2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2025/ШЦТ/405

 

 

 

 

 

 

 

 

   2025       02         05                                        2025/ШЦТ/405

 

                           

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган,

улсын яллагч Б.Мөнгөншагай,

шүүгдэгч Б.Л, түүний өмгөөлөгч Э.Батжаргал /ҮД:3078/ нарыг оролцуулан тус шүүхийн “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Лид холбогдох эрүүгийн “2411 01860 1483” дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Л

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Л нь 2024 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн ... тоотод байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч хохирогч Ц.Огийн эзэмшлийн Самсунг загварын хар өнгийн 50 инчийн зурагт 1 ширхэг, бага гарын хэмжээтэй мөнгөн аяга 3 ширхэг, гар утасны чихэвч 1 ширхэг, дунд гарын хэмжээтэй мөнгөн аяга 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн баинга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Л нь “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын  хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-8 дахь тал/,

            - Хохирогч Ц.Огийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,

- Гэрч Т.Тийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

- Мөрдөгчийн 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдөр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 25-27 дахь тал/,

- “Дамно” ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Ц.Түвшинцэнгэлийн 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр гаргасан ЧД2-24-371 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 30-31 дэх тал/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 67 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 69 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.

             Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

             Б.Л нь 2024 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн ... тоотод байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч хохирогч Ц.Огийн эзэмшлийн Самсунг загварын хар өнгийн 50 инчийн зурагт 1 ширхэг, бага гарын хэмжээтэй мөнгөн аяга 3 ширхэг, гар утасны чихэвч 1 ширхэг, дунд гарын хэмжээтэй мөнгөн аяга 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн үйл баримт нь:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-8 дахь тал/,

            - Хохирогч Ц.Огийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: "...Би 2024 оны 7 дугаар сарын 10-ны өглөө хөдөө Төв аймгийн Жаргалант сумруу явсан. 2024 оны 7 дугаар сарын 14-ний өдөр найз Төгөлдөр над руу залгаад манай гэр болох Чингэлтэй дүүргийн ... тоот байшингийн цонхоор хулгай орсон талаар хэлсэн. Манай гэрээс Самсунг маркийн хар өнгийн 50 инчийн зурагт 1 ширхэг, жижиг хэмжээтэй мөнгөн аяга 3 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг алдагдсан."  гэх  мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,

- Гэрч Т.Тийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...Би Чингэлтэй дүүргийн ... хүнсний дэлгүүрт суудаг юм. 2024 оны 7 дугаар сарын 14-ний өдөр дэлгүүрлүүгээ орж гараад явж байтал ... дугаар сургуулийг төгсөж байсан зүс таних ... гэдэг дүү манай дэлгүүрийн гадаа 1 ширхэг хар өнгийн зурагт орой нь үлдээчихээд яваад өгсөн. Би гайхаад дэлгүүрлүүгээ оруулж тавиад Ц.Отэй ярьсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

- Мөрдөгчийн 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдөр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 25-27 дахь тал/,

- “Дамно” ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Ц.Түвшинцэнгэлийн 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр гаргасан ЧД2-24-371 дугаартай: “...Самсунг загварын хар өнгийн 50 инчийн зурагт 1 ширхэг 468,000 төгрөг, бага гарын хэмжээтэй мөнгөн аяга 3 ширхэг нийт 360,000, гар утасны чихэвч 1 ширхэг 1800 төгрөг, дунд гарын хэмжээтэй мөнгөн аяга 1 ширхэг 160,000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 30-31 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.

            Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч байгаа шунахай сэдэлттэй үйлдлийг хэлдэг.

            Хүн амьдрах орон байр, хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба хориг саад, хамгаалалтыг бусдад мэдэгдэхгүйгээр байршуулсан, эсвэл хориг саадтай болохыг анхааруулсан тэмдэг, тэмдэглэгээтэй байх бөгөөд шүүгдэгч энэхүү хоригийг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь түүнийг хууль бус нэвтрэлтэд буруутгах обьектив болон субьектив нөхцөл байдлын үндэслэл болно.

            Хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж хохирлын хэмжээг үл харгалзан энэхүү шинжээр хүндрүүлэн зүйлчилнэ. Хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдэхээс өмнө тухайн орон байран байгаа эд хөрөнгийг гэмт этгээд урьдчилан мэдсэн, мэдээгүй эсэхээс үл шалтгаалан эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

            Хэргийн тухайд шүүгдэгч Б.Л нь байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд шүүгдэгч Б.Лид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

             Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялын саналыг,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Батжаргалаас: “...шүүгдэгчийн хувьд анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар ялын доод хэмжээгээс 2/1 багагүй байхаар ял оногдуулж өгөөч гэж хүсэж байна.” гэх саналыг тус тус гаргав.

Шүүгдэгч Б.Лид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Хохирогчид хохирол төлбөр төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлоо төлсөн” гэж үзэж хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд шүүгдэгч Б.Лийн хувийн байдал, учруулсан хохирол төлбөрөө төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Л нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 895 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 18 хоног хорих ялаар тогтоож, уг хорих ялын хугацаа дуусч 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр суллагдсан байх тул энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтэх ялгүй болно.

Гурав. Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж хуульчилсан.

Гэмт хэргийн улмаас учирсан шууд учирсан хохирлыг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн гаргах бөгөөд шүүгдэгч Б.Л нь хохирогч Ц.Од 520,000 төгрөгийг төлж,  Самсунг загварын хар өнгийн 50 инчийн зурагтыг биет байдлаар буцаан төлсөн байх ба хохирогч нь “цаашид гомдол саналгүй” /хавтаст хэргийн 89 дэх тал/ гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Б.Лийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон 13 хоногийг эдлэх ялд оруулан тооцов.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Л-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн  17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Лийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Лид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 13 /арван гурав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, түүний нийт биечлэн эдлэх хорих ялыг 11 /арван нэг/ сарын 18 /арван найм/ хоногоор тогтоосугай.

            5. Шүүгдэгч Б.Лид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь гэмт хэргийн хохиролд төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Лид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.СУВД-ЭРДЭНЭ