2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2025/ШЦТ/406

 

 

 

 

 

   2025       02         05                                     2025/ШЦТ/406

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган,

улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,

хохирогч М.С,

шүүгдэгч Ж.Т, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Тт холбогдох эрүүгийн “2403 00787 1019” дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

   Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ж.Т

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Т нь Сүхбаатар дүүргийн ... замд 2024 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 20 цаг 32 минутын орчимд Тоуоta Рrius маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", 16.1. "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө" гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний замаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч М.Сийг мөргөж эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Т: “...Хийсэн хэрэгтээ харамсаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.С: “...Тухайн өдөр амралтын өдөр байсан. Дэлгүүр руу ороод буцаад гарцаар гарч явж байгаад машинд дайруулсан. Ямар машин байсныг сайн санахгүй байна. Түргэний машин ирээд гэмтлийн эмнэлэгт очсон. Эмч хагалгаа хийх шаардлагагүй, өөрөөр эдгэрвэл зүгээр гэж хэлээд эмнэлэгт 14 хоног хэвтээд гарсан. Эмчилгээний зардалд шүүгдэгчээс 4,000,000 орчим төгрөг авсан. Хэрэгтэй үед нь гүйж ирээд өгч, тусалж байсан. Сэтгэцэд учирсан гэм хорын хохирол, цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжлэхгүй, гомдолгүй...” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 5-10 дахь тал/,

- Жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дэх тал/,

- Хохирогч М.Сийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: ...Би хагассайн өдөржин амарч байгаад гэрийнхээ эсрэг талын үйлчилгээний төвөөс хүнсний юм цуглуулах гээд явж байсан. Харанхуй болж байсан. Дэлгүүр орчихоод буцаж зам гарч яваад урдаас хойш чиглэлд явсан машинд явган хүний гарц дээр мөргүүлсэн. Зам гараад 3-4 алхсан. Тухайн үед хөл гар даарсан, гутал сугарч унасныг санаж байна. Тухайн залуу дуудлага өгч байсан." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/,

- Иргэний нэхэмжлэгч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: ...дээрх гэмт хэргийн улмаас хохирогч М.С нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүүл мэндийн даатгалын сангаас 309.920 төгрөгийн зардал гарсан болох нь баримтаар тогтоогдож байна. Тусламж үйлчилгээний зардлыг холбогдогч Ж.Таас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/,

- Иргэний хариуцагч Б.Е мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн:...Миний эзэмшлийнх бөгөөд надаас Э 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 2,500,000 төгрөг бэлнээр өгөөд нэрээ долоо хоногийн дараа шилжүүлж авна гээд явсан. Бид хоёр амаараа харилцан тохиролцож би бэлэн мөнгө авсан. Би хэрэг хийгээгүй Э.М зарсан учраас би төлж барагдуулахгүй. ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй машинаа эзэнд нь шилжүүлж өгмөөр байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дахь тал/,

- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б.Баяртогтохын гаргасан 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 12623 дугаартай:...М.Сийн биед бүсэлхийн L5 нугалмын хоёр талын хажуу сэртэн, баруун facet үе, арын сэртэн дайрч доош ууцны баруун латирал масс дайрсан, баруун талд умдаг ясны дээд, доод салаа хоёрлосон, умдагны холбоос хэсгийн салж холдсон хугарал, дух, баруун сарвуу, бугалга, тавхай, өвдөг, шилбэнд зулгаралт, баруун гуя, бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тухайн осол болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.18-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс шалтгаална. Архаг хууч өвчтэй гэх шинж тэмдэг тогтоогдсонгүй.” гэх дүгнэлт автаст хэргийн 53-55 дахь тал/,

- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч Г.Золжаргалын 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 5395 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн "М.С 38н/эм" гэж хаягласан, 001679100 хуруу шилний дугаартай цусны дээжээс спиртийн агууламж илрээгүй.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 60-61 дэх тал/,

- Автотээврийн үндэсний төв Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн тевийн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 68-73 дахь тал/,

- Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 1838 дугаартай “Prius  маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ж.Т нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” 16.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс зам осол гарах үндэслэл болсон нь тогтоогдож байна.

Б. Явган зорчигч М.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэх үндэрлэл тогтоогдохгүй байна...” гэх магадалгаа /хавтаст хэргийн 77 дахь тал/,

- шүүгдэгч Ж.Тт Т29.3 Биеийн олон хэсэгт халууны үйлчлэлээр түлэгдэх гэх оношоор хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувь тогтоосон  “Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт“ /хавтаст хэргийн 108 дахь тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.

Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Ж.Т нь Сүхбаатар дүүргийн ... замд 2024 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 20 цаг 32 минутын орчимд Тоуоta Рrius маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", 16.1. "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө" гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний замаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч М.Сийг мөргөж эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч М.Сийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Д.Гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч О.Тын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б.Баяртогтохын гаргасан 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 12623 дугаартай дүгнэлт, Автотээврийн үндэсний төв Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн тевийн шинжээчийн дүгнэлт, Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 1838 дугаартай магадалгаа зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халддаг, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтлийг учруулсан үйлдэл байдаг бөгөөд гэмт үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байхыг шаарддаг.

Хэргийн тухайд шүүгдэгч Ж.Т нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", 16.1. "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө" гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний замаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч М.Сийг мөргөж эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн” гэж хүндрүүлэн зүйлчлэхээр заажээ.

Хохирогч М.Сийн биед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон “бүсэлхийн L5 нугалмын хоёр талын хажуу сэртэн, баруун facet үе, арын сэртэн дайрч доош ууцны баруун латирал масс дайрсан, баруун талд умдаг ясны дээд, доод салаа хоёрлосон, умдагны холбоос хэсгийн салж холдсон хугарал, дух, баруун сарвуу, бугалга, тавхай, өвдөг, шилбэнд зулгаралт, баруун гуя, бугалгад цус хуралт” гэмтлүүд нь амь насанд аюултай тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.18-т зааснаар хохирлын хүнд зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Ж.Тийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын шатанд улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ж.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жил зорчих эрхийг хязгаарлах ял, хязгаарлалтыг түүний оршин суугаа хаягаар тогтоох ялын саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хандсүрэнгийн зүгээс “...Манай үйлчлүүлэгч болон өмгөөлөгчийн хувьд гэм буруудаа маргахгүй. Хохирол төлбөр бүрэн төлж барагдуулсан. Хувийн байдлын хувьд  хүүхэд, ээжийн хамт амьдардаг, эрүүл мэндийн хувьд 70%-ын түлэгдэлтэй. Зорчих эрхийг хязгаарлах ялыг дүүргээр биш, Улаанбаатар хотоос гарахгүй байхаар ял оногдуулж өгнө үү.” гэх саналыг,

шүүгдэгч Ж.Тийн зүгээс “...Зайсанд ажил хөдөлмөр эрхэлдэг учраас оршин суух хаягаар зорчих боломжгүй байна. Өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэх саналыг тус тус гаргав.

Шүүгдэгч Ж.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгч Ж.Тийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, тус хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Иймд шүүхээс улсын яллагчийн ялын санал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” гэж заасан байх тул шүүгдэгч Ж.Тт Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

Гурав. Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж хуульчилсан.

Гэмт хэргийн улмаас учирсан шууд учирсан хохирлыг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн гаргах бөгөөд хохирогч М.С: “...нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй.” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байх ба шүүгдэгч Ж.Т нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 309,920 төгрөгийг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх эрх хасах ял дээр нэмж хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж заасан тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн эрх хасах ялыг тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Ж.Т-ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ж.Тт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ж.Тийн тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ж.Тт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг анхааруулсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ж.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.СУВД-ЭРДЭНЭ