид хоёрыг салгах гэж оролдтол манай эхнэр хүүхэд хоёрыг хавсаргаж цохисон. Тэгээд хажуу хөршийн ах эгч хоёр гарч ирээд салгасан, Тэрнээс хойш над руу дайраагүй хөрш айлын хүмүүс рүү дайраад байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60 дахь тал/,

- Гэрч Дийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 6 дугаар сарын 13-ны өдөр зун байсан болохоор манайх цонхоо онгорхой хүүхдүүд гадаа тоглож байсан. Тэгсэн чинь гадаа эмэгтэй хүн орилоод хүүхэд уйлаад цагдаа дуудаарай гээд орилоод байхаар нь гэрээс гараад хартал хажуу 802 тоот хашааг түрээсэлдэг эмэгтэй хүүхдээ тэвэрсэн уйлчихсан, нөхрийг нь хашааны эзэн болох Б.Б заамдаад цохиж аваад байсан. Тэгээд манай нөхөр гарж ирэхээр нь “Хэдэн сарын өмнө манай гэр лүү тоосго шидэж намайг хулгайч гээд дайраад байсан залуу байна” гэж хэлсэн чинь “Очоод уулзъя, яагаад эмэгтэй хүнд эр бяраа гаргаад байдаг юм” гээд очтол бас манай нөхөр лүү дайраад байхаар нь би нөхөртөө чи гар хүрж болохгүй шүү гэж хэлсэн. Тэгээд хажуу айлын залууг хөөгөөд араас нь элдэж хөөгөөд унагаагаад хоолойноос нь боогоод байсан. Тэгээд түрээслэгч залуугийн эхнэр хүүхдээ тэврээд дундуур нь орж салгах гэтэл тэрийг тоохгүй хүүхэд цохиж нүдээд байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 64 дэх тал/,

- Гэрч Ц.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие тухайн хашааг 2019 оноос эхлэн түрээсэлж сард 20000 төгрөгийн түрээс төлөхөөр ярилцаж орсон. Тэгээд хашааны эзэн залуу 2023 оны 4 дүгээр сард манайх хашаандаа зоорь барина, эрт нүүгээрэй гэж хэлсэн. Тэгэхэд би 4 сард амжихгүй ээ, 5 сард нүүнээ гэж хэлсэн. Тэгээд 5 дугаар сарын 12-ноос 13-ны үед тухайн хашаанаас нүүсэн бөгөөд нүүхдээ тухайн хашааны эзэн залууд нүүлээ гэж хэлээгүй нүүсэн. Тэгээд нүүхдээ хашаан дотор байсан тоосгон дутуу баригдсан байшин дотор зурагт, пийшин, мод хөрөөддөг цахилгаан хөрөө, өвс хаддаг цахилгаан хадуур, ойр зуурын хувцас, ширмэн тогоо гэх мэт ойр зуурын хэрэгслүүд ачиж багтаагүй тул үлдээсэн. Тэгээд үлдээж яваад хэд хоногийн дараа ирж зарим нэг хэрэгтэй зүйлээ аваад зурагт, пийшин, мод хөрөөддөг цахилгаан хөрөө, өвс хаддаг цахилгаан хадуур, ширмэн тогоо, нөхрийн ажлын багаж хэрэгсэл зэргийг үлдээгээд явсан. Ингээд 6 дугаар сарын 13-ны өдөр үлдсэн юмаа авах гээд очтол алга болсон байсан тул хашааны эзэн залуу руу ярьсан. Тухайн хашааны эзэн залуу болон надад байшингийн түлхүүр байдаг байсан, тэгээд үлдсэн зүйлээ авах”  гээд ирэхэд байхгүй болсон байсан тул утсаар залгахад танай хогийг хэн мэдэх юм, би одоо очиж түлхүүрээ авна байж байгаарай ална шүү гэж утсаар заналхийлсэн. Тэгээд ирээд та нар хашаанд хэн дураараа ор гэсэн юм бэ гээд үг дуугүй орж ирээд манай нөхрийг хамт ирсэн залуугийн хамтаар 2 талаас нь цохисон. Тэгээд зодолдохдоо чулуу, тоосго, банзаар цохих гэж араас нь хөөсөн. Тэгээд Дундуур нь би ороод болиоч ээ гэхэд “Та нарыг бүгдийг чинь ална шүү, гуйлгачид минь бүгдийг чинь ална шүү” гэж хэлээд манай нөхрийг заамдаад банзаар цохих гээд хөөгөөд байсан. Би зодооныг нь салгах гээд дундуур нь ортол гар луу маань 2-3 газар цохиж хөхрүүлсэн. Тухайн үед би нялх хүүхдээ тэврээд байж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 66 дахь тал/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Т.Чимэд-Очирын 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 7876 дугаартай: “...Л.Нн биед хүзүү, баруун бугалгад цус хуралт, зүүн болон баруун гуя цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт, баруун дээд 7-р шүдний сулрал, баруун талын завжинд шарх, зүүн даланд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 53-54 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.

            Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

            Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байдаг. Шүүгдэгч Б.Б нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Л.Нтэй маргалдаж, улмаар түүнийг боож, хавсарч унаган өшиглөж, цохиж, түүний эрүүл мэндэд хүзүү, баруун бугалгад цус хуралт, зүүн болон баруун гуянд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт, баруун дээд 7-р шүдний сулрал, баруун талын завжинд шарх, зүүн даланд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь хохирогчид гэмтэл учрах боломжтой гэдгийг мэдсээр байж үйлдэж буй гэм буруугийн санаатай үйлдэл бөгөөд хохирогч Л.Нн биед учирсан гэмтэл нь шүүгдэгч Б.Бын идэвхтэй үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

             Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг тус тус гаргав.

Шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

Иймд шүүгдэгч Б.Бын хувийн байдал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

Гурав. Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж хуульчилсан.

Гэмт хэргийн улмаас учирсан шууд учирсан хохирлыг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн гаргах бөгөөд хохирогч Л.Н нь мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэх тул шүүгдэгч Б.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1350,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан 1350 /нэг мянга гурван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1350,000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

            4. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            5. Шүүгдэгч Б.Б нь энэ хэргийн улмаас бусдад учирсан шууд хохиролд төлөх төлбөргүй ба хохирогч Л.Нн цаашид гарах эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлоо баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох 30,000 төгрөгийг шүүгдэгч Б.Баас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлсүгэй.

            7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.СУВД-ЭРДЭНЭ