2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2025/ШЦТ/399

 

 

 

 

 

 

 

 

  2025        02         05                                       2025/ШЦТ/399

 

                           

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган, 

улсын яллагч Г.Булаг-Ундрал /томилолтоор/,

хохирогч Г.Э, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин,

шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Б.Одонпүрэв нарыг оролцуулан тус шүүхийн “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Эод холбогдох эрүүгийн “2411 01661 1268” дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Э.Э

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 6 дугаар сарын 15-16-ны шилжих шөнө Чингэлтэй дүүргийн ... ойролцоо хохирогч Г.Этай тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж толгой, нүүр хэсэгт гараараа цохиж биед нь халдаж, эрүүл мэндэд нь их тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархаин дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун, зүүн мөр, зүүн тохой, баруун булгалганд зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э: “...2024 оны 6 дугаар сарын 15-ны өдөр .... газарт найзуудтайгаа салхинд гарсан. Г.Э найз охин Д шөнөжин хэрэлдээд ууртай явж байсан. Эрчүүдээрээ тойроод сууж байхад Г.Э намайг цохиж эхэлсэн. Тэгээд би уураа барьж чадалгүй цохисон. Бид хоёр муудалцаад дууссаны дараа Г.Э Эрдэнэзаан гэдэг хүүхэдтэй бас муудалцаад тэр хоёр ганц хоёр цохилцсон зүйл  байгаа. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Найзаасаа уучлалт гуйж байна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Э: “...Тухайн өдөр бид Э.Эын хэлсэн шиг амралтын газрын ойролцоо голын эрэгт бөөндөө байсан. Пиво уухын хувьд уусан. Гэхдээ тасрах хэмжээнд уугаагүй. Намайг хүн амьтантай маргалдаад яваад байсан гэж ярьж байна. Үүнтэй би санал нийлэхгүй байна. Би найз охинтойгоо маргалдсаны хувьд маргалдсан. Машин дотор найз охин бид хоёр унтах гээд сууж байхад Э.Э ирээд агсрах маягтай машины шил, цонх руу цохисон. Маргааш нь гар нь гэмтсэн явж байсан. Машины шил цохиод намайг гараад ир гэсэн. Эхлээд Д цохисон. Тэгээд би уурлаад чи яагаад байгаа юм бэ гэхэд намайг цохиод авсан. Би бие хамгаалж өөдөөс нь эсэргүүцсэн. Э.Эой маргалдсанаа санаж байгаа. Маргааш нь би ухаан алдсан байдалтай сэрсэн. Намайг машинд толгойгоо мөргөснөөс болоод ухаан алдсан байх гэж ярьж байна. Толгойгоо цохисноос болоод гэмтэл аваагүй гэж би бодож байна. Би Эрдэнэзаантай муудалцаагүй. Э.Эой зодолдоод ухаангүй байж байгаад сэрсэн.” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас:

          - Хохирогч Г.Эын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,

          -   шүүгдэгч Э.Эын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлсэн мэлүүлэг /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,

- Гэрч Г.Жийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

- Гэрч Б.Дийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,

- Гэрч Ж.Эы мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

- Гэрч Э.Дий мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

-  Хувийн байдлыг тодруулсан баримтууд /хавтаст хэргийн 7-85 дахь тал/

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч цагдаагийн ахлах дэслэгч Д.Дунгаамаагийн 2024 оны 6 дугаар сарын 26-ний өдрийн 8397 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 37-39 дэх тал/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч З.Амар-Амгалан, Б.Отгонжаргал нарын 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 843 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 50-52 дахь тал/,

- Шүүгдэгч Э.Эын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 91-92 дахь тал/

- Иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 79, 83 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.

             Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

 

          Шүүгдэгчийн Э.Э, түүний өмгөөлөгч Б.Одонпүрэв нар нь шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлд маргаагүй бөгөөд ял шийтгэл хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

           Шүүгдэгч Э.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 6 дугаар сарын 15-16-ны шилжих шөнө Чингэлтэй дүүргийн ... ойролцоо хохирогч Г.Этай тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж толгой, нүүр хэсэгт гараараа цохиж биед нь халдаж, эрүүл мэндэд нь их тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархаин дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун, зүүн мөр, зүүн тохой, баруун булгалганд зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:

            - Хохирогч Г.Эын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: ”...Би тухайн өдөр Э.Этой муудалцаж зодолдсон өөр хэн нэгэнтэй бол зодолдсон асуудал байхгүй. Б, Э хоёр бол Э.Э бид хоёрыг салгасан. Бид хоёрын дунд ямар нэгэн өш хонзон өглөг авлагын асуудал бол байхгүй бид хоёр тухайн үед хоеулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас ам зөрөөд муудалцах болсон. 2024 оны 6 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргиин ... архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Э.Э гэх залуу намайг зодож дээрх гэмтлийг миний биед учруулсан ямар нэгэн зүйлээр бол цохисон асуудал байхгүй намайг барьж авчхаад гараараа их олон удаа цохисон мөн газар унасан байхад дээрээс гараараа нүдээд байсан тэгээд би ухаан алдчихсан газар унасан байхад дэвссэн ч байж магадгүй гэж би бодож байна. Э бид хоёр бол зодолдоогүй Э намайг салгасан согтуу байна өөрийн гэсэн ухаантай бай гэх зэргээр хэлж алгадаж байсан өөр бусдаар бол бид хоёр зодолдсон асуудал бол байхгүй. Би тухайн өдөр болсон асуудлыг бол бүрэн санаж байна өөрийн гэсэн ухаантай тийм их согтуу бол байгаагүй Э.Э бид хоёрын зодолдох болсон гол шалтгаан машин машинд суулгачихсан байхад Э.Э нь миний машин дээр хүрч йрээд машин тэрэг цохиод салхины шил хагалчих гээд агсраад байсан учраас би бууж очоод зодолдсон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,

- Гэрч Г.Жн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...Яг ямар асуудлаас болж муудалцаж маргалдсан талаар би сайн мэдэхгүй байна ямар ч байсан Д, Д бид гурвыг машинд унтаж байхад гадаа пиво уугаад үлдсэн Г.Э, Б, Э.Э, Э нар үлдсэн нойрон дунд хүмүүс маргалдаад муудалцаад байх шиг болохоор нь босоод машины цонхоор хартал Г.Э, Э.Э хоёр зодолдож байсан. Э, Б хоёр салгах гээд ноцолдож байсан. Э.Э бол зөвхөн Г.Этай зодолдсон Г.Э нь харин найз Э гэх залуу руу намайг тавь гээд дайраад агсраад цохиод байсан Э нь чи ухаан ор одоо сэр гээд алгадаад ганц нэг удаа цохилцоод байсан. Харилцан бие биеэ гараараа толгой, нүүр гээд цохиод байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

- Гэрч Б.Дн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...Г.Э, Э.Э хоер нь өөр хэн нэгэнтэй муудалцаж маргалдсан асуудал бол байхгүй хоорондоо муудалцаж зодолдсон асуудал байгаа. Э нь Г.Эыг салгаад барихад Г.Э нь Э руу намайг тавь гээд Э.Э руу агсраад дайраад байхаар нь Э Г.Эыг одоо боль зүгээр болчих гэсэн чинь болихгүй агсраад Э.Э руу дайраад байхаар нь нэг удаа цохиж авч байсан. Өөр хүнтэй бол муудалцаж маргалдсан асуудал бол байгаагүй. Ямар нэгэн зүйлээр цохиж зодсон асуудал бол байхгүй гараараа бие, биеэ цохисон. Эхлээд нэг удаа хоёулаа хажуу талаараа унасан дараа нь газар унаад Г.Э доор нь орчихсон Э.Э дээр нь гараад гараараа ганц хоёр цохиод авахаар нь бид нар салгасан. Яг юунаас болж муудалцсан талаар би сайн мэдэхгүй байна намайг унтаж байгаад босоод ирэхэд муудалцсан байсан. Эрдэнэзааны хэлснээр бол Э.Э нь Г.Эыг найз охинтойгоо бай найз охин чинь чамд хайртай юм байна гэж хэлсэн чинь Г.Э бид хоёрын асуудал чамд ямар хамаатай юм гэж хэлээд муудалцсан гэж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,

- Гэрч Ж.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...Тухайн шөнө бол Г.Э, Э.Э хоёр хоорондоо муудалцаж маргалдаад зодолдсон өөр хэн нэгэнтэй бол муудалцаж маргалдсан асуудал бол байхгүй. Э.Э нь гараараа Г.Эын толгой руу цохиод байсан Г.Э нь газар бол унасан байсан яг өшиглөж дэвсэж байхыг нь би бол хараагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

- Гэрч Э.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...Г.Э нь Э.Эоос өөр хэн нэгэнтэй бол муудалцаж “маргалдсан асуудал бол байхгүй. Г.Э, Э.Э хоерыг зодолдож байхад нь Э салгасан Г.Эад хандаж охидууд дагуулж ирчхээд хоорондоо зодолдоод байх муухай одоо боль гээд салгаад байсан. Би яг цохиж зодож байхыг бол хараагүй нүүрээ цохиулчхаад нүүрээ дараад машины хажууд сууж байсан юм ямар ч байсан хоорондоо зодолдоод байсан. Г.Эыг Э.Э архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зодсон асуудал байгаа.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч цагдаагийн ахлах дэслэгч Д.Дунгаамаагийн 2024 оны 6 дугаар сарын 26-ний өдрийн 8397 дугаартай: “...Г.Эын биед их тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун, зүүн мөр, зүүн тохой, баруун бугалганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 37-39 дэх тал/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч З.Амар-Амгалан, Б.Отгонжаргал нарын 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 843 дугаартай: “...Үзүүлэгч Г.Эын сэтгэцэд 2024 оны 6 сарын 15-16-нд шилжих шөнө үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. Хэрхэн эмчлэгдэх эсэх нь хувь хүний сэтгэл зүйн онцлог, гэр бүл хамт олны дэмжлэг бүхий орчин, сэтгэл зүйн тусламж үйлчилгээ авах зэргээс хамаарна. 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Монгол улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 25 дугаар тогтоолоор батлагдсан хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх жишиг аргачлалын дагуу шүүхээс тогтооно. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдал илрээгүй.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 50-52 дахь тал/,

- Шүүгдэгч Э.Эын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Би тухайн өдөр болсон асуудлын талаар өөрийн мэдэх зүйлээ өмнөх гэрчээр өгсөн мэдүүлэгтээ бүх зүйлээ үнэн зөв тодорхой ярьсан учраас одоо надад цаг хугацааны хувьд тухайн асуудлын талаар нэмж хэлж ярих зүйл байхгүй би тухайн гаргасан үйлдэлдээ гэмшиж харамсаж байна. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй. Би хийсэн үйлдэлдээ маш их харамсаж өөрийн буруугаа ухаарч ойлгож байгаа тул миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 91-92 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Эыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.

            Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

            Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байдаг.

            Шүүгдэгч Э.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Г.Этай тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж толгой, нүүр хэсэгт гараараа цохиж биед нь халдаж, эрүүл мэндэд нь их тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархаин дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун, зүүн мөр, зүүн тохой, баруун булгалганд зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь хохирогчид гэмтэл учрах боломжтой гэдгийг мэдсээр байж үйлдэж буй гэм буруугийн санаатай үйлдэл бөгөөд хохирогч Г.Эын биед учирсан гэмтэл нь шүүгдэгч Э.Эын идэвхтэй үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

             Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

             Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Э.Эод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялын саналыг,

            Хохирогчийн өмгөөлөгч Г.Энхтүвшингийн зүгээс: “...Хохирогчийн зүгээс хэрэг гаргахад нөлөөлсөн зүйл байхгүй гэж үзэж байна. Шүүгдэгчийн зүгээс ч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Найз нөхдийн дунд тохиолдлын шинжтэй үүссэн маргаан байна. Цаашид гаргах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. Эрүүгийн хариуцлага оногдуулахад хүндрүүлэх шаардлага байхгүй.” гэх агуулга бүхий саналыг,

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Одонпүрэвийн зүгээс “...Миний үйлчлүүлэгч санаатай энэ гэмт хэргийг үйлдээгүй. Өөрийгөө хамгаалах байдлаа хэтрүүлэн хэрэглэсэн гэж үзэж байна. Тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Одоо гэр бүл зохиох гэж байгаа залуу хүн. Эхнэр нь жирэмсэн. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзаж торгох ял оногдуулж өгнө үү.” гэх саналыг тус тус гаргав.

Шүүгдэгч Э.Эод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгч Э.Э нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсныг шалгасан хуудсаар бүртгэлгүй байх ба хохирогчоос эмчилгээний зардалд баримтаар 4,084,116 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын 2 дугаар зэрэглэлд нөхөн төлөх төлбөрийг нэхэмжилснээс шүүгдэгч 20,000,000 төгрөгийг төлсөн тул хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлоо төлсөн” гэж үзэн хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

Иймд шүүгдэгч Э.Э нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй хувийн байдал, улсын яллагч болон хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

Гурав. Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж хуульчилсан.

Гэмт хэргийн улмаас учирсан шууд учирсан хохирлыг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн гаргах бөгөөд хохирогч Г.Э нь эмчилгээний зардалд баримтаар нийт 4,084,116 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын 2 дугаар зэрэглэлийн нөхөн төлбөр нэхэмжилснээс шүүгдэгч Э.Э нь хохирогчид 20,000,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Э.Эыг энэ шийтгэх тогтоолоор гэмт хэргийн хохирол, хор уршигт төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Учир нь Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 4 дэх хэсэгт зааснаар  сэтгэцийн эмгэгийн 2 дугаар зэрэглэлд нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөслний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоохоор заасан тул гэмт хэрэг гарах үед буюу 2024 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөг байсан тул шүүхээс нөхөн төлбөрийн хэмжээг 3,300,000 төгрөгөөс 8,573,400 төгрөгийн хооронд тогтоох боломжтой юм.

Харин хохирогч Г.Э нь цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний зөрүүг баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх жармаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй” гэж прокурор шүүх хуралдаанд оролцох  хэмжээ хязгаарыг заажээ. Иймд улсын яллагчийн зүгээс хохирогч Г.Эын 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд 3,800,694 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлснийг шүүгдэгч Э.Эоос гаргуулахаар иргэний нэхэмжлэл гаргасныг хангах боломжтой гэж үзлээ.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.Эг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эыг 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эод оногдуулсан 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 01 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

            4. Шүүгдэгч Э.Э нь энэ хэргийн улмаас бусдад учирсан шууд хохиролд төлөх төлбөргүй ба хохирогч Г.Э нь цаашид гарах эмчилгээний зардал, бусад гэм хорын хохирлоо баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

            5. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 3,800,694 /гурван сая найман зуун мянга зургаан зуун ерэн дөрөв/ төгрөгийг шүүгдэгч Э.Эоос гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж, хяналт тавихын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

            6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Эод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.СУВД-ЭРДЭНЭ